Ипотекийн зээлийн талбайн хэмжээг хязгаарлахгүй байхаар судалж байна
Орон сууцны найман хувийн зээлийн журамд талбайн хязгаар тогтоосонтой холбоотойгоор барилгын компаниуд бага талбайтай орон сууц барих сонирхолтой болжээ. Энэ нь цаашдаа сөрөг үр дагаварт хүргэж, ирээдүйд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бууруулах магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс журамд заасан 80 метр квадратаас ихгүй гэсэн хязгаарыг хүчингүй болгохоор судалж эхэлсэн байна. Түүнчлэн урьдчилгаа төлбөрийн тодорхой хувьд батлан даалтын сангаас баталгаа гаргах талаар судалгаа хийж байгаа гэнэ. Ийнхүү зээлийн хүртээмжийг нэмэгдүүлснээр 80 метр квадратаас дээш талбайтай орон сууц авахыг хүссэн иргэдээс гадна урьдчилгаа төлбөр хүрэхгүйн улмаас банкны шалгуур дээр очоод гацсан иргэд батлан даалтын сангийн дэмжлэгтэйгээр зээлд хамрагдаж, зах зээл дээр илүүдэлтэй байгаа орон сууцнуудын борлуулалтад сайнаар нөлөөлөх юм. Энэ асуудлыг дөрөвдүгээр сард багтаан оруулахаар ажиллаж холбогдох газруудын саналыг авч эхэлжээ.
Манай улсад 2003 оноос орон сууцны зээлийг олгож эхэлсэн хэдий ч найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнөх 20 жилд 900 гаруй тэрбум төгрөгийн зээл иргэдэд очсон байдаг.
Харин найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд 1.7 их наяд төгрөгийн зээлийг шинээр олгож, 500 гаруй тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: