Автомашин ачиж тээвэрлэх шинэ журам боловсруулжээ

7ec8402b4b975907bigШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн долоо хоногт Нийслэлээс гаргасан журмын дагуу автомашин ачиж тээвэрлэх, дугуй түгжих үйл ажиллагааг хувийн аж ахуйн нэгжүүд зохион байгуулж байгаа нь хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Улмаар энэ дагуу Нийслэлийн Засга дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн бусад удирдлагуудыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Харин энэ асуудлаар НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо, НЗДТГ-ын Хууль эрх зүйн газрын дарга С.Отгонгэрэл, Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан өчигдөр болсон нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр тайлбар хийлээ.

Мөн хуралдааны үеэр Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ыг боловсруулсныг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Бадрал танилцууллаа.

Энэ журамд аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн байрны гадаа автомашины зогсоолгүйн улмаас үйлчлүүлэгчийн автомашиныг ачсан бол төлбөрийн 50 хүртэлх хувийг төлнө гэж заасан нь сонирхол татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуйн нэгж гаднаа  зогсоолгүй, зогсоол нь хүрэлцээгүйн улмаас үйлчлүүлэгч нь автомашинаа ачуулсан бол төлбөрийн 50 хүртэлх хувийг тухайн аж ахуйн нэгж төлөх зохицуулалтыг тусгаж өгчээ.

Харин энэхүү заалтын тухайд НИТХ-ын дарга Д.Баттулга “Өнөөдөр аж ахуйн нэгж, байгууллагуудад зогсоол хүрэлцээгүйн улмаас иргэд авто замын нэгдүгээр эгнээд тээврийн хэрэгслээ байршуулах зөрчил үүсч байгаа. Энэ заалтаар бол жишээ нь Хангардийн холбогдох албан тушаалтантай уулзахаар ирсэн иргэд Чингисийн талбайд тээврийн хэрэгслээ тавина. Тэгээд ороод дарга нарыг хүлээн тэд нар нь хурал зөвлөгөөнтэй гээд 30 минут, нэг цаг хүлээхэд тухайн иргэний авто машиныг ачаад аваад явчихна. За тэгээд тэр ачуулсан мөнгийг нь хотын захиргаа төлнө. Энэ байдал яам тамгын газарт ч мөн адил байна” гэлээ.

Харин Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Бадрал “Тэрхүү зогсоолуудыг гаргах үүрэгтэй болгоё. Түүнчлэн боломжтой газруудад нь албан ёсоор зам дээр нь хэвтээ тэмдэглэгээ хийн тухайн газраас тээврийн хэрэгслийг ачдаггүй цагийн хуваарьтай байхаар зааж өгч байгаа” хэмээн тайлбарласан юм.

Автомашин ачиж тээвэрлэх журамд төлбөрийг мөн зааж өгсөн байна. Бага оврын машин 60 мянган төгрөг, жийп маркийн автомашин 70 мянган төгрөг том оврын автомашиныг ачиж тээвэрлэсэн бол 110 мянган төгрөгийг эзэмшигч өмчлөгч нь төлнө гэсэн хэсгийг оруулсан.

ШӨХТГ-аас Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журамд заасны дагуу ЦЕГ-ын дарга зөөж шилжүүлэх төлбөрийг тогтоох эрхтэй байтал Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрт олгогдоогүй эрхийг эдэлж байна хэмээн мэдэгдээд байгаа.

Энэхүү асуудлын хүрээнд Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож дараах тайлбарыг өгсөн юм. “2005 оны Хууль зүйн сайдын 94 дүгээр тушаалаар гарсан журмаар тухайн тээвэрлэгч, ачигч зөөгч автомашинууд зах зээлд нийцүүлэн өөрсдөө үнээ тогтооно гэж гарсан. Түүний дараа 2007 онд энэхүү журамд нэмэлт өөрчлөлт орж өмнөх заалтыг өөрчлөн ЦЕГ-ын даргын тушаалаар үнийг тогтооно гэж заасан. Өнөөдрийн мөрдөж байгаа буюу 2014 онд гарсан А218 тушаал дээр үнэтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй үнэ тогтоох эрхийг аймаг, нийслэлд нь өгсөн тушаал гарсан” гэв.

Автомашиныг ачиж тээвэрлэх үйл ажиллагааг хууль бус гэж ШӨХТГ-аас мэдэгдэж, өчигдөр нийслэлийн удирдлагуудыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Харин нийслэлийн удирдлагууд хууль зөрчөөгүй гэдгээ мэдэгдэж байгаа.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бид зүгээр л очоод машин түгжье, зөөж тээвэрлэе гэж яриагүй. Хууль зүйн сайдын тогтоол шийдвэр байна хэрэгжүүлээч ээ гэж шаардсан. Өнөөдөр энэхүү ажлын үр дүн харагдаж байгаа. Энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлснээс хойш иргэд дураараа тээврийн хэрэгслээ хаа хамаагүй тавьж чадахаа больсон. Үр дүн нь илт харагдаж байгаа ажлыг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хууль бус хэмээн мэдэгдэн иргэдийг мөнгө эргүүлэн ав гэж үймүүлж байгааг би улс төр хийж байна л гэж харж байна. Тэд надаар улс төр хийн тушаал дэвшдэг мода дэлгэрүүлж байгаа шүү дээ” хэмээв.

Ачиж тээвэрлэж журамд энэ үйл ажиллагааг явуулах аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, жолоочийн эрх үүрэг зэргийг нарийвчлан зааж, ачиж байгаа техникийн шаардлагыг ч гэсэн тусгаж өгсөн байна. Түүнчлэн одоо ачиж журамлах үйл ажиллагаа эрхэлж байгаа 14 байгууллагын эрхийг цуцалж, ахин сонгон шалгаруулалт явуулах юм байна.

 мминфо.мн

URL:

Нэр: зочин Огноо: 6 April 2015

Нэг байгууллага руу ажлаар орох гээд зогсоол дээр нь зай байхгүй болохоор хажуу байгууллагын ойролцоо машинаа тавиад ачуулбал эхний байгууллага нь хэлмэгдэх болох нь, янз нь. Хотын газрыг сонгуулийн мөнгө босгох гэж сүүлийн 20-30 жил зарж, зай завсаргүй болгочихоод одоо албан байгууллага, ААН-ийн санхүү рүү өнгийх нь л дээ. Тэр байгууллагаас биш, газрын наймаагаар хөлжсөн МАН, АН хоёроос мөнгийг нь гаргавал шударга болой.

Сэтгэгдэл бичих