Орон нутагт амьдрал хүнд асуудал их байна

20

Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд орон нутагт ажиллах үеэрээ аймгуудын зах, худалдааны төвөөр орж бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Энэ үеэр худалдаа эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар муудаж, ашиг орлого нь эрс буурсныг дуулгасан байна.

 

Баянхонгор аймагт л гэхэд түм түжигнэж , бум бужигнадаг асан зах, худалдааны төв нь эль хульхан болж, лангуу түрээсэлж, жижиг сажиг худалдаа наймаагаар  амьжиргаагаа залгуулдаг олон хүн орлогогүй болжээ. Төгрөгийн ханш үнэгүйдэж, иргэдийн бодит орлого буурсан нь хөдөө орон нутгийн амьдралд ингэж нөлөөлж байна. Уул нь ямааныхаа тоо толгойгоор улсад тэргүүлдэг Хонгор нутгийнханы хувьд ноолуур гарахаар хүмүүсийн худалдан авалт ихэсдэг хэдий ч энэ жилийн тухайд кг ноолуур ердөө 45 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь улам ч нэрмээс болж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байлаа.

 

Архангай аймгийн тухайд ч томоохон зах, худалдааны төв нь өмнөхтэй харьцуулахад бас л сэлүүхэн болсон байлаа. Учир шалтгаан нь мөнөөх л хүмүүс бэлэн мөнгөгүй болсон, орлого багассантай холбоотой. Иргэд төмсийг ширхэглэж, ургамлын тосыг граммлаж, гол төлөв дотор махаар гол зогоох болсон талаар ч олон хүн ярьж байсан юм.

 

“Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих” мөрөөдөл нь талаар болж, эдийн засгийн хямрал амьдралд нь хүндээр тусч байгаад иргэд тун бухимдалтай байна. Зуд турхан, байгалийн гамшиг нүүрлээгүй хэдэн малтайгаа байгаа тулдаа л дөнгөн данган өл залгуулж байгаагаа ярих хүн олон байсан юм. Сонгосон гишүүд нь ч усанд хаясан чулуу шиг алга болж, амьдрал хүндэрсэн энэ үед нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаж байгаад талархсан хүн олон байлаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих