Дундговь аялал жуулчлалыг хөгжлийн гол чиглэлээ болгоно

Монгол улсын Шадар сайд Хүрэлсүх Дундговь аймагт ажиллаж онцгой байдал, мэргэжлийн хяналт, худалдан авах ажиллагаа, стандартчилал хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай танилцсан байна.

1106b968c4681c42ab86dad2f1818f24_L

Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтэс өнгөрсөн оны  ажлаараа салбартаа тэргүүлсэн байна. Шилдэг хэлтсийн албан хаагчид  шадар сайдыг аймгийнхаа төв талбайд  хүндэтгэн угтсан юм. “Дуу хуурын өлгий  Дундговь аймагт энэ жил хаваржилт сайхан байгаа. Зарим суманд мал төллөөд бараг дууссан” гэдгийг аймгийн засаг дарга Шадар сайдад танилцууллаа.

Өнгөрсөн жил нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсоноор жижиг дунд үйлдвэрлэл хөгжих хандлагатай байгаа бөгөөд сөрөг тал нь зам тээврийн осол  гэмтэл нэмэгджээ. Аймгийн эмнэлэг болон зам дагуух Дэлгэрцогт, Хулд сумдын эмнэлэг түргэн тусламжийн машин дутагдалтай байгааг засаг дарга Шадар сайдад дуулгасан. Шадар сайд салбарынхаа хэрэгцээнээс УАЗ-469 машин нэгийг олгохоо амалсан байна.

Дундговь аймгийн хувьд уул уурхай биш аялал жуулчлал гол хөгжлийн чиглэл гэж үзэж байна. Тиймээс Их газрын чулуу, цагаан суварга зэрэг хүмүүс их ирдэг газруудынхаа зам харгуй дэд бүтцийг сайжруулах,  жуулчны баазуудын  стандартыг хангахад  анхаарч байгаагаа засаг дарга Д.Од-Эрдэнэ танилцуулсан. Аймгийн орон нутгийн хөгжлийн санд энэ жил 4.5 тэрбум төгрөг хуваарилагдсан. Сумдад хуваагаад аймагтаа 2 тэрбум орчим нь үлдэнэ. Энэ мөнгөний нэг хэсгийг жуулчны баазуудад ариун цэвэр, бие засах газар байгуулахад зарцуулах бол багагүй хөрөнгөөр  300 үнээний ферм барих төслийг санхүүжүүлнэ гэлээ.

Аймгийн засаг даргатай уулзсаныхаа дараа Шадар сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналт, Стандартчилал хэмжил зүй, худалдан авах ажиллагааны газрын ажилтан албан хаагчидтай уулзлаа.”Дэлхий дээр байгалийн гамшиг ахуйн ослын хэмжээ өдөр ирэх бүр нэмэгдэж, энэ хэрээр онцгой байдлын албаны үүрэг хариуцлага  чухал болж байгаа. Дэлхийн ихэнхи оронд  тусдаа Онцгой байдлын яамтай байх болсон нь үүний нэг илрэл. Манай хоёр хөрш л гэхэд  ийм яамтай.

Манай улс ч цаашид бие даасан яамтай болох ёстой” гэж үздэгээ Шадар сайд хэлээд бусдын амь нас эд хөрөнгийг  аврахын төлөө зүтгэдэг  хариуцлагатай албаа нэр төртэй хашихыг бие бүрэлдэхүүнд хүслээ. Харин мэргэжлийн хяналтынхны хувьд шалгаж дарамтлахаас илүүтэй ард иргэдэд зөвлөдөг, хамтарч ажилладаг байх ёстойг сануулсан юм.

Худалдан авах ажиллагааны газрын хувьд дөрвөн хүнтэй. Аймгийн хэмжээнд бүх тендер, худалдан авалтыг хариуцан ажилладаг байна. Гол нь ил тод, шударга ажиллахыг Шадар сайд санууллаа. Аймгийн стандартчилал хэмжил зүйн газрын зарим  тоног төхөөрөмж муудаж хуучирсан байна. Энэ тал дээр анхаарахыг орон нутгийн удирдлага Шадар сайдаас хүссэн.

Стандартчлал хэмжил зүйн газраар очих үедээ салбарын нөхцөл байдалтай танилцсан. Ирэх оны төсөвт хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг суулгах тал дээр анхаарна гэдгээ Шадар сайд хэллээ. Тэрээр аймгийн онцгой байдлын хэлтсээр орж, орон нутгийн гал сөнөөгч, аврагчдын машин техник, багаж хэрэгслийг үзэж сонирхсон байна. Шадар сайд говийн бүсээр ажиллахдаа Эрдэнэс таван толгой ХК, орон нутгийн Таван толгой ХХК, Энержи Ресурс ХХК, Оюу Толгой ХК, Гашуун сухайтын Хилийн боомтын үйл ажиллагаатай танилцах юм.


URL:

Сэтгэгдэл бичих