Хоёр ”Э” замд гарлаа
Ардчилсан намд өрнөх байх гэж таамаглаж буй, Ардын намд өрнөж буй сүүлийн үеийн үйл явцыг хоёр Э эхлүүлж, бас үргэлжлүүлж байна. Ардын намынхан “Хувьсгалт” гэсэн үгээ ад үзээд нэрнээсээ хусаад хаячихлаа. Үүнийг анхнаасаа эсэргүүцсэн нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Хуучин үе шигээ санаж массыг дагуулна гэж бодсон ч түүнийхээр болоогүй. Эсэргүүцсэн санал нь салхины өөдөөс нулимахтай адил МАХН-ын их хурлын танхимд ялаа ч үргээхээргүй жулдсан нь үнэн. Гэхдээ цаст уулын цагаан арслан бууж өгөх тун дургүй байна. “Хувьсгалт” гэсэн үгэнд хайртайдаа юу, эсвэл өөрийг нь хүн чинээ харахгүй байгаа, улстөрд хөтөлж оруулсан энэ насандаа авлагатай гэж боддог хүмүүст шаралхахдаа ч тэр үү, Н.Энхбаяр гомдолтой явна. Хэдийгээр С.Батболд, У.Хүрэлсүх нар түүнийг шинээр эмхлэн байгуулсан намынхаа Бага хуралд оруулснаар амыг нь таглана гэж тооцсон ч байдал дээрдсэнгүй.
Өөрт нь одоо шарваганаж үлдсэн хэдхэн л хүн байна. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, судлаач С.Молор-Эрдэнэ, жигүүрийн Н.Удвал нарын саяхан байгуулсан МАХН-ын төв штаб бол түүний сэдсэн санаа гэдэг нь тодорхой. Бага хурлын гишүүн төдийхнөөр хууртахгүй гэсэн Н.Энхбаярын эгдүүцэл ийн Ардын намынхны зүг штабын зохион байгуулалттай тэмцэл болон өргөжихөөр бэлтгэлдээ оржээ. Үйл явцын өрнөлийг өнгөц харвал тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй мэт харагдаж буй. Яаж ч бодсон өөрийнх нь залж чиглүүлж байсан тэр намын хүчирхэг аппарат өнөөдөр нэр нь л өөр болсон болохоос тэр чигээрээ өөрийнх нь эсрэг ажиллаад эхэлбэл түүний бяр дутна. МАХН-ыг нэг бус удаагийн сонгуульд босоо гаргаж байсан хажуудах хамтрагчид нь ч одоо түүнд алга. Ийм нөхцөлд баруун, солгойгүй тэмцэнэ гэдэг хэцүү. Тэгээд ч Ардын намынхантай нэгийгээ үзээд ч өнөөдөр эцсийн дүндээ цаг хугацаа, хөрөнгөө л дэмий үрсэн хэрэг болно. Эрх зүйн талаасаа ч Дээд шүүх Ардын намын талд бүх гарцыг нээгээд шийдвэр гаргачихлаа. Хэдийгээр Ц.Шинэбаяр гишүүний “Ямар нэгэн арга байж л таарна, МАХН-аа хуучнаар нь авч үлдэх болно” гэсэн тайлбараар бол хуулийн дор амьдрахын эсрэг тэд зогсохоос өөр аргагүй. Гэхдээ манайхан их өрөвч улс гэдэгт МАХН-ын төв штабынхан найдаж байж болох юм. Үнэхээр Н.Энхбаяр ганцаарджээ гэсэн өрөвч зан нь хөдөлбөл ямар ч нэртэй байсан яах вэ, Н.Энхбаяраа л дагана гээд зүтгэх хүмүүс бол зөвхөн монголчууд гэдгийг тэд тооцсон байж ч мэднэ. Ялангуяа Ардын намын өмнөх зууны дундаас хойшхи үеийн “Хувьсгалт” намынхан ийм алхам хийж магадгүйг бас бодсон ч юм билүү. Ямар ч байсан нэгэнт болоод өнгөрсөн, хуулийн талын шийдвэр нь гарчихсан уг үйл явцын араас нэхэл дагал болж зүгээр ч нэг хөдлөх хүн бол Н.Энхбаяр биш. Гэхдээ энэ бүхний ард тэр байгаа нь эргэлзээгүй. Нийгэмд ил харагдаж ул болохгүй гэсэн түүний санаа МАХН-ын их хурлын өмнө Н.Дашзэвэг, Н.Удвал нараар эхэлж байсан. Тэднийг намынхан нь ч, нийгэм ч хүлээж аваагүй болохоор тэр өнөөдөр тактикаа өөрчилж, парламентад сууж байгаа ганц хүнээ эцсийн найдвар болгож эсэргүүцэгчдийнхээ тэргүүн эгнээнд зогсоолоо. Тэр нь УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр. Түүний хувьд цаашдаа Ардын намынхантай хөл нийлэхгүйгээр барахгүй МАХН-аа хэвээр нь авч үлдэх, болохгүй бол ийм товчлол бүхий нэртэй нам байгуулахаа илэрхийлээд байна. Сонирхолтой нь Н.Энхбаяраас тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа гэж байгаа нь үнэмшилгүй сонсогдсон юм. Саяхан нэгэн сонины хуудаснаа экс Ерөнхийлөгчийн гэрээс уг штабынхан гараад явж буй халуухан гэрэл зураг нийтлэгдсэн байсан. Тэгэхээр яаж ч мэлзээд Н.Энхбаяр МАХН-ын төв штабынхны ард байгаа гэсэн үг. Ардын нам тойрсон Н.Энхбаярын дэглэлтээр өрнөж буй үйл явдлын нөгөө талд Ардчилсан намынхан ч нойрноосоо сэрж, хөдөлгөөнд ороод байна. Эрх баригч өөр нэг гол хүчний хувьд хөршөөсөө санаа авсан уу, яасан жирийн гишүүн, дэмжигчид гэж өөрсдийгөө нэрлэсэн залуусын янз бүрийн нэртэй үг, үйлдэл өндөр авлаа. Намдаа хаягласан тэдний энэ алхам бүрийн цаад зорилго нь өнөөдөр болох ҮЗХ-ны хуралд зориулагдсан гэдэг нь тодорхой. Мэдээж ард нь УИХ-ын гишүүн З.Энхболд байгаа. Ардчилсан намын ҮЗХ-ны хуралд намын удирдлагаасаа илүү санаа тавьж, эртнээс бэлтгэсэн нь тэр байсан. АН-ыг аврахын тулд Н.Алтанхуягаас намаа салгаж авах явдал гэж ил зарлаад ч удлаа. Ажиглаад байхад АН-ынхан сүүлийн үед удирдлагаасаа ганц л юмыг нэхээд байгаа. Тэр нь намын шинэчлэл. Шийдэх олон асуудлын гол гогцоо, бас шантааж нь энэ болоод байна. Намын шинэчлэл ярихын тулд юун түрүүнд ҮЗХ-ны хурлын үеэр гишүүдийн саналын давуугаар ээлжит бус их хурал хуралдуулах шийдвэр гаргуулах явдал нэн чухал байгаа. Хэрэв ингэж чадвал намын даргыг өөрчлөх, дотоод шинэчлэлийг бодитоор гаргаж тавих боломж тус намд, шулуухандаа З.Энхболдод нээлттэй болох билээ. Тиймээс ойрын үед намын даргыг өөрчилье гэхээсээ илүү ээлжит бус их хурлыг яаралтай хуралдуулмаар байна гэсэн сурталчилгааг Ардчилсан хүчний холбооноос гардан зохион байгуулж байна. “Ээлжит бус их хурлын төлөө”, “Хүрээ дугуйлан”, Ардчилсан намаа сэрээх клуб гээд хэдхэн хоногийн дотор хэд хэдэн сайн дурынхан буй болов. Зорилго төдийгүй хэлж, ярьж байгаа нь яг нэг өнгөтэй. Н.Алтанхуягаас болж Ардын намынхантай анх “унтсан”, одоо эргээд харахад намдаа хийсэн юу байна, шилэн байр ч үгүй, өндөр ордон ч үгүй гэсэн гол хэдэн санаагаар тэдний үгийг багцалж болно. Нам доторхи нам шиг, эсвэл ямар нэгэн сонгуулийн өмнө өрнөдөг рекламны дайралт шиг ойрдоо телевизийн суваг болгоноор тус холбооны лого бүхий уриалга хөвөрч байна. Тэгэхээр З.Энхболд өнөөдөр эхлэх ҮЗХ-ны хуралд ихээхэн найдлага тавиад зогсохгүй, хөрөнгө харамгүй цацаж байна гэсэн үг. Үнэхээр АН-ын дарга болохыг тэр маш их хүсчээ. Гэтэл Ардчилсан намын зүгээс ҮЗХ-ны хурал болох гэж байна гэсэн ганц зар ч зурагтаар гаргасангүй. Бодвол дэмий санагдсан юм байлгүй. Үүнээс гадна саяхан З.Энхболд Н.Алтанхуягтай уулзаж тохироо хийх санал тавьсан ч өнөөх нь тоймтой хариу хэлээгүй гэнэ. Тэрбээр, “Чи засагтаа үлд, би намаа аваад явъя” гэсэн ч Н.Алтанхуяг дүлэгнээд л өнгөрч. Тиймээс тэр ҮЗХ-нд хэн нь хүчтэйгээ үзэхийн тулд ойрноос ийнхүү идэвхижиж эхэлсэн байх. Ардчилсан хүчний холбооны гол төлөөлөл С.Эрдэнээг хүртэл өөрөө долоо хоногийн өмнө эхлүүлсэн “Зангиагүй уулзалт”-ын цувралдаа татан оролцуулав. Эцэст нь түүний “Алтангадас”-ынхантай эхлүүлсэн уг дайн энэ хоёр хоногт өрнөнө. Хэний ялалтаар хэрхэн төгсөхийг таах аргагүй. Хүлээх л үлдлээ. Ардын нам, Ардчилсан намыг дотоодод нь хөдөлгөөнд оруулж, ойрын үед сонирхох юмтай байлгахаар хоёр Э ямар ч гэсэн замд гарав.
Н.МӨНХТӨВШИН
URL: