Хаяа дэрлэн орших оршуулга хүрээгээ тэлсээр байх уу

content_img_1442

Нийслэлд шийдвэл зохих олон асуудлын нэг нь оршуулгын газар гэдэгтэй санал зөрөх хүн бараг үгүй биз ээ. Хүн амын нягтаршил хэрээс хэтэрч, нийслэлийн чиглэсэн их нүүдлийн уршгаар “чимээгүй хот”-той хаяа дэрлэн, хашаа хатгаж амьдарч буй хүмүүс  олшрох болжээ.

Хүүхдүүд  шарилын чулуун дээр тоглож томчууд нь түүн дээгүүр гишгэлэн буйг хараад гайхах нь бараг үгүй болж. Зарим шарил ухагдаж, ил гарсан ясыг нохой зууж ирж хүүхэд хөгшдийг айлгах тохиолдол цөөнгүй гарч буйг иргэд хэлж байна.

Нийслэл хотын хэмжээнд шарил тавьдаг том жижиг, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нийлсэн 20 гаруй газар байдаг. Нэг үгээр хэлбэл хотоос хаашаа ч гараад давхисан оршуулгын газартай дайралдана. Зөвхөн нийслэл хотын хэмжээнд гэхэд л жилд дунджаар 6500-7000 хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд 40 гаруй хувийг нь чандарлах хэлбэрээр оршуулж үлдсэн 60 хувийг олон жилийн мөрдөж ирсэн жаягаар нутаглуулдаг гэсэн үг.

Газар талбай нөөцийн хувьд нэг шарилд 10 м кв-аас илүү газар олгохгүй гэсэн тогтоол байдаг. Гэтэл бодит байдал дээр ямар нэгэн зохион байгуулалтгүйгээр тавьсны улмаас нэг шарил 15-20 м кв газар эзэлж байх жишээтэй.

Тулгамдаж буй асуудлын нэг бол булш ухаж сүйтгэх явдал. Хэдэн жилийн өмнө шарил ухаж алт, мөнгө эд зүйл цуглуулдаг хүмүүсийн бүлэг байсан бол өнөөдөр ч тийм тохиолдол мэр сэр гарсаар л байна. Гэхдээ булш ухсан хэргүүдийн талаарх мэдээлэл зөвхөн харуул хамгаалалтай газруудаас мэдэгдэж байгаа тохиолдол нь энэ. Харуул хамгаалалтгүй газруудад оршуулсан шарилын хэдийг нь ухаж сүйтгэснийг хэн ч мэдэхгүй гэсэн үг.

Нийслэл хотод байгаа хамгийн том оршуулгын газар бол Нарангийн энгэрийн оршуулгын газар. Оршуулгын газрын нөгөө зах нь харагдахгүйгээ барахгүй цаашаа толгод даван цайран харагдана.  Арга  ч үгүй биз бидний мэдэх 70 давхрын оршуулгын газраас бараг дөрөв дахин том шүү дээ. Бас хамгийн их булш ухаж, сүйтгэгддэг газар ч гэж хэлж болно. Хүмүүс оршуулгын газарт хог их хаясны улмаас шарил дунд босгосон уул овоо шиг л үзэгдэх болжээ. Шарилын хөшөөн дээр суусан хэрээ энд тэндхийг ажиглан гуаглаж хошуугаараа хог ялган тэмтчих аж. “Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт 2008 онд 26, 2009 онд 29, 2010 онд 15 гэх мэт жилдээ л 20 орчим шарил ухагдаж, эрээ цээрээ алдсан хүмүүс бурхан болоочдын ясыг өндөлзүүлсэн байх юм.

Булш ухаж, доторхи эд зүйлийг авах нь хүний ёсонд байна гэхэд итгэхэд бэрх. Хэдий тийм ч энэ хэрэг гарсаар байгаа. Оршуулгын  газры  хүн мандаг ч өдөр шөнийн турш хараад байна гэдэг хэцүү. Өдрийн цагаар хараад манаад байж болох ч шөнө манана гээд төсөөлөхөд бэрх санагдаж, айдас төрөх аж. Энэ газрыг харж хамгаалж байдаг оршуулгын газрын харуул нэрээ хэлэхийг хүсээгүй ч бидэнтэй ярилцсан.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.


URL:

Сэтгэгдэл бичих