Дээд шүүхийн шүүгчдийг хуйвалдаанаар сонгосон уу?
“Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хүмүүсийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ” гэх гарчигтай Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн цахим хуудсаар гараад эхэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшсэн 19 хүнээс “шүүгээд” Дээд шүүхийн захиргааны шүүгчид Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл-Эрдэнэ, иргэний танхимын шүүгчид Давж заалдах шатны X шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Давж заалдах шатны X шүүхийн шүүгч П.Золзаяа, эрүүгийн танхимын шүүгчид Давж заалдах шатны X шүүхийн шүүгч Ч.Хосбаяр нарын нэрийг Ерөнхийлөгчид санал болгожээ.
Харин шалгалт, түүнээс гарсан үр дүн шал өөр байжээ. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд нэгэн дэвшилт гарсан байдаг. Дээд шүүхийн шүүгчид зөвхөн шүүгчээр ажиллаж байгаа хүн бус хэрэглээний болон онолын өндөр мэдлэг бүхий, шударга ёсны дээд хэмжүүр нь хууль болсон хуульчид өрсөлдөж болохоор болсон. Тиймээс мэргэжлийн багш докторууд нэлээд өрсөлдсөн байна. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч 19 хүний зургаа нь их, дээд сургуулийн багш нар байсан бол үлдсэн 13 нь анхан болон давж заалдах шатны шүүгчид байжээ. Тэднээс найм нь шалгалтдаа бүдэрч, харин 11 хүн тунаж үлдсэн юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэргэшлийн хороо, түүний ажлын албанаас сонгон шалгаруулалтад оролцогчдын мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүй, шүүгчээр ажиллах зан төлөвийн шаардлагыг хангасан эсэхийг шалгаж 10 гаруй төрлийн шалгалт шүүлэг авч, ганцаарчилсан ярилцлагад оруулсан байна. Энэ үеэр нэр дэвшигчдээс нэлээд нь хангалтгүй үнэлэгджээ. Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар хамгийн өндөр үнэлгээг авч, Дээд шүүхийн захиргаа, эрүү, иргэний хэргийн танхимын шүүгчдийн сонгон шалгаруулалтыг тэргүүлжээ. Гэтэл Ерөнхийлөгчид танилцуулагдахад шал өөр нэр болоод явчихсан байна. Ёстой л илбэ үзүүлж байгаа юм шиг л явдал болов. Дээд шүүхийн захиргааны шүүгчид МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхимийн багш, доктор Г.Банзрагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, эрх зүйн онолын тэнхимийн багш Л.Өлзийсайхан, Удирдлагын академийн багш, доктор Д.Сүнжид, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл-Эрдэнэ нар өрсөлдсөнөөс доктор Г.Банзрагч илт давуу үнэлгээ аваад байв. Гэсэн атал ганц шүүгчийнхээ нэрийг Ерөнийлөгчид илгээжээ.
Иргэний хэргийн шүүгчид МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний тэнхимийн багш Д.Энхзул, Давж заалдах шатны аравдугаар шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Давж заалдах шатны аравдугаар шүүхийн шүүгч П.Золзаяа, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Буд, Давж заалдах шатны аравдугаар шүүхийн шүүгч Б.Наранцэцэг нар өрсөлджээ. Хоёр шүүгчийн орон тоон дээр өрсөлдсөн хэрэг. Энэ өрсөлдөөнд МУИС-ийн багш Д.Энхзул тэргүүлж, шүүгч Г.Алтанчимэг удаалаад байв. Харамсалтай нь багш Д.Энхзулыг бас л хасчихав.
Эрүүгийн хэргийн шүүгчид МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, доктор, Ж.Эрдэнэбулган, Давж заалдах шатны аравдугаар шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хоёр өрсөлдсөн. Доктор Ж.Эрдэнэбулган илт давуу үнэлэгдсэн ч дүн өөрөөр гарч, шүүгч Ч.Хосбаярын нэрийг Ерөнхийлөгч рүү илгээжээ.
Дээрээ хөх тэнгэрээс өөр “эзэн”-гүй айхтар лут албанд ингэж томилогдож болох уу. Уг нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заахдаа нэр дэвшигчийн талаарх олон нийтийн үнэлгээ, шалгалтын дүн, Хуульчдын холбооны дүгнэлтийг үндэслэх учиртай. Гэвч Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүн өөрсдийнхөө шалгуураар үнэлсэн бололтой юм. Илт давуу, өндөр үнэлгээ оноо авсан нэр дэвшигчдийг хасч “өөрсдийнхөө” хүмүүсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь хачирхалтай. Ер нь Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн сонгон шалгаруулалтдаа нэр дэвшигч нь шүүгчээр ажиллаж байсан эсэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг хэр зэрэг биелүүлж байсан, цаашид хэрхэн биелүүлэхээ амлсан байдал зэргийг харгалзаж үзжээ. Хамгийн гол нь ямар нэг байдлаар
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд таалагдсан байх ёстой гэж байгаа. Ийм л юм болжээ. Өч төчнөөн зардал чирэгдэл болгож, сонин хэвлэлээр “Сонгон шалгаруулалт явагдаж байна” гэж зарлаад л байсан. Хөшигний цаана ийм л заваан юм болдог байна.
Энд нэг аюул байгаа юм. Шүүгчийг ингэж ший янгуу шиг юм болгож сонгоно гэдэг маш том эмгэнэл. Ингэж сонгогдоно гэдэг ичиж үхмээр асуудал. Тиймээс бусдын ёс зүй, алдаа оноог дэнсэлдэг шүүгч өөрөө, түүнийг сонгодог Шүүхийн ерөнхий зөвлөл бүр ч ичмээр байгаа юм. Олонд ил мэдээллийг тас цохиод, ингэснийг нь Ерөнхийлөгч мэдсэн болов уу даа.
С.САРУУЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: