А.Эрдэнэ-Очир найрагч дуучин болно

erdene-ochir      Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир энэ сарын 9-нд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийн утга уянгын цэнгүүн хийхээр зэхсэн юм.

Утга, уран зохиолын ерээд оны нэрт төлөөлөгч А.Эрдэнэ-Очирын тоглолтод Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарчаас эхлээд үе үеийн утга зохиолын нэрт төлөөлөгчид оролцоно. Мөн эрхэм найрагчтай нэгэн үед Монголын их утга зохиолд хөл тавьсан Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, “Болор цом”-ын эзэн Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх нар мөн шүлэг найргаа өргөх юм.

Түүний өнгөрөгч хугацаанд бүтээж туурвисан олон хит дууг үе үеийн дуучид уран бүтээлчид үзэгч таны зүрх сэтгэлд эгшиглүүлэх юм. Тухайлбал, Ардын жүжигчин А.Долгор, А.Дашпэлжээ, МУГЖ Л.Нарантуяа, Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, Л.Чулуунчимэг, Н.Төмөрхуяг, Ч.Бат-Эрдэнэ МУСТА Д.Ариунбаатар, Ч.Батцэнгэл, Т.Дэлгэрмөрөн, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, Л.Банзрагч, П.Идэржавхлан, Ч.Алтантүлхүүр, Дуучин Д.Баатархүү, Д.Даваадорж, Б.Энхжаргал, Д.Дүйнхоржав, “Увертура” хамтлаг, Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид ерөнхий найруулагч УГЗ Н.Туулайхүүгийн удирдлаган дор утга уянгын цэнгүүнийг хөглөх юм.

Үүнээс гадна “Нар зөвийн эх орон” тоглолт санаанд оромгүй зочид гээд үзэгч таныг суудлаас тань өндөлзүүлсэн олон сайхан учрал хүлээж буй. Хамгийн сонирхолтой нь тэрээр Дуур бүжгийн симфони хөгжимтэй өөрөө дуулж үзэгч олонд хоолойныхоо чадлыг харуулах юм. Урьд өмнө тэрээр Хөгжмийн зохиолч Г.Батхуягтай хамтран үзэгч олны хүртээл болгосон “Хүмүүний сэтгэлийг хөдөлгөнө” цэнгүүндээ мөн симфони хөгжимтэй дуулж олны талархалыг хүлээж, нэгэн авьяасаа дэлгэсэн учиртай.

 

Н.Дөл


URL:

Сэтгэгдэл бичих