Дөрвөн настай дүүгээ хөтөлсөн есөн настай Б.Маралмаа Монгол дахь шашны ирээдүй юу

cross2015.03.15 20.00 цаг өнгөрч байлаа. Б.Маралмаа есөн настай. Тэр дөрвөн настай дүүгээ хөтөлчихсөн зам дагаад алхаж явав. Очих газрын маань хажууханд хүрэхээр ийн алхаж яваа аж. Тэднийг машиндаа суулгаад хаанаас хаа хүрч явааг нь асуувал “Цуглаандаа оччихоод харьж явна” гэлээ. Маралмаа болоод түүний дүү Б.Номин христэд итгэгч гэнэ. Гурван километр хүрэхгүй зайд тэрбээр надад их эзэнд итгэснээр амьдрал нь хэрхэн өөрчлөгдөж байгааг, аав нь архинаас гарахыг хэрхэн хичээж, хичээлдээ өдөр ирэх бүр сайжирч байгаагаа, одоо гэртээ харих унаанд суучихаад явж байгаа нь хүртэл христийн өглөг, хайр болох тухай хичээнгүйлэн ярьж явлаа. Өнөөдөр болсон цуглааны үеэр жигнэмэг, чихрээс гадна чихмэл тоглоом, өнгийн харандаа өгснийг ч үзүүлэв. Жигнэмэг, чихрээ ээждээ өгөхөөр хадгалсан гэнэ. Тэр өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд есөн нас хүрчээ. Ангийнх нь хэд хэдэн хүүхэд христийн цуглаанд явдаг, өөр нэг охин мүүний шашинтан болохоор шийдээд байгаа тухай ч ярьж амжив. Охидыг хашааных нь гадаа буулгаад эргэхдээ 20 жилийн дараах Маралмааг бодов. Есөн настай Маралмаагийн балчир зүрх сэтгэлийг библийн үгс эзэгнэжээ. Үнэндээ тэнд байгаа үгс, өгүүлбэрүүдийн утгыг бүрэн тайлж ч чадахгүй нялх амьтан шүү дээ. Харин 20 жилийн дараа бол тэр, магадгүй түүний дүү ч христэд жинхэнэ итгэгч болсон байна.

Шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх. Гэхдээ өдгөө Маралмаа шиг есөн настнуудын хэчнээн нь Монголыг бүчсэн шашны их урсгалд туугдаа бол.

Нас биед хүрч яваа шашинтнууд

“Ертөнцийн эзний чуулган” нэртэй христийн чуулган 1990 оны аравдугаар сарын 7-нд албан ёсны эрхээ авснаар Монголд гаднын шашны урсгал эхэлсэн гэдэг юм билээ. Тэгвэл энэ тоо өдгөө 500 гаруй болон өргөжсөн. Өөрөөр хэлбэл, гаднын шашин Монголд бууриа зассанаас хойш 25 жил өнгөрчээ. Хүнээр бол нас биед хүрсэн гэсэн үг. Христийн шашинд итгэгчдийн анхдагчид уг шашны үзэл суртал, номлолыг сонсоод 25 дахь жилтэйгээ золголоо. Бага хугацаа биш. Хүний тархинд тухайн шашны баримтлал, үзэл бат нот суулгах хангалттай он цаг. Бид Улаанбаатарын хаанаас ч гивлүүр зүүж, урт хар нөмгөн дээл өмссөн, эсвэл библийн ишлэлийг төрийн дуулалаасаа ч илүүтэй мэдэх монгол охид, залуусыг олж болохоор болсон. Тэр ч бүү хэл өнгөрсөн оны байдлаар Монголын сум бүрт шашны 1-3 сүм, цуглаан үйл ажиллагаа явуулж байсан мэдээ бий. Орон нутгийн иргэдийн хувьд хот орж үзнэ, эрдэм ном сурна, хүнтэй эелдэг боловсон харилцаж сурна, Солонгос явна гэх мөрөөдлөөр шашны цуглаанд элсдэг тухай судалгаа ч байна.

Цуглаанд гурван жил тогтвортой явж, олон гишүүн нэмсэн итгэгчийг удирдагч нь зөөврийн компьютер, орон нутгаар аялах эрхийн бичгээр урамшуулж байна. Үүний төлөө ерөнхий боловсролын сургуулийн зуу зуун охид, хөвгүүд бусдын ятгалгаар харийн шашинд хөтлөгдөх болов. Монголчуудын хувьд, тусгаар тогтносон Монгол Улсын хувьд энэ яавч сайны дохио биш.

Өдгөө Монголд шашны 118 байгууллагын 500 гаруй салбарт будда, христ, ислам, бөө мөргөл, үнэн алдартан, католик, хиндү, бахай, мүүн, шинто болон бусад гэсэн төрлийн 170 мянга гаруй /албан бус тоо / итгэгч бий гэх. Үүнээс зөвхөн христэд итгэгч нь 120 мянга орчим хэмээн Монголын Евангелийн холбооноос мэдээлсэн нь бий. Үүний дээр шашны байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж буй. Энэ онд л гэхэд шашны 11 байгууллагын үйл ажиллагааны хугацааг жилээр сунгаж, хоёр байгууллагад үйл ажиллагаагаа эхлүүлэх эрх өглөө. Таван жилийн дараа дээрх тоо хэд дахин нэмэгдэхийг таах аргагүй. Учир нь 1994 оноос хойш шашинд итгэгчдийн тоо дандаа өссөн үзүүлэлттэй гарсан байдаг.

Тодруулбал,  ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс 1970, 1980-аад онд хийсэн цуврал судалгаанд оролцогчдын 80-85 орчим хувь нь өөрсдийгөө сүсэг бишрэлгүй бөгөөд шашин, сүм хийдтэй огт холбоогүй хэмээн хариулж байж. Харин 1994 онд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын дөрөвний гурав буюу 71.1 хувь нь аль нэг шашинд хамаатуулсан буюу ямар нэг хэмжээгээр сүсэг бишрэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед энэ өөрчлөлтийг төдийлэн ойшоогоогүй бөгөөд харин ч энэ байдлыг нь ардчилсан нийгэмтэй холбож, иргэд үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлж  эхэлж буйн жишээгээр тайлбарлаж байв. Энэ тухай шашин судлаач Ж.Алтайбаатар  “Шашны
талаарх социализмын үеийн хатуу чанга хяналт 1990-ээд онд эцэс болсноор хүмүүс бурхны шашныг идэвхтэй сонирхож, шашны үйл ажиллагаанд ч илүүтэй оролцох болсон” хэмээн тайлбарлав. Үүний дараа 2003 оны “XXI зууны эхэн үеийн Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдэвт судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын 74.89 хувь нь шашин шүтэгчид байсан бөгөөд есөн жилийн хугацаанд шашин шүтэгчдийн тоо 3.7 хувиар нэмэгджээ. Үүнээс долоон жилийн дараа буюу 2010 онд улс даяар албан ёсны бүртгэлтэй 511 сүм, хийд байгаагаас 254 будцын, 198 нь христийн, 44 исламын, долоо нь бөө мөргөлийн, тав нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд бий гэсэн статистик гарсан байна.

Гэхдээ эдгээр тоог албан ёсны бус хэмээн үздэг бөгөөд шашны үйл ажиллагаа явуулах нэг эрхийн бичгийн ард хэчнээн ч салбар цуглаан байхыг үгүйсгэх аргагүй тухай шашин суцлаачид өгүүлэв. Сонирхуулахад, Нийслэлийн Налайх,  Сонгинохайрхан дүүрэгт өдгөө исламын шашны хоёр байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Налайх дүүрэгт байрлах Мекке сүм нь лалын шашны хоёр үндсэн урсгалын томоохон нь болох суннит (sunnite) чиглэлийг баримталдаг бөгөөд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь “байнга” гэсэн тодотголтойгоор 1994 онд олгогдсон байдаг. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа сүм хийдийн хамгийн отгон нь Японы уугуул шашин болох Ками хэмээх сүнсийг тахин шүтэхэд үндэслэгдсэн шинто шашин юм. Ийнхүү баримталдаг чиглэл, номлол сургаалийн талаас нь авч үзэхэд 5-6 төрлийн шашинд хамаарах 10 гаруй урсгал чиглэлийг төлөөлсөн уламжлалт бус шашны байгууллагууд Монголд суурыдин үйл ажиллагаа явуулж байна.

БОРОГ АМЬДРАЛ ДАГАСАН ИТГҮҮЛЭГЧИД
Маралмаа, Номин нарын христийн цуглаанд явах нэг шалтгаан нь хоол, жимс, жимсгэнэ, дуу хөгжим, эелдэг найрсаг харилцаа гэсэн.
Архи ууж, агсам согтуу тавьдаг аав, амьдралын элдэв болж бүтэхгүйгээс үүдэлтэй ээжийн уур бухимдал, гэр бүлийн дотно дулаан биш уур амьсгалаас түр ч атугай холдох боломж тэнд байдаг тухай, цуглаан дээр хүн бүхэн инээж, чин сэтгэлээсээ ярилцдаг талаар Маралмаа цухас ярьсан.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1994 оноос хойш шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан нийт сүм хийдийн 56.7 хувийг христийн, 32.8 хувийг буддын шашин эзэлж байна. Үүний дотор нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн олон сүм хийд төвлөрч, зөвшөөрөлтэй нийт сүм хийдийн 28.7 хувь, христийн шашны 36.4 хувь нь тус дүүрэгт бүртгэлтэй байна. Удаад нь Сонгинохайрхан дүүрэг орж байгаа бөгөөд нийт сүм хийдийн 18.2 хувь, христийн шашны 19.3 хувь, буддын шашны 18.5 хувь нь тус дүүрэгт бүртгэгдсэн байна. Зөвшөөрөлтэй сүм хийдийн 46.9 хувь, христийн сүмүүдийн 55.7 хувь нь зөвхөн энэ хоёр дүүрэгт төвлөрч байгаагаас үзэхэд орон нутгаас шилжин ирсэн сууршигч олонтойд тооцогддог гэр хороололд шашны байгууллагууд төвлөрөхийг зорьдог нь мэдрэгдэж буй. Үүний цаана ядуурал, ажилгүйдлийг шашны байгууллагынхан
олзолж буй нь харагдана.

Тодруулбал, ихэвчлэн амралтын өдрөөр цуглаж, дуулж, хуурдаж, хооллож, номлодог цуглааныхан гишүүддээ сар бүр хүнс, эд материалын туслалцаа үзүүлдэг байна. Үүнээс гадна хүүхэд, залуусын солонгос, англи, япон хэл сурах хүсэл эрмэлзлэлийг түшиглэн тэднийг өөрсөддөө татдаг аж. Мөн бусад сургалтуудад ч хамруулдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний туслалцаа үзүүлэх маягаар ч бас гишүүнчлэлийн тоогоо нэмдэг. Хүнд өвчтэй хүүхэд, иргэдээр дамжуулан өвчтнийг ихэвчлэн БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлэхэд зуучилж өгөх нэрээр гэр бүлийнхнийг нь сүмийн цуглаандаа урьж, оролцуулдаг. Энэ мэт шалтгаанаас үүдэн шашинд итгэгчид, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцогчдын эгнээг дунд эргэм насныхан тэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1990-ээд онд аль нэг шашинд хүчин зүтгэсэн залуус өдгөө 35-45 насныхан болсон байна. Өөрийгөө ямар нэг шашин шүтдэг гэж хэлснээр нь хүний сүсэг бишрэлийг тодорхойлох аргагүй. Сүсэгтэн гэдэг тогтсон зан үйлтэйгээс гадна, тодорхой ёс суртахууны хэм хэмжээтэй хүнийг хэлдэг. Тэгвэл ийм хэмжээнд хүртлээ ном сонссон 35-45 насныхан аль нэг шашнаас гүн хамааралтайгаар амьдарч байна. Өнөөгийн нийгмийн тодорхой хэсгийг тэд үүрэлцэж, төлөөлж, удирдаж яваа. Тэдний залгамж халаа нь дөрвөн настай дүүгээ дагуулсан есөн настай охин мөн билээ. Тэхдээ түүнд буруу байхгүй. Оюун санааны болоод материаллаг хэрэгцээний гүн дутагдалд автсан ядуу, зүд үү өнөөгийн нийгэм христийн болон гаднын бусад шашинд итгэгчээ тэлэх таатай хөрс болоод буй.

Зарим хүн “Гаднынхан Монголыг хагалган бутаргах гэж, итгэл үнэмшлийг нь үгүй болгох гэж шашны төлөөлөгчдөө санхүүжүүлэн нааш нь илгээсээр байна. Энэ нь өдгөө мэдэгдэхгүй ч бидний үр хүүхдүүдийн үед Монголыг шашны урсгалаар нь хуваан мөргөлдүүлнэ” хэмээн ярьдаг. Гэвч шашны байгууллага үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн боломж нь бүрэн нээлттэй манай улсад хүүхэд, багачууддаа шашин шүтэх, эс шүтэхүйн тухай ойлголтыг зөв өгөхөөс өөр сонголт одоогоор алга.

Үнэндээ 80 гаруй жил эрхи эргүүлж, шарын шашинд сүсэлж залбирч явсан эцэг нь таалал төгсөхөд мүүний шашны уламжлал ёсоор хойдын зан үйлийг нь үйлдэнэ хэмээн үр хүүхэд нь хөгшин ээжийнхээ нулимсыг барж, үйлийг үзэгчдээр монголчууд хүрээгээ тэлсээр л байна.

Б.ЭНХМАРТ /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/


URL:

Нэр: Tsogtoo Огноо: 8 April 2015

Mash zuv asuudal xundsun baina.Amjilt xusie

Нэр: Зочин Огноо: 24 April 2015

Жаахан шашины талаар мэдлэг дутуу хүн бичсэн байна. Мүүний шашин Христэд итгэл хоёр өөр шүү. Энд нэг юм шиг л бичсэн байх юм. Тэгээд бас шарын шашин монгол ууган шашин биш шүү дэ. “бидний үр хүүхдүүдийн үед Монголыг шашны урсгалаар нь хуваан мөргөлдүүлнэ” гэсэн байх юм. Бид чинь эрт дээр үеэс л таван хэлтэн зургаан шашинтан хамтран аж төрөөд болоод байсан улс. Тэгээд ч цөөхөн хүн амтай, хамаатан садангууд л байгаа ш дэ. Сэтгүүлч Б.ЭНХМАРТ та жаахан юм унших хэрэгтэй. юуны тулд сэтгүүлч гэж нэртэй билээ дээ

Сэтгэгдэл бичих