Ардчилсан нам аврагчаа алдлаа

dalaiЛ.ГҮНДАЛАЙН УЛС ТӨР

Нэг хэсэгтээ чимээгүй байсан Л.Гүндалай улс төрд эргэж ирэв. Тэр Монголын улс төрд байхдаа байнга шуугиан тарьдаг байлаа. 2000 оны хавар Хөвсгөлийн төв Мөрөнгийн дээгүүр нисдэг тэрэг эргэлдэж бөөн, бөөн боодолтой мөнгө цацаж байна гэсэн шуугиан хөвсгөлийнхний анхаарлыг татаж байв. Энэ сенсаацын эзэн нь Л.Гүндалай гэх Германд боловсрол эзэмшсэн залуу болж, тэр хавартаа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшин сонгогдсон юм.

Тэрээр парламентад орж ирснээсээ хойш уриа, лоозон барьж, эрх баригчдыг байнга сандаргадаг болов. Ингээр тэр жилийн сонгуульд навс ялагдсан Ардчилсан намд Л.Гүндалай элсэн 2000-2004 оны парламентад тус намын дуу хоолойг хүргэж, содон улс төр хийдэг байв. Үг хэлүүлэхгүй байсан ч “Үгээ хэлмээр байна” гэж цаасан дээр бичээд Ерөнхий сайд, УИХ-ын даргын хажууд лоозонгоо барьж зогсдог байлаа. Тэр үнэхээр АН-ын аврагч байсан юм. Түүнээс хойш парламентад гурван удаа тасралтгүй сонгогдож төрөлх нутаг Хөвсгөл аймагтаа төдийгүй Монголд нэртэй улстөрч болж чадсан юм. Энэ хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж багагүй хэл аманд орооцолдож байв. Мөн Солонгос руу олон улсын хуралд оролцох гэж байхад нь эрхэм гишүүнийг Буянт-Ухаагаас баривчилсан, Хөвсгөл далайд төөрсөн гээд бөөн сенсаацын эзэн байв. Энэ нь одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой хэрэг байсан гэдэг.

Л.Гүндалай 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл мэндийн сайд болох хүслээ ил тод илэрхийлсэн ч эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаасангүй. Тэрээр 2005 онд Ард түмний намыг байгуулж, 2006 онд бий болсон М.Энхболдын Засгийн газарт хүссэн суудлаа авсан юм.

Ийн шинэ нам байгуулсан Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай 2008 оны дөрөвдүгээр сард УИХ-аар хэлэлцэж эхлэнгүүт Ардчилсан намд буцаж элссэн. Тэрээр “Төөрсөөр төрөлдөө ирлээ” хэмээн АН-д дахин элсэх өргөдлөө барин Төрийн ордноос гарч Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан АН-ын шилэн байранд очиж одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдоржоос намын батлахаа авч байв. Ард түмний намаа хаян АН-д элссэн Л.Гүндалайг парламент хамгаалж, бүрэн эрхтэйгээ үлдсэн тэрээр тухайн жилийн сонгуульд хуучин тойрог, төрөлх нутаг Хөвсгөлдөө нэр дэвшин дахин ялалт байгуулав. Тэрээр Ц.Элбэгдорж даргын гарын үсэгтэй АН-ын батлахтай 2012 оны сонгуулийг дуусгаж, мөн өдийг хүртэл АН-ын хаяаг бараадаж явсан ч өнөөдөр өөр сонголт хийлээ.

БООМТГҮЙ БОЛСНООС БҮХ ЮМ ҮҮДЭЛТЭЙ ЮУ?

Ийнхүү 2000-2004 оны парламентад АН-ыг нэг удаа аварсан Л.Гүндалайг нам нь ч 2008 онд нэг удаа аварч УИХ-ын танхимд үлдээж байсан түүх энэ. Эргэж, буцаж хоёр удаа АН-ыг дамжсан Л.Гүндалай долоон жилийн дараа өөр сонголт хийсэн шалтгаан юу вэ. Мэдээж энэ таамаг улс төрийн хүрээнд өрнөж таарна. Өөрөө энэ тухайгаа даруухан тайлбарлажээ.

Тэрээр АН-ын олон бүлэг, фракцууд нь таалагдаагүй, хэнийг нь ч аялдан дагах бодолгүй байснаас тус намаас гарч буйгаа мэдэгдсэн ч энэ нь албан тушаалтай  холбоотой гэдэг. 2012 оны сонгуульд ялагдсаны дараа Л.Гүндалай хэсэгтээ гэртээ сууж, хувийн бизнесээ хийж байв. Нэг жилийн дараа Боомтын нэгдсэн захиргаа гээчийг Замын-Үүдэд байгуулж даргаар нь Л.Гүндалайг томилов. Энэ бол  ямар ч бүлэг, фракцад харъяалагддаггүй хүнийг албан тушаалгүй хаядаг АН-ын бодлого буюу Л.Гүндалайг хуурсан арга байв. Жил гаруйн дараа Боомтын нэгдсэн захиргааг татан буулгаснаар Замын-Үүдэд төвхнөөд байсан Л.Гүндалай буцаад гэртээ харьсан юм. Тэр хэдэн сар бодсоны эцэст АН-ын нэр хүнд унаж, нам доторх өөрийнх нь карьер явцгүй болсныг ойлгож шинэ нам байгуулж, тойргоо солихоор болжээ. Угаас Л.Гүндалай улсад нэрд гарсан шигээ АН дотор нөлөө бүхий улстөрч болж чадаагүй. Нам доторх хүчтэй лидерүүдийн тоонд орж чадаагүй учраас алив юмны ард нь хоцорсоор ирсэн байв. АН түүнийг 2000 онд ашигласан, одоо хаясан гэсэн үг. Хэрэв Л.Гүндалай тус намд нөлөөтэй, аль нэгэн фракцыг аялдан дагасан бол өнөөдөр сайд, ядахдаа агентлагийн даргаар тухлах байлаа.

ОРХОНЫ СОНГУУЛЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО

Л.Гүндалай шинэ нам байгуулан 2014 оны эцэст намынхаа нэрийг авчээ. Гэхдээ одоогоор гишүүнчлэлгүй байгаа бөгөөд шинэ гишүүдээ Орхон аймгаас элсүүлэх юм байна. Улс төрийн тохироо ч тэнд сайн бүрдсэн гэж уржигдар хэвлэлийн бага хурал хийхдээ онцолсон юм. Орхон аймагт 2016 оны сонгуулиар Л.Гүндалай УИХ-д нэр дэвших юм байна. Түүний өрсөлдөгчид ч бараг тодорхой болсон.

Саяхнаас тус аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн М.Батчимэг байнга тэнд ажиллаж, нам, орон нутгийн ажилд оролцох болсон юм. Тэрээр 2012 оны сонгуульд Орхонд нэр дэвшихээр зэхэж шинээр хэвлүүлсэн номныхоо рекламаар гудамжны самбаруудыг чимж байв. Удалгүй намын нэрийн жагсаалтад багтахаар болж өөр хүмүүс нэр дэвшсэн юм. Гишүүн М.Батчимэг энэ удаад нэрийн жагсаалтад дахин багтах боломжгүй учир эртхэн шиг тойрог бараадан Орхоноор хөндлөн явна. Ингээд АН-аас М.Батчимэг нэр дэвшиж, Л.Гүндалайтай өрсөлдөх нь тодорхой болов. Харин МАН-ын нэр дэвшигч хэн бэ.

Сүүлийн хэдэн сар Орхонд түр амьдраад байгаа Н.Энхтайван хэмээх эдийн засагч нөхөр юм. Цагтаа Бээжингийн Элчин сайдын яаманд ажиллаж байсан тэрээр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан.

Тэрээр Орхон аймгийн уугуул бөгөөд сүүлийн хэдэн сар дөрөвдүгээр сургуулийн төгсөгчдийн баярыг зохион байгуулж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 1000 ээжид хүндэтгэл үзүүлэх тоглолт зохион байгуулжээ. Мөн  Эрдэнэт хотод эмэгтэй эрдэмтэд, инженерүүд, математикчийн нэгдсэн холбоог нээх гэх мэтээр идэвхтэй ажиллаж байна. Ийн Орхонд нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болов. М.Батчимэг, Н.Энхтайван хоёрт Л.Гүндалайн сонголт гэнэтийн “бэлэг” болсон нь дамжиггүй.

М.ГАНЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: сандаг Огноо: 30 March 2015

нэг нам байгуулаад дараа нь шоронд орох болохоороо л АН руу намаа хаяад гүйнэ дээ ха ха ха

Сэтгэгдэл бичих