Бүртгэлийн газарт болсон халаа, сэлгээ хэрээс хэтэрчээ
Шинэ Засгийн газар байгуулагдах бүрт бид “Одоо л нэг ажил хийх нь” гэсэн горьдлого байнга тээдэг. Харин эцэст нь нэг л зүйлийг хамгийн сайн ойлгодог болов. Аль ч Засгийн газрын үед иргэдийг ажилтай орлоготой болгоно гэсэн амлалт нь хоосон реклам, хэлбэр төдий зүйл байгааг ойлгож, мэдэрдэг болов. Мөн нам, фракцуудын ил далд тохироон дунд бүрдсэн Засгийн газар төрийн бүх л байгууллагад халаа сэлгээ хийж, мөрөөрөө хөдөлмөрлөж яваа төрийн албан хаагчдыг хэрхэн хохироож, ажилгүй гудамжинд гаргахыг олон жил дуугай харж суудаг болсон.
Шинэчлэлийн Засгийн газрын үед 17000 орчим төрийн албан хаагч халаа сэлгээнд өртсөн гэх судалгааг Төрийн албаны эрх ашгийг хамгаалах холбооноос гаргасан байдаг юм билээ. Харин Шийдлийн Засгийн газрын үед хууль бус халаа сэлгээ хэд, хэчнээнээр тоологдохыг хэлж мэдэхгүй. Өнөөдөр шинэ Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна гэх. Энэ хугацаанд шийдсэн асуудал нь халаа сэлгээ, хууль бус томилгооноос өөр нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл алга. Иргэдийн амьдрал дордсон уу гэхээс дээрдсэнгүй. Дээр нь, төрийн алба тогтворгүйтэж, халаа сэлгээний золиос болсон төрийн албан хаагчид шүүхийн үүдэнд хэдэн арваараа дугаарлаж зогсдог болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт хувийн ажил амжуулах санаатай Улсын бүртгэлийн ерөнхий газраар оров. Төрийн алба л болсон хойно хөл ихтэй, хүнд сурталтай хэвээр угтсан. Харин дээр нь хов сонсож, энэ байгууллагын үйл ажиллагаа урагшлахаас илүүтэй ухарч байгааг дуулаад, хэдэн хүнтэй уулзаж баримт цуглуулав.
Ц.ПҮРЭВДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?
Тус байгууллагын дарга Ц.Пүрэвдорж АН-ын угшилтай нэгэн аж. Тэрээр 2012 оны есдүгээр сард УБЕГ-ын даргаар анх томилогджээ. Н.Алтанхуягийн тусламжтайгаар даргын суудалд тухалснаас хойш түүний хийж чаддаг ганц ажил нь халаа сэлгээ болж хувирсан гэдгийг мэдэх нэг нь хэлж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2010 оны наймдугаар сараас Монгол Улсын хэмжээнд эхлүүлсэн иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний цахим үнэмлэх олгох ажил, програмын шинэчлэл зэрэг томоохон ажлууд нь Ц.Пүрэвдоржтой огт хамаагүй бөгөөд өмнөх дарга нарын үед санаачлан хэрэгжүүлж байсан ажлууд гэдгийг тус байгууллагынхан хэлж байв. Эрхэм даргыг ингэж халаа сэлгээ, томилгоон дунд тархиа гашилгаж суух зуур тус байгууллагад хүний нөөцийн бодлого алдагдаж, тойрон хүрээлэгчдийн дур зоргоороо авирладаг газар болсон гэдгийг хэл ам хэрүүл тэмцэлтэй ажлын байраа авч үлдсэн хүмүүсийн зарим нь хэлж байна. Мөн тэрээр зөрчил гарган сахилгын шийтгэл авсан ажилтныг дэвшүүлэн ажиллуулах, хуурамч бичиг баримт үйлдсэн ажилтныг сахилгын шийтгэл ногдуулах төдийхнөөр аргалаад өнгөрөөдөг “Төрийн албыг танилын алба” болгож хувиргасан гэх мэт зөрчил дутагдал ихтэй нэгэн бололтой. Дээрээс нь энэ байгууллагад ажлын байрны архидалт газар авсан гэдгийг хэлж байсан.
Халаа сэлгээ хийсэн нотлох баримтууд
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж саяхан олон хүнийг ажлаас нь хомроголон халжээ. Бичиг цаас бариад гүйж яваа цөөнгүй хүнтэй уулзаж, зарим зүйлийг асууж тодрууллаа. Мөн энэ халаа сэлгээг хууль бус гэж үзэж буй зарим үндэслэлийг баримтаар жагсаав.
Баримт 1.
Долоон сартай жирэмсэн эмэгтэй Б.З-г ажлаас нь халсан байна. Тэрээр Ц.Пүрэвдорж даргатай уулзаж учраа хэлэхэд, ”Жирэмсэн гэдгийг чинь бид мэдээгүй. Газрын дарга нэрийг чинь өгсөн. Битгий асуудал болгоод байгаарай” гэж хэлсэн байна.
Баримт 2.
Мэргэжилтэн Х.Э нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Гэтэл энэ хүнийг Иргэний бүртгэлийн газрын цомхотгох орон тоон дээр шилжүүлэн ажлаас нь чөлөөлж, түүний хуучин эрхэлж байсан албан тушаалд шинээр хүн авсан байна.
Баримт 3.
Ажлын байр нь хасагдсан хэлтсийн дарга нарыг ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа Улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд гулгуулан томилж, тухайн албан тушаалд ажиллаж байсан зарим ажилтныг ажлаас нь чөлөөлж, заримыг нь өөр албан тушаалд томилжээ.
Баримт 4.
Цомхотгол болохоос өмнө ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн ажилтан С.Ч-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр өөр ажилтныг цомхотгол нэрээр ажлаас чөлөөлж, бүтцийн өөрчлөлт хийсний дараа хүсэлт гаргасан ажилтныг ажлаас чөлөөлж, тухайн ажлын байранд Б.Г гэдэг хүнийг шинээр авч ажиллуулсан байна.
Баримт 5.
Улсын бүртгэгч нарыг ажлаас чөлөөлсөн атлаа СХД-ийн Бүртгэлийн хэлтэст хоёр, БЗД-ийн Бүртгэлийн хэлтэст нэг улсын бүртгэгчийг шинээр томилсон тушаалыг зөрүүлэн гаргаж томилгоо хийсэн байна.
ХҮЧИНГҮЙ БОЛСОН ТОГТООЛ АЖЛААС ХАЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ
Ц.Пүрэвдорж нь 2015 оны гуравдугаар сарын 9-нд “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаартай тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчдыг цомхотголд оруулахдаа 2012 оны Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай 43 дугаар тогтоол, 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалыг үндэслэл болгосон байна. Гэтэл дээр дурьдсан 43 дугаар тогтоол нь 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолоор хүчингүй болсон гэдгийг төрийн албаныхан хэлж байна. Тиймээс нэгэнт хүчингүй болсонд тооцсон эрх зүйн актыг үндэслэл болгосон нь түүний шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж болохоор байна. Түүнчлэн бүтцийн өөрчлөлт хийхдээ эрхэм дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 16.4-д заасныг зөрчин томилгоо хийсэн байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчин орон тооны цомхотголд орсон ажилтнуудад 30 хоногийн өмнө мэдэгдээгүй байна. Мөн хуулийн 40.1.1, 40.1.2, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4 дахь заалтуудыг тус тус ноцтойгоор зөрчжээ. Ажлаас халагдсан хүмүүсийг орон тооны цомхотголд оруулахдаа уг ажил, албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг огт харгалзаж үзээгүй байна. Дээрх хүмүүс нь бүгд тус байгууллагад 5-15 жил ажилласан, ажлын дадлага туршлагатай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, хийсэн бүтээснээ төрд үнэлүүлсэн гавьяа шагналтай шилдэг ажилтнууд байна.
Хамгийн гол нь энэ цомхотголд долоон сартай жирэмсэн эх, өрх толгойлсон эх, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, олон жил ажилласан туршлагатай албан хаагчид хамрагдсан нь эрхэм даргын хууль эрх зүйн мэдлэг, шударга үнэнч байдлыг илтгэж буй хэрэг юм.
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭН МӨРДӨЖ БАЙНА ВЭ?
Улсын бүртгэлийн ерөнхий газрыг одоо зохион байгуулалтын бүтцээр нь авч үзвэл газар нь хэлтэсгүй, хэлтэс нь тасаггүй болж өөрчлөгджээ. Агентлагийн удирдлага нь 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалыг хэрэгжүүлэхдээ хууль журмын дагуу, оновчтойгоор хийж чадсангүй. Харин ч уг тогтоол, тушаалыг далимдуулан өөртөө ашигтай байдлаар шийдвэр гаргажээ.
Ц.Пүрэвдорж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу орон тоо хасагдсан хэлтсийн дарга нарыг, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд томилж, тухайн ажил, албан тушаалд ажиллаж байсан ажилтныг ажлаас нь чөлөөлжээ. Мөн 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдөр 388 дугаартай тушаалаас хойш шинээр ажилтан авсаар байгаа нь ажлаас чөлөөлөгдсөн ажилтныг хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангах боломжтой байсан гэдгийг харуулж байгаа юм. Энэ мэтчилэн салбарын дарга нь ажлаа мэддэггүй, хүмүүсээ таньдаггүйгээс болж, мэргэжлийн хүмүүс нь ажлаас халагдаж оронд нь мэдлэг ур чадвар муутай хүмүүс орж ирснээс УБЕГ ойрын өдрүүдэд эмх замбараагүй байгаа аж.
Хэрэв эрхэм дарга хууль журмынхаа дагуу ажилласан бол бүтцийн өөрчлөлт хийх болсон тухайгаа албан хаагчдад дуулгаж тэднээс санал авах ёстой байсан. Мөн бүтцийн өөрчлөлт хийж орон тоог цөөрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан байхад томилгоо хийхгүй сул орон тоог хэмнэх ёстой байтал шинээр ажилтан авч, шинээр томилогдсон болон түр ажилтан нар нь энэ цомхотголд хамрагдаагүй үлдсэн хууль бус халаа сэлгээ, шударга бус томилгоо болсон гэсэн хардлагыг төрүүлж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга С.Алтангэрэлээс ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа асуухад “Би энэ асуудлыг огт мэдэхгүй” гэсэн хариултаар өөрийгөө халхалсан байна.
Харин бидний асуултад тэрээр “Засгийн газрын 387 дугаар тогтоолыг үндэслэн энэ цомхотголыг хийсэн” гэхээс өөр тайлбар хийсэнгүй. Тиймээс цомхотголд орсон хүмүүс Улсын бүртгэлийн ерөнхий газарт шударга ёс үгүй болж олны эрхийг уландаа гишгэж, цөөн хүний эрх ашгийг дээгүүр тавьж буй үйлдлийг хянуулахаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарт хандаад байгаа аж.
Б.Мөнх
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: