Алт бидний ирээдүй мөн үү

Алт хайгчид маш их газрыг эндийчдэг, тун бага “ алт” олдог.  

Гераклит

Untitled-1

Алт бидний ирээдүй мөн үү

                                 Төв аймгийн Заамар сум Туул голын хөндийн дүр зураг

Манай нутгийн нэртэй дархан Очир гэдэг хүнийг Да лам буюу Дамбийжаагийн зарлигаар нэг өдөр гэнэт аваад явчихжээ. Мөнөөх Дамбийжаатан ардын намынханд Баруун хязгаарт алуулсны дараахан Очир гуай нутагтаа буцаж ирэхдээ хоёр тэмээ ачаатай ирсэн юм байх. Тэр хүн Дамбийжаагийн эхнэр хүүхнүүдийн ээмэг бөгжийг хийдэг алтны дархан нь байж байгаад, гэнэтийн тэр довтолгооны үеэр багагүй алтан гулууз бултуулж авчирснаа хэнд ч хэлэлгүйгээр хаа ч юм бэ, Ханхөхий уулын ард нэгэн газар булж орхисон гэнэ. Дараа нь өвгөн “юмтай” гэдгээрээ олноо дорхноо алдаршиж, нэр нь хүртэл Баян Очир гэгдэх болсон боловч, өөд болохдоо тэрээр эхнэр хүүхэддээ хүртэл нөгөө алтаа хаа нууснаа хэлэлгүй өнгөрсөн юм гэнэ лээ гэж манай нутгийнхан шивэр авир ярьцгаадаг байлаа.

Барон Унгерн багагүй алт хойноос авчраад Монголын өргөн уудам газрын хаа нэгтээ булж орхисон нь, одоо хүртэл олдохгүй байгаа тухай орос монголын хэвлэлээр байнга яригддаг. Эх орны дайны үед фашистууд шатаах зууханд оруулж байгаа хүмүүсийнхээ алтан шүдийг бүгдийг булгалж авдаг байсан талаар ч бидний үеийнхэн бүгд мэднэ. Ер нь алт яахаараа ингэж үеийн үед хүмүүний шуналыг хөдөлгөж, шулам болгох үүд хаалгыг нь нээж өгч байдаг юм бэ?

Алтны энэ шулмын ид шидийг бидний өвөг дээдэс “Оройд нь хүрэшгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй там” хэмээн энгийнээр тун онож хэлсэн байдаг. Алттай боллоо гээд хэнбугайн ч сэтгэл ханаж байсан удаагүй, улам л ихийг олохыг хичээж, урьдах цуглуулснаа алдахаас айж эмээж явсаар, сэтгэл санаа нь хэзээ ч амар тайвныг үзэлгүй өрлөгдөн голоо цохиж бэдэрсээр, үхэхдээ ч сүнс нь хорвоог амар тайван орхиж чаддаггүй, хоргодон шаналдаг гэдэг. Алт хэдийгээр есөн эрдэнийн нэгэнд ордог ч гэлээ, Монголчууд түүнийг нэг их сүртэй шүтэн биширч, эдэлж хэрэглэж байгаагүй билээ.

Нөгөө талаар, амьдрал хайр дээр тогтдог гэдэг ч, алт эрдэнэсээр амьдралыг бүхэлд нь үнэлэдэггүй юм аа гэхэд түүгээр бас хэмждэг гэдгийг хүн төрөлхтөн түүхэн явцдаа хүссэн хүсээгүй нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн байдаг.

“Атом жин нь-79” гэж үелэх системд тэмдэглэгдсэн алт хэмээх өнгөлөг шар металл яахаараа ийм үнэ цэнд хүрдэг юм болоо. Хамгийн гол нь энэ металл туйлын ховор, тэгээд түүнийг орлуулаад гаргаад авчих ямар нэг шинжлэх ухааны арга зам одоохондоо байхгүй учраас юм болов уу. Aлхимичид хар тугалгыг алт болгох гэж хэдэн зуун жил махаа идээд бараагүй хаясан гэдэг юм билээ.

Египетийн фараодын үеэс хүмүүний амьдралд хүч түрэн орж ирж, хүн төрөлхтний хоорондох мянга мянган жилийн алаан тулааны нэг гол шалтгаан нь болж байсан энэ металлыг дэлхийн түүхэнд манай хойд хөршийн их багш Ленин л огт үнэлээгүй цорын ганц хүн. Яахав дээ, бид ямар мэдэхгүй биш коммунистууд хэзээ л хөрөнгө мөнгийг үнэлж байлаа. Тэр үед чинь нударган, хөрөнгөтөн гэдэг шалтгаанаар хэдэн саяар нь гэм зэмгүй хүмүүсийг өчиггүйгээр цааш нь харуулж, эд хөрөнгийг нь үрэн таран хийж байсан юм чинь. Ленин багш тэр үед ингэж айлдаж байж:

-За гайгүй, муусайн хөрөнгөтнүүдэд бид цаг нь болоод коммунизмаа байгуулах үедээ алт гэдэг чинь ямар ч үнэ цэнэгүй зүйл гэдгийг үзүүлээд өгнөө гайгүй. Тэр цагт бид тэр шижир алтаар чинь гудамжныхаа бүх нийтийн жорлонгийн суултууруудыг хийх болно.. Тийм үе тун удахгүй ирнэ… Энэ үгийг сонсоод бүх дэлхийн лүмпэн пролетариуд хичнээн их баярлаж хөөрч байсан ч, амьдрал нь харин дараа нь огт өөрөөр эргэцгээснийг бид мэднэ.

Зөвхөн алтанд л байдаг, байгалийн бусад бодисд байдаггүй хэд хэдэн гайхалтай шинжүүд бий. Химийн бодисын ангилал талаас нь авч үзвэл, төмөртэй л адилхан металл мөртлөө, торго мэт уян налархай, хосгүй зөөлөн эд. Алтаар утас хийгээд дээл хувцас оёж нэхэж болно. Ганцхан грамм алтыг сайн давтаж чадвал, хааш хаашаагаа нэг метр талбайг төвөггүй бүрнэ.

Алтан ялтсан дээр бичсэн эртний судар байдаг тухай та сонссон уу? Яасан их хүнд байдаг болоо гэж бодож байгаа бол айлтгүй. Гэрэлттэл нь нимгэлсэн алтан ялтсаар арван мянган хуудастай ном хийхэд зузаан нь ердөө л ганцхан миллиметр болох жишээтэй. Үнэмшмээргүй байгаа биз?

Алтыг гоёж гоодоход биш, үйлдвэрлэлийн зориулалтаар хамгийн их хэрэглэдэг улс гэвэл арлын Япончууд юм байх. Электрон тоног төхөөрөмж, компьютер бүтээхдээ тэд жилд тавин тонн гаруй алт хайлдаг гэнэлээ. Алт бусад ямар ч металлтай урвалд ордоггүй, гадаа гандаж, хөдөө хөлдөж, хэдэн мянган жилээр хэвтсэн ч, шар өнгөө хэзээ ч алддаггүй. Тийм учраас л бүстэй, бүсгүй хүний ямар ч эд эрхтнийг чимэж чаддаг увьдастай эд юм байх. Алтаар яаж төрсөн биеэ чимэж болдгийг араб, энэтхэг бүсгүйчүүдээс яруу тодоор сурч болно шүү.

Би нэг удаа Каирт явж байгаад тэндхийн бүсгүйчүүд манайхан шиг ээмэг зүүлтийг ганц нэгээр нь санжийтал зүүдэггүй, хоёр гар, бүр хөлийнхөө шилбэнд хүртэл зузаан зузаан алтан бугуйвчийг давхар давхраар нь углачихсан, шажигнуулж явахыг нь хараад орчуулагч залуугаасаа тэсэлгүй “Танай нутгийн хүүхнүүд яахаараа ийм их алт биедээ үргэлж зүүж явдаг юм бэ. Өөрсдөд нь тээртэй байдаггүй юм уу” гэж асуусан чинь тэрээр миний асуултанд ийм тайлбар хийсэн юм. “ Манай араб эмэгтэйчүүд шариадынхаа хуулийн дагуу эрчүүдийнхээ нүдний харцаар нь байдаг. Дөрөв хүртэл эхнэр авах эрхтэй араб эр нэг л өдөр эхнэрээ ямар нэг шалтгаан олоод гэрээсээ гэнэт хөөж орхих удаа гарч болно. Араб хүүхнүүд бусадтай адил орилж чарлах нь бүү хэл, өөдөөс нь ганц үг дуугарах эрхгүй улс. Тийм учраас гэрээсээ өмссөн зүүсэнтэйгээ хэзээ ч хөөгдөхөд бэлэн явж байгаа нь л тэр” гэсэн юм..

Бидний өвөг дээдэс харин алтыг гоёж гоодохдоо бус хамгийн эрхэм нандин зүйлдээ хэрэглэж байсны нэг жишээ, одоо улсын номын санд хадгалаастай байгаа “Сундуйн жүд” хэмээх ном. Тэр номыг бүтээхэд 450 кг алт, мөнгө орсон гэдэг баримт бий. Алтыг та архитай ч юм уу, устай холиод тансаглан ууж болно. Тэр хүний бие эд эрхтэнд сайн болоод муу ямар ч нөлөөгүй.

Алтыг ямар ч аргаар гартаа оруулж авах гэсэн хүмүүний хөлст хөдөлмөр, цуст тэмцэл, тулаан мянга мянган жил үргэлжилсэн түүхтэй ч, одоогоор дэлхийд олборлоод байгаа бүх алтны дөрөвний гурвыг нь зөвхөн өнгөрсөн ХХ зуунд олзворлосон гэх. Шижир алтыг зарим оронд 24 карат гэж үнэлдэг бол, манайхны хувьд 999 хувийн сорьцтойг дээд зэргийн чанартайд тооцдог.

Алтны үнэ цагийн урсгалаар дээшээ доошоо ямагт өөрчлөгдөж байлаа. Хорь гаруйхан жилийн өмнө буюу 1980 онд нэг унц алтны үнэ 850 долларт хүрэн тэнгэрт хадаж байсан бол одоогоос арав гаруй жилийн өмнө 253 болтлоо шалдаа унаж, мөн дахин өссөөр өнөөдөр Лондонгийн бирж дээр 1200 ам.доллар хүрээд байна.

Гэхдээ хүн төрөлхтний бүхэл үеийн турш олзворлосон алтыг бүгдийг нь нэг газар авчраад овоолох юм бол манай гайгүй шиг бизнесмений гэрт багтчихаар буюу ердөө хааш хаашаагаа хорин метр куб л болох юм билээ. Өчүүхэн байгаа биз. Гэхдээ алт маш цул хүнд. Дээрх алтны жин 160 мянган тонн болно гээд боддоо. Юун барууны кинон дээр гардгаар сайн эрчүүд банкнаас алтыг цүнх цүнхээр нь дээрэмдчихээд цагдаагаас зугатаагаад жирийлгээд байдаг чинь шал худлаа. Аяны бүү хэл зүгээр л нэг дундаж албан хаагчийн өдөр тутмын хэрэглээний арав хүрэхгүй см зузаантай дипломат цүнхийг цэвэр алтан гулуузаар дүүргэчихээд бариад яв гэвэл ийм цүнхний жин 300 кг татах учраас хэнбугай ч сачий нь хүрэхгүй.

                             

                                             Алттай газар ховор уу?

Үгүй ээ, алт хаа бол хаана бий, дэлхийн хатуу хучааст хамгийн өргөн тархсан металл. Сибирийн ширэнгэн ойгоос эхлээд Сахарын элсэн цөлд ч, Алтай, Хангайн өндөр уулсаас говийн зэрэглээт хөндийд ч, тэр бүү хэл гадаад далай тэнгисийн их усанд ч алт байна. Харамсалтай нь маш бага агууламжтай. Монголын аль ч нутгийн шороог аваад угаасан танд тонн бүрээс 0.03 грамм алт өгнө гэж тооцож болно. Далай тэнгист очоод азаа үзье гэвэл алт олох шанс нь үүнээс арав, зуу дахин л багасахаас биш бас ор хоосон буцна гэж ер үгүй. Ийм учраас л тав зургаахан тонн алт авахын тулд алтны магнатууд там шиг том том нүх ухаж, уул шиг шороо овоолж хаяад байгаа юм. Эрдэмтдийн тооцоогоор хэрэв бид дэлхийн гадаргын км зузаан шороог бүгдийг нь угааж чаддагсан бол таван тэрбум тонн алттай болж болно гэжээ.

Дээрх 160 мянган тонн алт үүнтэй харьцуулахад юу ч биш байгаа биз дээ. Гэхдээ хүн төрөлхтний түүхийн урт хугацааны турш олборлосон алтыг бүгдийг нь цуглуулаад овоолох юм бол ердөө хааш хаашаагаа метр шоо болох тухай дээр өгүүлсэн. Тэгвэл үүнийг угаахад гарсан шороог дэргэд нь овоолох юм бол таван мянган метр өндөр асар том пирамид болох аж. Өөрөөр хэлбэл Богд уулан дээр давхарлаад дахиад таван Богд уултай өндрөөрөө дүйцнэ гэсэн үг. Өнөөх жар далан жил барьж босгосон саран дээрээс харагддаг гээд байгаа Египетийн агуу Гиза пирамид үүний хажууд юу ч биш, тэр чинь ердөө л 150-хан метр өндөртэй эд шүү дээ. Үүнээс даруй дөч тавь дахин өндөр пирамид босно гэсэн үг. Санаанд ч багтамгүй.

Өвөрхангайн Уянга, Говь-Алтайн Бигэрт илэрсэн судлуудад алтны агууламж дээрх хэмжээнээс даруй зуугаас, мянга дахин өндөр байдагт хэргийн гол учир байна. Тийм учраас эдгээр нутгуудад хүмүүс өнөөдөр мянга мянгаараа шоргоолж аятай шаван цуглаж, бараг дайн тулаандаа хүрээд байгааг бид зурагтаар олон удаа харцгаасан. Гэхдээ тэдний дундаас учиргүй баяжаад түнтийчихсэн нь тун цөөхөн, харин ихэнх нь угаасан мөнгөн ус, уусан архиндаа хордоцгоож, ухсан шороондоо дарагдан амь насаа алдаж, эрэмдэг зэрэмдэг болцгоож байна.

Эртний жишээ татья. Алтны улангаслын үе буюу 1850-иад онд Америкийн баруун эрэг рүү баяжихыг мөрөөдсөн 150 гаруй мянган нинжа нар Европоос их далай гатлан очиж уралдаж ухацгаасан ч алтыг нь худалдаж авч байсан цөөхөн хятадууд мөн ”levis” хэмээх жинсэн өмдөө тэдэнд борлуулж байсан хэдэн худалдаачдаас бусад нь бүгд эрүүл мэндээрээ хохирч ядуурч, дампуурсан бөгөөд тэдний Америкийн баруун эргийг бохирдуулсан мөнгөн усыг нь одоо хүртэл цэвэрлэж чадаагүй байна. Алт гэгч ийм ид шидтэй, ад зэтгэрийн эд санж. Харамсалтай байгаа биз. Яалтай ч билээ дээ.

Холын жишээ татья. ӨАБНУ өнгөрсөн зууны далаад оноос оноос өнөөдрийг хүртэл 40000 тонн алт олзворлосон нь өнөөгийн ханшаар бодоход нэг их наяд 600 тэрбум доллар болж байна. Тэд тухайн үедээ дэлхийн алтны 80 хувийг дангаараа гаргадаг байлаа. Гэтэл 55 сая хүнтэй энэ орны хүн амын 40 хувь нь одоо хүртэл ядуу гуйланчлалын байдалд байсаар байна.

Ойрын жишээ авья. Одоогоос хорь гаруйхан жилийн өмнө манай улс “Толгойтын” хэмээх нэр хаягтай алтны ганцхан улсын үйлдвэртэй, тэр нь жилд дөрөв таван зуун килограмм алт өгдөг байлаа. Тэр үед Заамарын алтны томоохон судлууд судалгаагаар илэрч эхэлж, “Энэ хэдэн халтар монголчуудыг чухам нүдийг нь бүлтийтэл хооллох их хөрөнгө тэнд байна” хэмээн манай яамны оросууд шүүрс алдацгаадаг байлаа. Бид ч дор бүртээ баяжих нь хэмээн сэтгэж, их л хөөрцөглөдөг байсан. Бид 1992 онд алт хөтөлбөрийг эхлүүлж, Төв аймгийн Заамар, Өвөрхангайн Уянга, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын нутгаас багагүй алт олборлосон. Олборлосон алтны хэмжээ жилдээ 25 тонн хүрч байсан.

Гэтэл өнөөдөр 100 тн гаруй алтаа ухуулсан тосон Заамар тоосон Заамар болон хувирч, Туул голын хөндий дахин нөхөн сэргээгдэшгүй болтлоо эвдрэн сүйрч, Өвөрхангайн үзэсгэлэнт Уянга эгээ л дайн байлдаан болсон газар аятай сэглэгджээ. Энд үйл ажиллагаагаа эхлүүлэн Монголын алтыг сорчлон ухаж байсан алтны магнат “Монгол газар” дампуурлаа зарлан шүүхийн хаалга татаж, долларын тэрбумтан болох мөрөөдөлтэйгээр Монголд ирж, арван жил газар сэндчилсэн “Алтан Дорнод Монгол”-ын эзэн Паушек гэгч орос эр 30 тэрбум татвараас бултан хөрөнгөө хаяад Монголоос дутааж одов. 68 хувийн татвараас нь болж алдагдалд орсон хэмээн түүний Олон улсын шүүхэд хандан Монгол улсаас 1.6 тэрбум долларын нэхэмжилсэн хүчингүй болж, харин тэр өөрөө 25 сая долларын өрөө Газпром банкинд төлөхөөр Москвагийн шүүхээр таслагдаж бүрмөсөн хоосорлоо.

Одоо гаргаж буй алтны хэмжээ ч социализмын үеийнхээс даруй хорь гуч дахин нэмэгдсэн. Бид баяжицгаав уу? Эсвэл байгаль орчин сүйрч, өвс ургамал гундаж, ган ганчиг нэмэгдэв үү? Онгийн гол тасарч, Таацын цагаан нуур ширгэж, нийтдээ том жижиг мянга гаруй гол горхи сүүлийн хориодхон жилийн дотор амьсгал хураалаа. Одоо цаана нь хичнээн гол мөрөн, говь хангайг ийм хувь заяа хүлээж байна вэ?

Алт ухах нь хувь хүн болоод улс орны хөгжилд дорвитой нөлөө үзүүлдэггүйгээс гадна цаашдаа байгаль орчинд, ирээдүйдээ маш хөнөөлтэй үр дагавар авчирдгийг одоо бараг хүн болгон ойлгох цаг нь болсон.

Нэг төгрөгийн алтан баталгаа 0.222 грамм алттай тэнцэж байх ядуу социализмын тэр үед би 800 төгрөгийн цалинтай байсан нь 300 доллартай тэнцэж байж. Гэтэл одоо миний сарын цалин түүнээс хол давж чадаж байна уу? Тарвага алж баяждаггүй, тамхи татаж хоосордоггүй гэдэг шиг алтаа ухсан улс орон ирээдүйд сүйрч, харин ядаж төмрөө гаргаж хайлуулж, нүүрсээ боловсруулаад гаргах юм бол үүнээс арай өөр үр дагавартай байх магадлалтай юм уу гэлтэй.

                       Үнэхээр алт бидний ирээдүй мөн гэж үү?

 

                                   Ш.Пүрэвсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих