Ц.Шинэбаяр: Албан тушаалгүй болохоор амьдралгүй болсон мэт хүлээж аваад байх юм
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг улс төрийн шинэ нам байгуулах гэж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Сүүлийн үед таныг шинэ улс төрийн нам байгуулах гэж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Энэ ажил ямар явцтай байгаа вэ?
-Яг тийм шийдвэр гаргаагүй. Одоогоор тэгж яриагүй байна.
-Тийм бодол байна уу?
-Бодлыг одоогоор хэлэхэд хэцүү байна. Надад одоогоор товлосон зүйл алга.
-Та цаашид аль улс төрийн намд харъяалагдаж явна гэсэн үг юм бэ?
-Улс төрийн нөхцөл байдал хаашаа явах вэ гэдгийг харна. Одоо “Тавантолгой” гээд нэг бүтэлгүй юм явж байна. Энэ хаашаа эргэхийг харж байна. Энэ ордын асуудлыг аль нэг улс төрийн хүчин өөрийнхөө эрх ашигт нийцүүлж, улс орны эрх ашгийг хөндөх вий гэдэгт анхаарлаа хандуулж байгаа. Тавантолгойн асуудал Үндэсний аюулгүй байдал дээр очоод гацсан. Угаасаа ч гацах ёстой зүйл. Манайд улс төрийн намуудад хэтийн болон ойрын бодлого алга. Нэгэнт бодлого байхгүй учраас нэг газар очоод сүйрнэ. Эрх баригчдын ухаан нь дуусаад аргаа бараад сонгуулийн хуулиа батлаж чадахгүй байна. Ийм мухардалд орсон учраас би зөвшилцлийн хэлбэрээр гарцаа хайя гэж байгаа юм.
-Намын харъяаллын хувьд яана гэсэн үг вэ?
-Намайг сонгуульт ажлаасаа татгалзсаныг манайхан гайхаж хүлээж аваад байх юм. Зүгээр намын сонгуульт албан тушаалаас татгалзах нь байдаг зүйл. Албан тушаалаас татгалзахаараа би айхтар ангал руу унасан юм шиг гайхаад, хүмүүс олс авч ирээд намайг татаж аврах ёстой юм шиг төсөөлөөд байх юм. Би энэ үйлдлээ хэвийн зүйл гэж бодож байгаа.
-Тэгэхээр таныг МАХН-аас өрх тусгаарлах бодолгүй байгаа гэж ойлгож болох уу?
-Ирэх сонгуулийн өнгө ямар байхыг одоо хэлж мэдэхгүй байна. Сонгууль нь болох юм уу, үгүй гэдэг мэдэгдэхгүй байна. Хуулиа ч батлаж чадаагүй байгаа болохоор сонгуулийн талаар яримааргүй байна.
-Таны дэд даргын албан тушаалаас татгалзах хүсэлтийг Н.Энхбаяр дарга яаж хүлээж авсан бэ?
-Хүн болгон л янз бүрээр хүлээж авах байх. Энэ бол хэвийн зүйл. Албан тушаалын төлөө амьдардаг хүмүүс Монголд олон байгаа учраас үүнийг гайхаж хүлээж аваад байна.
-Албан тушаалын төлөө амьдардаг гэж Н.Энхбаяр даргыг хэлж байгаа юм уу?
-Би яг одоо Ерөнхийлөгчийн зөвлөх М.Зоригттой адилхан байдалд байна. Тэр хүн Тавантолгойн талаар маш их зүйл ярьж байгаа. Энэ хүн Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар ийм зүйл ярьж байгаа юм уу, эсвэл ИЗ-НН-ын дэд даргын хувиар яриад байгаа юм уу, хувь гишүүнийхээ хувьд ярьж байгаа юм уу ойлгомжгүй байгаа. Би үүнийг нь Ерөнхийлөгч, ИЗ-НН-ын байр суурь биш. Хувь хүний үзэл бодол гэж бодож байна. Үүнтэй адилаар би хувь гишүүнийхээ байр суурийг л илэрхийлж байна. Намайг нэг зүйл ярихаар МАХН-ын байр суурь болж харагдаад байна. Гэтэл зүгээр би хувь гишүүнийхээ байр сууринаас ярих нь чухал.
-МАХН-ын нарийн бичгийн дарга нар албан тушаалаасаа татгалзсан нь таны албан тушаалаасаа татгалзсантай холбоотой юу?
-Үгүй. Энэ бол хувь хүмүүсийн шийдвэр байсан. Хувь хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшлээр гаргасан шийдвэр. Өнгөрсөн 20 жилд бид нам, бүлэглэлийн төлөө улс төр хийдэг байсан. Харин одоо ард түмний төлөө улс төр хийх цаг болсон.
-МАХН-ын нэрийн асуудлыг МАН дахиад яриад байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Үүнийг ярих шаардлага байхгүй. Улс орны чухал асуудлууд гацаанд орсон байхад намын нэр, наамдын бөх энэ тэр ярьсан шиг яаж суудгаа болимоор байна.
URL: