Энэ сэдвээр

Сүүлийн үед СМК, ВВС, Ройтерс агентлагууд манай улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлыг булшлахаар АНУ, Япон улстай гэрээ байгуулсан болон хийхээр зэхэж буй гэх мэдээллийг дэлхий нийтэд хүчтэй цацах болсон. Түүнчлэн манай улсын зарим хэвлэл, мэдээллээр ч энэ асуудлыг хөндөж эхэллээ. Тиймээс энэ талаар Засгийн газрын тохируулагч агентлагийн Цөмийн энергийн газраас лавлавал, ташаа мэдээлэл хэмээв.

Мөн Засгийн газраас бусад орнуудтай цөмийн хаягдлыг булшлах, хадгалах ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулаагүйг онцолсон. Түүнчлэн “Монгол Улсын нутаг дэвсгэрт урьд нь цөмийн хаягдлыг нууцаар булж байсан гэх мэдээллийн үндэслэлтэй эсэхийг шалгаж, тогтоосон талаар тодорхой баримт, нотолгоо бий эсэх”-ийг лавласан юм. Тэгэхэд, энэ талаарх мэдээлэл байхгүй учраас өнөөдрийн байдлаар хянан шалгах үйл ажиллагаа явуулаагүй гэв.

Тэгэхээр манай улсын аль нэг хөрсөн доор цөмийн хаягдлыг урьд өмнө булшлаагүй гэсэн 100 хувийн баталгаа байхгүй гэдгийг албаны хүний амнаас бүрэн дүүрэн хариултаар авлаа.

Мөн энэ талаарх асуудлыг Гадаад харилцааны яамнаас тодруулбал, ийм гэрээ хэлэлцээр хийж буйг эрс няцаан хуульд аюултай хаягдлыг оруулж ирэх, устгалд оруулах, хадгалахыг хориглодог гэж тайлбарлав. Харин нэр бүхий УИХ-ын гишүүний мэдэгдэж буйгаар “Засгийн газар экспортлосон ураны хаягдлаа буцааж авах санааг ярилцаж байгаа нь үнэн бөгөөд үүнийгээ олон нийтэд ил болохоос их эмээж байгаа бололтой” гэв.

Тэгэхээр түүний хэлснээр бол Засгийн газар хуулийг гууль болгох нь. Учир нь УИХ-аас 2000 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийг батаясан. Товчхондоо энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрийг аюултай хог хаягдлаас хамгаалахтай холбогдсон харилцааг
зохицуулсан юм.

Гэвч эрхэм гишүүний айлдвар үнэн болж таарвал Засгийн газар тус хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасанчлан “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно” гэсэн зүйл, заалтыг зөрчих болно. Гэхдээ энэ бол наад захын асуудал. Харин энэ бүхний цаана бүхэл бүтэн улсын хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөх нь гарцаагүй.

Ямартай ч эл мэдэгдлийг хийсэн эрхэм гишүүн энэ намар “Цөмийн хаягдлын эсрэг” тайван жагсаал хийхээ мэдэгдээд байгаа. Түүгээр зогсохгүй ард түмнийг хамарсан, өргөн бүрэлдэхүүнтэй хийхээр зэхэж буй гэсэн. Түүнчлэн гишүүний хэлсэн дээрх үг, өгүүлбэрийг холбогдох албаны хүмүүс ч “цайны хачир” болгосон талаар чих дэлссэн. Тэгэхээр олны үг ортой гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Энд Хятадын болон бусад орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж буй цөмийн хаягдал хадгалах гэрээний утгыг сонирхуулбал, манай улс цөмийн реакторуудаас гаргаж авсан хаягдлуудыг дахин боловсруулж, хадгалах үүрэг хүлээх аж. Харин АНУ-ын оролцоотойгоор боссон цөмийн эрчим хүчний станцуудад ашиглагдсан түлшийг тус улсад хураан хадгалах бололтой.

Мөн манайх цөмийн гол (реакторын гол) үйлдвэрлэгчдэд зориулан уран олборлож, хаягдлыг нь өөрийн улсдаа дахин боловсруулах цөөн орны нэг болох гэнэ. Тэгэхдээ энэ бүх явц Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хараа, хяналт дор явагдах аж. Мөн дээрх агентлаг хаягдал хадгалах агуулахуудыг барихад техникийн туслалцаа үзүүлэх юм байх. Гэхдээ тус улсын хэвлэлүүд “Цөмийн хаягдал хадгалах гэрээний төсөл дээр АНУ, Япон нөгөө талаас Монгол Улстай зөвшилцөж чадсан ч гэрээг үзэглээгүй” хэмээн онцолжээ.

Тэгэхээр одоохондоо биднээс “аюулын хэнгэрэг” хол байгаа бололтой. Нөгөөтэйгүүр, сүүлийн үед манай улсад ураны асуудал болон энэ салбарт үйл явдал хэрхэн өрнөж буйг тоймловол, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Цөмийн энергийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулаад тун завгүй байгаа гэнэ. Мөн энэ сарын 24-нд Австри улсад ОХУ, Хятад, АНУ зэрэг энэ салбарт жин дардаг улсуудын шинжээчдийн баг Японы АЦС-ын ослын газар дээр нь ажилласан дүгнэлтээ олон улсын хэмжээнд танилцуулах аж.

Тиймээс эл уулзалтын дараа эрхэм гишүүн шинэчилсэн хуулийн төслөө УИХ-д өргөн барих юм байна. Учир нь түүний үзэж буйгаар энэ уулзалтаар тус салбарын дэлхий нийтийн чиг хандлага хаашаа эргэх нь тодорхой болох гэнэ. Тэгээд ч томоохон гүрнүүдийн баримтлах бодлоготой улсынхаа бодлогыг уялдуулах нь зөв юм.

Харин “Дорнод уран” компанийн тухайд, энэ салбарын хууль батлагдмагц тус ордын лицензийг сунгана гэсэн нэрийн дор хурааж авсан. 58 хувь эзэмшдэг “Хан ресурс” компанийг шахаж гаргаад тус бүр 21 хувь эзэмшдэг Орос, Монголын тал “Дорнод уран” компани байгуулсан. Гэтэл нөгөө компани нь манайхыг Олон улсын арбитрын шүүхэд өгчихлөө. Харамсалтай нь манай улс энэ компанийг луйвар хийж байсныг илрүүлж чадахгүй мад тавиулсаар өнөөдрийг хүрлээ.

Энэ мэтчилэн “зовлон, жаргал” их бий. Түүнчлэн сүүлийн үед олигархиудын амнаас үйлдвэр байгуулах тухай үг, хэллэг олонтаа цухалзах болсон. Гэвч үнэн чанартаа ураны үйлдвэрлэл хэцүүд тооцогдлог. Өөрөөр хэлбэл, дамжлага их. Эхлээд уранаа олборлоод шар нунтаг болгож, баяжуулж, хөрвүүлнэ. Үүний дараа эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог. Харин дэлхийн хэмжээнд бүтэн цикл үйлдвэрлэл явуулдаг улс хоёр, гуравхан л бий.

Гэтэл манайх шиг жижигхэн улс бүтэн цикл үйлдвэрлэл байгуулна гэдэг нь хэр бүтэмжтэй юм бол. Хамгийн гол нь манайх энэ салбарт ямар ч туршлагагүй. Тиймдээ ч зарим томоохон улсын    мэргэжилтнүүд олборлосон уранаа шар нунтаг болгоод хөрвүүлэх, баяжуулдаг үйлдвэртэй улсад зөөвөрлөн түлш болгох хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Харин тэндээсээ түлшээ худалдаж, түрээсэлж болно, мөн түлшээ хадгалвал илүү ашигтай зэрэг саналууд тавьсаар байна. Магадгүй энэ нь бас л байж болох хувилбар юм.

О.Мөрөн
Эх сурвлаж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих