Эм андуурч өгсөн хэрэг уучлалт гуйгаад өнгөрөх зүйл биш
Өнгөрсөн оны наймдугаар сард “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгож улмаар 16 нярай хордож, эмчлүүлж байсан билээ. Мөн “Монос-Улаанбаатар” компанийн лавлахын эмч Д.Жавхлантөгс нь утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд буруу өгснөөс дахин хоёр нярай хордох шалтгаан болсон гэдгийг хууль хяналтын байгууллагаас тогтоосон билээ.
Эл хэрэгт холбогдуулан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан гэнэ. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсөд нэг жилийн хорих ял оноож, ялыг тэнсэх шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл Монос группийнхэн бас нэгэн ноцтой хэрэг гаргасан гэнэ. Тодруулбал ЭХЭМҮТ-д гэрээгээр эм нийлүүлдэг Монос группийнхэн эмчийн жорын дагуу Ланадексон эмийг нийлүүлэх ёстой байсан ч андууран Ланасорбид эмийг нийлүүлсэн ноцтой хэрэг гаргасан байна. Энэхүү мэдээллийн дагуу “Монос” группын Маркетингийн албатай холбогдож тодруулахад “Эмийг эмчийн бичсэн жорын дагуу, өвчтөний нас, жинд тохирсон тунгаар олгох ёстой хүмүүс нь тухайн эмнэлэгт байгаа. Энэ үүргийг хүлээсэн хүмүүс нь хяналтаа тавиагүйгээс асуудал үүссэн байх. Эмийг тендерээр оруулж ирсэн компани нь “Монос”. Хэвлэлд “Монос” буруу эм нийлүүлснээс хүүхдүүд хордсон мэт нэг талыг барьсан, ташаа мэдээлэл гарсан байна. Ийм асуудал огт байхгүй. Одоогийн байдлаар манайд энэ талаар албан ёсоор мэдээлэл, албан бичиг ирээгүй байна” өгсөн юм.
Энэхүү эмийг андуурсны үүднээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхэд хордсон байна. Ланадексон эм нь харшлын эм бол Ланасорбид нь зүрхний архаг дутмагшлын үед уудаг эм ажээ. Гэтэл харшлын зориулалттай эмийн оронд зүрхний өвчний эсрэг үйлчилгээтэй эм уусан хүүхдүүдийн биед тухайн үед өөрчлөлт орсон байна. Харин энэ үед тус төвийн эмч нар хүүхдүүдийг өөр төрлийн эм уусан болохыг мэдэж, яаралтай арга хэмжээ авснаар хордлого хүндрэхээс сэргийлж чаджээ. Ланадексон эмийг харшил, амьсгалын замын болон арьс, цусны өвчний үед хүүхдэд хоолны өмнө хоногт дунджаар 0.0833-0.333 мг/кг-аар сүүгээр даруулж уулгах заавартай аж.
Харин Ланасорбид эмийг зүрхний архаг дутмагшлын үед 10-20 мг-аар өдөрт 2-3 удаа бусад эмтэй хавсран хэрэглэдэг юм байна. Гэтэл харшлын зориулалттай эмийн оронд зүрхний өвчний эсрэг үйлчилгээтэй эм уусан хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илэрч, яаралтай арга хэмжээ авсан гэнэ. Энэ асуудал үүссэний дараа Монос группээс холбогдох албан тушаалтууд н тус эмнэлэгийн эмч нар хүүхдүүдийн эцэг эхээс уучлал гуйжээ. Гэхдээ энэ бол уучлал гуйгаад өнгөрөх юм уу аль эсвэл тэнсэн аваад чимээгүй өнгөрөх хэрэг биш гэдгийг энэ удаад дахин санууллаа. Эм андуурсан гэсэн энэ олог шалтгаан цаашлаад олон хүний аминд хүрэхийг үгүйсгэхгүй. Түүнчлэн харилцагч байгууллагууд ч мөн адил анхаарал хандуулж аль, аль талдаа хариуцлагатай хандах нь зүйтэй. Энэ мэтчилэн хариуцлагагүй үйлдэл нь олон хүний эрүүл мэнд, цаашлаад хүний аминд ч хүрч болох юм.
Л.Баяр /нью.мн/
URL: