ЗАЛУУС БИД ӨНӨӨДРӨӨ БАРАГСАД БИШ, ТҮҮХ БҮТЭЭГЧ -ТОМ МӨРӨӨДӨЛТЭЙ НЭГЭН ҮЕ

-Монгол залуучуудын нийгмийн шинэчлэлийн их ажил гараанаас хөдөллөө-

Монгол бол залуу улс. Нийт хүн амын 40 хувийг ЗАЛУУЧУУД ЭЗЭЛДЭГ болохоор тэр. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх хандлагатай. Тухайлбал, 2025 он хүртэл манай  улсад хүн ам зүйн “цонх үе”  буюу хүн амд хөдөлмөрийн  насны, залуучуудын эзлэх хувь хамгийн их болох тааламжтай  үе эхлээд байна. Улс орнууд “цонх үеийг” үр дүнтэй ашиглахаар оновчтой  бодлого боловсруулж, түүнийгээ  хэрэгжүүлэх бүтэц, тогтолцоо, механизм бүрдүүлж хөгжилд хүрэхэд залуучуудаа ашигладаг. Товчхондоо, Монгол Улсын ирээдүй залуусын л гарт байгаа юм. Ийм тааламжтай үеийг ашиглаж чадахгүй бол 2025 оноос залуучуудын тоо буурч, ахмад  настан буюу тэтгэврийн насныхан хүн амын дийлэнх  хэсгийг эзэлж Монгол “хөгшин улс” болох аж. Тиймээс онцгой цаг үед амьдарч буй залуучууд идэвх санаачилгатай байснаар ЗАЛУУ ҮЕийн эрин ирэх нь дамжиггүй.

Нэгэнт цонх үедээ орчихсон Монгол Улсад залуучууд руу чиглэсэн  шат шатны бодлого дутагдалтай байгааг шүүмжлэх хүн цөөнгүй. Уг шүүмжлэлийн гол агуулга нь залуусын өмнө тулгарсан асуудал эрхэлж, дагнан хариуцсан төрийн байгууллага үгүй гэдэг санаа. Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд гэх зэрэг нийгмийн бүлгийг төр халамжилдаг ч хүн амын хамгийн чухал бүлэг залуучуудаа дэмждэггүй тал бий. Нөгөө талаасаа хөдөлмөрийн насны идэр эрчүүд, эмэгтэйчүүд төрөөс дэмжлэг нэхэх нь учир дутагдалтай учраас Монголын Залуучуудын холбоо /МЗХ/ бодлого хэрэгжүүлэгчээр ажиллахаар шийджээ. Урьд нь МЗХ өнөөгийнх шигээ идэвх санаачилгатай, нийгэмд зөвшөөрөгдсөн байр суурьтай байсан нь тоотой юм.

C0M_9028

Хаврын дунд сарын шинийн 8-ны өдөр Монголын Залуучуудын Холбоо V Их хурлаа 12 жил завсарласны эцэст зохион байгууллаа. Төрийн дуулал эгшиглэж, зүрхэн тус газраа баруун гараа барьсан зоримог залуусын харц нэг л холын зорилго тээсэн мэт байв. Эх орны уянга болсон төрийн дууллын араас халуун алга ташилт нижигнэж, морин хуур тэргүүтэй ардын хөгжим эгшиглэж ийнхүү МЗХ-ны V Их хурал эхэллээ. 2003 оноос хойш өөрчлөөгүй дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцэж, Ерөнхийлөгчөө сонгосон нь холбоондоо өгөөжтэй ажил. Харин гол дэмжигч залуустаа чиглэсэн бодит ажлуудын шийдвэр Их хурлаас гарч. Холбоо үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө бүх салбар, нэгжүүддээ хүргүүлэхээр болж, бүгдээрээ Шилэн дансны тухай хуулийг ажилдаа хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлж. Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тус хурлаар хэлэлцэн батлаад Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар шийдлээ. Уг бодлогын баримт бичгийг батлуулахад УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг” идэвхтэй ажиллах юм.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хурлын үндсэн илтгэл тавихдаа шинэчилсэн зорилго, алсын хараатай болсон байгууллагаа удирдан ажиллах саналаа танилцуулсан. Одоо оршин байгаа цаг үед “Өнөөдрөө барагсад” гэж шүүмжлүүлдэг залуусаа тэрээр Бид бол өнөөдрийг барагсад биш! Түүхийг бүтээгч, том мөрөөдөлтэй манай үеийнхэн…” хэмээн тодорхойлсон. “Бидний түүхэн зоригдол ба алтан үнэн” хэмээх илтгэлийн хоёр дахь хэсэгт өнгөрсөн түүхээс залуус бид сургамж авч цааш зоримог алхах хэрэгтэйг сануулж байлаа. Харин “Ирээдүйг угтаж мэдье, тосч бэлдье, тэсч үлдье” хэмээх гурав дахь бүлэгт нь чадварлаг, ухаалаг, зөв Монгол залуу хүн байхыг уриалсан юм. Өөр нэг онцлууштай зүйл нь холбоо бүтцийнхээ хувьд эрс өөрчлөгдсөн явдал. Үндсэн дүрмээрээ Монголын оюутны холбооны Ерөнхийлөгчийг МЗХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийн албанд шууд томилдог болсон тул Д.Батбаярыг үүрэгт ажилд нь хүлээн авсан. Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад О.Алтансүхийг шууд томилсон. Ингэснээр О.Алтансүх нь МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ын албан тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын хэд хэдэн албанаас татгалзаж буй юм. Эдгээр удирдлагаас гадна МЗХ-нд 16-40 хүртэлх насны үе үеийн төлөөлөл бүрээс нэг хүнийг сонгон Дэд Ерөнхийлөгчөөр ажиллуулахаар боллоо. Мөн таван хүний бүрэлдэхүүнтэй хариуцлагын хороо үүсгэн байгуулж М.Эрдэнэжаргалыг даргаар сонгожээ. Цаашид энэхүү хороо нь МЗХ-ны дотоод үйл ажиллагаатай холбоотой хяналт, зөвлөгөө, хариуцлагын асуудлыг эрхлэх чухал үүргийг гүйцэтгэх юм.

C0M_9056

Дотоод бүтцээ бүрэн шинэчилсэн МЗХ цаашид нийгмийн салбар бүрт хөдөлмөрлөж буй залуучуудаа бодитой дэмжих үүднээс их наяд төгрөгөөр хэмжигдэх чиглэлийн сангууд байгуулна. Үүний дотор хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Инновацийн сан байгуулах саналыг Засгийн газарт, мөн хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Залуучуудын орон сууцны зээлийн дэмжлэгийн сан байгуулах саналаа Монголбанкинд хүргүүлж ажил хэрэг болгоно. Инновацийн сан нь оюуны өмчийг бүтээл рүү хувиргах, мэдлэгийг баялаг болгон эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон зорилготой. Орон сууцны зээлийн сангаар дамжуулан хүн бүр Ипотекийн зээлд хамрагдах, зээлийн сангаас урьдчилгаа төлбөр, байрны зээлээ авах бүрэн боломж нээгдэнэ. Энэ мэтээр Залуучуудын боловсролын корпораци, Залуучуудын эрүүл мэндийн корпораци, Залуучуудын хөдөө аж ахуйн корпораци, Залуучуудын уул уурхайн корпораци гээд залууст нэн түрүүнд шаардагдах салбарын үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо.

Дөрөвдүгээр сарын 28-нд, шинийн аравны Балжиннямтай билигт сайн өдөр Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлыг товлолоо. Үндэсний залуучуудын зөвлөлийн 339  гишүүн, аймаг, сум, дүүргийн 119 гишүүнийг сонгох сонгуулийг гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулж бүрдүүлэх юм. ҮЗЗ ирэх II чуулган хүртэлх зургаан сарын хугацаанд УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн “хар жагсаалтыг” МЗХ-ны салбаруудаар дамжуулан аймаг, сум бүрийн оршин суугч, иргэдийн саналд үндэслэн гаргах юм. Ингэснээр аравдугаар сарын 2-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн хоёрдугаар хурлаар нэр дэвшүүлж болохгүй “хар жагсаалтыг” олон нийтэд албан ёсоор зарлана.

C0M_9259

Тавдугаар хуралдаанаар баталсан олон шийдвэрийн нэг нь МЗХ-оос эрхлэн гаргаж, олон нийтэд хүргэх хэвлэлийн шинэ эх үүсвэртэй болсонтой холбоотой. Цоо шинээр хэвлэн гаргасан “Залуу Үе” сэтгүүлийг улс даяар түгээх үүрэг холбооныхонд оногдсон. Мөн 24 жилийн дараа дахин мэндэлсэн “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийг МЗХ-ны салбар, нэгж, холбоо, хороо бүхнээр дамжуулан 330 сумдад түгээж эхэлсэн байна. Энэ мэтээр тавдугаар Их хурлаас 30 гаруй тогтоол гаргаснаар их ажил гараанаас хөдөлжээ.

Ийнхүү тавдугаар Их хурал амжилттай болсныг мэдэгдээд Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хааж үг хэллээ. Тэрээр хоёр өдрийн турш хэлэлцсэн олон асуудал, ажил хэргээ аймаг, дүүргийн холбоод, салбар болон дэргэдэх байгууллагууд цөм сарын дотор эхлүүлсэн байхыг үүрэг болгоод танхим дүүрэн хурайлсан юм. Түүхийн цоо шинэ хуудсыг хамтдаа эхлүүлж байгаагаараа бахархаж байна хэмээн залуучууд нэгэн дуугаар илэрхийлж омог бахархал, цаашид ихийг хийж бүтээх эрч хүчтэйгээр Төрийн дуулал эгшиглэж ёслол төгөлдөр эхэлсэн V Их хурлаа Халуун элгэн нутаг дуугаа дуулж, морин хуур эгшиглүүлэн залуучуудын тасралтгүй алга ташилтаар өндөрлөлөө.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих