Өсөхөө аварга минь аймгийн цолтон төрүүлж эхэллээ шүү?
Төрийн наадмын түрүү үзүүрт яригдаж, энэ цаг үеийн хүчтэнүүдээ манлайлж байгаа залуу аварга аймгийн цолтон төрүүлдэг байна шүү. Тэгэхдээ мөнгөөр өгсөн үү, цаашид барилдмааргүй санагдсан уу, залуу бөхийг нутгийнх нь дэвжээн дээр дэмжсэн үү, бүү мэд. Ямар ч байсан аварга аймгийн начин цолтой бөхөд тахимаа өгчихөөд л яваад өгсөн. Сэлэнгэ аймгийн наадмын долоогийн давааны барилдааны талаар өгүүлж буйг уншигч олон төвөггүй гадарлаж байгаа байх аа. Аварга аймгийн наадамд нэгэнт л зодоглосон юм бол дор хаяж долоо давах байлаа. Учир юу вэ гэвэл аварга цолтой бөхийн нэр, сүр, эрэмбэ гэж шороотой хутгаад орхичихож болдоггүй үнэт зүйл байна шүү дээ.
Наян жилийнх нь ойд нутгийн бөх түрүүлэг гээд олон түмэн тэр бүр нэр усыг нь дуулж байгаагүй залууд унаж өгсөн байж болно. Гэтэл тийм бодол өвөрлөөгүй байж мэдэхээр харагдаад байгаа. Уг наадмын түрүү үзүүрт өнөө жилийн наадамд ес давж арслан цол хүртсэн бөх үлдчихсэн байв. Г.Эрхэмбаярыг Сэлэнгэ нутгаас наяад жилийн дараа тодорч байгаа арслан гэдгийг хүн бүр мэдэж байгаа.
Хэрэв аварга нутгийн бөх нь түрүүлэг гэж бодсон бол түрүү үзүүрт үлдчихээд шинэхэн арсланд тахимаа өгч наадмын дэвжээг нь хүндэтгэх байлаа. Гэвч тэгээгүй. Нэг залууг аймгийн арслан болгочихсон нь хар төрүүлээд байгаа хэрэг. Хэн хаана зодоглож, ямар бөхөд тахимаа өгөх нь тийм чухал юм уу гэж зарим нэг нь бодож магад. Гэхдээ яаж ч бодсон ид барилдаж байгаа аварга аймгийн цолтон төрүүлнэ гэдэг утгагүй санагдаад байгаа байхгүй юу. Ирэх жилээс идэр залуу аварга, арслангууд аймгийн наадамд зодоглон тав, зургаагийн даваанд бүгд илт унаад өгвөл яах уу?
Н.ГАНТУЛГА
URL: