Би 21 хүрээгүй. Тэгээд юу гэж…
Ажил, сургууль нь тарж гэр лүүгээ яарсан хүмүүсийн хөл татарч, энд тэнд хоёр, гурваараа аажуу алхах залуус, зам сийрэгжиж автобус, машины гэрэл гялсхийн харагдах үеэс их хотын шөнийн амьдрал эхэлнэ. Залуус хамт олон, найз нөхдөөрөө алжаал ядаргаагаа тайлахаар зарим нь караоке, зарим нь паб руу чиглэнэ. Харин нэг хэсэг нь бидний хэлдгээр баар буюу шөнийн цэнгээний газрыг зорих. Хотын захиргаанаас долоо хоногийн пүрэв, баасан, бямба гаригт шөнийн цэнгээний газруудыг 00:00-03:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаагүй үйлчлэх журмыг батлаад багагүй хугацаа өнгөрч байна. Эдгээр өдрүүдэд аж, ахуйн нэгжүүд хууль, журмыг хэрхэн сахиулдаг, цагдаагийн алба хаагчдын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагаа, зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангагддгийг сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотын Цагдаагийн газрынхантай нэгдэв.
Шинэхэн цагдаа анхныхаа хэргийг илрүүлэв
Баасан гаригт хүмүүсийн хөл, хөдөлгөөн хамгийн ихтэй өдөр. Цэнгээний газрууд үйлчлүүлэгч олонтой, түүний тоогоор хөлчүүрхсэн залуус хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлтэй. Замын цагдаа нар ч өмнөх өдрүүдээс илүү дуудлагатай хонодог. Бидний бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын НХЖХХ-ийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Дунжид, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Саруултуяа, нийслэлийн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ү.Одбаяр болон хэвлэлийн төлөөлөл багтав. 23:00 цаг гэхэд Улаанбаатар хотын цагдаагийн газраас Баянзүрх дүүрэг рүү явахаар товлосон ч гэнэт зам хазайж Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийг зорив. Тус газраас цагдаагийн албан хаагч эрэн сурвалжилж байсан хэрэгтнийг баривчилсан мэдээлэл иржээ. Явж очвол Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн байцаагч, дэд ахлагч Б.Тэмүүжин тус дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байгаад хулгайн хэргээр шалгуулж байгаад оргосон этгээдийг саатуулан авчирчээ. Тэрээр цагдаагийн байгууллагад ороод нэг сар гаруйн хугацаанд ажиллаж байгаа ч ур чадвар гарган анхны томоохон хэргээ илрүүлсэн байв. “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас зогсооход сэжигтэй санагдсан. Бичиг баримтыг нь шалгаад эрэн сурвалжилж байгааг нь мэдсэн” гэж даруухан хариулаад ажилдаа гарахаар яаравчлав.
Сауны газрууд сэжиг авчээ
Баянгол дүүрэгт нохойт эргүүл ажиллаж эхэлснээр хулгайн хэрэг буурчээ. Тус дүүргийн 17 дугаар хорооныхон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын хэсэг байгуулж үр дүнтэй ажиллаж байгааг сурвалжлагын үеэр мэдээлэв. Харин саун, массажны газрууд хууль зөрчин ажилласаар байдгийг онцолж, Богд ар хорооллын орчимд байрлах сауны газрыг зорьсон юм. Туршилтаар хэсэг залуусаа явуулбал таг чиг гэсээр ирцгээв. Уг нь ажилладаг гол өдөр нь гэнэ. цагдаа нарын “Бүтэлгүйтчихлээ. Шалгалтаар очих сэжиг авчихаж” гэснээр маршрутынхаа дагуу Баянзүрх дүүрэг рүү явав. Нийслэлийн Замын цагдаагийн газрынхан анхны хөдөлгөөнт цэгийг тус дүүрэгт ажиллуулж эхэлжээ. Цагдаагийн пүүтэк дүүргийн нутаг дэвсгэрээр явж гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүрэгтэй. Үүргээ ч амжилттай биелүүлж байгааг тус дүүргийн цагдаагийн I хэлтсийн Эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ш.Энхтайван дуулгав.
Буудал нэртэй байшин
Шалгалтын багийнхны дараагийн зорьсон газар нь Кино үйлдвэрийн урд байрлах “Цээнэ” гэх зочид буудал. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулснаас өмнө нь хэд хэдэн удаа шаардлага гардаж байсан газар юм байна. Буудлын үүдээр оронгуут урт хонгил угтана. Хэсэг яваад шатаар өгсвөл ресепшн угтав. 30 гаруй өрөөтэй тус буудалд 01:00 цагийн орчимд дөрвөн өрөө үйлчлүүлэгчтэй байгааг угтагч хэлэв. Цагдаагийн ажилтнуудын зааснаар буудлын ариун цэврийн өрөөнд орвол цааш гарсан хаалга харагдав. Энэ нь цаана хашаанд байгаа өөр нэг буудалд орох дамжлага аж. Буудал ч гэж айлын байшин бололтой. Доторхыг нь жижигхэн өрөөнүүдээр тасалжээ. Нэг өрөө нь ор тавиад л бараг дүүрчих хэмжээний талбайтай юм. Халаалт, дулаангүй, эрүүл ахуйн шаардлага хангахааргүй нь гаднаас харахад илт байна. Цагдаагийн ажилтнууд энэ байдлыг засч сайжруулах талаар үүрэг өгч, мэргэжлийн хяналтын байгууллагад ханджээ. Үйл ажиллагааг зогсоох эрх нь мэргэжлийн хяналтынханд байдаг учир тэдэнд дахин шаардлага тавиад гарцгаав.
Хаалга нь тас хаалттай…
Ийн явсаар шөнийн 01 цаг аль хэдийнэ өнгөрчээ. Энэ үед архи, согтууруулах ундаагүй үйлчлэх үүрэгтэй шөнийн цэнгээний газрууд хуулиа хэрхэн сахиулж байгааг шалгахаар Сансарт ирэв. Сансарын тунел орчимд шөнийн цэнгээний газрууд бөөгнөрсөн байдаг ч 01:00 цагийн үед хөл, хөдөлгөөн бага байв. Хэсэг залуус хүмүүсийг зүглүүлж яваа нь харагдана. Дотор архи согтууруулах ундаатай, насанд хүрээгүй хүмүүс үйлчлүүлж байгаа эсэхийг шалгахаар цагдаагийнхнаас салж хэсэг нөхдийн хамт жирийн хүмүүс болоод орохоор болов. Замчлах залуус ч хүрээд ирлээ. 25 орчим болов уу гэмээр насны намхан залуу биднийг CAMEL гэх баарны үүдэнд аваачив. Дотогш утсаар холбогдож байна. Тав орчим минут хүлээсний дараа өөр нэг залуу дотроос хаалга онгойлгож оруулав. Биднийг угтсан залуу өөр үйлчлүүлэгч авахаар үлдэв бололтой.
Дотор бүжиглэсэн, ширээндээ пиво шимэнгээ суух залуусыг нийлүүлбэл 100 орчим хүн байгаа бололтой. Тамхины утаа манан болж тогтжээ. Ширээнд суусны дараа үйлчлэгч охин захиалга асууж байна. Архи байгаа юу гэвэл “Хар Чингис байна” гээд хээв нэг хариулав. Уг нь 00:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдах ёсгүй. Түүгээр зогсохгүй танхимд насанд хүрээгүй охид, банди нар хөгжилтэй нь аргагүй бүжиглэж, зарим нь тамхи сууна. Нэгэнт хууль биелэхгүй байгааг харсан бид гандаас цагдаа нарыг дуудах гэсэн оролдого бүтэлгүйтэж цэнгээний газрынханд баригдав. Зохион байгуулагч бололтой хоёр залуу биднийг гарахыг шаардав. Ингэхдээ орж ирсэн хаалгаар бус арын хаалгаар гарах ёстой аж. Шаардлага тавиад ч үл тоох залуус танхимаар чирсээр арын хаалган дээрээ аваачив. Гадна цагдаа байгааг эсэхийг лавлаж байгаа бололтой утсаар ярьж байна. Цэнгээний газрын хаалга яг л шоронгийн хаалга шиг тас түс хийгээд хаагдсан болохоор нээх ямар ч боломжгүй. Дотроос хэн нэгэн гарахаар бол зохион байгуулагчдын зөвшөөрлөөр гарна. Насанд хүрээгүй хүүхдүүд согтуурсан үед нь арын хаалгаар гаргадаг бололтой. Мэдээж бид хууль зөрчсөнийг нь харсан болохоор бас л арын хаалгаар нууцаар гаргах шинжтэй. Гаднаас мэдээлэл авсаар 30 орчим минут хүлээлгэв. Хууль зөрчиж байгааг нь хэлээд тоох хүн алга. Гаднаас ч хүн орж ирэх боломжгүй учир бид дэмий л хаалга онгойхыг хүлээж зогссоор. Цэнгэж дууссан залуус эхнээсээ ганц нэгээр гарахаар хаалган дээр ирсээр бараг 20 гаруй цугларав. Олонх нь халамцуу. Нэг охин хөл дээрээ тэнцэж ядна зогсов. Хэдэн настайг нь асуувал “Эгч ээ, би 21 хүрээгүй. Тэгээд юу гэж?” гэж хээв нэг хариулав. Гадна сая нэг хүмүүсийн хөл татарсан бололтой, арын хаалгаа онгойлгож хөөх шахам гаргав. Тэгээд л хаалгаа тас хааж орхих нь тэр. Дотор нь насанд хүрээгүй залуус архи ууж, тамхи татсаар хоцорсон. Цэнгээний газарт хөлчүүрхсэн залуус гэмт хэрэг үйлдэж, эсвэл гэмт хэргийн хохирогч болбол гаднаас хэн ч түүнийг мэдэх боломжгүй ажээ.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж:/ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: