МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДЛАГУУД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА
Орон нутагт амьдрал хүнд асуудал их байна
Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд орон нутагт ажиллах үеэрээ аймгуудын зах, худалдааны төвөөр орж бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Энэ үеэр худалдаа эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар муудаж, ашиг орлого нь эрс буурсныг дуулгасан байна.
Баянхонгор аймагт л гэхэд түм түжигнэж , бум бужигнадаг асан зах, худалдааны төв нь эль хульхан болж, лангуу түрээсэлж, жижиг сажиг худалдаа наймаагаар амьжиргаагаа залгуулдаг олон хүн орлогогүй болжээ. Төгрөгийн ханш үнэгүйдэж, иргэдийн бодит орлого буурсан нь хөдөө орон нутгийн амьдралд ингэж нөлөөлж байна. Уул нь ямааныхаа тоо толгойгоор улсад тэргүүлдэг Хонгор нутгийнханы хувьд ноолуур гарахаар хүмүүсийн худалдан авалт ихэсдэг хэдий ч энэ жилийн тухайд кг ноолуур ердөө 45 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь улам ч нэрмээс болж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байлаа.
Архангай аймгийн тухайд ч томоохон зах, худалдааны төв нь өмнөхтэй харьцуулахад бас л сэлүүхэн болсон байлаа. Учир шалтгаан нь мөнөөх л хүмүүс бэлэн мөнгөгүй болсон, орлого багассантай холбоотой. Иргэд төмсийг ширхэглэж, ургамлын тосыг граммлаж, гол төлөв дотор махаар гол зогоох болсон талаар ч олон хүн ярьж байсан юм.
“Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих” мөрөөдөл нь талаар болж, эдийн засгийн хямрал амьдралд нь хүндээр тусч байгаад иргэд тун бухимдалтай байна. Зуд турхан, байгалийн гамшиг нүүрлээгүй хэдэн малтайгаа байгаа тулдаа л дөнгөн данган өл залгуулж байгаагаа ярих хүн олон байсан юм. Сонгосон гишүүд нь ч усанд хаясан чулуу шиг алга болж, амьдрал хүндэрсэн энэ үед нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаж байгаад талархсан хүн олон байлаа.
“Малчдын зөвлөгөөн”-д оролцож малчны хотонд зочлов
“Малчин бол мянган мэргэжлийн эзэн” гэсэн мэргэн үг бий. Шавхагддаг биш үрждэг баялаг болсон мал аж ахуйн салбарыг хөгжүүлж буй малчдаа дэмжих бодлогыг тууштай баримтална гэдгээ Монгол Ардын Намын дарга Архангай аймагт болсон малчдын зөвлөгөөнд оролцох үеэрээ илэрхийллээ.
Өнөөдөр манай улсад 300 гаруй мянган малчин байна. Тэдний нөр их хөдөлмөрийн үр дүнд мал сүргийн тоо толгой 50 саяыг давж, энэ хавар 10 гаруй сая төл хүлээн авахаар төлөвлөөд байгаа юм. Архангай аймгийн МАН-ын хороо, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооноос зохион байгуулсан “Малчдад тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН өмнөх УИХ-д олонх байх үедээ “Монгол мал хөтөлбөр”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” гаргасан нь МАА-н салбарт томоохон дэмжлэг болсныг дуулгасан. Мөн малчдад ноосны урамшуулал олгож ирсэн ч эдийн засгийн хямралаас үүдэн энэ оны төсөвт багтаж чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ МАН малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, малчдын хөдөлмөрийг хүнд хөдөлмөрт тооцох чиглэлээр хуулийн төсөл боловсруулсан, энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлуулна гэдгийг ч дуулгалаа.
Малчдын тухайд үлийн цагаан оготно гэж бэлчээрийн дайсантай тэмцэхэд төр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн зургаан настай хүүхэд сургуульд орж байгааг хөдөөд арай өөр байдлаар зохицуулахгүй бол ихээхэн түвэгтэй байгааг ч дуулгаж байлаа. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдад зориулсан орон сууцны бодлого хэрэгжүүлэх тал дээр МАН санаачилгатай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд уст цэгийн тоог нэмэгдүүлэх, өвөлжөө бууцаа засч сэлбэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьж байлаа. Энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах ХХАА-н талаар төрөөс баримтлах бодлого энэ бүхэнд чухал үүрэгтэй юм.
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Архангай аймагт ажиллах үеэрээ Хотонд сумын залуу малчныд зочилсон. Тус сумын тухайд өнгөрөгч онд 240 гаруй мянган толгой мал тоолуулсан. Өвөлдөө хуурай, цасгүй байсан ч хавартаа гурван ч удаа сайхан цас орж, мал жилбэтэй төллөж байна. Мал сайхан өсч байгаа ч мах ноолуурын үнэ буусан, олж буй хэдэн төгрөгийнх худалдан авах чадвар муудсан тухай малчид ярьж байсан. МАН-ын дарга М.Энхболд малчдаа дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх, залуу малчдаа дэмжих тал дээр МАН ч, УИХ дахь намын бүлэг ч ажиллаж, малчдынхаа дуу хоолойг ийнхүү сонсч байна гэдгээ онцлоод буянт мал сүрэг нь улам өсч, буян хишиг нь өнөд дэлгэрч явахыг ерөөлөө.
Монгол Ардын Намын дарга М.Энхболд эрүүл мэнд, боловсролын байгууллагаар оров
Монгол Ардын Намын дарга , Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг болон “Хүмүүн” цогцолборын хоёрдугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр төрөөс эмч, багш нарын нийгмийн асуудлын талаар баримталж буй бодлогыг танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо.
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт түшиглэсэн оношилгооны төв 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бий болсон. Ингэснээр дуран авиа, рентген, нүд шүд, хамар хоолойн гэх мэтчилэн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжтэй болжээ. Архангайчууд оношилгоо хийлгэх гэж хотыг зорих бус аймагтаа иж бүрэн оношилгоо шинжилгээнд хамрагдах боломжтой болсон нь хамгийн давуу тал. Одоо харин дурангийн хагалгааг орон нутагтаа хийдэг болчихвол том дэвшил болно гэдгийг эмч мэргэжилтнүүд МАН-ын даргад танилцууллаа.
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, оношилгоо эмчилгээний төвтэй танилцах үеэрээ МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардуулж өгч, хүн ардаа эмчлэх, эрүүлжүүлэх ажил үйлсэд нь их амжилт хүслээ. Үүний дараа МАН-ын дарга тус аймгийн “Хүмүүн” цогцолборын 2-р сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн багш ажилчидтай уулзсан юм. Энэ үеэр анх 1960 онд ашиглалтад орсон сургуулийн барилгыг шинээр барих хөрөнгийн асуудлыг ирэх оны улсын төсөвт шийдүүлж өгөхийг уламжилж байлаа. Мөн ЗГ хэмнэлт хийх нэрээр орон нутагт ажиллаж буй багш эмч нарын урамшууллын мөнгийг хасчих вий гэсэн болгоомжлол байгааг ч нуусангүй. Тэдний тавьсан энэ мэт асуудлыг УИХ-д хүргэж, ЗГ-ыг шахаж ажиллана гэдгээ ч МАН-ын дарга хэлж, аливаа асуудлыг шийдэхдээ ард түмнийхээ саналыг сонсож шийдэл гаргах байр суурин дээр Ардын нам хатуу зогсох болно гэдгийг санууллаа.
URL: