Өөрийгөө зурсан хавар (өгүүллэг)

uuriiguu731887302013-03-14-14-01[www.urlag.mn]Гадаа бүрхэг хэрнээ сэтгэл цэлмэг байх. Нэг л ялгуун аялгуу зүрхний гүнд дуулдахуй, би амрагаан санасан байжээ… Нутгийн минь зөөлөн салхи намайг үлээгээгүй удсан агаад тэр үнэрийг би зүүднээсээ олж авах нь сонин…
Заримдаа их хотын энэ хөл хөдөлгөөн уйтай санагдаж, эзгүй зэлүүд алсад одохсон гэж хүсэх. Хүн төрөлхтөн яах гэж энэ суурин соёл иргэншил гэдэг зүйлийг зохиосон юм, яах гэж хэрэгжүүлж яваа юм… огтоос ойлгомжгүй. Гэвч олны бодож олсон зүйл олиггүй биш байх нь лавтай. Эсэн бусийн бодол эргэлдэнэ…

Над руу урин харц шидсэн эрчүүд аятайхан харагдавч бүгдийг өмчилж эс болох агаад орчлон ертөнцийн эгэл юмсыг эгэл биш болгож хардаг, эсвэл тэр эгэл юмсын цаана ямар нэгэн гун утга учир гэж байгаа даа хэмээн бясалгах адармаат бодлоон би яалтайв. Амьдралын сайн хийгээд муухайг мэдэрч явах шиг жаргал үгүй ч тэр бүхнийг эргэцүүлсээр нэг л мэдэхэд сульдах биеэн би яалтайв.

Ай даа, асгартал уйлмаар ч юм шиг, Алтайн цаст уулсдаа энэ холоос дуулдтал аялгуулан дуулмаар ч юм шиг яасан сүрхий гэгэлзүүр өдрөв дээ. ..
Хачин их тогтвортой болчихсон сэтгэл маань хаврын цас бороо холилдсон энэ л өдрүүдэд хайлан оргилж байна. Эрчлэн хуйлрах энэ их эрч хүчээ л харин зөв зарцуулж, хэрэгтэй зүйлд нь зориулахсан. Яг л нэгэн цагт эзэн Чингис цөс ихт монголчуудын омгийг дэлхий нийт руу залж, хожмын биднийг сайн нэртэй үлдээсэн шиг …

Хийх ажлаа их гэж бодох тусам ихсдэг юм байна гэсэн этгээд бодол төрөхүйеэ ажлаа их гэж хэн нэгэнд туних бус харин тэр ихийг чимээгүйхэн амжуулчихаад үлдсэн цаг хугацаандаа сэтгэл зүрхээ чагнан суух нь жаргал ч юм шиг.

Монголд төрсөн минь азтай шүү. Чухам энд л төрсөн учраас салхины өнгийг мэддэг болж, сарны аялгууг мэдэрдэг байж, сайхан харцанд дурладаг, саар бүхнийг эргэцүүлдэг юм шиг ээ… Хааяа хааяа хэнтэй ч хамаагүй биеийн жаргал эдэхсэн гэх адын бодол төрөвч, нүгэлт энэ орчлонг цагаан өнгөөр будахсан гэх их хүсэл маань дийлж ч байх шиг. Заримдаа шал утгагүй…

Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд Аж жаргал хэмээх сувд шүүрэх гэж тэмцэж ядан яваа бүсгүйсэн үү би… Аливаад ухаалаг байх тусам өгч буй хариу үйлдэл улам тэнэг болдог орчлонгийн хяслийг сөрж л явна даа. Эмзэглэл, энэрэл хайр, сэтгэлийн их хүч, сэрэл мэдрэмжийг минь ойлгодог хэн бүхэнд баярлалтай.

Тийм ээ, би өөртөө итгэлтэй, өөдрөг зорилготой нэгэн. Бас шар үстэй. Алтран туяарах нарны өнгөтэй энэ үс маань урам зориг өгч, урагшлах хүсэл тэмүүллийг минь хурцалдаг. Гэтэл тэр үсний өнгө тэрслүүд энэ монголчуудад тэс өөрөөр ойлгогддог. Ийм л адармаатай ертөнцөд би амьдарч байна. Сонирхолтой, хэцүү бас гэгэлзүүр…

Хайрын бал дутуу санагддаг ч юм уу хааяа хааяа хачин жигтэй харцанд дурлах. Хамгийн сүүлд дурласан тэр харцнаас хойш харин нам гүм. Тэр харц технологийн даралтанд ороод намайг ширтэх завгүй. Ийм л элдэвтэй, бас эргэцүүлүүштэй орчлонд би амьдарч байна.

Инээмсэглэх, бас дуулах сайхаан. Хорин зургаатай бусгүй халамцуухан шиг дуулж байна гээд та төсөөл дөө. Хорвоогийн амьдралын утгыг таньж мэдэх гэж, хөл тэгшхэн, хонго хөөрхөн, хөх хэлбэрлиг тийм л нэг бүсгүй дуулж байна… Сэтгэлээс гарсан тэр аялгуу нь харин хэл ус мэдэхгүй хүнд тийм ч амар ойлгогдохгүй баруун нутгийн түрлэгтэй… Тийм л нэг бусгүй дуулна. Биенийх нь хэлбэр монгол гэж анзаарагдах ч араас нь харвал шар үстэй, эвлэгхэн биетэй европ бүсгүй… Заримдаа өөрөө өөртөө дурлах нь зүгээр ч юм уу
Өөрийгөө олж, таньж байж орчлонгийн ороо бусгааг сөрөхөөс хойш… Омголон хэрнээ ухаалаг, ойлгомжгүй хэрнээ хэрсүү тийм л нэг бүсгүй ажиллаж, амьдарч, дурлаж, хайрласаар явна…

Ай , хорвоо сайхан шүү…

Г.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих