Тарваган тахлаас сэргийлэх постууд ажиллаж эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд тарваган тахлаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Амгалангаас тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд тарваган тахлаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа гэв үү?

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Ан агнуурын тухай хууль, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны долдугаар сарын 20-ны өдрийн захирамжаар тарваган тахал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн нэгдсэн арга хэмжээг энэ сарын 27-ноос 10 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж ажиллахаар болсон.

-Энэ арга хэмжээнд хичнээн байгууллага оролцож байгаа вэ?

-Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар хамтран ажиллах юм. Шалгалтанд нийслэл дүүргүүдийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, хотоос гарч, ордог зуслангийн постууд, эргүүл шалгалт хийж ажиллах албад хамрагдана.

-Нийслэлд тавигдах хяналт шалгалтын цэгүүд хаагуур байрлаж байгаа вэ?
-Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Налайхын Цайз трейд, Баянзүрхийн товчоо, 22-ын товчоо, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх, бүртгэх товчоодод Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага, замын цагдаагийн газрынхан 24 цагаар гурван ээлжээр ажиллаж байна. Байгалийн голомтонд халдварт өвчин судлалын төв мөн өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа.

Н.Нандин
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих