Амиа хорлосон хоёр оюутны хэргийг шалгаж байна

527-142716356514vn1fsИх засаг их сургуулийн хоёр оюутан Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Т” гэх зочид буудалд амиа хорлосон байдалтай олдсон талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг хоёр оюутан хоёулаа эрэгтэй бөгөөд нэг нь 21-тэй, нөгөөх нь 23-тай байсан бөгөөд нэг ангийн, хуульзүйн сургуулийн төгсөх курсийн оюутнууд байсан байна. Хэрэг гардаг өдөр буюу энэ сарын 19-ний өдрийн 12:50 цагийн үед “Т” гэх зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна гэх мэдээлэл Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиход талийгаачдын нэг 21 настай эрэгтэй А зочид буудлын өрөөний хананд суулгасан зурагтын сууринаас мяндсан уяагаар боомилон амиа егүүтгэсэн байсан бол 23 настай Б угаалгын өрөөний шүршүүрийн бариулаас боомилон амиа алдсан байдалтай олджээ.

Энэ талаар тус сургуулийн удирдах албан тушаалтан “Манай сургуулийн хоёр оюутан амиа хорлосон байдалтай олдсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагынхан бидэнд өгсөн. Сургуулиас гадуур, хичээлийн бус цагаар энэ хэрэг үйлдэгдсэн болохоор манай сургуулийн зүгээс мэдэж байгаа зүйл алга. Цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа болохоор удахгүй шалтгаан нь тодорхой болох байх” гэсэн юм.

Тэгвэл талийгаачдын ар гэрийнхэн хүүхдүүдээ амиа хорлохоор хүүхдүүд биш хэмээн цагдаагийн байгууллагад хандаад байгаа гэнэ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

А.Ханд

Эх сурвалж: new.mn


URL:

Сэтгэгдэл бичих