“Гоо сайхан, эрүүл мэндээрээ хохироод хулгайч нэр зүүсэндээ гомдолтой байна”

5851ca994e8907d2bigОдоогоос гурван жилийн өмнө Дархан-Уул аймгийн орон сууцны байранд ахуйн хий (гааз) дэлбэрч, гурван хүн бэртсэн таагүй явдал болсон. Дэлбэрсэн гааз нь “Дашваанжил” компанийнх байв. Харин энэ сарын 5 буюу пүрэв гаригийн 19.30 цагийн үед мөн тус компанийн гааз дэлбэрч, хоёр хүн гэмтэн, ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн XX хороонд байрлах “Дашваанжил гааз”-ын агуулахад хий дэлбэрч, тус компанийн худалдагч Нандинцэцэг, хий цэнэглэгч Энхтүвшин нар бэртжээ. Дэлбэрэлтийн улмаас тухайн агуулахын сэндвичэн дээвэр дээш шидэгдэн, хана нь нуржээ. Агуулахад байсан гааз болон хөргөлтийн хийн баллонаар юу хийж байсныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байна. Бид өчигдөр “Дашваанжил” компанийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер А.Мөнхбаяртай уулзахаар ажлын байранд нь очсон юм. Тэндхийн ажилчид дэлбэрэлтийн улмаас нурсан агуулахын тоосгонуудыг нь зөөж, ойр орчмыг нь цэвэрлэж байлаа. Ойролцоогоор 26 орчим сая төгрөгийн хохирол учирчээ. Ингээд А.Мөнхбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

А.МӨНХБАЯР: НУУЦААР БАЛЛОН ОРУУЛСНААС ДЭЛБЭРЭЛТ БОЛСОН 

-Та дэлбэрэлт болсныг хэзээ, яаж мэдсэн бэ. Таныг очиход нөхцөл байдал ямар байв?

-Манай аваарын хүлээн авахын албанаас 19.40 цагийн үед над руу “Компанид дэлбэрэлт болчихлоо, та ирээч” гэж ярьсан. Намайг ирэхэд Бараа материалын агуулахын дээвэр шидэгдэж, тал талаасаа нурсан байсан. Сонгинохайрхан дүүргийн хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа тэр орчмыг хамгаалалтад авч, хоёр ажилтан маань ГССҮТ-д хүргүүлсэн байсан.

-Тэр агуулахыг ямар зориулалтаар ашиглаж байсан юм бэ?

-Бараа материал хадгалж, хураадаг агуулах. Худалдаалах шинэ плитка, дагалдах тоног төхөөрөмжийг нь хадгалдаг. Баллоны зориулалтын агуулах гэж бий. Энэ агуулахыг битүүмжлэгдсэн гэрэл чийдэн, салхивчтай, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу барьсан. Бараа материалын агуулахад баллон байлгана гэдэг буруу. Нууцаар баллон оруулснаас дэлбэрэлт үүссэн.

-Тэгэхээр хэн яаж баллон оруулсан байх вэ?

-Манай компанийн худалдагч Нандинцэцэг тэр үед эрхлэгчийн үүргийг түр орлож байсан юм. Дэлбэрэлт болсны дараа тэнд байсан баллонуудыг цагдаагийн газар шалгахаар авч явсан. Нандинцэцэг, баллон цэнэглэгч Энхтүвшин нар тэдгээр баллоныг агуулахад оруулсан байх магадлалтай.

-Хяналтын камераас харахад энэ хоёр хүн тус агуулах руу дөрвөн өдөр дараалж орсон гэсэн мэдээлэл байх юм.

-Нандинцэцэгийн хариуцсан агуулах учраас тийшээ орж, бараа материалаа тоолдог байж болох юм. Тухайн хоёр ажилтныг орсноос хойш хоёр минутын дараа дэлбэрэлт болсон байна лээ. Тэднийг агуулах руу ороход хий үнэртсэн байх учиртай. Хаалга хаахгүйгээр гэрлийн унтраалга дарах боломжтой. Гэтэл хаалгаа хаагаад хоёр минут орчим юу хийв, мөн зориулалтын бус газар баллон байсан нь сэжигтэй. Тиймээс цагдаагийн газарт шалгуулахаар болсон.

-Тэр хоёр баллон оруулж байсан нь бичлэгт үлдсэн юм уу?

-Үгүй

-Та эмнэлэгт хэвтэж байгаа хоёр ажилтантайгаа уулзсан уу?

-Уулзсан. Хоёр ажилтан маань түлэгдэж гэмтсэнд маш их харамсаж байна. Эрүүл мэнд нь хэвийн болтол анхаарал хандуулна. Эмчилгээнд нь эхний удаад 100.000 төгрөг өгсөн.

-Тэд энэ компанид хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Нандинцэцэг гурав, Энхтүвшин жил гаруй ажиллаж байна.

-Тэдний нэг нь өмнө нь хулгайн хэрэгт холбогдож, ажлаасаа сануулга авч байсан гэх юм. Энэ үнэн үү?

-Тийм. Нандинцэцэг тийм хэрэгт холбогдож байсан.

Үүний дараа бид ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй О.Нандинцэцэгтэй уулзлаа. Түүнийг найман хувийн түлэгдэлтэй гэж эмчлэгч эмч нь хэлэв. Тэрбээр нүүр гар буюу ил харагдах хэсэгтээ ихээхэн түлэгдсэн байв. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

О.НАНДИНЦЭЦЭГ: ГОМДОЛГҮЙ ГЭЖ ХЭЛБЭЛ КОМПАНИ ЧАМАЙГ ГОМДООХГҮЙ ШҮҮ ГЭСЭН

-Таны бие яаж байна. Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Даралт өндөр. Толгой, нуруу маш их өвдөж байна. Нүүр, гар минь ямар байгааг чи харж байна шүү дээ. Эгч нь гоо сайхан, эрүүл мэндээрээ хохироод эцэстээ хулгайч нэр зүүсэндээ үнэхээр гомдолтой байна. Мөнгөтэй хүмүүс өөрсдийгөө хамгаалж, хүнийг золиосолж чаддаг юм байна. Гэхдээ хууль сахиулах байгууллагынхан нэг компанийн эрх ашгийн төлөө биш, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй үнэнч шударга ажиллана гэж найдаж байна.

-Гааз юунаас болж дэлбэрсэн юм бэ?

-“Дашваанжил” компанийнхан бид 17.00 цагт ажлаа дуусдаг гэж ярьж байгаа боловч тийм биш. Хувийн байгууллага учраас биднийг 21.00 цаг хүртэл ажиллахыг шаардаж, ингэж ажиллахгүй гэхээр “Мөнгөнд дургүй гуйлгачин минь” гэж загнадаг. Одоо ажлын цаг дууссаны дараах бүх бичлэгийг устгасан байх. Би өөрийнхөө хариуцсан агуулахаас хулгай хийвэл өөрөө л төлбөрт унана биз дээ. Гэтэл намайг баллон оруулж, хулгай хийж байсан мэтээр ярьж байна. Би энэ байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч байсан. Хулгайч хүн шилдэг ажилтан болох уу. Би ажлаа дуусгахдаа баллон цэнэглэгчээ унтраагаад эргэж агуулахаа шалгадаг. Тэндээс хулгайд юм алдаж, өрөнд орж байсан учраас өглөө, оройдоо байнга шалгадаг юм. Тэр орой баллонд хийдэг редуктор авах зорилготой орсон. Хамт ажилладаг Энхтүвшин гэдэг залууг гадаа зогсож байхаар нь агуулах руу хамт оръё гэсэн юм. Тэгээд гэрлийн унтраагуураа дараад редуктор авах гэтэл унтраагуур маасалсан. Юу юугүй нүүр лүү гал маналзаад, нуруун дээр хүнд юм унасан. Тэгээд цааш гүйгээд түгээгчийнхээ өрөөнд орж, ажлынхаа хүлээн авах руу залгаж тусламж гуйсан. Хүмүүс ч гүйгээд ирлээ. Ухаан орж гараад байхад Сарангэрэл захирал намайг “Хамаг юм сүйтгэчихлээ” гээд харааж зүхээд байх нь сонсогдсон. Бид хоёрт тэд түргэн тусламж ч дуудаж өгөөгүй. Харин хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа түргэн дуудаж өгсний ачаар бид эмнэлэгт хүргүүлсэн.

-“Тэр агуулахад баллон байх учиргүй. Гаднаас баллон оруулснаас дэлбэрэлт болсон” гэх юм.

-Тэр агуулахад бүр жил гаруй болж буй таван баллон байсан. Уг нь надад баллон хадгалдаг өөр агуулах байсан юм. Сарангэрэл захирал “Чи яасан олон агуулахтай юм. Наад баллонуудаа өөрийнхөө агуулахад хий” гээд баллон хадгалдаг агуулахыг Инженер техникийн албаны бараа материал хадгалах байр болгосон. Тэдгээр нь хэрэглэгчийн гомдлоор буцаагдсан баллон юм. Хоёр нь хонхойж, гэмтсэн байсан.

-Уучлаарай, таныг хулгайд холбогдож, сануулга авч байсан гэх юм.

-Хэрвээ надад сануулга ирсэн бол би байгууллагынхаа шилдэг ажилтан болох уу. Харин тэд сануулга бичээд он сарыг нь өөрчилж чадах л хүмүүс. Өнгөрсөн жил би бээлий өмсөлгүйгээр баллон цэнэглэж байгаад хоёр гараа түлж байсан. Үүнийгээ нуугаад л өнгөрсөн. Харин одоо бүхнийг илчлэхийг хүсэж байна. “Дашваанжил” компанийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер А.Мөнхбаяр эмнэлэгт ирж, надтай уулзаад “Цагдаа, шүүхээс шалгаад чиний зөв ч болж магадгүй. Гэхдээ чи гомдолгүй гэж хэлэх юм бол компани чамайг гомдоохгүй шүү” гэж хэлснийг манай өрөөнийхөн гэрчилнэ гэв. Тэдний хэн нь үнэн, хэн нь худал ярьж буйг шүүх, цагдаагийн байгууллага удахгүй тогтоох биз ээ. Ямартаа ч хоёр хүн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон нь л үнэн. Тэд зургаан сар салхинд гаралгүй, эмчилгээгээ сайн хийлгэвэл хоёр жилийн дараа эдгэх боломжтой аж.
баримт.мн


URL:

Сэтгэгдэл бичих