Ноён уулын их ав

527-142718745954f3e9c9655d7_noyon-uulНэг цаг үеийн гурван өөр аялагч одоогоос 200 орчим жилийн өмнө Ноён уулын дархан газрын хажуугаар өнгөрөхдөө үзсэн дуулснаа сониучлан тэмдэглэж сэтгэлд бууснаа хүүрнэн бичсэнийг орос хэлнээс чадан ядан монголчлоод уншигч танд хүргэж байна.
Их зохиолч Д.Нацагдоржийн үед «Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан» бол өдгөө Монголын газар усан хийгээд монгол хүний чанарын аль аль нь асар ихээр өөрчлөгдөж, байх ёстой уг төрхөө алдан доройтсоор байгааг энэ тэмдэглэлүүд гэрчилнэ.

Е.Тимковский (1820 он)
… Ноён уулын хормойд, голын баруун эрэгт байрласан Хуримт өртөөний харалдаа талаар Бороо голыг бид үдийн 3 цаг хагаст гатлав. Энэ өдөр 23 бээр явлаа.
Үзүүртээ Хуримт (найр хуримын газар) хэмээх хадан цохиотой, аварга том шороон хэрэм мэт уул манай гэрээс баруун урагш байна. Адил нэртэй нуураас эх авсан Бороо голын урсдаг хөндий баруун этгээдэд цэлийнэ. Харин арай зүүнтээ, орой дээрээ овоотой Угемылъ уул буй.
Өртөөн дээр ирэх үес Төлөөлөгчийн зарим гишүүн оройн агаарт Ноён уулын наад төглөөр зугаацан явахад дулаахан байлаа. Тэр даруй Туслагч (тэр үеийн тушаалын нэр – Р.М.) над руу зарц нараа ирүүлэв. Удалгүй Элчин нарыг санаанаас нь түдгэлзүүлэхийг гуйхаар өөрөө ч ирлээ. Учир нь, түүний үгээр бол тэр ойд, өөрийгөө хамгаалах юу ч үгүй ирсэн хүмүүсийг хялбархан тасар татчихдаг баавгай ихтэй гэнэ.
Хасаг илгээн энэ тухай дуулгаж тэднийг даруйхан буцаан ирүүлэв. Ноёны нурууны ой дархан цаазтай гэдгийг бид сүүлд Туслагчийн зарцын үгнээс мэдсэн билээ. Тэнд Цзюн ван, Амбан зэрэг Монголын хязгаарын Захирагч нар бараа бологчдын хамт Өргөөгөөс ирж ан гөрөөс авлан зугаацдаг. Нэг намар нь Бороод, бас нэг намар нь Хүрээ буюу Өргөө хавийн уулсаар ав хийдэг байна. Тэр нутгаар нүүдэллэн аж төрөх монголчууд, хэнийг ч ан агнах төдийгүй хөл гишгэж ч зүрхлэхгүй байлгахын тулд ихэс дээдсийнхээ балар түнэр авын газрыг харж цагдах үүрэгтэй бөлгөө. Өнгөрсөн жилийн намар Бороо болон бусад газар ав хийгээгүй байна. Учир нь Хутагтынхаа залран ирж гийгүүлэх цагийг Халх даяар тэсгэлгүй ихээр сүсэглэн хүлээжээ. Ван одоо ч Өргөөгийн цаана ан гөрөөс авлахыг зорьж буй. Монголчуудын Богд гэж нэрлэдэг хаан Бээжингээс Жехэ (Их хэрмийн гадна, Монголын зүүн өмнөд хэсэг) дэх зуны ордон руу мордохдоо нэгэн хэсэг нь харьяат нутагтаа ан ав хийж нөгөө хэсэг нь Жехэ-д авлаар иртүгэй хэмээсэн зарлигийг Монголын нийт засаг ноёдод илгээдэг. Олзноос хамгийн сайныг нь буюу аль гойд ховрыг нь, ялангуяа бодонг Дээд эзэнд бэлэг болгон өргөх бөлгөө. Вангийн авд Халхын аймгаас шилдэг морьтон, харваач 500 хүртэл хүнийг томилон илгээдэг гэнэ. Ан гөрөөсийг бөөнд нь хөөх ба гагцхүү Ван, Амбан, манж түшмэд хийгээд тэдний дагалт нар тэр бөөгнөрсөн сүргийг харвадаг.
Хатуу цаазын эрхэнд Монголчуудаас нэг нь ч сум тавихыг үл зүрхлэх бөгөөд авын хүрээнээс мултарсан амьтныг л мөшгөн хөөж цохиж болдог. Азийн араншин гэж! Энэ хавь нь тэдгээр хээнцэр ангуучдын гол отог ба ялалтын найрын газар болдог. …
9 сарын 11. Хөсөг өглөөний 8 цагт хөдлөв.
Эхлээд бид баруун тийш Угемылъ уулын хажуугаар бээр хэртэй явлаа. Дараа нь урагш эргэн Арангатын хөндийгөөр замаа хөөж 5 бээр явав. Вангаар намнуулахын тул ан гөрөөсийг ихэвчлэн Ноён уулын ойгоос эндэх хавцлын орой өөд хөөн гаргадаг. Одоогийн Юн ван авлахдаа унаа хүлэгтэй морилдог атал Амбан тамир тэнхээ доройн улмаас явган залрахын дээр бас удаан саатдаггүй билээ.
[Е.Тимковский. Монголоор дайран Хятадад аялсан нь. Нэгдүгээр хэсэг. СПб., 1824: 71-74]

Иакинф (1821 он)
Барагцаагаар 50 ли яваад Бороо голын эрэг дээр, мөн тийм нэртэй газар буув. Туж уулын ам хөндийгөөр явлаа. Бараг арван буудлын цаана, замын баруунтаа, чулуугаар бүтсэн зургаан дэвсэгтэй, шилмүүст мод, хусан ой битүү ургасан, үзэсгэлэнт төрх цогцолмол, өндөр Ноён уул оршино. Бид яг буух газраа хүртэл түүний баруун хормойгоор явав. Энд, уулын амнаас хоёр багахан гол урсана. Зүүн талынхыг нь Баян гол гэх бөгөөд мөнөөх буусан газраас баруун тийш Бороо голд цутгана. Бороо гол нь Баян голоос арай том, зарим газраа тохой хэрийн гүн агаад чанх умар зүг урсаж Хараа голд цутгана. Хасгууд Бороо голоос хэдэн зэвэг барив. Тэр хоёр голын хоорондох, тариа тарьсан багавтар тэгш газар одоо шуудан өртөө байгуулсан байх бөгөөд оорцог сул газар нь эгэл далбига, өндгөн мөөг ургажээ. Ноён уулын зүүн биеийг дархан газарт тооцдог ба тэнд хэн ч ан хийж үл зүрхэлнэ. Түүнчлэн Өргөөгийн өмнүүрх модтой уулсад ав хомрого хийхийг хязгаарын хэргийг шийтгэгч ванд зөвшөөрчээ. (Облава, угтаа бол аблава нь Монгол хэлний абала буюу ан гөрөөсийг бүслэн хүрээлэх, эсвэл абаламуй – ан гөрөөсийг хүрээлмүй хэмээх үгээс үүсчээ. Польш хэлний Obława нь мөн тийм утгатай.)
Ав хомрого хэмээх нь морьтнууд ан гөрөөсийг хүрээлэн хөөж авлахыг хэлнэ. Энэ нь, үржиж олширсон араатныг хүмүүс нийтийн хүчээр хядан устгахыг хичээдэг байсан балар цагаас үлдэж хоцорсон хуучин заншил болой. Малчин ард түмнүүд энэ заншлыг уг хэвээр нь сахисаар бөгөөд тэдний эзэд ноёд өнөөг хүртэл үүнийг цэрэглэх наадамдаа Европын цэргийн сэлгэлт хөдөлгөөнтэй адилаар хэрэглэж байна. Тийнхүү араатан гөрөөс авлахдаа дараах маягаар үйлдэнэ. Үүнд, тогтоосон тоо бүхий, зэвсэглэсэн морьтнууд ан ав хийхээр, товлосон ой модтой газраа тойрон тарж уужим зай эзэлсэн гинжин хэлхээ үүсгэдэг байна. Дараа нь морьтнууд хүрээгээ бага багаар хумин давшсаар араатан гөрөөсийг өдөөн хөдөлгөж урагш нь бултуулах аргаар авын газрын төв рүү хөөн аваачна. Морьтнууд нэг нэгэндээ ойртон байрлаж авын хүрээний хэлхээ улам нягтрахад бүслүүлэн хашигдсан амьтад авлах сул газар хэдийнээ орчихсон байдаг. Энэ үед, тэргүүлэгч ноён нь анг харвах ба харин дараа нь түүнчлэн үйлдэхийг дагалдагсаддаа соёрхох бөлгөө. Цэргүүд авын хүрээ хэлхээнээс мултрахаар дайрсан амьтныг л харваж болно. Энэ мэт ав хомрогыг төрийн чухал хэрэгт тооцох тул хамаарах дүрэм журам, хууль ёстой байдаг юм. Энэ нь цэргийн үйлд холбогдохын учир авын цагт (намрын эхээр) хөдлөн давшихын өмнө ван ноёд, ерөнхийлөн захирагч нар нийслэлээс төрийн зөвшөөрлийг хүлээдэг. Ноён уулын зүүн биед өргөн их ой буй мэт санагдавч баруун талаас харахад уулын чулуун хярд хаагдаж үл үзэгдэнэ.
[Иакинф. Монголын тухай тэмдэглэл. I боть. I хэсэг. СПб., 1828: 114-116]

Е.Ковалевский (1849 он)

Уулсын дундуур өнгөрсөн бэрх нүүдлийн дараа бид Хуримтад өнжлөө. Тэнгэр бүрнээ цэлмэв. Огторгуй хөхөртөнө. Үүлс хуралдмагцаа агшны төдийд бүрэлдэж мянган хэлбэрт хуваагдаад арилна. Өдөр ойролцоогоор 12° дулаан байсан ба шөнө нь термометрийн мөнгөн ус 5° болтлоо буужээ.
Бидэнд газарчилсан туслагч (бас тушаалын нэр – Р.М.) нь 28 настай, жинхэнэ монгол, эндхийнхний хэлдгээр бол сайн ястай, өөрөөр хэлбэл угсаа сайтай, хэргэм зэрэгтэй, маш хөгжилтэй хүн байв. Хуримтад дөхөж ирэхэд хөсгийг гүйцэж хасгуудын шоглоомоор гэдэлзэн надад элдэв наргиа үг хэлэв. Гүдэс шулуухан, нүдэнд дулаахан төрх нь аз жаргалаар бялхана. Түүнийг харахад зугаатай байлаа. Үдлэх газар очиход тэр над руу ирж анх уулзсан шигээ монгол ёсыг баримтлан бүрэн зоогоор: хоёр хувин айраг, сүү, хонины өөх, гурил хийж чанасан хийцтэй цай нэг хувин, айргаар нэрсэн сархад (нэрмэл архи – Р.М.), хайрсан, маш амттай хонины сүүн өрөм (хайлмаг? – Р.М.), айргаар архи нэрээд үлдсэнийг шахаж хатаасан, хурц, исгэлэн амттан болох ааруул зэргээр дайлав. Энэ ямар учир болов? Манай туслагч юунд баясна вэ? «Би энд гэртээ байна» гэж тэр инээмсэглэн өгүүлснээ «Та нар миний зочид билээ» гээд өмнөхөөсөө чангаар, бүр тачигнатал хөхөрлөө. Энэ уудам газрыг бүхэлд нь өөрийн орон гэр гэж хэлсэн нь үнэхээр инээдэмтэй байлаа. Гэвч энэ бол түүний нүүж суудаг нутаг нь байсан бөгөөд тэрбээр үүнийг гэр орноо гэж тоглоомгүй хэлсэн юм. Тэгэж инээсэн нь хачирхмаар өнгө аястай байгаагүй бөгөөд харин ч төрсөн нутгаа харахад төгс дүүрэн аз жаргал сэтгэл зүрхэнд нь багтаж ядан бялхсанаас тэр билээ.
Хуримт бол уулсаар хүрээлүүлсэн тэгш уужим газар болой. Үүгээр Бороо гол болоод түүнд цутгадаг Арганату горхи мурилзан урсана. Уулс энд бага зэрэг огцом дэвсгээр төгсөж горхийг хавчин зэргэлдээх хөндийд арайхан нэвтрүүлдэг ба хөндийгөөс алслах тусам давалгаа мэт далангаас даланд улам өндөрсөнө. Өндөрлөг газар овоо босгожээ. Тод өнгийн өвс ногоо ургасан налуу газар бүр хонин сүрэг, дээхнүүр нь ямаа бэлчинэ. Уулын амнуудад адуу үхэр харагдана. Тэгш газраар тарсан олон гэрийн дунд эндхийн бүх хурлын дуганы нэгэн адил модон шивээгээр хүрээлүүлсэн өрөвдөлтэй дүнзэн дуган байна. Ус нь цэвэр бөгөөд хүрэлцээтэй задгай газар олон бий.
Хурим гэдэг нь найр хурим, Хуримт нь найр хуримын (хөндий) гэсэн утгатай. Энд ав хомрогын үеэр найр хурим зохиодгоос энэ тэгш хөндий нь тийм нэртэй болжээ.
Монголчууд хийгээд манж нарын ав хомрого нь хэдий чинээ хүнд бэрх албан үүрэг болохын хэрээр наадам цэнгээн биш юм гэдгийг хэлбэл зохино. Хүннү нар, түүнчлэн хожмын монголчуудын хувьд ан гөрөө нь дайнч үзэл санаа, цэрэг дайны байнгын үйл ажиллагааг хэвээр нь байлгах онцгой нэгэн байгуулалт байжээ. Энэ бол уулс, нэвтрэшгүй ой шугуйн аяны элдэв бэрхшээл болон зэрлэг араатнуудтай тулалдахын аюул бүхий цэргийн сэлгэлт хөдөлгөөний нэгэн зүйл болно. Чингис хаан тал нутгийн хуулиндаа ав хомрогыг цэрэг дайчдын сургууль хэмээн нэрлэсэн байдаг. Ан авд шалгарсан хүнийг дайнд тулаанд цолгорсны адилаар хөхүүлэн шагнадаг байжээ. Урьд Хятадын (Манжийн – Р.М.) эзэд хаад Монголын дорнод хилийн зүг ав хомрогонд морддог байв. Харин, аваас харьж ирэхдээ Хятадад бослоготой таараад өөрийнхөө төлөө их хэрмийн хаалгыг хаасан өмнөх эрх баригчийнхаа туршлагаас суралцсан өнөөгийн богд хаан ганц ч удаа авд мордоогүй байх. Хэдий тийм боловч бараг гурван жил тутамд Монгол, Манжуурын захирагчдыг энэ албанд илгээдэг.
Цэргийн цолтойд тооцогдох монголчууд намрын эхээр Хуримтад бөөнөөрөө цугларч нэгэн зүйл цэргийн хүрээг байгуулдаг. Тэдний тоо 10000-д хүрэх нь бий. Амбас тэдний араас нүсэр их дагалтын хамт морилон ирнэ. Заримдаа, цугласан нүүдэлчин цэргийн бай харвахыг урьдаар сорино. Зарим үед шууд ав хомрогоо эхэлнэ.
Тэгш газрын зүүнтээ Ноён уул нэртэй уул сүндэрлэнэ. Түүний цаана, арай хойхно өөр нэг уул, бүр алсад гурав дахь нь бий. Бүгд гол төлөв хус, улиас, нарс модон ойтой, ойд нь даланхальс, нохойн хошууны бут ургана. Ав хомрого Ноён уулаас эхэлнэ. Амбас дуганы харалдаах хавцалд байрладаг. Ойг хүрээлэн бүсэлсэн ардууд аажмаар төв рүү ойртон амбасын зүг ан гөрөөсийг хөөнө. Монголын захирагч буюу ван эхэлж дараа нь, дагалт бологч бусад нь харвана. Хүрээг сэтлэн гарсан анг цэргүүд сахих бөгөөд аль буутай нь буудаж болдог. Ер нь үүнд нум сум хэрэглэнэ. Аливаа зүйлийн амьтан бүрэн бий. Учир нь дархан цаазат ойг тойроод харуулууд байдаг бөгөөд тэд ойд хэнийг ч үл оруулахаар барахгүй, зэрлэг оршин суугчдыг нь үргээлгэхгүйн тул түлээ ч авахуулдаггүй. Биднийг ирэхээс хэд хоногийн өмнө нэг ядуу хүн Ноён уулнаа сэм нэвтрэн Хятадад эвэр нь их үнэ хүрдэг буга агнажээ. Тэр тухай нэг өдөр дуулж мэдээд сурагласаар гэмт хэргийг илрүүлэн золгүй амьтныг хууль зөрчсөнийх нь төлөөсөнд ихэд хохироохоор Өргөөгийн дөнгөнд илгээсэн байна.
Ойд баавгай, янгир илүү их байдаг. Буга, зэрлэг гахай төдийгүй шилүүс ч бий. Ан ав бүх гурван ууланд 45 өдөр үргэлжилдэг.
[Е.Ковалевский. Хятадад аялсан нь. I хэсэг. СПб., 1853: 26-29]

ШУА-ийн Түүх-Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга


URL:

Сэтгэгдэл бичих