УИХ-ын дарга З.Энхболд М.Наранбаатарыг уучлахгүй

527-1428030904enhbolnar817_gsУИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд баяр хүргэсний дараагаар тэдэнд хандаж  хэлсэн үгийнхээ төлөө залруулга хийх үедээ:  – “Хурал эхлэхийн өмнө би залруулга хэлье. Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дөнгөж томилогдсон гишүүдэд хандаж хэлсэн үг зарим хүнд  буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай байдал, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан. Тэр нь өчигдөр долоогийн долоон хүн нь солигдож байгаа Үндэсний зөвлөл, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлж байгаа дарга нарт холбоотой юм. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол та бүхнээс уучлал гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд бүү автаарай гэдгийг сануулж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Үүгээр өчигдөр орой МҮОНТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгч байна” гэсэн  билээ.

 

Үүний дараа  тухайн үед МҮОНРТ-ийн захирал байсан  М.Наранбаатар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ : “З.Энхболд УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө   З.Энхболд, Д.Зоригт, Г.Батхүү, Д.Бадамдамдин нар бол “Эвтэй дөрөв”,  Д.Лүндээжанцан Я.Содбаатар, Г.Шийлэгдамба, С.Чинзориг нар “Сэвтэй дөрөв ” гэсэн утгатай  нэвтрүүлэг гаргах хэрэгтэй тухай шаардсан.   Түүнийг нь хүлээж аваагүйн төлөө надад хорссон” хэмээсэн юм. Гэсэн ч удалгүй УИХ-ын даргаас уучлал гуйж байгаагаа албан ёсоор зарласан.

 

Харин УИХ-ын дарга түүний уучлалыг хүлээж аваагүй бололтой, М.Наранбаатарыг “Нэр төр, алдар хүндэд халдсан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ. Уг асуудалд Баянгол дүүргийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал энэ сарын 6-нд болох аж.
Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих