Бурдаг хэд нь л бурлаа, үр дүн гарахгүй биз

 bel0508    Хямарч, дампуурсан энэ цагт “Итгэлцэл” нэрийн дор “Монголын эдийн засгийн чуулган-2015″ Төрийн ордны их танхимд хоёр өдөр зохион байгуулагдлаа. Чухал цаг үед чухал үйл явдал бол энэ мөн. Хамгийн гол нь өнөөх л худлаа бурдаг хэд нь бурж гараад мартчихаар тийм байдал ажиглагдлаа. Бурдаг хэд маань хүнээр бэлдүүлсэн зүйлийнхээ ач холбогдлыг ч сайтар ойлголгүй сайхан зандарчихаад бууж байгаа нь олон зүйл дээр ажиглагдана билээ. Ажил хийж үзээгүй, хийж чаддаггүй тэдний цэцэрхдэг талбар бол энэ биш санж. Даанч…

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Мөн ч сайхан ярих юм. Ерөөсөө гараад л тэнд байгаа тоог ингэж засаад л болгочихмоор зүйл ярилаа. Угийн тэнгэрлэг ярьдаг, ярихаараа юу ярьж байгаагаа ч мэдэхээ больж хяналтаа алддаг Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч маань ёстой нэг бурж өгсөн. Чуулганд оролцогчид хэн юу яриад байгааг хамгийн сайн мэдэх хүмүүс хэрнээ алгаа ташин өөгшүүлэх аж.

Энэ чуулганд Монгол Улсын эвэртэн туурайтнууд бүгд л үг хэлсэн. Бие биенээ өөгшүүлэн алга ташихаас хэтрээгүй л болов уу. Төрийн ордны гадаа буюу улстөрийн талбараас хол нөхдийн хувьд бол ёстой л нэг голоор нь хэлж загналаа. Тэдний хувьд бол ерөөсөө л зандарч өгсөн. Арга ч үгүй. Харин улстөрийн гортигонд байгаа нөхөд бол бөөрөнхийдүү л юм бувтнаж байгаа харагдсан. Зарим нэгийнх нь илтгэл шиг зүйл бол ерөөсөө сонгуульд чиглэгдсэн гэх мэтээр чуулган үргэлжилсэн. Мэдээжийн хэрэг авууштай санаа, хэрэгжүүлэх ёстой олон сайн зүйл байсан. Энд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, нийтлэлч Баабар нарын илтгэлийг онцолж болно.

Энэ дундуур талхны үнэ мэддэггүй нэг хоосон гар ч илтгэл тавьж зогсох шиг. Олон л ичмээр зүйл болсон. Ерөөсөө манай эвэртнүүд ярьдаг болохоос биш хийдэг хүмүүс биш аж. Энэ олон ярьдаг хүмүүсийг яамаар ч юм. Гараад ажил хийдэг хүн нэг ч байхгүй. Нэг их олон ярьдаг хүмүүстэй учраас энэ мэт үг хэлэх чуулганы танхим бол пиг дүүрэн. Харин ажил хийх болохоор дээрээсээ дороо хүртэл хүн олддоггүй ийм л нийгэм аж. Тэгэхээр энэ чуулганаас нэг их үр дүн хараад хэрэггүй л болов уу.

Бүгдээрээ хэлэлцэж ярьж байж л энэ бүгдийн ар талд гарах нь мэдээжийн хэрэг. Тиймийн тулд л чуулсан байж таарна. Гэтэл өнөөх л ажил хийж мэддэггүй, үзээгүй нөхдүүд нь аанай л индэр дээр баахан хашхираад буухаар үр дүн гарахгүй л дээ. Мэдээж тэд тусгайлан бэлтгэсэн илтгэлийг уран гоё зандраад л алга болж байгаа. Түүнээс бус түүн дотор чухам ямар агуулга, зорилт нуугдаж байгааг сайтар задалж ойлгох ч билүү, үгүй ч билүү. Уг нь бол чуулганд шинэ санаа сэдэл, түүнийгээ ажи хэрэг болгодог хүмүүсийн яриаг сонсох ёстой байсан юм. Түүнээс биш Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг мэтийн үгийг хэн сонсож хэн хэрэгжүүлэх юм бэ.

 

Ч.Дорж

 


URL:

Сэтгэгдэл бичих