Ц.Төмөрбаатар: Хүнийг яаж сүрдүүлж, унагадагийг харуулна

Монгол Улсын гавьяат жүжигчин Цэвэгмидийн Төмөрбаатартай их ажлынх нь зав зайгаар ярилцсан юм. Тэрбээр Өвөрмонголын дуучин хүү  Сунат-Уудамтай “Хөх толбот” кинонд тоглож байгаа билээ.

-Уудам хүүгийн талаарх таны сэттэгдэл?
-Уудамын хувьд Өвөрмонгол хүү. “Авьяаслаг хятадууд ” шоунд дөрөв бил үү, гуравдугаар байранд орсон. Хүүхдийн хувьд, сэргэлэн цовоо монгол хүүхэд. Монгол гэсэн сэтгэлтэй авьяаслаг хүү байна лээ. Миний бага насанд тоглож байгаа. Тэгэхээр хамтарч дүр бүтээх үзэгдэл байхгүй. Гэхдээ миний бага насанд тоглож байгаа болохоор санаа зовох ганц юм байна. Юу гэвэл бид хоёр царай зүсний тухайд, адилхан байж харагдах болов уу, яах бол гэж.

Тэр хүүгийн тоглолтоос уламжлахад, хүнд өөрийн гэсэн тийм нэг өвөрмөц дадал гэж бий. Би багадаа Уудам шиг л хөдөлгөөнтэй байсан. Магадгүй тэр хүүгээс ч илүү хөдөлгөөнтэй байсан болов уу. Гэхдээ нас ахиад ирэхээр хөдөлгөөн бага болчихдог юм байна. Ярьж, хөдлөхдөө хүртэл цэгнээд. Гэхдээ Уудамын тоглолтоос харахад, багадаа байсан хөдөлгөөн нь том болоод ч байдаг юм билээ.

-Уудам хүү одоо хаана байгаа вэ?

-Хүү маань нутаг буцчихсан л даа. Түүнийг монголд ирэхэд нь хариуцаж байгаа Батсүх багш, бас нөгөө нар сар одон гурав юу вэ гэж дуулаад байдаг. Монголчууд мэднэ дээ. Нурмаа гэдэг охин америкт сурдаг юм билээ. Тэд хамтдаа манай улсад ирээд байсан. Бид Герман, Франц, Италиар явж хамтдаа зураг авахуулах юм байна лээ. Тэгэхдээ нэлээн сайн танилцах байх гэж бодож байна.

-Та хоёрт ер нь төстэй чанар хэр байх юм? Жишээлбэл, та хоёр багадаа өнчирсөн гээд л…
-Ямар ч байсан аав, ээжгүй бүтэн өнчин гээд ирэхээр зэрэг хүүгийн хувьд ижил төстэй юмнууд байгаа байх. Одоохондоо сайн танилцаж амжаагүй бие биенийгээ сайн мэдэхгүй байна. Зурагтаар харж байхад их том биетэй хүүхэд байна гэж бодсон чинь их жижигхэн биетэй хүүхэд байна лээ. Би өөрт нь “Монгол дээл гэдэг хүнийг их бие томтой харагдуулдаг юм байна . Миний дүү чи тайзан дээр дуулаад, асуултад хариулаад байж байхдаа их бие томтой юм шиг харагдаад байсан” гэсэн “Тийм ээ Төмөрөө ах аа. Би 12 настай юм чинь” гэсэн. Тэр насны л хүүхдийн чинээний биетэй хүүхэд байна лээ.

-Та маш олон сайхан дүрүүд бүгээсэн. Тэр дундаас бүтээхэд хамгийн хэцүү дүр тань ямар дүр вэ?

-Сүүлийн үеийн кинонуудад хүн мэргэшээд ирэхээр гэх юмуу даа өөрт мэдрэгдэхгүй өнгөрөх дүрүүд ч байх юм. Итгээд өгч байгаа, олон хүмүүсийн өмнө тоглож өөрийнхөө ажлыг үзүүлэх болохоор ямар ч дүр байсан сайн бүтээх ёстой. Мэдээж шалгуур бол ард түмэн үзэгчид байдаг болохоор дүр дээрээ ажиллахгүй бол энгийн гэх юмуу эсвэл дөнгөж сая сургууль төгссөн хүүхэд шиг байдлаар ажиллаж болохгүй л дээ.

Ямарч байсан жаахан онцлог урд урд дүрүүдээсээ өөр юм гаргачих юмсан гэсэн хүсэж  мөрөөдөж л байдаг. Хэцүүгийн хувьд би одоо нэлээн хэцүү юм үзэж байна. Тэр нь юу гэхээр “Үхэж үл болно Чингис хаан “-д нэгэнт жүжигчин хүний дүрийн шугам гэж байдаг хойно нэг дүгээр ангийг нь тоглоод кино маань гарсан .Хүмүүс хүлээж авах үгүйг мэдэхгүй. Яаж ч магадгүй. Гэхдээ хоёр, гурав дугаар анги гэж байгаа болохоор жүжигчний дутуу ажиллагаа гэж байгаагийн хувьд 2,3 дугаар ангидаа өөр илүү юм гаргана гээд жүжигчний тактик гэх юмуу хурааж нөөсөн юм байгаа.

Америктай хамтарч хийгдэх гээд хүлээгдэж байгаа. Сая кино маань зурагтаар гарсан. Мөн интэрнэт дээр тавигдсан байгаа. Тэгээд үзсэн улсууд киноны хувьд аятайхан кино болсон байна гэсэн. Миний ярьж хэлж байгаагаас үүдээд ч гэдэг юмуу . Чингис хаан маань чухам ямархуу хүн гэдэг нь тодорхой гараагүй байгаа болохоор ярихгүй байгаа юм шиг байна гэдгээс эхлээд яаж байгаа бол яах бол гэсэн хоёрдугаар ангийн хүндрэл, хэцүү байдлууд надад байгаад байна.

-Аавын тань тухай асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Та аавынхаа ямар чанарыг илүүтэй өвлөж авсан бэ?

-Намайг бага байхад аав минь бурхны оронд явсан болохоор яг сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн ярьж байгаагаар бол алхаа гишгээ , нэг тийм буландаж хардаг харц гээд их адилхан юм шиг байна лээ. Мөн манай хэлдэг юм. “Хөдөлгөөн чинь, эргэж харах нь хүртэл аавтайгаа адилхан шүү. Хөгшрөх тусмаа аавтайгаа бүр илүү адилхан болж байна” гэдэг. Тэгэхээр гадаад төрхийн хувьд миний алхаа гишгээ юмуу , огцом огцом харалтууд их адилхан юм шиг байгаа юм.

Зан чанарын хувьд гэхээр хүмүүстэй тоглож байгаа юмуу хамтран тоглогчтойгоо егөөдөж харьцаж байгаагаас ч юмуу ярьж байгаа нь ер зүгээр байхгүй хүүхэд юмаа. Аав нь яг л ийм хүн байсан даа гэлцдэг. Аав минь их хожуу гэрлэсэн. Урьд нь хоёр гурван амьдрал үзчихсэн. Хожуу ээжтэй минь ханилж суугаад ээжийг ер нэрээр нь дууддаггүй миний хүү л гэнэ. Зав чөлөө гарах юм бол гэрийн ажлын их хийдэг хоол сайхан хийдэг хүн байсан.

Би аав шигээ нэг сайхан хоол хийчих юмсан гэж боддог. Янз бүрийн хоол хийнэ л дээ. Хүүхдүүд биднийг ер загнаж үзээгүй. Харин нэг удаа уурласан гэдэг. Манай ах эгч бид хоёрыг дагуулж яваад наранд наршуулаад бид халуураад. Тэгээд ахыг нэг сандалд хүлж байгаад суран бүсээр ороолгосон гэж ярьдаг. Би бол яг нэг тийм дутуу ч байж магадгүй. Аав маш их ажилсаг хүн байсан.

Би бол өөрийгөө хараад байхад их залхуу юм шиг. Тэртээ тэргүй байгалиас заяасан тэр их агуу хүний үр удам юм чинь аавтайгаа ижилхэн байхыг хүсэж мөрөөдөж байдаг даа. Хамт ажиллаж амьдарч байсан улсууд нь намайг аавтай зүйрлэн “Цагаан багштай мөн ч адилхан шүү” гэж ярихад баярлах сэтгэл төрдөг. Байнга баярлан их урамшиж явдаг. Аавтайгаа ижилхэн ажил, амьдрал дээрээ ч аавынхаа шийрийг хатааж явахыг хичээдэг.

- Хамгийн өндөр хөлстэй тоглож байсан кино тань?

-Өндөр хөлстэй гэхээр “Үхэж үл болно Чингис хаан” л байна даа. Энэ дүрийг бүтээхдээ 25 сая төгрөгөөр тоглосон. Яах вэ дэлхийн жишиг гэж ярих юм бол энэ өчүүхэн мөнгө шүү дээ харин монголдоо бол их том мөнгө монголоос бусад орны үнэлгээ бол асар өндөр шүү дээ. Миний хувьд санхүүгийн тал дээрээ ч гэсэн урлаг ойлгох тал дээрээ ч гэсэн улс төрд ажиллаж байгаа томчууд хүртэл урлаг ойлгох тал дээрээ маруухан

-Таныг ирэх оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших гэж байгаа талаар чих дэлссэн. Нууц биш бол энэ талаар тодруулаач?

-Би нэг ингэж хэлчихсэн юм аа. Хэрэв би нэр дэвшихээр болбол бие даана. Ямар нэгэн намын харьяалалаас нэр дэвшихгүй гэж тэр шүү дээ. Их хуралд нэр дэвшээд над шиг амьтан хөрөнгө мөнгөгүй юм чинь гарч ирэхгүй байх л даа.

Одоо чинь мөнгөтэй хүн л нэр дэвшээд байгаа юм чинь. Хичнээн ажилсаг, хөдөлмөрч, ухаалаг байгаад ч ард түмнийхээ төлөө үг дуугардаг байгаад ч ард түмнийхээ төлөө үхтлээ тэмцэе гээд тангараг тавьчихсан хүн мөнгөгүй л бол дэвшиж чадахгүй.

Миний хувьд, гайхдаг юм. Тэр бизнесийн хүмүүс нь бизнесээ л хийгээд явж байдаг юм байгаа биз. Улс төр манай Монголд асар их бохир юм шиг санагддаг.

-Урлаг соёлынхон он цагийн хуудас хичнээн эргэсэн ч арилахааргүй нэр алдарт хүрсэн мөртлөө улс төрд хөл тавихыг хүсэх болжээ?

-Хүн юу ч хийж болно. С.Жавхлан дуугаа ч дуулж яваад, улс төрд орж болно. Мөн Б.Бат-эрдэнэ аварга барилдаад, гишүүний ажлаа ч амжуулж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Харин ганцхан хийх ёстой юм аа хаячихаад байгаа юм. Тэгээд тийм нэг дарга болохоороо бүхнийг чаддаг юм шиг энэ улс ойлгоод байдаг юм шиг санагддаг. Ямар ч мэддэг, мэргэжилгүй мөртлөө тухайн газрын сайд, хэлтсийн дарга хийгээд явж байгаа улс алийг тэр гэх вэ.

Хэрэв би УИХ-д нэр дэвшээд гишүүн болбол дандаа урлагийнхаа тэр дундаа, соёл боловсролын тал дээр хууль дүрэм боловсруулна. Тэгээд түүнийгээ батлуулахын төлөө ажиллана. Мэдээж хэрэг ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө тэмцэж, үг дуугарна. Гэхдээ дэвшиж, сонгогдох юм бол шүү дээ. Түүнээс биш чадахгүй байх л даа, энэ мөнгөтэй хүмүүсийг дийлэхгүй байх.

-Ард түмний төлөө дуугардаг байсан хүмүүс төрд гараад амаа үдүүлчих юм. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ард түмний төлөө үнэн сэтгэлээсээ тэмцдэг хүн ховор. Ажил, яриа хоёр чинь өөр. Хичнээн сайхан ярьж, уран донгодоод ажил хийхгүй бол тэр хүн ямар вэ гэдэг нь ойлгомжтой. Мэр сэр янз бүрийн юмнаас сонсогдож л байх юм. Хичнээн санаа зовоод би шаналаад яах вэ дээ. Тэртээ тэргүй дийлэхгүй юм чинь. Дийлдэхээсээ ч өнгөрсөн. Өнгөрөгч 20 жилд ардчилал хөгжлөө хөгжлөө гээд л байгаа.

Олон ч хүн ардчиллыг дэмжсэн. Ардчилал ялсан 1990 онд дуулж, уйлж байсан улс одоо юу хийгээд яваад байна. Уриа лоозонгоо биелүүлээд явж байна уу, үгүй ш дээ. Хашгирч байсан энэ улсуудыг дэмжссэн одоо тэрнийхээ төлөө тэмцэж байгаа хэн байна. Өнөөдөр баяр болж байхад хэн баярлаж байна. Томчууд л байгаа биз дээ. Томчуудын ч гэж дээ мөнгөтэй хүмүүс л баярлаж байна.

Ард түмэн яаж баярлаж байна. Хүүхдэддээ ганц, хоёрхон хуушуур л авч өгч байгаа биз дээ. Хүмүүсийн мөнгөтэй нь төрд гарч яам, тамгын газрыг толгойлж байна. Тэр мөнгөтэй баячууд, дарга нар яаж аймшигтайгаар ард түмний өмнө баярхаж хоорондоо наймаалцаж байна. Монголын ард түмэн сонгочихсон. Гэтэл энэ улс нь ард түмнээ шулаад байж болохгүй. Ард түмэн маань ухаараач ээ.

Сонголтоо бодолтой хийгээч, сонгогдсон улс нь бодолтой байж ах дүү, амраг саднаа өөд нь бүү татаач. Улс, эх орноо ингэж битгий унагаач гэж хэлмээр байна. Гэхдээ энэ улстай хариуцлага тооцох гэхлээр хэдэн төгрөг өгчихдөг байх л даа. Одоо 2012 оны сонгууль болно. Эд дахиад л нэрээ дэвшүүлнэ.Тэднийг битгий сонго. Та нарын төлөө тэр хүн юу хийсэн байна гэдгийг асуугаад дахиж та нарыг сонгохгүй гэж хэлэх хэрэгтэй гэж уриалмаар санагддаг юм.

- Та одоо ямар киноны зураг авалтад орж байгаа юм?

-Яг сая чи бид хоёрын ярьсан сэдвээр хийж байгаа кинонд тоглож байна. Төрийн албанд Их хурлын гишүүн гэдэг ямар үзэл бодолтой хүмүүс байсан. Ард түмнийхээ төлөө тэмцэж эх орноо хөгжүүлэхиин төлөө явдаг хүмүүсийг яаж дарамтлаж сүрдүүлдэг, яаж унагадаг, яаж хорлодог, тэр сүрдүүлгэнд яаж ордог тухай өгүүлсэн кино юм. Энэ кинонд нэг яамны сайдын дүрд тоглож байгаа. Тэр сайд тэдний сүрдүүлгэнд өртөж, үр хүүхдийнхээ эрүүл мэндээр хохироод аргагүйн эрхэнд ажлаа өгч байгаа тухай гарна.


Ц.Цэцэгжаргал


Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL: http://www.fact.mn/21393.html

Tags:

Сэтгэгдэл бичих