Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон уу
Ардчилсан хувьсгалыг хийж Үндсэн хуулиндаа өөрлчлөлт оруулсан тэр өдрөөс хойш хорь гаруй жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд эцэг хуулийн зарим зүйл заалтууд алдаатай болсон гэж үзэх хүмүүс ч олон байдаг. Хуулчид ч үүнийг хүлээн зөвшөөрдөг юм.
Тэгвэл саяханаас УИХ дахь нам, эвслийн бүлгүүд дуу нэгтэйгээр үндсэн хуулиндаа “гар хүрэх” хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж эхэлсэн. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд өөрлчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулаад байгаа. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван ч удаа хуралдаж асуудлаа хэлэлцжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал өмнөх парламентын үед ч яригдаж байсан бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Энэ журмын дагуу өөрчлөлтүүдийг хийхээр зэхэж байгаа. Энэ хуулийн зарчмаар бол Үндсэн хуульд заасан өнөөгийн хүний эрх, эрх чөлөө, төрийн тогтолцооны одоогийн гол зарчмуудыг хөндөхгүй гэж зааж өгсөн. Тухайлбал парламент, Ерөнхийлөгчийн институц, гүйцэтгэх засаглалын хоорондын ажил үүргийг хуваарилалтыг боловсронгуй болгож өгөх юм. Эдгээрээс гадны шүүх эрх мэдлийн өмнө тавигдсан гол зарчмууд хадгалагдаж үлдэх үлдэх ёстой гэж үзэж байна.
Өөрлчөлт оруулах гэж буй гол чиглэл нь Засгийн газар болон УИХ-ын хамаарал, эрх мэдлийг зааглаж өгөх асуудал юм. Тодруулбал Засгийн газрын сайд нарыг УИХ-аас томилдог байсан бол энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг л зөвх их хурал томилдог. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь өөрийн танхимаа бүрдүүлдэг болох аж. Мөн халаа, сэлгээгээ зөвхөн Ерөнхий сайд хийх боломжтой болгох зэрэг санаанууд явж байгаа гэнэ. Дээрээс нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тусгайлан ангилж өгөх, түүнийг ард түмний сонгуулиар бус парламентын танхимаас сонгодог байя гэсэн санаанууд ч яригдаж байгаа. Парламентын гишүүдийн тоог нэмэх, дээд доод гэсэн хоёр парламентын асуудал ч давхар хөндөгдөж эхэлжээ.
Харин иргэд энэ цаг үед эрх барьж буй хүмүүс Үндсэн хуулийг өөрсдий эрх ашигт нийцүүлэн өөрчлөх вий гэсэн хардлага явж байна. Өөрөөр хэлбэл эцэг хуулинд өөрчлөлт оруулах нэрээр өөрсдийн талд асуудлыг шийдэж, эрх мэдлийн хуваарилалтыг эрх баригчид өөрсдийн талд ашигтайгаар зохицуулах нь гэсэн таамаг ч бий.
Жишээлбэл энэхүү өөрчлөлтийг хамгийн ихээр дэмжиж буй хүн нь Ерөнхийлөгч байгаа гэнэ. Учир нь тэрээр дараагийн сонгуулиар Ерөнхийлөгчийн суудлаа өгөх нь тодорхой учраас гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд болохоор бэлтгэл ажлаа хийж эхэлсэн аж. Тиймээс Ерөнхий сайдын үүргийг илүү тодорхой болгож, эрх мэдлийн чиг үүргийг улам боловсронгуй болгон нэмэгдүүлэх гэж байна гэсэн яриа гадуур ч давхар чих дэлсэж эхлэв.
Мөн одоо байгаа Үндсэн хуулинд зааснаар бол уг хуулийг өөрчлөхийн тулд бүх ард түмнээс санаа бодлыг нь асууж, санал авах ёстой. Түүнээс биш дээр байгаа хэдэн хүн өөрсдийн мэдлээр ажлын хэсэг байгуулан эцэг хуулийг өөрчлөх эрх байхгүй. Ийнхүү өөрчлөхөөр завдаж байгаа нь цаагуураа өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэсэн санаархалтай байна гэх таамаг ч байгаа.
Ямартаа ч энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх хамгийн чухал хуулийн төсөл бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал юм. Эцэг хуулиа өөрчлөхдөө ард түмнийхээ санаа бодлыг тусгаж, хариуцлагатайгаар нягталж үзэж байж хийхгүй бол 2000 оны “дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг шиг зүйл болох вий дээ.
залуу.ком
URL: