Д.Эрдэнэбат: Хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэр барина
Засгийн газраас зохион байгуулдаг ”Сайдын цаг”-т Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр оролцов. Салбарын сайд энэ удаад яамны бодлого болон энэ хүрээнд ямар ажил хэрэгжүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Мэдээллийн эхэнд тэрээр хариуцаж буй салбар нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай зайлшгүй холбогдож байгааг онцолж байв. Үүнийгээ хэд хэдэн тоо баримтаар илэрхийлсэн гэж болно. Тэрээр “Бид хүнсний хэрэглээнийхээ 7.3 хувь буюу 383 сая ам.долларыг гадаадаас авч хэрэглэж байгаа. Тодруулбал, 1.7 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн, хуурай сүүг 19 сая ам.доллараар худалдан авч байна. Харин нийт экспорт 5.7 тэрбум ам.доллар байгаагийн 81.8 хувь нь буюу 4.7 тэрбум ам.доллар нь уул уурхайгаас түүхийгээр гаргаж буй бүтээгдэхүүн эзэлдэг. Тиймээс импортын хэрэглээгээ танаж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх. Цаашлаад ойрын жилд нефтийн үйлдвэртэй болох нь чухал. Нефтийн үйлдвэртэй болсноор импорт буурч, ам.долларын ханш ч суларна” гэдгийг онцолж байв. Үүнтэй холбоотой Аж үйлдвэрийн яам энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дотоодынхоо нөөцөд тулгуурласан нефтийн үйлдвэр барих асуудлыг оруулж, тогтоол батлуулжээ. Засгийн газраас хаана хэдэн үйлдвэр барих асуудлыг тодорхой болгож, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг хийх Ажлын хэсгийг байгуулсан байна. Стратегийн гол бодлого болсон нефтийн үйлдвэр барих уг асуудлыг онцлон энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Хэдэн нефтийн үйлдвэр, хаана барихаар шийдсэн бэ?
-Нефтийн үйлдвэрийн тухай асуудлаар бид олон жил ярьсан. 15 үйлдвэрийн төсөл явдаг ч нэг нь ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Мэдээж энэ нь төрийн нэгдсэн бодлого байгаагүйтэй холбоотой. Манай улс шиг өнөөдөр өөрөө нефтьтэй мөртөө нефть боловсруулах үйлдвэргүй орон байдаггүй. Дэлхий дээр энэ төрлийн үйлдвэргүй цорын ганц улс байдаг нь Монгол. Гэхдээ энэ бодит байдал. Нефть боловсруулах үйлдвэрийг барих нь манай улсын стратегийн хамгийн том бодлогын асуудал. Барихдаа дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсан. Засгийн газраас гаргасан тогтоолд хоёр зүйл багтсан байгаа. Юуны өмнө хаана үйлдвэр барихаа тогтоосон. Хэдэн үйлдвэр дээр урьдчилсан ТЭЗҮ хийхээ тогтсон. Үйлдвэр барих газар бол хамгийн түрүүнд говийн бүсэд барих нь юм. Говийн бүсэд хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барина. Дараагийн байршил нь зүүн бүс буюу одоогийн газрын тос гаргаж байгаа газраа барих нь зөв гэдэг шийдэлд хүрсэн.
-Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар ярьж байгаа 15 төслийн хувьд яах бол?
-Одоо нефтийн үйлдвэр барих 15 төсөл байхгүй болсон. Дээрх хоёр байршил дээр урьдчилсан ТЭЗҮ хийх, байгаль орчны үнэлгээг тогтоох Ажлын хэсгийг байгуулаад ажилдаа орсон. Намар гэхэд урьдчилсан шийдлээ гаргасны дараа сонгон шалгаруулалтаа хийнэ. Тодруулбал, нефтийн үйлдвэр байгуулах сонирхогч талууд, хөрөнгө оруулагчдад санал тавих бэлтгэл ажилдаа орно. Ер нь нефтийн үйлдвэрийг хаана байгуулдаг тухай дэлхийн жишгийг хараад үзэхэд хоёр л газар байдаг. Нэг хэсэг нь далайн эрэг орчим, нөгөө хэсэг нь хоолойгоор түгээж авах боломжтой газар байгуулдаг. Одоо ярьж байгаа энэ хоёр байрлал нь яах аргагүй Монголд барихаас өөр гарцгүй байрлал юм. Сайншанд буюу Зүүн-Баянгийн хэсэг бол Монголын хамгийн нам дор газар. Хаанаас ч хоолой татсан байсан хамгийн хямд өртгөөр нефть боловсруулах үйлдвэр рүү түүхий эдээ татах боломжтой учраас энэ газрыг сонгосон. Нөгөө талаас энэ газар түүхий нефтийн уурхай байгаа учраас үүнийг нь түшиглэж байгуулсан юм.
-Нефтийн үйлдвэртэй болох нь валютын ханшийг бууруулах хамгийн гол хүчин зүйл гэлээ. Энэ талаар тодруулаач?
-Уул уурхай ойрын таван жилдээ манай экспортын 70-80 хувийг эзэлж явна. Энэ бол маш ойлгомжтой зүйл. Энэ дүр зургийг бид өөрчилж чадахгүй. Үүний зэрэгцээ импортыг орлох энэ төрлийн хүнд үйлдвэрүүдээ барих нь аж үйлдвэрийн салбарын бодлогын нэг чухал хэсэг болох юм. Нефтийн үйлдвэрээ барьсны дараа 2000 төгрөгт хүрч байгаа ам.доллар 1000-аас доошоо бууна. Ингэж байж ам.долларын ханшийг бууруулахаас биш хоорондоо улстөржсөнөөр валютын ханш буухгүй. Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулснаар 1.8 тэрбумынхаа импортыг хэмнэж чадна. Цаанаа нь нэг тэрбум хүрээд байгаа химийн бүтээгдэхүүн, хуванцар эдлэлийг хийх нөхцөл, боломжийг нь бүрдүүлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эрдэнэбат ёстой солиорох юмаа. Нефтийн үйлдвэр барихаар доллар нь 1000-с доош буухуу? Энэ ер нь ямар мэргэжлийн хүн бэ, эдийн засгийн мэдлэг байна уу? Эсвэл Засгийн Газар мөрөөдлийн багийн шинэ гишүүнээр цус сэлбэснээс цаашгүй.