Гишүүд татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрж байна
Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд бараг гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд УИХ-ын тамгын газрын санхүүгийн зарим тайлангаас бусад нь бүгд ширмэн данстай хэвээр байгаа юм. Уг нь Ерөнхийлөгчийн тамгын газраас эхлээд хороо, дүүргүүдийн санхүүгийн тайлан хүртэл ард, иргэдэд ил тод байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хуулийг хэрэгжүүлэх нь битгий ойлгож ч амжаагүй байгууллагууд байсаар байна.
Ингээд олон нийтэд арай ил болоод буйгаар нь УИХ-ын гишүүдийн санхүүгийн зарцуулалтын тайлангаас уншигчиддаа танилцуулъя. Шилэн дансны хэрэгжилт чухам УИХ-ын гишүүдээс л эхлэх ёстой гэж үзэх олон хүмүүс байна.
УИХ-ын гишүүдийн энэ сарын санхүүгийн зарцуулалтыг харахад хэвлэл, мэдээллийн сурталчилгаанд их мөнгө зарцуулсан байх юм.
Чуулган завсарласантай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн тухай мэдээлэл сүүлийн үед төвийн хэвлэлүүдээр харьцангүй ховор гарч байгаа. Гэхдээ эрхэм гишүүд төв хэвлэлүүдээс илүүтэйгээр орон нутгийн телевиз, сонингуудад анхаарлаа хандуулж эхэлсэн бололтой. Сонгууль дөхсөн энэ үед “Би мэнд мэлтийж байгаа шүү” гэдгээ тойргийнхоо сонгогчдод мэдүүлэхийн тулд тухайн орон нутгийн хэвлэлүүдэд хөрөнгө гаргах нь аргагүй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хөвсгөлийн буухиа шуудан” сонины хэвлэлтэд зориулж 70 сая төгрөгийг “Интерпресс” ХХК руу шилжүүлсэн байна. Мөн Х.Болорчулуун гишүүн “Монголчууд” сэтгүүлд 65 сая төгрөг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар сурталчилгааны зардалд 30 сая төгрөг, УИХ-ын гишүүн М.Зоригт хэвлэлтийн зардалд 90 сая төгрөг, Н.Номтойбаяр 6 сая 500 мянга, С.Ганбаатар гишүүн 17 сая 300 мянга, Ж.Батсуурь гишүүн 6 сая 370 мянган төгрөгийг зөвхөн сурталчилгаа болон хэвлэлд зарцуулжээ.
Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад 90 саяар нь хэвлэлд мөнгө зарцуулж байгаа нь тэд аль хэдийн 2016 оны сонгуульд бэлдэж эхэлсний шинж.
Гишүүдийн хэвлэлд өгсөн мөнгүүдээр чухам ямар ажил хийснийг мэдэх хүсэлтэй хүн олон байгаа юм. Харин энэ талаар тайлбар хийсэн ганц гишүүн нь М.Зоригт. Тэрбээр 90 сая төгрөгийг шилжүүлсэн талаараа “Өмнөх үеийн парламентуудад тойргоос сонгогдсон гишүүдэд нэг тэрбум төгрөг олгодог байсан. Үүнийг 2012 оны парламентаас бүр цуцалж, зөвхөн тойргоос сонгогдсон гишүүдэд УИХ-ын гишүүний тойрогтоо ажиллах зардалд 90 сая төгрөг олгодог болсон. Уг 90 сая төгрөгт хийгдэх ажлууд нь УИХ-ын гишүүний тойрогтоо томилолтоор ажиллах, ажлын албанд гэрээт ажилтан нэмэгдүүлэх, иргэд төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулах, жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах, мэдээлэх зорилгоор сонин сэтгүүл хэвлүүлэх, мэдээлэл түгээх зэрэгт чиглэгддэг болно” гэж тайлбарласан юм. Харин бусад нь таг, чиг байна.
Мөн УИХ-ын гишүүд тойрогт ажиллах нэрээр төсвийн мөнгийг олон тэрбумаар нь урсгадаг жишээг доорх мэдээллээс харж болно. Нөгөө хэмнэлтийн горимд шилжиж бүсээ чангалах зовлонг иргэд л яс, махаараа мэдэрч байгаа болохоос УИХ-ын гишүүд нь огт падлийгүй бололтой юм. Тухайлбал, Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батцогт өнгөрсөн сарын 16-нд 11.4 сая төгрөгийг иргэн Б.Саранцэцэгийн данс руу уулзалт ярилцлага зохион байгуулахад зориулсны хөлс болгон шилжүүлжээ. Мөн тэрбээр хэлэлцүүлэг семинар зохион байгуулахад 43 сая төгрөгийг Р.Дэлгэрмаагийн данс руу энэ сарын 9-нд шилжүүлсэн байна.
Нэг уулзалт, ярилцлагыг зохион байгуулахад 43 саяараа орно гэж юу байх билээ. Ядаж уулзалтын үеэр бэлэг тараасан бол нэг өөр хэрэг. Орон нутгийн тамгын газрын зааланд иргэд сайн дураараа ирж суугаад Д.Батцогтын яриаг сонсоход 11 саяыг зарцуулна гэдэг итгэхэд бэрх зүйл. Д.Арвин гишүүн хүртэл 1000 ахмадтай уулзахдаа 43 саяыг зарцуулаагүй байхад. Тэрбээр ядаж ахмадуудын гарыг цайлгах болоод 20 сая төгрөгийг уулзалтын зардалд үрсэн байлгүйдээ. Тэрбээр мөн энэ сарын 9-ний өдөр уулзалтын зардалд 17.1 сая төгрөгийг өнөөх хүний данс руу шилжүүлсэн тухай мэдээлэл байх юм.
Нэг зааланд иргэдийг цуглуулж ярилцлага хийхэд 17 саяар нь зарцуулаад байгааг үнэхээр гайхах. Ядаж ийм зүйлд зарцуулсан гэдэг тайлангаа олон нийтэд тайлбарлавал өөрсдийнх нь нэр хүндэд цэвэр санагдах юм. Нөгөөтэйгүүр гишүүдийг хардах олны хардлага байхгүй болно.
Увс аймгийн томилолтын зардалд Б.Чойжилсүрэн гишүүн 10 сая төгрөгийг хоёрдугаар сарын 16-нд Я.Баттогтохын данс руу, мөн энэ сарын 9-нд сургалт зохион байгуулахад 19.5 сая төгрөгийг Б.Эрдэнэбаатарын данс руу хийжээ.
Хамгийн гол нь бүгд хувь хүний данс руу мөнгө шилжүүлсэн нь ямар учиртай вэ?. УИХ-ын гишүүд бидний мөнгийг бидэнд зарцуулж чадаж байна уу, үгүй юу гэдгийг аудитын газар, АТГ-аас шалгах ёстой гэж олон нийт үзэж байгаа юм. Гишүүдийн зарцуулсан мөнгийг нийлүүлбэл хэд, хэдэн сургууль, цэцэрлэг босгочихоор байхад тэд ялих, шалихгүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарлагадаж суугаа нь олны дургүйцлийг хүргэж байна.
Т.Хулан
24tsag.mn
URL: