Хүмүүнлэгийн сургуулийг өргөтгөхдөө хэдэн хууль зөрчив?

humuunlegТөрийн ордны зүүн хойно, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл гэж сургуультайгаа наалдсан өндөр барилга босч байгаа. Замын уулзвараас хэдхэн алхмын зайд сүндэрлэж буй улаан тоосгон барилгын суурийг өнгөрсөн жил л тавьж эхэлсэн. Одоо бараг дуусах шатандаа оржээ. Явган хүний гарцтай тулгаж барьсан болохоор хүмүүс дэргэдүүр нь өнгөрөхдөө “Тэнгис” кино театрын өмнөх барилгаас төмөр унаж хүний амь хөнөөсөн хэргийг нэхэн санадаг. Айж түгшсэн хүмүүс түргэн түргэн алхаж өнгөрөх нь энүүхэнд.

Хамгаалалтын бүс, нийтийн эзэмшлийн талбай гээч нь манайд хэрэгждэггүй болохоор энэ юу ч биш. Хэтрүүлж хэлбэл, төв зам дээр гаргаад барьчихаагүй нь их юм. Энэ барилгын хувьд дээрх зөрчил жижиг асуудал гэсэн үг. Үүнээс ноцтой зөрчилтэй хэрнээ барьсаар л байна. Тиймээс бид Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилгын талаар энэ удаагийн  “Барилга-Асуудал” буландаа онцоллоо.

Барилга барихад тавих гол шаардлагуудын нэг нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чанар юм. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхтэй бүсэд хамаарч, нэг цэгт гэхэд л олон зуун давталттай чичирхийлэл мэдрэгдэх болсныг мэргэжлийн хүмүүс сануулаад байгаа. Газар хөдлөлийн нормд тав хүртэл давхар барилгыг тоосгоор барьж болохыг зөвшөөрдөг ажээ. Харин түүнээс дээш давхар хориотой байдаг юм байна. Энэ нь мэдээж газар хөдлөлд тэсвэрлэх чанарыг бататгаж буй хэрэг. Гэтэл хотын төвд олон нийтийн хөлийн газар босч буй барилгыг улаан тоосгоор барьсаар байгаад дуусгах бололтой. Одоо ч харахад барилгын оройн хэсгийн улаан тоосгон хана харагдсаар байна. Зарчмын хувьд газар хөдлөлийг тэсвэрлэх чадварыг сайжруулах, жин хөнгөрүүлэхийн тулд таваас дээш давхар барилгын карказын дүүргэлтэд аль болох жижиг ширхэгтэй материал хэрэглэхийг хо­риг­лодог тухай мэргэж­лийн хүмүүс хэлж байна.

Төрийн тусгай хамгаалалттай обьектын ойролцоо өндөр барилга барьж болох эсэхийг хөндөх бас нэг асуудал энэ барилгад байгаа ажээ. Тэр нь байршил. Сургуулийн өргөтгөл Төрийн ордноос зөвхөн замаар тусгаарлагдах төдий хэдхэн метрийн зайд босчээ. Барилгын суурийг анх тавьж байхад Төрийн ордноос шаардлага хүргүүлж байсан гэнэ. Гэсэн ч тоолгүй барилгаа босгосон аж. Төрийн ордны эргэн тойронд барилга байгууламж олноор байгаа ч зүүн хойно нь барьж буй 16 давхар барилга шиг ойрхон барилга лав байхгүй. Төрийн тусгай хамгаалалттай, тэр дундаа Монгол Улсын төрийн дээд байгууллагын дэргэд газар хөдлөлийн нормоо зөрчсөн барилга баригдсаар байгаа аж. Юутай ч өндөр барилгыг тоосгоор барьж болохгүй гэсэн норм дүрэм сануулаад хяналтынхан тусыг олоогүй. Дараа нь Төрийн ордноос баахан бичиг цаас шидээд нэмэр болсонгүй. Тиймээс Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эзэн хэн гэгч “том толгой” байдгийг бид эргэн мэдээлэх болно.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: АНГИ Огноо: 2 April 2015

Эзэн нь японы менежментийн хувьчлалтай гэгдэх Чулуундорж гэдгийг мэдэхгүй хүн баймааргүйсэн дээ.

Сэтгэгдэл бичих