Нийтийн үйлчилгээ, инженер хангамжийн байгууллагуудад гамшгаас хамгаалах албан даалгавар хүргүүллээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах албан даалгаврыг хүргүүллээ.
Албан даалгаврыг Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газар НӨҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар НӨҮГ , Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар НӨҮГ, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д албан бичгээр хүргүүлсэн. Эдгээр байгууллагад доорх чиглэлээр гамшгаас хамгаалах ажлыг зохион байгуулж биелэлтийг нь эргэн тайлагнах юм. Үүнд:
- Гамшгийн үед гарч ажиллах хүч хэрэгслийн судалгаа, шуурхай ажиллагааны схем гаргах
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн шуурхай зохицуулах үйл ажиллагаатай уялдуулах
- Цагийн байдал, аваарын нөхцөл байдлыг зөв үнэлж, шуурхай бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарийг тодорхой, оновчтой болгох, нөөцийн хөдөлгөөнийг зөв хийх дадал эзэмших
- Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааны дүрэм, зааварчилгааг тогтмол өгч хэвших
- Шуурхай ажиллагааны ажил явагдах объектын ойролцоох талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах зурвас, тэмдэг тэмдэглэгээг байршуулах, гарч ажиллах шуурхай ажиллагааны албыг томилох
- Штабын дадлага явуулж, мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг дадлагажуулах ажлыг улирал бүр зохион байгуулах
- Шуурхай ажиллагааны явцад бусад байгууллагаас гарсан нөөцийн зардлыг хугацаа алдалгүй нөхөн төлж байх, болзошгүй аваарийн үед гарч ажиллах хүн хүчний бэлтгэл бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.
URL: