Монгол төрийн донжийг сайжруулах цаг болсон
Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж илтгэл тавилаа. Тэрбээр:
-Энэ жилийн эдийн засгийн чуулга уулзалт үр дүнтэй сайн зохион байгуулалтай болж байна. Хэлэлцэж байгаа асуудал оролцогчдын хүрээ ахисан. Олон чухал асуудал ярьж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулалтын орчин, Монгол Улсын зээлжих зэрэглэл, хөрөнгийн зах, мэдээллийн орчин гээд олон чухал асуудал ярьсан. Өнөөдөр Арбитрийн шүүх, маргаан таслах, чөлөөлт худалдааны зах зээлээр дамжуулж бизнесийн орчинг яаж хөгжүүлэх вэ, Улаанбаатарын стратеги, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар хүндрэл тулгамдаж байна вэ гэдгийг хэлэлцэнэ. Олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн хамтраад ярьж байгаа нь цаг үе оллоо.
Бид ардчилсан улс. Өндөр албан тушаалтан гараад үг хэлэхээр үнэн байдаг гэх зүйл байхгүй. Харин олон нийт, ард түмэн ярилцаад сайн зүйлд хүрч, ажил хэрэг болгох нь чухал.
Бид 2010 оноос Эдийн засгийн асуудлаа бид ярилцъя, Монголдоо загвар чиглэл заадаг болъё гэж ярьсан нь ажил хэрэг боллоо. Эдийн засгийн чуулга уулзалт тухайн жилийнхээ эдийн засгийн уур амьсгал,өнгө төрх, байгаа байдлыг тодорхойлж чиг хандлагыг гаргадгаараа чухал. Цаашлаад санхүү, хөрөнгийн зах зээлийнхэн ийм байр суурьтай байна, төрийн хувийн хэвшлийнхэн ийм байр суурьтай байна гэдэг сайн санаачлага Монголд уламжлал болоод тогтлоо.
Монголчуудын олсон ололт, сүйтгэл, хийрхэл тэнцлээ
Бидэнд ойлголцол чухал. Ойлголцоод хамтаръя гэхээр хүлээж авахааргүй болтлоо зарим нь муйхарлахад тулсан байна. “Хүний толгойд солиотой бодол орж болно, түүнийг ард түмний бодол гэж битгий бод. Муу бодол халдвартай байдаг. Тэр нь эргээд үйлдэл болж, улс орны хөгжилд муугаар нөлөөлдөг.” гэдгийг сайд Гомбосүрэн гуай хэлж байсан юм. Эх орноо балласан эх оронч гэж би түүхэнд дуулаагүй. Дандаа л эх орныхоо нэрийг мандуулсан, сайн сайхнаар гаргасан эх оронч байдаг. Эх орноо сүйтгэсэн эх оронч гэж би дуулаагүй.
Үндэсний эрх ашиг гэж тухайн ард түмэн бүгдээрээ нэгдэж чаддаг нийтлэг эрх ашгийг хэлж байгаа юм. Хаана төрсөн, ямар намын хүн байх нь хамаагүй Монголын төлөө, тусгаар тогтнол, хөгжлийн төлөө явсан хүнийг хэлдэг.
Тийм учраас бүтээгчдийг дэмжье. Тэдний төлөө зүтгэдэг хүмүүсийг дэмжье. Монгол хүн бүтээлгэхгүй гэдэг сэтгэл санаа бол Монголын биш холоос явдаг. Монголыг дорой болгох, бүтээж байгаа хүний зүрх сэтгэлийг дардаг үхүүлдэг үйл ажиллагаа бол Монголынх биш. Монголчуудын олсон ололт, сүйтгэл, хийрхэл тэнцлээ.
Одоо харин хасах руугаа явж байна. Эдийн засгийн өсөлт хэдэн хувиар хасагдав. Одоо энэ байдлаа зогсоох цаг болсон. Хөгжил, цаг явж байгаа бол одоо хуримтлал бий болж байгаа. Аж ахуйн нэгж, гэр бүл, иргэд хуримтлалтай болох ёстой. Ингэвэл сайн бодлого, сайн эдийн засаг юм.
Бизнес нь гэр бүлийн, улс төр нь намуудын, намууд нь фракцийн өмч шиг байна
Энэ цаг хугацаанд бидний ярих олон зүйл байгаа. Манай Засгийн газар хэдэн зүйл хийгээсэй гэж бодож байсан. Таван зүйл хэлье.
1. Биржийн үйл ажилагаагаа идэвхжүүлж, иргэдийн, олон нийтийн юм болоосой. Бизнес нь гэр бүл, улстөр нь намуудын, намууд нь фракцийн өмч шиг байх юм. Ингэхийн тулд хөрөнгийн зах зээлийг дэлхийн түвшинд гаргая.10 гэр бүлийн биш 10 000 хүний хамтарч бүтээсэн зүйл болог л дээ. Ингэвэл монголчууд хамтарч бүтээдэг, бизнесээ өргөжүүлдэг болж байна. Алхам алхмаар сайжирч байгаа ч сажиг дотор нь л байна. Хөрөнгийн бирж дээр гаргаж байгаа зүйл дотор л байна. Энэ ажлыг хэрэгжүүлээсэй.
2. Бид далайд гарцгүй. Агаарын тээврийн асуудлыг бид нэг тийш нь шийдье. Монголд хэрэгтэй гээд байлгаад байх юм. 10 хэдэн жилийн өмнө л байсан, яг тэр хэвээрээ. Бид энэ жил Берлиний алдартай үзэсгэлэнд оролцлоо. 180 орны аж ахуйн нэгжүүд тэнд цугларсан. Германы аялал жуулчлалын сайд “3 сая германчууд Монголд очно гэж бүртгүүллээ. Түүнээс 150 мянга нь энэ жил Монголд очно гэлээ” гэж хэлсэн. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг. Монголчууд бусадтай хамтарч явж байхдаа боссон ард түмэн. Өчигдөр Э.Бат-үүл уучлал гуйж байна гэсэн. Уучлал бол сул доройнх соёлтойн шинж.
3.Монголчууд нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Үүнийг эргэлтэд оруулж болдоггүй юм уу. Сонгууль бүрийн өмнө нам, улстөрчдийн ярьдаг зүйл бөайх юм уу. Улаанбаатар дуудлага худалдаагаар газраа эргэлтэд оруулж байгаа нь маш зөв.
Монгол Улсын иргэнд л газрыг өмчлүүлнэ. Эхлээд Монгол Улсын иргэндээ газраа өгье. Дараа нь гадаадын иргэдэд тусгай хуулиар үйлчилнэ. Төв сууринд байгаа газрыг заавал тодорхой хэмжээ заагаад хэрэггүй. Газраа өөрийн болгосон байхад дээр нь хаясан гадас хүртэл өөрийн болно. Энэ асуудлыг 2015 онд шийдье. Боломж байгаа. Энэ бол маш том боломж.
4. Худалдан авалтын асуудал байна. Үйлдвэрлэл хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдан авалтаа зарлаач ээ. Үндэсний аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгч дотроо энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид уулзаад ярилцаад явж байхад ахиц дэвшил гарч байгаа юм. Өмнө нь тусдаа бие даасан яам байгаагүй. Шинэ Засгийн газар байгуулагдахад “Ч.Сайханбилэг ээ чиний Засгийн газар дотор Аж үйлдвэрийн яам байгуулагдаад бодитой зүйл хийх ёстой. Гэхдээ тэр нь үйлдвэрлэгчдэд чөдөр битгий болоосой” гэж хэлж байсан. Зарим нэг төрийн байгууллага байгуулахаар байгаагүйгээсээ дор болгодог талтай. Энэ УИХ аж үйлдвэрийн талаар тодорхой бодлого гаргах байх гэж итгэж байна. Хуульд нийцүүлж гаргасан зарлиг хууль мэт мөрдөгдөнө.
Хэрэгтэй зүйлд би дуудаагүй байхад очно
Эдийн засгийн хямрал өвчин биш учир илааршина. Бид ээлжит сорилттой тулгарч байна. Монголчууд ч бид дэлхий нийтээрээ энэ сорилттой тулгараад байна. Бид асуудлаа ил хэлэлцэж байгаагаараа онцлог. Шинэ технологи дээр суурилсан бизнесийг дэмжсэн байдаг. Харин өмнө нь байсан бизнесийг нөхцөл тавиад дэмжсэн байдаг. Тийм учраас эхэлж үүсэж байгаа бизнесээ дэмжээрэй. Монголчуудын зарим нь баялаг нь байгаа юм чинь өөрсдөө ороод ирнэ гэж боддог эндүүрэл. Түлхэх тусам ирнэ, зодох тусам хайрлана гэж боддог бол буруу. УИХ-ын дарга Германд айлчлаад ирэхдээ устөрөгчөөр явдаг машин барьж үзлээ гэж ярьж байна. Хичнээн баялагтай байлаа ч хэрэггүй болох үе бий болно. Гэртээ сууж байгаа хүүхэд номын хавчуурга хийгээд номын худалдаан дээр зараад орлого олсон байна. Монголын айл бүхэн үйлдвэрлэгч болох ёстой гэж Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн 1993 онд хэлж байлаа. Тэр үед итгэхгүй байсан ч өнөөдөр биеллээ олж байна. Тэрбум ам.долларын бүтээгдэхүүн хийхийн тулд тэрбум хүнтэй уулзах цаг байлаа. Харин одоо гэртээ сууж байгаа 300 мянган ам.долларын ашиг олох боломж байна. Хамгийн гол нь тэр санаагаар Оюуны өмчийн газар бүртгүүлэх ёстой. Энэ газрын гадаа дугаарлаж байх хэрэгтэй.
Монгол ингэний сүүгээр чихрийн шижинг маш амархан эмчилж болж байна. Дэлхий дээр гурван хүний нэг нь тэр өвчний шинж тэмдэгтэй байгаа. Тэмээ гэдэг амьтан ус бага уудаг, шорвог зүйл идэж байдаг ч сүүнийх нь найрлаганд нууц байдаг юм байна. Ийм бизнесийг дэмж. Адууны яснаас ясжилтыг эмчилдэг бэлдмэл гаргаж авсан байна.
Чингис бондноос үлдсэн 700 тэрбум төгрөгөөрөө дээрх ажлуудыг хийх хэрэгтэй. Төр үүнийг хийх хэрэггүй. Фэйж хийхэд л болно.
Зарим хүн энд тэнд ирээч гээд намайг дууддаг сурагтай юм билээ. Хэрэгтэй юманд дуудаж байгаа хүнийг би шаардаагүй байхад хамгийн түрүүнд очно. Хэрэгтэй зүйл дээр санаачлага дээр би дуудаагүй байхад очно. Дэмжээрэй гэж уриална. Энэ бол бизнесийн хүндрэлээс гарах хамгийн сайн зүйл.
Эрх чөлөөнд хүнийг жаргаах зорилго тавьдаггүй. Энэ эрх чөлөө гэдэг чинь намайг өөрөө өөрийнхөө амьдралыг аваад яв гэж өгсөн гэдгийг Б.Лхагвасүрэн гуай хэлж байна лээ.
Түүнээс бус хоол идэхгүй гээд хэвт гэсэн юм биш. Хүмүүс үүнд уурлаж, шууд сувгаа больж байна лээ. Харин бизнес шинэ санааачлагыг дэмжиж байна.
Төр хариуцлагагүй байна гээд баахан ярьдаг юм. Хэн над дээр Хариуцлагын тухай хуулийн төсөл өргөн барьсан юм. Асуудал улстөрчдөд байна. Би Хариуцлагын тухай хуулийг өргөн барьсан. Хариуцлагыг сэргээх хэрэгтэй. Улстөрийн, ёсзүйн хариуцлага гэж юу байдаг юм. Ёсзүй алдаж байгаа хүнд гарах хаалгыг нь зааж өгье. Нэг бол сонгогддог нэг бол шоронд ордог боллоо. Хариуцлагын талаар хуулийн төсөл өргөн барьсан. Хаврын чуулганаар хэлэлцэх байх.
Олон нийтийн сонсголын тухай хуулийг ард иргэдэд нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Би үүнийг мөн санаачлан өргөн барьсан байгаа. Ажлыг нь эхлээд аваадах. Ирэх баасан гаригт УИХ дээр тайлангаа тавья гэсэн. Олон жил бичгээр явуулсан. Одоо ярья гэж хэлсэн. Хашгирдаг нь олон байдаг болохоос шийдэл бариад ирдэг нь цөөхөн. Эхлээд хүн буруу юм хараад бухимддаг, дараах нь шийддэг, түүний дараах нь шийдэл бариад хойноос нь явдаг. Ганцаараа тодорсноор явахгүй гэдгийг Монголын сонгож авсан зам харуулж байна.
Ирээдүйн өв сангийн хуулийг оруулсан байгаа. Үүнийг мөн УИХ шийдэх байх. Улс төрийн намтай холбоотой асуудлыг мөн шийдэх хэрэгтэй. Энэ санаачлагыг би өөр дээрээ татаж авч байна. 25 жил явсан бүх зүйлээ харахад сайн харилцаатай, зохицуулсан хууль гаргаж болох юм билээ. УИХ-ын сонгууль болоод шинэ намын хууль гэвэл өөр тийшээ яваад өгнө. Одоо л бидэнд боломж байна. Төрийн алба тойрсон маш олон асуудал байна. Захиргааны шүүх байгуулчихаад захиргааны шүүхийн хуулийг гаргаж өгөөгүй. Үүнийг л шийдэх хэрэгтэй. Хөгжлийн зорилт, хяналт гээд л хэдэн хүн худлаа зүйл бичээд л байх юм. Үүнийг манай бизнесийнхэн л бичээд оруулах хэрэгтэй. Бидэнд бүгдийн хүлээж авч болохоор зорилт гаргаж авах хэрэгтэй. Хөгжлийн зорилттой удирдлага руу бид орох цаг болсон. Монгол ажилчин нэг өдөр дунджаар 5 ам.доллар бүтээж байна. Гэтэл өндөр бүтээмжтэй нэг ажилтан дэлхий дээр 60 ам.долларын бүтээмжтэй байна. Монголын төрийн бодлогын үйл ажиллагааны бодлого нь өндөр түвшинд байгаа бүтээмжээс 35 дугаарт байна. Тийм л учраас дээрх зүйлүүдийг хийх хэрэгтэй.
2014 онд шинэ бизнесүүүд бий боллоо. 85 хувь нь технологийн салбарт бий болжээ. Энэ бол Монголын ирээдүй. Сайн чанарын сүү найруулж, живх худалдаж байгаа ээжүүд л бизнесээ цэцэглүүлэх хэрэгтэй. Энэ бол сайн мэдээ. Монгол ирээдүйтэй, хөгжих боломжтой, залуустай орон гэдгээ харуулж байна.
Японтой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүгээр бид хамтарч ажиллаад бүтээгдэхүүнээ дэлхий дахинд гаргах боллоо. Энэ гурав нэг орон руу гурвуулаа яваа гэж шүүмжлээд байна. Ажил хийх, бүтээх зүйл байгаа учраас явсан юм. Маш олон зүйл гарч ирнэ.
Сайн мэдээ ч байна. Багануурын, Бөөрөлжүүлтийн, Эгийн голын цахилгаан станц баригдахаар болж байна. Зам, дэд бүтцийн асуудал ч байна. 21 аймгийг засмал замаар холбоё, зүтгэе гэж 10-аад жилийн өмнө ярьж байсан. Одоо 6 аймгийг л замтай холбох үлдлээ. хамгийн гол нь замын арчилгааг л мартаж болохгүй.
Эрдэнэт-Овоот, Хөшигтийн хөндий төмөр замыг барихаар боллоо. Агаарын тээврийн хувьд бид түшиц газар байх хэрэгтэй. Монголын дээгүүр нисдэг онгоц 2015 онд 3 дахин нэмэгдэж байна. Харин одоо тэр онгоц Монголд буудаг болох хэрэгтэй. Энэ тухай би нүүх үү үлдэх үү гээд 12 жилийн өмнө ярьж байсан. Ажил хэрэг болж байна. Сайн мэдээ байна.
Утаанаас бид хийгээр дамжиж гарна. Хог боловсруулах үйлдвэр гээд Э.Бат-Үүл дарга ярих байх. 93 сургууль энэ жил баригдана. Үүнийг Монголын бизнесүүд хийнэ.
Оюутолгой гацаанаас гарч, Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж, төсөл нь эхлэх болоод байна. Үүнийг би монголын төлөө хэлж байна. Монголд бизнесийг хөдөлгөөд өгөөч гэж зах дээр зогсож байгаа хүнээс эхлээд ажлаасаа халагдсан хүмүүс хэлж байна.
Харин бид хаях юмаа хаях хэрэгтэй. Сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй гээд хаясан. Хэрэгжиж байна. 76 гишүүнийг жалга дов болгоноос сонгосон нь буруу гээд хаясан. Мунхаглал, буруу байдлаа зогсоох хэрэгтэй.
Монголын төрх донжийг сайжруулах цаг болсон. Бид зохион байгуулалт, найрсаг байдал, бүтээлч чанараараа ялгарах хэрэгтэй. Ингэж байж л монгол хөгжинө. Хагарал, хуваагдал гэдэг бол хоосон хийрхэж байгаа хүмүүсийн хүчилтөрөгч. Үүнд автаж болохгүй. Автахгүйн төлөө бид өнөөдөр эдийн засгийн чуулган хийгээд итгэлцэл яриад сууж байгаа. Ингэж чадвал Монгол Улс хөгжинө. Хамтраад явахад бидний явах зүйл болох байх.
1990 оноос хойш бид маш олон зүйл үзсэн. Ер нь гарах гарцгүй боллоо, хальтирлаа гэж байхад л нийтээрэ шийдээд гарсан юм.
Цуглаж суугаад ярилцъя. Эдийн засаг хямралаа гээд өвчин туссан биш бид гарч чадна. Энд ярьж байгаа сайн зүйлээ товхимол болгоод гарга. Аймаг сум, хотынхонд бүгдэд нь хүргэ. Нийт Монголын өмч болго.
Амжилт хүсье гэлээ.
Эдийн засгийн чуулган үргэлжилж байна.
Н.Энх
Эдийн засгийг “Алсын хараа”-тай хэлэлцэнэ
“Монголын эдийн засгийн чуулган-2015” өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээх юм. Дараагаар нь “Алсын хараа” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. “Итгэлцэл” уриатайгаар өрнөж байгаа чуулганы хуралдаанаар эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, том төслүүдээ урагшлуулах, хөрөнгө оруулалтыг татах зэрэг сэдвийг хэлэлцэж байна.
Чуулганы салбар хуралдаанууд “Өрсөлдөх чадвар, орон нутгийн хөгжил”, “Тэтгэвэр болон эрүүл мэндийн салбарын менежмент”, “Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь” зэрэг сэдвээр өрнөнө. Чуулганы төлөөлөгчид уул уурхай, аялал жуулчлал, худалдаа, аж үйлдвэрийн салбарын өнөө ба хэтийн төлвийг хэлэлцэхийн дээр эдийн засгийн чуулганы үдээс хойш үргэлжлэх хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож “Улаанбаатар-2030” илтгэл тавина.
УИХ-ын дарга З.Энхболд үг хэлснээр эдийн засгийн чуулган хаалтаа хийнэ.
Мэтгэлцээнээс итгэлцэлд
Хоёр өдөр үргэлжлэх эдийн засгийн 6 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлыг хэлэлцлээ. 1500 орчим оролцогчтой “Эдийн засгийн форум-2015”-д гадаадын хөрөнгө оруулагчид ховорхон харагдсан. Учир нь чуулга уулзалтаар дотооддоо суурь асуудлаа шийдэж, төр, бизнесийнхний хооронд харилцан итгэлцэл бий болгох, цаашлаад хөрөнгө оруулагчид нэг талын бус нийтийн итгэлцэл дээр асуудлаа шийдэж байж үр дүнд хүрнэ гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон. Үүнийг өнгөрсөн хугацаанд “Рио Тинто” компанитай хамтарсан ажлын үр дүн, аль аль талынх нь гадаад орчинд цацсан сөрөг мэдээлэл өөрсдөд нь ямар хор уршиг дагуулснаар тайлбарлаж байна лээ.
Харин Оюутолгойн удирдлага Ерөнхий сайдын үгэнд эмзэглэсэн үү, түүнийг илтгэлээ тавьж дуусахад танхимыг орхин гарч одно лээ. Ингээд л итгэлцэл алдагдаад байгаа хэрэг. Монгол Улсын сайд М.Энхсайхан “Баялагтай бол найгүй баян гэх эндүү ташаа ойлголтоосоо салах хэрэгтэйг илтгэлдээ дурдсан юм. Баялагтай байна гэдэг баяжиж хөлжинө гэсэн үг биш. Үүнийг дагасан техник технологи, хөрөнгө хүч байх хэрэгтэйг тэрбээр дурдлаа. Өнгөрсөн жилүүдийн эдийн засаг 2 оронтой тоонд хүрсэн гэнэтийн өсөлт, монголчууд бидний гэнэт баяжилтыг Оюутолгойтой холбох хэрэгтэйг сайд онцолж байлаа.
Эдийн засгийн хүндэрсэнийг төлбөрийн тэнцэлтэй холбон тайлбарлаж байна лээ. Тиймээс ч “Зээлийн хүү буурахгүй явж ирсэн нь Монголбанкны буруу. Захиргааны арга хэрэглэе. Бүүр ломбардны хүүг ч бууруулъя” гэж эдийн засагч Н.Дашзэвэг хэлсэн.
Харин хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл гадаадын банкийг оруулж ир гэж форумд хэд хэдэн оролцогч санал гаргасан юм. Үүнийг хуралдаанд оролцогчид алга ташин хүлээж авсан бол банкуудын холбооны удирдлага уурлаж, “Та нар гадаадын банкуудыг оруулж ирнэ гэж хэлэхэд юунд алга ташдаг юм” хэмээн дургүйцлээ илэрхийлж харагдсан.
Дотоодын бизнес эрхлэгчид төрийн алдаатай бодлогыг шүүмжилж байгаа бол төр засгийн гаргасан шийдвэрийг биелүүлэхэд өрөөсгөл хандах үзэгдэл байгааг нөгөө талаас анхааруулж байсан.
Төрийн зүгээс, тодруулбал СЗХ-ны дарга З.Нарантуяа “Банкнаас бусад зах зээлийн үнэлгээ буурсаар байгаа. Учир нь хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүний худалдан авагч алга” гэдгийг онцолсон. Харин оролцогчид үүний эсрэг “Хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүнийг худалдан авах гэхээр олон шалгуур тавьж, дотоодын бизнесийнхэндээ итгэдэггүй. Гадаадын хөрөнгө оруулагчид бидний худалдан аваагүй бүтээгдэхүүнд итгэдэггүй. Тиймээс хөрөнгийн зах зээлийг эхлээд дотооддоо хөгжүүлэх хэрэгтэй” гэдгийг дурдсан юм. Гэтэл манай томоохон бизнесмэнүүд гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгодог байна. 90 гаруй хувь нь банкны нуруун дээр яваа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай гэж үзэх хэсэг ч байна.
Энэ удаагийн чуулганд гадаадын хөрөнгө оруулагчид шинээр нэмэгдээгүй, манайд ажиллаж байгаа гадныхан л оролцож байгаа юм билээ. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдыг урилаа ч, нүүр бууруулах хандлагатай байсан бололтой. Тиймээс дотооддоо итгэлцлээ нэгтгэхийг зорьж.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 2 тэрбум ам.доллар орж ирвэл манай эдийн засаг дээрдэж, 4 тэрбум ам.доллар татаж байж сая хэвийн байдалд үргэлжилнэ гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан байна.
Цаашлаад төр, бизнесийнхний хоорондын мэтгэлцээн маргаанаар үргэлжлэх хандлагатай байсан хэдий ч оролцогчийн саналаа хэлэх боломж нь цаг хугацаатай учир тэгсхийгээд намжиж байсан. Гэхдээ мэтгэлцэх л гэж ирсэн болохоор санаа бодлоо уралдуулах нь зүйн хэрэг. Харин шүүмжлэлд аль аль тал нь хүлээцтэй хандах хэрэгтэй биз. Түүнээс бус хэн нэгний хэлсэн үгэнд танхим нийтээр алга ташсаны төлөө тухайн салбарын удирдлага ундууцаад байвал итгэлцэлийн холбоо үүсэхэд хүндрэлтэй л болов уу. Тиймээс олгой хагаравч тогоон дотроо гэгчээр төр, хувийн хэвшлийнхэн мэтгэлцээнээс маргаанд бус итгэлцэлд хүрэх хэрэгтэй.
Маргаашийн форумыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэл тавьснаар нээнэ. Дараагаар нь Алсын хараа сэдвээр эдийн засгийн хэлэлцүүлэг үргэлжлэх юм.
Н.Энх
Эдийн засгийн форум салбар хуралдаанаар үргэлжилж байна. Төрийн ордны их танхимд Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцүүлэг явагдаж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төр засгийн шийдэл, бизнес байгууллагын итгэлцэл, түүхий эдийн өсөлтөөр татах гэсэн 3 хувилбар байгаа аж. Төр, засгийн шийдлээр 2 тэрбум ам.доллар татвал эдийн засаг дээрдэнэ, 4 тэрбум ам.доллар татаж чадвал эдийн засаг хэвийн хэмжээнд очно гэсэн тооцоо гарсан байна.
Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар: Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, үндсэн шалтгааныг дуръя. Монгол Улс 24 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 2010 он хүртэл татсан. Харин 2010 онд 5 тэрбум ам.долларыг огцом татсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компани шинээр байгуулагдаж байсан хэдий ч судалгаагаар зорилго нь өөрчлөгдсөн үзүүлэлт байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь асуудал биш үзүүлэлт. Цаана нь ямар өвчин байгааг судлах хэрэгтэй.
Уул уурхайг дагаад орж ирсэн хөрөнгө оруулалт зогссон. Манайхан зөвхөн Оюутолгойг л ярьдаг. Үүнд биднаас хамаарах хууль эрхзүйн орчин нөлөөлсөн. Урт нэртэй болон бусад хууль тогтоол. Нөгөөтэйгүүр сөрөг мэдээлэл их явдаг.
Хуультай холбоотой зохион байгуулалт хийсэн боловч асуудал дагуулдаг хэмээн илтгэлдээ онцлов.
Форум үргэлжилж байна.
Н.Энх
Арилжааны, малын, нийгмийн гээд даатгалууд байдаг. 140 орчим тэрбум төгрөг арилжааны даатгалд байдаг байна. Санхүүгийн салбарт байгаа даатгалын тогтолцоог хэрхэх талаар шийдэх хэрэгтэйг эдийн засгийн чуулганд оролцогчид хэлж байлаа. Банк эрдслийг сайн тархаадаг аж. Байгууллага, институци сайн бүрдэж байж санхүүгийн зах зээл хөгжинө гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.
Эдийн засагч н.Дашзэвэг: Зээлийн хүү буурахгүй байгаа нь Монгол банкны буруу
-Хөрөнгийн биржийг хөгжихөд арилжааны банкууд дургүй байгаа. Хөрөнгийн зах зээл инфляци буурснаар хөгжинө. Зээлийн хүү буурахгүй явж ирсэн нь Монгол банкны буруу. Захиргааны арга хэрэглэе. Ломбардны хүүг ч бууруулъя.
Оролцогч н.Мөнхбаяр: -Хүмүүс хар нүх рүү мөнгөө шидэж байна гэнэ. Гадаадын арилжааны бирж дээрээс хүмүүс мөнгө босгож байгаа. Бүтээгдэхүүн Хөрөнгийн бирж дээр байгаа. Харин худалдан авъя гэхээр итгэлцэл байхгүй байна. Хөрөнгийн зах зээлийг босгоё гэж байгаа бол гадаадын банкуудыг оруулж ирэх хэрэгтэй.
Оролцогч н.Гэрэл: Хамгийн ашигтай ажилласан нь банк
-Бизнес эрхлэгчид 2014 оныг хамгийн хүндрэлтэй давсан. Өнгөрсөн онд хамгийн ашигтай ажилласан нь банкны салбар. Би үндэсний үйлдвэрлэл дэмждэг ч гаднын брэндийн бараа оруулж ирэхээр баяртай байдаг. Учир нь бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг. Гаднын банкийг яагаад оруулж ирж болдогүй юм бэ?
Эдийн засгийн форум үргэлжилж байна.
Санхүүгийн салбар дахь сул тал
Эдийн засгийн форумын үдээс хойшхи хуралдаан салбар хуралдаанаар үргэлжилж байна. Төрийн ордны Б танхимд Санхүүгийн салбарын тэнцвэртэй хөгжил ба эдийн засгийн тогтвортой өсөлт сэдвээр хуралдаж байна.
Хуралдаанд СЗХ-ны дарга З.Нарантуяа: -Санхүүгийн салбарыг ганц тогтолцоотой гэж ярьдаг. Активаараа банкны салбар 96 хувийг эзэлдэг. Энэ зах зээл дээр бичил санхүү, даатгал, үнэт цаасны харилцагчдын тоо 2.5 сая хүрдэг. Эдийн засгийн өсөлтийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг банк, ББСБ, Засгийн газрын босгосон бондоос авдаг. ЖДҮ-т бондын санхүүжилт орсон байдаг. Энэ нь бидний сул тал. Уул уурхай, хөдөө аж ахуйд урт хугацааны санхүүжилт хийх боломжоо бид алдаад байна. Эдийн засаг өссөн ч хүртээмж бага байгаа нь бидний сул тал. Компаниудын засаглалыг бэхжүүлж, улстөрөөс ангид байх боломжоо бид алдаад байна. Эрсдэл нь бүхэлдээ нэг салбарт тулгардаг. Эрсдлийг тараан байршуулах боломж байхгүй. Валютын орох урсгал зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарч байна. Банкны салбар өрсөлдөх чадваргүйгээс хүү бууруулах, урт хугацааны зээл авах боломжоо алдаж байна.
Урт хугацааны бодит санхүүжилтийг олгодгоороо хөрөнгийн зах зээл давуу талтай. Эдийн засаг 2008 оноос өсөхөд зах зээлийн үнэлгээний хэмжээ ч мөн өсч байсан. Эдийн засгийн өсөлт хөрөнгийн зах зээлд шууд хамааралтай. Тиймээс хөрөнгийн зах зээлээ хэрхэн хөгжүүлэх вэ?
Банкнаас бусад үнэт цаасны зах зээлийн үнэлгээ буурсаар байна. Эдийн засгийн өсөлт саарахаар хувьцааны үнэ буурдаг.
Даатгалын хэмжээ мөн буурч байна. Үүнд даатгалын компаниудын чадвар нөлөөлж байна. Том хэмжээний хөрөнгийг даатгах санхүүгийн чадваргүй байдаг. Тиймээс томоохон төсөл хэрэгжүүлэгчид гадаадад даатгуулан, давхар даатгалаар даатгадаг.
СЗХ-ны харьяанд олгодог зөвшөөрлийн тоо маш их байдаг. Тусгай зөвшөөрлийн олон шатлалыг багасгах талаар тодорхой ажил хийж байгаа.
Дэд бүтцээ хөгжүүлснээр хөрөнгийн зах дагаад хөгждөг. Манайд Хөрөнгийн биржээрээ зах зээлийн арилжааг төсөөлдөг. Бусад Азийн оронд үнэт цаас, хувьцаа зэргээр ангилалтай явагддаг юм хэмээлээ.
Салбар хуралдаанд оролцогчид холбогдох асуудлаар саналаа солилцож, харилцан хэлэлцсэн байна.
М.Энхсайхан: Уул уурхайгаар дэмжиж МАА хөгжинө
Эдийн засгийн форумын “ажил хэрэгч үдийн цай”-гаар үргэлжилж байна. Монгол Улсын сайд М.Энхсайхан илтгэл тавьж байна.
Өнгөрсөн хоёр жилд эдийн засгийн өсөлт 2 оронтой тоонд хүрсэнийг Оюутолгойтой холбон хэлмээр байна. Манайд “Эрдэнэт”, Оюутолгой” гэсэн хоёр супер цикл мөчлөг байсан. Гэхдээ татвараар нь энэ хоёрыг харьцуулж болохгүй.
Эрдэнэт 1973 онд баригдаж эхэлсэн. Алдагдал зөрүүг нь тухайн үед ахан дүүсийн зарчмаар шийдсэн. Оюутолгой төсөл бизнесийн хүрээнд хийгдсэн. Энэ хоёр төсөл цаашдаа ч эдийн засагт томоохон байр суурь эзэлсээр байх болно. Том төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд том том мөнгө ярьдаг. Үүнийг нь байгалийн баялаг бүхий орны иргэд сонсоод “бид ч найгүй баян юм байна” гэх ташаа ойлголттой болдог.
“Найгүй баян” гэх бодох нь эндүүрэл. “Оюутолгой”, “Чалко”-гоос орсон мөнгө ард түмэнд зарцуулагдсан. Гэвч ард түмэн үүнийг бусдын халааснаас хайж байгаа. Энэ бол бодлого буруу явсных.
Уламжлалт мал аж ахуй цаашид байх нь ойлгомжтой. Зуд, ган болно. Уламжлалт аж ахуйгаа хөгжүүлье гэвэл уур уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Орчин цагийн хөдөө аж ахуй уул уурхайгаар дамжиж хөгжилд хүрнэ.
Байгалийн баялгаас орох орлого хамгийн тогтворгүй орлого. Тогтворгүй орлогыг яаж тогтвортой хөгжилд ашиглах вэ. Сүүлийн үед баялгийн сан байгуулах болж байна.
Бид үнээр биш хэмжээгээрээ өрсөлдөх шаардлагатай болж байна. Нүүрсний үнэ буурсан үед олборлолт, тээвэрлэлтээ анхаарах хэрэгтэй гэдгийг илтгэлдээ онцлов.
Чуулган үргэлжилж байна.
“Сөрөг мэдээллийг тавихгүй байх нь Монголд хэрэгтэй”
Эдийн засгийн форум салбар хуралдаанаар үргэлжилж байна. Мэдээллийн ёс зүйн хуралдаанаар хэвлэл мэдээлэлийн өнөөгийн орчин, сэтгүүлчийн хариуцлагын талаар хэлэлцэж байгаа юм. Тус салбар хуралдааныг МСХ-ны дэд Ерөнхийлөгч П.Баярмагнай хөтлөн явуулж байна. Уул уурхай, эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтай сөрөг мэдээлэл их явж байгааг оролцогчид хэлж байсан.
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан ГХ-ны дэд сайд Н.Оюундарь: Улстөрчид сэтгүүлчдээс зайгаа авдаг. Аливаа мэдээллийг олж авахын тулд сэтгүүлчид эрэлд морддог. Төрийн байгууллагууд зарим мэдээллээ нээлттэй өгч чаддаггүй. Тиймээс мэдээллийн эх сурвалж нь улстөрчид болдог. Урьд нь сөрөг талын мэдээлэл их байсан. Аливаа сэтгүүлч мэдээллийг олон эх сурвалжаас авах хэрэгтэй. Тиймээс мэдээллийг олон эх сурвалжаас авч байх хэрэгтэй. Гадаад улс орон болон гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг мэдээлэл хэр тусах вэ? Сөрөг мэдээллийг тавихгүй байх нь Монгол Улсдаа ч гэсэн хэрэгтэй юм.
Оролцогчид сэтгүүлзүй хөгжсөн энэ үед мэдээллийг нэг талаас нь аваад шуурхай мэдээлэх гэдэг. Энэ нь тухайн редакциас нь тавигдах шаардлага ч байж болох юм гэдгийг оролцогчид хэлж байлаа. Нөгөөтэйгүүр хүн хүч дутмаг байх хандлагатай. Манай яам гадаад руу чиглэх мэдээллээ нэг цонхоор цацаж байхаар болсон гэсэн юм.
Максима Консалтинг компанийн захирал Я.Хишигсүрэн: -Хэвлэл мэдээллийн эх сурвалж болж байгаа төрийн, хувийн байгууллагууд мэдээллээ удирддаг байх ёстой. Мэдээллээ бүрэн дүүрэн, эргэлзээ төрүүлэхээргүй өгөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр сэтгүүлч нэг чиглэлд мэргэших шаардлагатай гэсэн санал хэлж байв.
Ерөнхий сайд эдийн засгийн форумын нээлтэд хэлсэн үгэндээ “Рио тинто” компани Монголын талаар цуврал сөрөг мэдээлэл явуулсан нь хөрөнгө оруулагчдыг үргээхэд мөн нөлөөлсөн гэдгийг онцолсон.
Ерөнхий сайдын хэлсэнтэй холбогдуулан Монголиан Майнинг журналын эрхлэгч Л.Болормаа: “Рио тинто” 2013 онд Монголын талаар гадаад орчинд сөрөг мэдээлэл цацсан. Бид ч мөн тус компанийн талаар сөрөг мэдээлэл гаргасан. Харин эндээс 2улаа хохирсон, хожсон зүйл байхгүй. Гадаад зах зээлд хоёр биенийхээ талаар санаатай санаагүй сөрөг мэдээлэл цацсан. Үүнийг Ерөнхий сайд сануулж хэлсэн болов уу” гэдгийг онцолж байлаа. Ер нь гадаад орчинд Монголын талаар цацагддаг мэдээлэл буураагүй байна.
Салбар хуралдаан үргэлжилж байна.
Салбар хуралдаанууд үргэлжилнэ
“Эдийн засгийн форум-2015” үргэлжилж байна. Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрхэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө. Яагаад төрийн өмчит компанийн өрийг Засгийн газрын өрд багтаасангүй вэ гэсэн асуулт гарч байлаа.
Үүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -Засгийн газар хариуцах өрөө Засгийн газар хариуцаж явъя. Төрийн өмчит компани дүрмийн сангаараа өрөө төлөөд явах хэрэгтэй гэсэн юм.
Мөн гадаадын банкуудыг Монголд орж ирэхийг яагаад эсэргүүцээд тухай асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: -Гадаадын банк манайд одоогоор хүсэлт тавиагүй байна хэмээсэн юм.
Ийнхүү эдийн засгийн форумын түр завсарлалаа.
Одоо салбар хуралдаан уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг нийгмийн хөгжил, Мэдээллийн ёс зүй, Институцийн засаглал ба хамтын ажиллагаа сэдвээр үргэлжлэх юм.
Илтгэгчид юуг онцлов
Монголын Эдийн засгийн форум-2015 үргэлжилж байна. Форумаар макро эдийн засгийн өнөөгийн байдлыг хэлэлцэв. Гэхдээ макро эдийн засгийн өсөлтийг валютын ханштай холбох хэсэг байлаа. Ханш 1.6 жилийн дотор 60 хувь өслөө. Оролцогчид эдийн засгийн өнөөгийн байдлын талаар холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авч байлаа. Форумыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж, нийтлэлч Баабар болон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар илтгэл тавилаа. Тэдний илтгэлээс ШУУД онцолж байна.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:
-Монгол Улсын Засгийн газрын өрийг хэрхэн төлж барагдуулах талаар урьдчилсан байдлаар төлөвлөж байна. Бондын өрийг нөөц бүрдүүлж төлнө гэж байхгүй. Хуримтлал үүсгэж байгаагүй. Ирээдүйд төлбөр гүйцэтгэхдээ дахин санхүүжүүлэх болов уу.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Инфляци 8 хувь руу орох байх
Инфляци өнгөрсөн жил 8 хувь гэж зориод 11 хувиар дуусч байсан бол энэ жил 7 хувь гэж зориод одоогоор 9 хувьтай байна. Цаашдаа Монголбанкны зорьж байгаа 7 хувь руу нэлээн дөхөж 8 руу орох байх.
Монголбанкинд алтны тушаалт 2013 оны төгсгөлд 4 тонн байсан бол 2014 онд 13 тонн болж өссөн. 2015 оны төсөөлөл бол 18-20 тонн буюу 700-800 саяар валютын урсгалыг нэмэгдүүлнэ. Дээрээс нь уул уурхай дээр гарсан том өөрчлөлт болох лицензүүдийг дахин сэргээж өгч байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх болов уу гэж бодож байна. Олон жил дуншсан биднийг талцуулсан Оюутолгой, Тавантолгойн асуудал нэг тийшээ болох болов уу гэсэн хүлээлт байна.
Валютын нөөцын талаар мэдээллийг тогтмол өгч байгаа. 1.3 тэрбум ам.долларын нөөц байна. Импортын 2.8 сарыг л хангах нөөцтэй байгаа юм. Хятадтай байгуулсан своп хэлэлцээ буцааж өгөх заалттай. Уул уурхайн супер цикль байхгүй үед эдийн засгаа зөөлөн газаруулах хэрэгтэй байсан. Долларын ханш огцом өсөөд байдаг зүйл биш. Дотоодын эдийн засгийг дэмжсэн байх ёстой. Ам.долларт 40 хувийн хөдөлгөөн гарсан. Ам.долларын ханш дээр онцгой өөрчлөлт гарахгүй Энэ оны ханш 7 хувь дээр ирнэ гэж төсөөлж байгаа. ОУВС энэ онд 8 хувьтай байна гэж төсөөлсөн. Мөн тэдний төсөөлж байснаас 200 сая ам.доллараар хумигдсан гэж байсан хэмээн байр сууриа хэлсэн юм.
Нийтлэлч Б.Батбаяр: Бид төрөө самарч тоглодог
Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерөөс хүний түүхэнд ховор тохиолдол.
2009-2012 онд ГХО даруй тав дахин нэмэгдсэн байна.
Гэнэт буй болсон энэ их баялаг, энэ их бололцоог бид сайхан найр хийгээд шавхсан. Баяжих ч амархан юм, цаашдаа ингээд л нэг их хийж бүтээсэн юмгүй байхад л хөрөнгө урсаад, гадаадынхан юмаа барьж ирээд байх аятай боджээ. Бодоод зогссонгүй, бодож олсон юмандаа өөрөө үнэмшиж гадаадынхныг дарамтлаад, хөөгөөд байвал улам улам их юм тэвэрч ирэх юм байна гэж үзэх болов.
Одоо Монголбанкны албан нөөц 60 хувиар, өөрийн нөөц 150 хувиар буулаа.
Гадаад цэвэр актив зургаан их наяд төгрөгөөр буурлаа. Төгрөгийн ханш жилийн дотор гуравны нэгээр унасан учир иргэдийн төгрөгт найдах итгэл үгүй болж зах зээлд долларын хэрэгцээ урьд жилтэйгээ харьцуулахад 135 хувь өсчээ.
2017 онд урьд тавьсан өрүүдийн төлбөрийн эргэж төлөх хугацаа дээд цэгтээ хүрэх оргил үе юм.
2015 онтой харьцуулахад 2017 онд өр төлөх хэмжээ даруй зургаа дахин их байх юм.
90 мянга гаруй компани бүртгэлтэй ч хагас нь татвар төлдөг, үлдсэн нь өөрийгөө аргалчихдаг гэсэн үг байх. Татвар төлдөг хагасын арван хувь нь нийт татварын 90 хувийг төлдөг, улс орноо тэжээж яваа тэд бараг толгой дараалан эргээд өөрийгөө даахгүй өрөнд баригдчихаад байгаа гээд бод доо.
10-25 тэрбум төгрөг татварт өгч төсөвт 151 тэрбум төгрөг нийлүүлдэг байсан 14 компани жилийн дотор 6 болон хорогджээ. 1-2 тэрбум төгрөг татварт өгдөг 34 компани 11 болон цөөрчээ.
Гэвч яаж ч уруудаад түүхэндээ өлсөж үзээгүй монголын ард түмэн малыхаа буянаар турж үхэхгүй. Гэмтэй тал нь машины толь, кабель, хэрэглээний зэс, траншейний ширмэн таг хавтгайдаа хулгай хийдэг үе рүүгээ орох байх даа.
Даяаршин ижилсэж буй өнөөгийн ертөнцөд бид гаж үйлдэл, увайгүй тэнэглэл, ёс журамгүй ааш, мунхаг араншин, ойлгомжгүй тогтолцоо, цагаандаа гарсан дээрэм, улаандаа гарсан луйвраараа алдаршиж ганцаардал руу явж байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа улам тансаг болж үнэтэй жип хөлөглөх нь энүүхэнд болсон, удахгүй нисдэг тэрэгтэй жагсан жижиг оврын цөмийн зэвсгээр сүрдүүлдэг болох байх.
Юун түрүүн төрийн авилга, сүрдүүлэг, хүнд суртал болон хөгжлийн эсрэг хууль тогтоолоос болж дампуурсан, ажилгүй болсон, хохирсон иргэд болон компаниуд бүртгүүлцгээе. Чухам хэний санаачилсан, хэний дарамталж буй болгосон хууль тогтоомжоос болж яаж хохирсон, үүнээс болж хичнээн хэмжээний мөнгө алдсан, хичнээн боломжоо алдсан зэргээ тооцоцгооё.
ХҮТ-ын шинэ дарга Лхагважав нь шудрага хүн. Түүнийг энэ ажлыг удирдан зохион байгуулж манай нийгмийг бөөс хуурснаас нь салгахад оройлон оролцоно гэдэгт найдаж байна.
Тийм адгийн шаар, хувалзнууд төрдөг савыг цэвэрлэж, үр хөврөл бүрэлдсэн даруйд нь аборт хийхгүй бол үүдээр гарсан нь тооноор, тооноор буцаасан нь тотгоор орж ирээд дахин дахин төрнө.
Бид XXI зуундаа зангиатай хоньчин, жийнстэй үхэрчин, баантигтай ямаачин, лүй вьютонтой тарвагачин, орон сууцтай бадарчин байгаа учраас хүний түүхийн шинэ эринд бүтээн босгож, хөгжиж чадахгүй байна.
Дээрэмчин авирыг популизм, популист гэхчлэнгийн гадаад нэрээр нэрлэхгүй байхыг гуйж байна.
Хэрээг “хэрээ” л гэдэг болохоос өргөмжлилж байгаа нь гэж “бүргэд” гэдэггүй биз дээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Итгэлцэл, итгэлцэл
Зөвхөн нэг талаас бий болгосон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүйг бидний өнгөрсөн түүх, үйл явдлын өрнөл харуулж байна. Нэг талын итгэл, хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож, харилцан ашигтай хамтын үйл ажиллагаа болдог. Бидний энэ итгэл нь өөрөө хөрөнгө оруулагчдын Монголд дөнгөж дөвхнөж байсан их итгэлийг итгэлцэл болоход гол саад болж эхэлсэн билээ.
Өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн
Үмхэрсэн маханд шүд болгон хурц гэж монголчууд ярьдаг. Гэхдээ бид цаашаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа сайн суралцах ёстой. Монгол сайхан байвал бид хамтдаа сайхан байна. Монголчууд бид өөдрөг ард түмэн. Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол орон хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татна гэдэгт бид эргэлздэггүй.
Оюутолгойн далд уурхайн төслийг урагшлуулахад бидэнд өнөө л итгэлцэл хэрэг болж байна. Бид сөргөлдөгчид биш. Бид хамтрагчид. Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид. Нэг төслөөс Монгол Улс ч, Рио Тинто ч харилцан ашигтай гарах ёстой. Асуудалд хандах хандлагаа ингэж өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн гарна гэдэгт бас итгэлтэй байна. Ердөө хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайдын хувьд Рио Тинтогийн Ерөнхий захирал, ноён Сэм Уолштай энд уулзахдаа бид үүнийгээ харилцан хүлээн зөвшөөрсөн, харилцан ойлголцсон.
Монголын эдийн засгийн форум болж байгаа яг энэ өдрүүдэд Тавантолгойн консирциумтай хийх хэлэлцээр мөн төгсгөлийнхөө шатанд орж байна. Оюу толгой төслийн араас хөдлөх Тавантолгой төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд, V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Шивээ Овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэр, хурдын зам, шинэ хороолол, орон сууцны барилга бусад бүтээн байгуулалтууд ар араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татах болно. Монгол Улсын зүгээс гарах, ар араасаа цуврах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнөөдрийн та бидний оролцож буй энэ форум ч хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа Монгол оронд итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.
“Эдийн засгийн форум-2015” Төрийн ордонд эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үгийг хэлснээр форум албан ёсоор эхэлж байна. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус форум энэ жил “Building credibility” уриан дор явагдах юм.
Энэ форумаар улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх юм. Форум хоёр өдөр үргэлжилнэ.
9.00 - “Эдийн засгийн форум-2015” эхэлнэ
Төрийн ордонд өнөөдөр “Эдийн засгийн форум-2015” эхэлнэ. Монголын эдийн засгийн чуулган зургаа дахь жилдээ “building credibility” уриан дор зохион байгуулагдаж байна. Төрийн ордонд хоёр өдөр чуулж, улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх энэ удаагийн форумыг хөтөлбөрийг танилцуулъя.
“Эдийн засгийн форум-2015”-ийн хөтөлбөр
2015 оны 4-р сарын 2
- 8:00-9:00 Бүртгэл, мандат олголт
- 9:00-9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхий сайд Чимэдийн САЙХАНБИЛЭГ
НЭГДСЭН ХУРАЛДААН
- 9:30- 11:00 Их танхим: Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
- 11:00-11:30 Цайны завсарлага
САЛБАР ХУРАЛДААН:
- 11:30-13:00 Их танхим: Институцийн засаглал ба хамтын ажиллагаа
А танхим: Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил
Б танхим: Мэдээллийн ёс зүй /хариуцлага/
- 13:00-14:00 Их танхим: Ажил хэрэгч үдийн зоог: Илтгэл МУ-ын сайд М.Энхсайхан
- 14:00-15:30 Их танхим: Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө
А танхим: Үл хөдлөх хөрөнгийн зах зээл
Б танхим: Санхүүгийн салбарын хөгжил
15:30-16:00 Цайны завсарлага
- 16:00-17:30 Их танхим: Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам
А танхим: Монгол Улсын зээлжих зэрэглэл
Б танхим: Үндэсний корпорациудыг бий болгох
- 17:30-18:00 Эхний өдрийн нэгтгэл
URL: