Үе залгамжилдаг парламенттай болъё
Дөрөв дэх удаагаа Их хурлын гишүүний сэнтийд сууж байгаа нэгэн эрхэм саяхан ярилцлага өгчээ. Түүний ярилцлага “Хүүд минь боломж олдохгүй бол би өөрөө УИХ-д нэр дэвшинэ” гэсэн гарчигтай.
Гарчигнаас нь уншсан ч, доторхийг нь уудалсан ч яалт ч үгүй Их хурлын гишүүний суудлыг үе залгамжлуулах санаа, эснэл энэ айлаас хамгийн багадаа нэг Их хурлын гишүүн байх ёстой юм шиг утга агуулга, өнгө аяс анзаарагдаж байгаа юм.
Агуулгынх нь тал хувь нь “Хүүгээ дараагийн Их хурлын гишүүн болно гэж итгэдэг. Надад бол туршлага, дадлага бий. Гэхдээ л миний хүү надаас илүү” гэсэн пиарын шинжтэй. Хачирхалтай нь тэгсэн атлаа хүүд минь боломж олдохгүй бол би өөрөө хүч үзнэ гэчихсэн байдаг. Хэт ойлгомжтой юм шиг бас хэт ойлгомжгүй ийм нэг ярилцлага сонинд гарсан байна. Түүний хүү үнэхээр өөрөөс нь илүү юм бол яагаад хүүд нь боломж олдохгүй байхад мань гишүүн дахиж нэр дэвших гээд байгаа юм бол.
Цаашлаад яагаад заавал энэ өрх айлын хамгийн багадаа нэг хүн УИХ-ын суудалд суух ёстой гэж. Хүүд нь боломж олдохгүй бол өөрөө ч гэсэн хэлсэн шигээ Би боллоо гээд улс төрийг орхиж яагаад болохгүй гэж. Дөрвийн дөрвөн удаа парламентад сонгогдсон хүн шүү дээ. Тайлбарлахад хэцүү, тайлбарлах шаардлагатай ойлгомжгүй логик. Үе залгамжилсан парламент гэж л энэ байх.
УИХ-ын гишүүн Б.Батбаярын хүү ирэх жил 32 нас хүрэх аж. Нью-Йоркийн их сургуулийг төгссөн, одоо бол Тавантолгойн IPО-г гардан хийж байгаа гэнэ. Эзэмшсэн мэдлэг, боловсрол чадвараараа манлайлагч гэж аав нь дүгнэсэн, тийм ч бололтой.
Мэдээж гадаад дотоодод сурч, боловсрол эзэмшсэн чадварлаг залуучууд Монгол улсын маргаашийг тодорхойлно гэдэгтэй маргах хүн үгүй. Гэхдээ яагаад заавал тийм өндөр боловсролтой чадварлаг залуу хүн ааваараа хаалгаа нээлгүүлэн улс төрд орох гэж дурлаад байгаа юм бэ. Дөрвөн удаа парламентад сонгогдсон гишүүний хүүхэд гэхээр ногоон гэрлээр орч болно гэж бодсон юм биш биз дээ.
УИХ-ын гишүүний суудал санаан зоргоор олдчихдог юм бол сонгогч гэж байгаад ч яах юм. Бас болоогүй ээ, мань гишүүн “Би яах вэ. Хамгийн ихдээ хоёр сонгуульд үзнэ биз. Залуу хүн цааш яваг” гэсэн байгаа юм. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг бол Батбаяр гишүүний дотор зургаан удаагийн сонгуулийн хугацаа, дахиад хүүдээ суудлаа залгамжлуулах бодол багтдаг байх нь.
Хийсэн бүгдийг үгүйсгэх гээгүй ч дөрвөн удаа УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн яг ямар ямар гавьяа байгуулсан болоод парламентын гишүүний суудлын үе залгамжлуулах гээд байгаа хэрэг вэ. Хаан ширээнд үе залгамжлан суудаг асан өнгөрсөн үеийн түүхийг ардчилсан нийгэмд авчрах гэсэн юм бол ардчилал, сонгууль, сонгох, сонгогдох ёс гэж байхын ч хэрэг алга.
Энэ байдлаараа удахгүй бүх их хурлын гишүүн “Миний хүүхэд гадаадад сургууль төгссөн . Нэг бол миний хүүг, эсвэл намайг сонго” гэж тулгах юм байна. Ерөөсөө Их хурлын гишүүн хүн эхнээсээ ингэж ил тодоор зарлаж байгаа юм чинь УИХ-ын гишүүний суудлыг үе залгамжлуулдаг болчихъё. Тэгвэл Их хурлын гишүүн сонгоно гэж сонгогчид дөрвөн жил тутамд хууртаж, долдугаар сарын 1-нд үймээн болж таван халуун амь үрэгдэхгүй шүү дээ.
Б.Цэлмэг
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: