Хандиваар халхавчилсан аймгуудын наадмын төсөв тодорхойгүй байна

Энэ жил олон тэмдэглэлт ой давхацсан учир Үндэсний их баяр наадмаас гадна аймгийн даншиг наадмууд урд жилүүдийнхээсээ данхайсан төсөвтэй болж өнгөрлөө. Үндэсний их баяр наадамд энэ жил 1.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд энэ нь зөвхөн улсын төсвөөс гаргасан хөрөнгийн хэмжээ юм байна. Үүнээс түрүүлсэн бөхөд 15 сая, үзүүрлэсэн бөхөд 10 сая төгрөгийн шагнал гардуулсан.

Мөн түрүү магнай болсон морьд тус бүрт таван сая төгрөг, эрхий мэргэн болсон харваач, шагайн харваачдад тус бүрт нь дөрвөн сая төгрөгийн урамшуулал олгосон. Тэгвэл аймгийн наадмуудын төсөв энэ жил Үндэсний их баяр наадмын төсвөөс дутахааргүй байж, улсын хэмжээний баяр наадмыг тэмдэглэлт ой нь тохиож буй аймгууд хийлээ.

Энэ жилийн хувьд улсын төсвөөс ой нь тохиож байгаа аймгуудад 20 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн аж. Харин аймгуудын наадам энэхүү төсвөөс хэдийнэ хэтэрсэн нь бидний нүднээ илхэн байна. Үүнийгээ аймгийн Засаг дарга нар “Эртнээс л аймгийн ойг тохиолдуулан нутгийнхнаасаа хандив цуглуулж байсны хүчинд наадам дэлгэр сайхан боллоо” хэмээн ярьж байгаа сурагтай.

Улсын төсвөөс төсөвлөсөн хөрөнгө дээр хэчнээн төгрөг нэмж нүсэр наадмынхаа данхайсан төсвийг бий болгосон талаар аймгийнхаа тэмдэглэлт ойн баяр наадмыг сүр дуулиантай гэгч нь хийсэн аймгийн Засаг дарга нараас лавлахад “Бид нутгийн өөрөө удирдах байгууллага, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, нутгийнхаа ард түмний хандиваар наадмаа зохион байгуулсан. Харин улсын төсвөөс шамшигдуулсан зүйл байхгүй. Тэгээд ч одоогоор наадмын төсвийн тооцоог гаргаагүй байна” гэж хоорондоо тохирчихсон мэт нэг хариулт өгч байх юм.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат л гэхэд аймгийнхаа 80 жилийн ой, наадмыг тохиолдуулан 10 сая төгрөгөөр сэтгүүл гаргуулсан гэж байгаа. Харин Өмнөговь аймгийнхан улсын наадмын түрүү бөхийн бай шагнал болох 15 сая төгрөгөөр аймгийнхаа наадмаар түрүүлсэн бөхийг байлж, зангаргаа харуулсан гэж байгаа. Удахгүй Ховд, Дорнод, Дундговь, Говьсүмбэр гээд олон аймгийн тэмдэглэлт ой тохиож, наадам нь болох гэж байна.

Эдгээр аймгийнхан ч аймгийнхаа ойг түрүүлж тэмдэглэсэн аймгуудын дор орчихгүйг хичээж, бэл бэнчингээ сэгсрэх нь лавтай. Ямартай ч энэ жилийн баяр наадмууд аймгуудын “төсвийн хүүдий”-г хүчтэйхэн сэгсрэх нь. Монголчуудыг “Хурааж, хурааж байгаад баяраар хамаг хурааснаа туугаад тавьчихдаг улс” хэмээдэг. Энэ нь үнэн гэдгийг ч энэ жилийн баяр наадмууд батлаад өглөө. Үүгээр барахгүй энэ жил орон нутгийн төсвийн нийт зарлага өмнөх жилүүд болон төсөвлөсөн хэмжээнээсээ их нэмэгдсэн байдалтай гарсан аж.

Тухайлбал, энэ жил орон нутагт нийт 297.4 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээс 77.6 тэрбум төгрөг, УИХ-д танилцуулсан төлөвлөгөөнөөс нь 43.6 тэрбум төгрөгөөр буюу 17.2 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо гарсан байна. Зарлагын өсөлтийг аймгаар авч үзвэл, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 16.4 тэрбум төгрөгөөр бууруулан баталсан Өмнөговь аймаг 2.1 тэрбум төгрөгөөр зарлагаа нэмэгдүүлсэн бол, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг бусад аймагт дунджаар 500 сая төгрөгөөр буюу таван тэрбум төгрөгөөр, Улаанбаатар хот 34.8 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг аймгууд дунджаар 175 сая төгрөгөөр нийт 1.8 тэрбум төгрөгөөр зарлагаа нэмэгдүүлсэн байна.

Аймгуудын Засаг дарга нар ийнхүү найр наадмаа “Олсон хандиваараа наадмаа зохиолоо” гэсэн нэрийдлээр хамаг үүцээ задалчихаад улсын төсөвт орлого оруулах цаг нь ирэхээр луу унжиж суух вий. Хандив нэрийн дор хэчнээн төгрөгийн өр хуримтлагдан үлдэж байгааг ч тэд мэдэж байгаа биз. Хандив дотроо эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл хэлбэрийн буцалтгүй тусламж гэж байдаг.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих