Л.Гүндалайгийн шинэ нам байгуулах дахин нэг “тоглоом” хэр удаан үргэлжлэх вэ

zaluu_55135823beead_1

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнээсээ татгалзжээ. Тэрбээр намаасаа гарч байгаагаа мэдэгдэж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчдээ хүсэлтээ өгсөн байна. Гэхдээ тэр энэ үйлдлээрээ улс төрөөс холдож байгаа юм биш. Харин ч улс төрд шинэ нам байгуулан өөрийн “арми”-ийг бэлтгэхээр болсон аж. Л.Гүндалай УИХ-ын 2016 оны сонгуулиар Эрдэнэт хотоос нэр дэвших зорилготой гэнэ. Тиймээс ирэх тав дахь өдөр Эрдэнэт рүү явж, өөрөө тэндэхийн иргэн болохоор бичиг баримтаа шилжүүлэх юм байх. Мөн түүний зорилго тус хотоос нэр дэвшихийн өмнө хийх нэг ажил нь шинэ нам байгуулах аж. Намынхаа нэрийг одоогоор өгөөгүй байгаа гэсэн ч, бүх бэлтгэл ажлаа хийчихсэн хэмээн өчигдөр мэдэгдэж байна лээ.

Түүний хувьд нам байгуулж “тоглож” үзсэн улстөрч. Тэрбээр Ард түмний нам байгуулж, Ардчилсан намаас гарч байсан удаатай. Гэсэн ч 2008 онд буцаад л АН-д оччихсон.

Түүний байгуулсан нам усанд хаясан чулуу шиг л таг чиг болчихсон. Хэвлэлд тэрбээр намынхаа тухай ингэж ярьсан байдаг.

-Ард түмний нам юу болсон бэ?

-Намайг байхгүй болчихоор усан дахь хөөс шиг замхраад л алга болчихсон.

-Та бүхэл бүтэн нам байгуулчихаад өөрөө АН-д элсчиж болж байгаа юм уу?

-Харин ч би Ард түмний нам гэж байгуулаагүй бол Ардын нам чинь энэ нэрийг авчихсан явж байх байсан биз. Би өрсч Ард түмний нам гэж байгуулсан нь оносон юм биш үү гэж хариулсан байдаг.

Тэрбээр энэ хариултыг УИХ-ын гишүүн байхдаа хэлж байв. Түүний хэлснээр бол АН-ынхан баярлаж явах ёстой юм шиг ээ. Нам байгуулдаг, тэгээд дараа нь больдог арга барилыг тэр эзэмшсэн нэгэн.

Ардчилсан намаас гарсан тайлбараа хэлэхдээ “Би АН-аас албан ёсоор гарах өргөдлөө өгөх гэж байна. Аливаа нэг зүйлийн төгсгөл нь нэг зүйлийн эхлэл байдаг. Би шинээр эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд улс төрийн шинэ үйл явдлыг эхлүүлнэ. Улс төрийн цоо шинэ нам байгуулахыг зорьж байгаа” гэв. Энэ бол албан ёсны тайлбар нь. Харин дараа нь нэг телевизээр ярихдаа АН намайг намаасаа шахсан гэх утгатай зүйл ярьсан байсан. Ардчилсан намд буцаж орсон Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байсан юм. Харин АН олон суудал авдаг УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа түүнд өгсөн албан тушаал нь Боомтын нэгдсэн захиргааны даргын суудал. Гэвч Ч.Сайханбилэг сайд болоод Боомтын нэгдсэн захиргааг татан буулгаж орхисон. Учир нь энэ нь төсөв хэмнэх нэг арга нь байв. Ингээд албан тушаалгүй хоцорсон Л.Гүндалай намаасаа гарч, дараагийн шоуны ажилдаа ханцуй шамлан оржээ. Түүний дараагийн нам байгуулж тоглох тоглоом хэр удаан үргэлжлэх юм бол доо.

Ц.Цацрал

zaluu.com


URL:

Нэр: Anonymous Огноо: 26 March 2015

Н.О.В.Ш

Сэтгэгдэл бичих