”Монгол Субару автомашин” компани Хятадын дистрибьютертэй харилцдаг
“Монгол Субару авто машин” компанийн борлуулсан цоо шинэ тэрэг 2 сар хүрэлгүй эвдэрсэн талаар мэдээлж байсан.
Бидний мэдээллийн дараа “Монгол Субару Авто машин” компани хэд хэдэн баримт өгсөн юм. “МОНГОЛ СУБАРУ АВТОМАШИН” компани Япон улсын Субаругийн үйлдвэр болох “Фужицү”-гийн шууд албан ёсны борлуулагч биш юм байна. Компани “Субару”-гийн Хятад дахь дистрибьютер болох “Жунжи Субару” /Тианжин/ компаниас машинуудаа авдаг юм байна.
Энэ оны 3 сарын 16-ны өдөр компаниас худалдаа хийсэн үйлчлүүлэгчийн машинд эвдрэл гарч эхэлсэн байна. Энэ үед машинд өгсөн баталгаат хугацаа дуусаагүй байжээ. Тиймээс худалдан авагч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу компанид хандаж өөрийг нь хохиролгүй болгохыг шаардсан байна. Харин компани шаардлагыг огт хүлээж аваагүй. Харин оронд нь оношлогоонд оруулах санал тавьжээ. Түүгээр ч зогссонгүй хэрэглэгчийн авто машиныг зөвхөн оношлогоонд оруулна гэж гарын үсэг зуруулан байж хүлээж авчихаад эвдрэлийг нь засаад өгчихсөн байгаа юм.
Монгол улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 6.3.7-д баталгаат хугацааны дотор хэрэглэгчийн буруу биш шалтгаанаар тухайн бараа хэрэгцээ хангахгүй, нуугдмал согог гэмтэлтэй нь илэрвэл худалдагч түүнийг солих, эсхүл хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд үнэ төлбөргүй засварлах. Хэрэв ийм боломжгүй болон хэрэглэгч шаардсан бол барааны үнэ хөлсийг бүрнээр, эсхүл зөрүүг буцааж олгох ёстой гээд заачихсан байдаг юм байна. Харин компани өнөөдөр хэрэглэгчийг шаардаад байхад энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байсаар байна.
URL: