Владимир Путин Ерөнхийлөгчийн суудлаас мөддөө буухгүй нь

Putin-reviziya-itogov-Vtoroy-mirovoy-voyny-nedopustimaОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 1999 оны 12-р сарын 31-нд Оросын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин эрүүл мэндийн шалтгаанаар Владимир Путинд ерөнхийлөгчийн эрхээ шилжүүлэн өгснөөс хойшхи өнгөрсөн 15 жилд Путины рейтинг өндөр хэвээр байгаа, мөн сонгогчдын 74 хувь нь түүний төлөө дахин саналаа өгөхөд бэлэн байна гэж албаны эх сурвалж мэдээлж байна.

Өнгөрсөн 2-р сард Оросын ард түмний дунд явуулсан санал асуулгад оролцогсодын 88 хувь нь Владимир Путиныг дэмжинэ гэсэн байна.

2000 оноос хойш 2 бүрэн эрхийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2008 онд Ерөнхий сайд асан Дмитрий Медведевийг Ерөнхийлөгч болмогц өөрөө Ерөнхий сайдаар ажиллаад 2012 онд Ерөнхийлөгчийн суудалд дахин ирсэн Владимир Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжтой юм. 2008-2012 онуудад Дмитрий Медведев Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 биш, 6 жил болсон билээ.

1990-ээд оны Социалист систем задран унаж, ЗХУ 14 хэсэг болон салсан нийгмийн асар том өөрчлөлтийн хүнд үед улс орноо хэний ч доор оруулалгүй өөд нь татсан хойд хөршийн шилдэг удирдагчдын нэг нь В.Путин гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

1999-2013 оны хооронд ОХУ-ын эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар зарим тоо баримт дурдахад 1999 онд 195 тэрбум ам.доллар байсан дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2013 онд 2113 тэрбум ам.доллар болтлоо өчээ. Мөн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 14 жилийн өмнө 1320 ам.доллар байсан бол 2013 онд 14800 ам.долларт хүрчээ. Манай улсад инфляцийг барьж чадалгүй нэмэгдсээр байгаа. Харин хойд хөршийн төрийн бодлого гаргадаг хүмүүс 1999 онд 36.5 хувьтай байсан инфляцийг 6.5 хувь болтол нь бууруулж чаджээ.

17 сая км/кв нутаг дэвсгэрт орших байгалийн баялагийг хэрхэн зөв зарцуулж байгааг үлгэр жишээгээр бидэнд харуулж байна. ОХУ-ын алт болон валютын нөөц нь 1999 онд 12.6 тэрбум ам.доллар байлаа. Харин 2013 онд энэ нөөц нь 511 тэрбум ам.доллар болтол өссөн үзүүлэлт гарсан аж. Өчигдөр манай улсад айлчлахдаа багагүй рублийн зээл болон буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон ноён В.Путин улсынхаа 1999 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 78 хувьтай тэнцэж байсан өрийг өнгөрсөн жил 8 хувь болтол бууруулжээ.

Цалин, тэтгэвэрийн хувьд 499 рублийн тэтгэвэртэй байсан хөгшчүүл өнөөдөр 10000 рубль, 1522 рублийн цалинтай байсан ажилчид өнөөдөр 29940 рублийн цалин авч байгаа нь төрийн зөв бодлого явдагдаж байгаагийн тод жишээ юм.

Ерөнхийлөгч В.Путин цэрэг арми болон спортын талбарт хүч сорьж явсан. Өнгөрсөн хугацаанд ОХУ түүхэндээ анх удаа өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулж багийн дүнгээр тэргүүлсэн нь том амжилт байлаа. Мөн Казань хотод Оюутны Универсиад наадмыг хүлээн авч 156 алт, 74 мөнгө, 62 хүрэл, нийт 292 медаль авсан нь энэ спортын наадмын түүхэнд дээд амжилтаар бүртгэгдсэн. Мөсөн талбайд хэзээнээс хүчирхэг байсан хойд хөрш ЗХУ задран унаснаас хойш хоккейн дэлхийн аваргын хэд хэдэн алтан медалийг Канад улсад алдаад байсан. Харин 2012 онд ОХУ-ын эрэгтэйчүүд хоккейн дэлхийн аварга цол хүртэж өөрсдийнхөө байх ёстой байр суурин дээрээ ирсэн билээ.

XXI зууны хамгийн хүчирхэг гүрэн ОХУ-ын өнөөгийн өнгө төрхийг бий болгоход асар их хувь нэмэр оруулсан Ерөнхийлөгч В.Путины хийсэн ажлуудыг товчхон дурдахад ийм байна.

Сэтгүүлч М.Золбаатар

mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих