Инээдмийн баярын чимх ИНЭЭД

5555Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Олон улсын инээдмийн баярын өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй. Гэхдээ энэ баярын жинхэнэ нэрийг “April fools” буюу дөрөвдүгээр сарын тэнэгүүдийн өдөр гэж нэрлэдэг байна. Манай улсад 1990-ээд онд гарч байсан “Монголын залуучууд” сонины нэгэн дугаарт “Монголд… Дэлхийд… анх удаа Алмас барилаа” гэсэн зурагтай өгүүллэг гарсан нь жинхэнэ хууралт байж чаджээ. Иймэрхүү тоглоом наргианы өдрүүд улс орнуудад эрт үеэс эхэлж бий болсон аж.

Энэтхэгт гуравдугаар сарын сүүлчээр “Хүлийн өдөр”, Римд хоёрдугаар сард “Маанагуудын” буюу “Ухаангүй улсын баяр” гэхчилэн наргианы өдөр болдог байж. Бас дөрөвдүгээр сарын 1-нийг францууд “Загасны өдөр” гэж нэрлэдэг. Энэ мэтээр олон янзын тайлбар баримт бий. 1968 оноос эхлэн Монголын зохиолчдын хороо дөрөвдүгээр сарын 1-нийг инээдмийн өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар болж “Маргаашийн мэнд” хэмээх ном гардаг байжээ.

Энэ баярыг үндэсний баяр гэж ойлгож болохгүй. Харин энэ өдөр та хэн нэгнийг хуурч мэхэлж, онигоо ярьж өгч, хамгийн тэнэг зүйлүүдийг хийхэд болно гэж үздэг. Хамгийн гол нь хууртсан нэгэн нь уурлаж ер болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Мөн энэ едөр хүн бүхэн инээд хөөрөөр дүүрэн уулзалдаж, алиа хошин зүйлийг ярьж хөөрдөг. Эрт үед энэ өдөр хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг уламжлал ч байсан гэнэ шүү. Монголын хошин урлагийнхны төлөөлөл “Инээдмийн баяр”-аа хэрхэн тэмдэглэдэг, тэдэнд тохиолдож байсан хөгжилтэй дурсамжаас хуваалцсан чимх инээдийг бэлэглэе.

инээдмийн БАЯРААР ТАЙЗАН ДЭЭРЭЭ БАЙХ ШИГ ЖАРГАЛ БАЙХГҮЙ
“Маск” продакшны жүжигчин Ц.ГАНЗОРИГ:
-Тоглолтын үеэр гарсан хамгийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Тайзны хөгтэй явдал бичихэд их хэцүү юм. Их хурдан хувцсаа сольдог учраас хувцсаа буруу зөрүү өмсөх хоёр өөр гуталтай гарах тохиолдол бол зөндөө бий. Өнгөрсөн хаврын тоглолтын үед тохиолдсон юм. Тоглолт дуусаад амьдралын хувцсаа өмсөөд гарлаа. Гараад иртэл манай ажлынхан “Хөөх ямар гоё пүүз өмсөө вэ” гэхээр нь анзаарсан ч үгүй онгироод л явж өглөө. Нэлээд алхаад гэрлэн дохион дээр зогсож байтал хүмүүс намайг дээрээс доош хараад байна аа. Би ч тоосонгүй тэгээд алхаж байтал утас дуугардаг юм байна. Тэгсэн ажлын нэг хүн “Ганзоо чи өмссөн гутлаа хар даа” гэсэн. Гутлаа хартал нэг нь пүүз нөгөө нь тоглолтын ботинктой гэртээ харьж бөөн инээдэм болж билээ. Миний хувьд гэр ойрхон учир ихэнхдээ алхдаг юм.

-Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Ер нь дөрөвдүгээр сарын 1-нд ард түмэн, үзэгчиддээ инээд хөөр бэлэглэж баярладаг. Жил бүрийн инээдмийн баяраар тайзан дээрээ байх шиг жаргал байхгүй шүү дэз. Тэр олон үзэгчдийн сайхан энергийг мэдэрнэ гэдэг үгээр хэлэхийн аргагүй.

ХҮМҮҮСТ ХАМГИЙН ИХ ХҮРСЭН ДҮР ГЭВЭЛ “ТУРЬХАН СОГООНОО, ХҮЧИТ ХАР” БАЙХ
“Маск” продакшны жүжигчин П.ЭРДЭНЭЗААН:
-Инээдмийн  баяраар  таны  төрсөн өдөр болдог. Яаж тэмдэглэдэг вэ?
-Дөрөвдүгээр сарын 1 болгонд л ажилтай байдаг. Ерөнхийдөө 2-3 хоногийн дараа л тэмдэглэнэ.

-Дөрөвдүгээр сарын 1-нд хэр их хууртагддаг вэ?

-Миний төрсөн өдөр болохоор хүмүүс хуурч чаддаггүй. Ихэнхдээ л баяр хүргэдэг. Харин хамтлагийнхан маань хааяа нэгнийгээ уйлтал нь хуурдаг.

-Таны хамгийн хайртай дүр гэвэл аль дүрээ нэрлэх вэ?
-Хүмүүст хамгийн их хүрсэн дүр гэвэл “Турьхан согооноо, хүчит хар” гээд дээр үед тоглож байсныг үзэгчид одоо ч санадаг. Бас нөгөө “Хадлан дээр” гэдэг номерийг хүмүүс их ярьдаг юм билээ.

-Та том биетэй, нарийн хоолойтой эмэгтэй хүний дүрд хааяа тоглодог. Тоглолтод хэрэглэх гутал хувцсаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Хөх хийгээд парик зүүгээд будчихаар эмэгтэй болчихдог гэж бодож болохгүй. Хамгийн гол нь эмэгтэй хүний сэтгэл зүйг гаргахад нарийн мэдрэмж хэрэгтэй. Эмэгтэй дүр бүтээхэд олон асуудал үүснэ. Наад зах нь хөхний даруулгатай харьцаж үзээгүй хүн чинь сандраад энд тэнд унагачих гээд хэцүү. Тайзан дээр хөдөлгөөнөө мартана, хөлөө алцайж суухаас эхлээд алдаа гаргах тохиолдол бий. Таарах туфль олдохгүй 43 размерийг захиалгаар хийлгэдэг. Одоо ганц хоёр дээл, даашинзтай болсон. Туфлийнхээ асуудлыг амархан шийднэ. Магнай бид хоёр дундаа нэг туфльтэй. Ээлжилж өмсөөд л нөгөөхөө өөр өнгөөр будуулаад л болгочихдог юм.

ХҮН ХУУРАХ ГЭЖ БАЙГААД ЭЭЖИЙНХЭЭ ТҮРҮҮВЧИЙГ АЛДАХАА ШАХСАН
“Шинэ үе” продакшны захирал, гавьяат жүжигчин Н.АРИУНБОЛД:
-Инээдийн баярын бэлэг болгож, “Хөгжилтэй өдөр” шинэ киногоо нээхээр төлөвлөж байсан ч амжаагүй болохоор энэ сарын 8-нд нээхээр бэлтгэлээ базааж байна. Манай продакшны уран бүтээлчид инээдмийн баяраар телевизээр гарах цэнгээнт нэвтрүүлэгт хуваагдаж оролцож байгаа. “Үндэсний шуудан” сонины нийт уншигчдад зориулан чимх инээд бэлэглэж, бага байхад тохиолдсон нэгэн хөгжилтэй дурсамжийг хуваалцъя. Хүүхэд байхдаа энэ баяраар хүн хуурдаг гэдгийг мэдээд, дүү бид хоёр ээжийн гоё түрүүвчинд мөнгө шиг цаас овойлгож дүүргээд уяагаар уячихаад хүмүүс хуурч байсан юм. Хэд хэдэн хүн сонирхоод авах гэхээр татчихаад байлаа. Гэтэл нэг нь аваад тэр чигтээ явчихдаг байгаа. Бид хоёр гүйж гараад “Ах аа наадахь чинь манай ээжийн түрийвч. Та өгчих л дөө” гэж гуйгаад нөгөө хүн өгөхгүй л яваад байв. Нэлээд хол очсоны дараа бидэн рүү шидээд өгчихсөн. Тэр хооронд ингээд л ээжийн түрийвч “будаа” боллоо гэж бодоод айж билээ. Дүрсгүйтэж, хүн хуурах гэж байгаад ээжийнхээ түрүүвчийг алдахаа шахсан даа.

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ИНЭЭДМИЙН БАЯР СЭТГЭЛД ХАМГИЙН ТОД ҮЛДСЭН
“Эмоци” продакшны жүжигчин Д.ТҮВШИНТӨР:

-Хошин урлагийн хамтлагийнхан нэгдэж, хоёр жилд нэг удаа улаан хивсний ёслол зохион байгуулдаг уламжлал тогтсон. Сэтгэлд хамгийн тод үлдсэн инээдмийн баярын ёслол өнгөрсөн жилийнх байлаа. Үнэхээр гоё болсон. Хамгийн гол нь хошин урлагийн хамтлагууд тус тусдаа биш холилдож, хос хосоороо хивсэн дээр алхсан нь үзэгчдэд маш их таалагдсан. Мөн оройны тоглолт олон шинэлэг зүйлээр дүүрэн сайхан болсон. Энэ жилийн хувьд нэгдсэн том арга хэмжээ байхгүй болохоор манай продакшныхан шинэ уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барихаар тоглолтын бэлтгэлээ хийгээд яг одоо нэр, рекламны санаагаа бодоод сууж байна. Уншигчдад зориулж инээдмийн баярын хөгжилтэй нэгэн дурсамж яриа сонирхуулъя. “Манай ангийн Баттулга /”Зөрлөг” киноны дүрээр нь хүмүүс сайн мэднэ дээ/ шарлаад эмнэлэгт хэвтсэн юм. Бид түүнийг эргэх гээд би гэртээ харьж шөл хийхээр боллоо. Харин бусад нь мөнгөө нийлүүлж боов, боорцог авахаар болов. Би ч гэр рүүгээ гүйгээд хөлдүү мах гэсгээж, бөөн юм болж шөл хийгээд очтол нөгөө хэд маань Тулгааг эргэхээ больчихсон гээд шөлөө идье гэв. Тэгж хэлэхээр нь, гэнэт уур хүрч варианы шилтэй шөлөө хана руу саваад хагалчихсан. Тэгтэл харин манай ангийнхан хагархай шилэн дундаас махыг нь түүж идээд сууж байхыг хараад бөөн инээдэм болж билээ. Хошин урлагийг амтархан үзэж, бидний алдаа, оноог ажиглан урам өгдөг үзэгч түмэндээ инээдмийн баярын мэнд хүргэе.

АНХНААСАА ХОШИН УРЛАГТАЙ ХОЛБОГДОХ ТАВИЛАНТАЙ БАЙСАН ЮМ ШИГ ЭЭ
Соёлын тэргүүний ажилтан Г.УНДАРМАА:
-Миний хувьд анхнаасаа хошин урлагтай холбогдох тавилантай байсан юм шиг ээ. Учир нь, Хошин урлагийн театрт байхдаа анх бүтээсэн дүр минь Доржсамбуу найруулагчийн “Монголын гурван өдөр” инээдмийн киноны нарийн бичиг хүүхний дүр байсан юм. Тэр дүрийг маш сайн бүтээсэн гэж хүмүүс ярьдаг. Тухайн дүрээр олны танил болж, одоо ч хүмүүсийн сэтгэлд хоногшсон болов уу гэж боддог. Мөн хошин урлагийн театрт тэмдэглэсэн хамгийн анхны “Азтай бадарчин” инээдийн баярын наадамд оролцож байсан дурсамж минь үнэхээр сайхан. Одоо ч мартдаггүй юм. Ер нь анхны юм бүхэн хүний сэтгэлд тод, сайхан дурсамжийг үлдээдэг. Энэ жилийн инээдмийн баяраар төлөвлөсөн ямар нэг ажилгүй болохоор энгийн өдрүүд шиг завгүй л өнгөрүүлнэ дээ. Сүүлийн үед мөн л нийгмийн болон уран бүтээлийн ажлаа хийгээд завгүй явна. Цаг нь болохоор хүмүүст хэлж, задлах болохоор одоогоор нууц хэвээр нь үлдээе.

 

 

О.ЭРДЭНЭЧИМЭГ Б.ОДОНЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих