Үндсэн хуулийг Н.Батбаяр, С.Баярцогт, Р.Гончигдорж, Н.Батцэрэг нар өөрчилчихдөг юм биш

huuliЭнэ үгийг УИХ-д суудалгүй Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Монголын либерал нам, Эх орончдын нэгдсэн нам болон “Эрс шинэчлэл” хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагууд дуу нэгтэй хэлж байгаа. Мөн тэдэнтэй саяхан АН-аас гарснаа зарласан Л.Гүндалай ч санал нэгтэй байгаагаа мэдэгдсэн. УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд төрийн ордон эл хуль оргиж байгаа ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэггэй ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр, бүрэлдэхүүнд нь багтсан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Оюун нар саарал ордноос гарч, орсоор яваа нь харагдаж байгаа нь чухамдаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүд чимээгүйхэн боловсруулагдаж байгаагийн  илэрхийлэл гэлтэй.

Өнгөрсөн лхагва гарагт Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтдаг УИХ-ын дэд дарга Л.Цог парламентад суудалгүй намуудын төлөөллийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үед УИХ-ын дэд дарга Л.Цог, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулиудад бруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийхдээ Монголын парламентыг сонгодог хэлбэрт оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогддогийг болиулах, УИХ хоёр танхимтай байх зэрэг 15 асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах саналтай байгаагаа дуулгасан юм. Мөн намын бүтэц ямар байх, намууд хатуу гишүүнчлэлтэй байх эсэх, УИХ-д суудалтай намуудыг төрөөс  санхүүжүүлдэг  болох зэрэг өөрчлөлтийг Улстөрийн намын тухай хуульд тусгуулах саналтай байгаагаа ч мэдэгдсэн. Энд сануулахад УИХ-ын дэд дарга Л.Цог Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан билээ.

Хэдийгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэг энэ сарын 9-ний өдөр ээлжит хурлаа хийж, энэ ажил ямар нэгэн байдлаар урагшилж байгаа мэт харагдавч УИХ-д суудалгүй улстөрийн намуудаас гадна иргэний хөдөлгөөнүүд одоогийн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх эрхзүйн чадамжгүй, ард түмний олонхийн саналыг авалгүйгээр эцэг хуульд гар хүрэхийг зөвшөөрөхгүй гэдгээ янз бүрийн байдлаар илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “УИХ эцэг хуулийг өөрчлөх ямар ч ёс суртахууны чадамжгүй” гэсэн байр суурьтай байгаа бол Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Ерөнхийлөгч болон УИХ аль аль нь ард түмний илэрхийлэл болж чадахгүй байгаа тул огцрох ёстой” гэсэн байр сууриа хатуу хамгаалж байгаа. Мөн Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр “УИХ-ыг яаралтай тарааж, шинээр эмхлэн байгуулах шаардлагатай” гэдгииг сүүлийн өдрүүдэд байнга илэрхийлсээр байна.

Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн Р.Гончигдорж болон С.Оюун нарын мэдэгдэж байгаагаар тэд энэ хаврын чуулганаар амжиж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэх зорилготой байгаа аж. Ер нь хуулиараа аль нэг намын эрх ашгийг Монголын төрөөс дээгүүр тавьж,  ашиг
сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх үүднээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг 2016 оны УИХ-ын сонгуулиас дор хаяж зургаан сарын өмнө баталсан байх учиртай нь үнэн. Гэтэл УИХ-ын намрын чуулган завсарлаж, залгуулаад Цагаан сар, эмэгтэйчүүд, цэргийн баярууд үргэлжилсээр тэртэй тэргүй ажлаа ёс төдийгөөр гүйцэлдүүлдэг Монголын
улстөрчдийн тухайд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах амаргүй ажлыг сурснаараа цагийг нь тулган санд мэнд батлах нөхцөл үүсчихээд байгаа нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Нөгөөтэйгүүр энэ ажлын хэсэгт 1992 онд Үндсэн хуулийг анхлан батлалцаж байсан Д.Лүндээжанцан, Л.Цог, Р.Гончигдорж, Н.Батбаяр, С.Баярцогт, Лу.Болд нараас гадна Д.Дэмбэрэл, С.Оюун, Н.Батцэрэг нарын УИХ-ын гишүүд болон цөөнх хоёр намын төлөөлөл багтаж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү гэдгийг судалж үзээд ийнхүү эцэг хуульдаа гар хүрэхээр зориглоод байгаа нь энэ юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн давын өмнө 1999-2000 он дамнуулан хийсэн  “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг засч сайжруулах ажлаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлэх нь зөв гэдэг дээр санал нэгдсэн гэсэн. Тэгэхдээ парламентын засаглалыг яавал илүү үр ашигтай, хүчтэй болгох чиглэлийн өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр эрх баригч АН, МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдээд байгаа.

Хамгийн гол нь энэ удаа Үндсэн хуульд гар хүрэхдээ олон нийтийн санал асуулга явуулахгүйгээр тогтоод байгаа нь эцэг хуульдаа 2000 оных шиг дордуулсан өөрчлөлт хийхээр яарч байна гэх хардлагыг олон нийт болон 1992 онд энэ хуулийг батлалцаж явсан Ардын их хурлын депутатуудад төрүүлээд байгаа нь нууц биш. Тэгээд ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ хаврын буюу дөрөвдүгээр сарын тавны дотор эцэг хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулиа УИХ-д өргөн мэдүүлсэн байх учиртай. Гэтэл долоохон хоногийн дараа эцэг хуульдаа амьдралд нийцтэй өөрчлөлт оруулах тухай санал дүгнэлтээ УИХ-д өрген барьж амжина гэдэгт Монголын ард түмэн, УИХ-д суудалгүй улстөрийн намууд огтхон ч итгэхгүи байгаа юм. Ялангуяа энэ чухал ажил цаг нь тулчихаад байхад ажлын хэсэгт багтсан дарга, гишүүд ойр ойрхон хилийн дээс алхан чухам ямар ажил амжуулж яваа нь мэдэгдэхгүй зугаалсаар байснаа гэнэтхэн ухаан орсон юм шиг нэг амьсгаагаар амжуулахаар муйхарлан дайрах нөхцөл бүрдчихлээ. Олон нийтийн зүгээс ирж байгаа хардлагын эхэнд ард нийтийн санал асуулга хийхээр яригдаж эхлэнгүүд УИХ-ын дарга яаравчлан захирамж гаргаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг томилсон, нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулах цаг хугацаа нь эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, элдэв баяр ёслол, наадамтай давхцахаар байгаа нь эргээд Монголын улстөрчид сурсан зангаараа зун болж хүмүүсийн анхаарал сарнисан үед буюу баяр наадмаар “болохгүй” зүйлээ хийх нь үү гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн хардлага бий болж байгаа нь ойлгомжтой. Одоогийн эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль гэгчийг баталсан нь эцэг хуульдаа зоригтой гар хүрэх хуул эрх зүйн баталгаа гэлцээд байгаа.

Гэхдээ  өнөөдөр Монголд нүүрлээд байгаа засаглалын хямралаас гарах хамгийн боломжит гарц нь ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд зоригтой өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгтэй УИХ-ын гишүүдийн олонх нь санал нэгдэж байгаа ч Б.Чимид агсны эх барьж авсан энэ хуульд зоригтой, чадварлагаар гар хүрэх хууль эрх зүйн мэдлэг чадвар илт дутагдана гэдэгтэй олон  хүн санал нийлэх болов уу. Эцэг хуульд гар хүрэх хэрэгтэй хэрэггүйн тухай удаан хугацаанд ярьсны эцэст ийнхүү энэ парламент өөрчлөлт оруулах гэж байна. Хаврын чуулганаар амжиж төслийг оруулж ирэхээр улайрч байгаа нь цаанаа олон учир шалтгаантай. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хамгийн эхлээд 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн хор нөлөөгөөр Монгол Улсын их хурал 38-ийн тал буюу 19 гишүүн хууль батлах эрхтэй болчихсон зэрэг туйлын бол-чимгүй гажуудлуудаас эхлэх ёстой ч энэ талаар төдийлөн ярихгүй байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, өнөөдөр Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд шийдвэрлэх нөлөе үзүүлсэн 68 хувийн татварыг хэрхэн баталсан шиг УИХ хэдхэн популистын нөлөөнд автах боломжуудыг давын өмнө хаах учиртай ч Н.Батбаяраар ахуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ тухайд ам нээхгүй л байна. Олон нийтийн зүгээс хамгийн их яригдаж байгаа өөрчлөлтүүдийн тоонд Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Сонгуулийн тухай хуультай холбогдох Үндсэн хуулийн заалтуудыг давын өмнө өөрчлөн сайжруулах асуудал орж байгаа.

Мөн бүх шатны сонгууль нь намаар дамжиж байгааг өөрчилж, ард нийтийн дундаас шууд сонгуулиар гаргаж ирдэг тогтолцоонд шилжих гээд яриад байвал асуудал дуусахгүй. Өнөөдөр баруун Европын ихэнх хөгжилтэй орнууд хотын дарта болон бусад томоохон , албан тушаалтныг ард нийтийн шууд сонгуулиар тодруулан гаргаж ирдэг нь жинхэнэ ардчилсан чөлөөт сонгуулийн бодит жишээ юм. Гэтэл энэ талаар эрхэм улстөрчид таг дуугүй л яваад байна. Ер нь Н.Батбаяр, Р.Гончигдорж, Н.Батцэрэг, С.Оюун, Л.Болд, С.Баярцогт нар юу л хийгээд байгаа бол доо.

 

Д.Энхтүвшин /ӨГЛӨӨНИЙ СОНИН/


URL:

Сэтгэгдэл бичих