Бидний мэддэг, бас мэддэггүй Наурыз

f0320d62e7977be9daa1fa064b7

НАУРЫЗ ХЭМЭЭХ ҮГИЙН УЧИР

Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн, шинэ өдөр буюу цаг хугацааны шинэчлэлийг харуулдаг баяр билээ. Эртний дорнодын заншил ёсоор бол Наурыз нь шинэ жил гэсэн үг юм. Дэлхийн олон улс орны ард түмний тэмдэглэдэг бусад шинэ жилтэй харьцуулахад Наурыз нь нийтлэг, бодитой баярт тооцогддог. Наурызын баярыг гуравдугаар сарын 22-нд буюу өдөр шөнө тэнцсэн тэгш сайн өдөр өвлийг өнтэй давж урин хавартай учран золгож буйг бэлгэдэн тэмдэглэдэг уламжлалт баяр юм. Наурыз гэдэг нь парси хэлний ноу – шинэ, руз – өдөр гэсэн үгнээс гаралтай, шинэ өдөр, шинэ жилийн эхний өдөр гэсэн утга санааг илэрхийлдэг. Энэ утгаараа цагаан сартай ижил төстэй гэж ойлгож болно. Казах хэлэнд Наурыз гэдэг үг жилийн эхэнд тэмдэглэдэг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утгаар нэгэнт тогтсон байна. Шинэ оны шинэ өдөр эхэлж байгаа учраас хаврын баяр, нарны баяр гэж нэрлэдэг нь түгээмэл юм.

НАУРЫЗЫГ ЗААВАЛ ГУРАВДУГААР САРЫН 22-НД ТЭМДЭГЛЭДЭГ

Мусульман шашинтай орнууд хаврын тэргүүн сарыг гуравдугаар сарын 22-ноос эхэлдэг гэж үздэг уламжлалтай. Од, од гаригууд бүтэн жил тойрч явахдаа өөрсдийн анх гарсан цэгүүдэд буцаж ирж, цааш шинэ тойргоор явж, өдөр уртасч, шөнө богиносч эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, од гаригс өөрсдийн хамгийн анхны байршилдаа эргэн ирж, өдөр шөнө тэнцэж, өвс ногоо соёолж, мал төллөж, идээ цагаа гарч, газар дэлхий сайн сайхнаар бялхдаг өдөр юм. Григорианы тооллын хуанлийн ёсоор хуучнаар гуравдугаар сарын 3-нд, шинэ тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө чухам энэ өдөр таарч байдаг. Манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагийн үед мандаж эхлэх нь Дундад Азийн улс орнуудын хувьд шөнийн гурван цагийн үетэй давхацдаг аж. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс угтаж ирсэн уламжлалтай. Наурызын баярыг жил бүр тогтсон нэг л өдөр тэмдэглэдэг нь чухам үүнтэй холбоотой юм. Эрт дээр үеэс нүүдэлчин аймгууд жилийн эх- сайн сайхны бэлгэдэл болсон өдөр Наурызаас эхэлдэг гэж үздэг байжээ. Мөн энэ өдөр Персийн хаан Жамшидыг хаан ширээнд өргөмжилсөн тул жил бүр албан ёсны баяр болгон тэмдэглэдэг талаар түүхийн бүтээлүүдэд бичсэн байдаг.

 

НАУРЫЗ-НАРНЫ БАЯР

 

Нүүдэлчин ард түмэн нарыг шүтэх уламжлалтай. Гуравдугаар сарын 22-ны өдөр өглөө эртлэн босож нарыг харж, тухайн жилийн өнгө төрхийг хэлэлцэж, настан буурлууд “Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн мандаж буй наранд ёсолж залбирал үйлддэг. Хүмүүс анхны нарыг харж сэтгэлийн таашаал авч, шинэ оны анхны нарыг харсан хүн тэр жилдээ аз жаргалтай, цог золбоотой, элбэг хангалуун амьдардаг гэж бэлгэшээдэг юм. Эрт дээр үед нарыг шүтдэг иранчууд Наурызын өдөр “нар” гэдэг үгийн эхний үсэг болох “шин” үсгээр эхэлсэн долоон зүйлээр ширээгээ чимдэг уламжлалтай байжээ. Энэ нь сүү, чихэр, ёотон, бал, лаа, сам зэрэг зүйл юм. Эртний иранчуудын ойлголтоор сүүгээр ариун нандиныг, чихрээр жаргалыг, ёотоноор буян хишгийг, балаар амралт, алжаал тайлахыг, лаагаар галыг шүтэхийг, самаар эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бэлгэддэг байжээ. Нарны баяр гэж нэрлэдгийн утга учир нь бас үүнд оршдог байна. Мөн эрт дээр үед энэ өдөр шинэ хувцсаар гоёж, гадуур зугаалж, нэг нэгэндээ цэцэг бэлэглэж, гэрийн ханан дээр дугуй хээ нарны дүрсийг зурж, айл гэрийн баганад цэцэг өлгөж гоёдог байжээ. Тиймээс судлаачид Наурызыг нарны баяр гэж нэрлэдэг нь үүнээс үүдэлтэй гэж үздэг.

НАУРЫЗ ЭРТНИЙ БАЯР

Эрт дээр үед Персийн их гүрний нөлөөн дор байсан улс орнууд энэ баярыг өргөн тэмдэглэдэг байжээ. Наурыз нь эртний Персийг уламжилж буй Иран улсын хувьд төрийн үндэсний баярт тооцогддог. Мөн Казахстанд Наурызыг албан ёсны үндэсний баяр болгон гурав хоног тэмдэглэдэг байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас гол төлөв Төв Азийн улс орнууд тэмдэглэж байна. Мөн Иран, Афганистан, Пакистан, Турк, Энэтхэгийн Кашмир, Македон, Албани, Босни-Герцоговин, Иракийн Курдистан, Азербайжан, Гүрж, БНХАУ-ын Шинжан-Уйгурын автономит район, ОХУ-ынТатарстан, Башкортостан, Кавказын ислам шашинтай орнууд зэрэг дэлхийн 40 орчим орны 300 гаруй сая хүн тэмдэглэдэг. Үүнээс Наурызын баяр нь үндэс угсааны гүн гүнзгий утга улбаатай болохыг ажиглаж болно. Наурыз нь Бахайн цаг тооллоор ч гэсэн оны эхэнд тооцогддог. Наурыз дэлхийн хамгийн эртний баярт тооцогддог билээ. Дундад Азид энэ баярыг 7000 жилийн тэртээгээс тэмдэглэж иржээ. Наурыз нь ард түмний дэмжлэгийг хүлээж, ислам шашин дэлгэрэх үеийг хүртэл ёслон тэмдэглэгдэж байжээ. Энэ баярын талаар сонирхолтой баримт, мэдээллүүд эртний түрэг бичгийн үнэт дурсгалуудад, түүний дотор “Авеста” номд хадгалагдан үлджээ. Мөн XI зууны түрэг хэлний нэвтэрхий толь “Диван лугат – ит – турки” бүтээлд, казахын эртний үлгэр, домгуудад түүнтэй адил төстэй үйл явдал, дүр зураг давтагдаж байдаг. Дорно зүгийн улс орнуудад Наурызыг яаж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан тухайн бидэнд дорно дахины суут хүмүүс Абу Райхан Бируни, Ибн Балхи, Омар Хаям нарын бүтээлүүдээр дамжин иржээ. Тухайлбал, парси хэлтэй улсуудад Наурызын баярыг нэлээд хэдэн хоног тэмдэглэдэг байв. Ихэнх судлаач ард түмний дунд тархсан домгийг үндэслэл болгодог. Домог хэдийгээр олон янз боловч амьдралын бодит үнэний тусгал байдгаараа түүнд үнэний ортой, үндэслэлтэй зүйл цөөнгүй бий. Зарим судлаач үүнийг зороастризмын хүртэлх үетэй холбодог бол, зарим нь Персийн хааны аян дайнтай холбон үздэг. “Наурыз” гэдэг үг анх персийн хэллэгт манай цаг тооллын өмнөх хоёрдугаар зууны үед бий болсон ч, энэ баярыг Ахеменидийн нэг угсааны хаанчлал (манай цаг тооллоос өмнөх 648-330 оны үе)-ын үед тэмдэглэж байжээ. Ахеменидын хаанчлалын үед хаврын өдөр, шөнө тэнцсэн өдрийг албан ёсны Зороастизмын баяр болгосон байжээ. Наурызыг тэмдэглэдэг өдөр Персийн гүрний хаан Шахиншахад олон төрлийн бэлэг сэлт бэлтгэж өгдөг байв. Дорнын долоон алдарт найрагчийн нэг Фирдоусигийн “Шахнаме” найраглалд энэ баярыг тэмдэглэж эхэлснийг Шах Жамшидын (перс) хаанчлал эхэлсэн үетэй холбож үздэг. Үүнээс улбаалаад уг баярыг “Жамиди Навруз” гэх нь бий. Үүнийг уг найраглалд тэмдэглэсэн:

“Олондоо алдартай захирагч эзэн хаан

Огторгуйн өндөрт нар шиг гэрэлтэнэ

Ширээнд нь залах ёслолд цугларсан ард

Чин хүсэлт Эзнийхээ алдрыг бишрэн залбирна

Жамшид хааныг алмаз эрдэнээр бүтэн хучсан

Жаргалтай баярт тэрхүү өдрийг “Шинэ өдөр” хэмээв.

Олны сэтгэл баясан тэнийсэн тэр өдөр

Ормазд өдөр, Фарвардин сар байсан юм

Дарс шимтэн, шивнээ яриа дэлгэн өрнүүлсээр

Даяар олноор эзнээ хайрлан, сэтгэл дүүрэн баясав

Энэхүү баярыг ариунаар хямгадан уламжилж Эртний соёлын сайхан дурсамж болгон үлдээв” гэсэн мөрүүдээс харж болно.

Наурызыг ихэнх оронд гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг ч, Фарфардины Ормазд сарын өдөртэй давхацдаг Ираны цаг тооллын эхний өдрийн дагуу өдөр, шөнө тэнцдэг өдөртэй тохирдог. Наурызыг жинхэнэ ард түмний үндэсний баяр болгон тэмдэглэдэг Ираны хувьд том, бага хоёр Наурыз болдог. Бага Наурыз хаврын эхлэл, Их Наурыз Фарфардин сарын зургаа дахь хоногт тохиодог байна. Иран улсад энэ баярыг гол төлөв 13 хоногийн турш тэмдэглэдэг байна. Азербайжан болон төв Азийн орнуудад баярын өдрийн орой гал асааж, долоон удаа түүн дээгүүр харайх заншил бий. Үүнийг “аластау” буюу хуучин оны аливаа муу зүйл, хир буртгаас өөрийгөө ариутгаж буй үйлдэл гэж үздэг юм.

НАУРЫЗ ОЛОН УЛСЫН БАЯРЫН ӨДӨР

Наурызыг 2009 оны есдүгээр сарын 30-нд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материаллаг бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт бүртгэн авсан. Энэ жагсаалтад оруулахыг материаллаг бус өвийг хамгаалах талаарх 24 улс орны Олон улс хоорондын хорооны гишүүд дэмжжээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр хуралдааны тогтоолоор гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр буюу International Day of Nowruz гэж тогтоосон байна. 2010 оны хоёрдугаар сарын 23-нд Азербайжан, Афганистан, Иран, Казахстан, Киргизстан, Македония ба Энэтхэг улсын дэмжлэгээр НҮБ-ын Ехөнхий Ассамблей “Олон улсын Наурызын өдөр”-ийн тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталжээ. НҮБ-ын Ерөнхий Асамблейн тогтоолд:

– Гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр хэмээн хүлээн зөвшөөрөх;

– Наурызыг тэмдэглэдэг гишүүн орнуудын гаргасан хичээл зүтгэл болон Наурызтай холбоотой соёл, ёс заншлыг хамгаалж хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хүчин чармайлтад талархал илэрхийлэх;

– Гишүүн орнуудад Наурызын тухай мэдээллийн төвшинг дээшлүүлэхэд анхаарч, энэ баярыг таниулан сурталчлах арга хэмжээг жил бүр зохион байгуулахад хүчин чармайлт гаргахыг уриалах;

– Наурызыг тэмдэглэдэг гишүүн орнууд Наурызын өвийн тухай мэдээллийг Олон улсын нийгэмлэгийн хүрээнд дэлгэрүүлэх зорилгоор энэ баярын түүхэн сурвалж, уламжлалыг судлах;

– Наурызыг сонирхож буй НҮБ-ын гишүүн орнуудад, тухайлбал, түүний холбогдох мэргэжсэн байгууллагад, ялангуяа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сангууд, хөтөлбөрүүдэд, сонирхож буй Олон улсын, бүс нутгийн болон төрийн бус байгууллагуудад Наурызыг тэмдэглэдэг улс ор нуудад зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцож байхыг уриал сан байна. Наурыз баярыг НҮБ-аас онцгой анхаарч өндөр ач холбогдол өгснийг үүнээс харж болно. Үүгээр Наурыз нь дэлхийн улс түмний эв нэгдэл, энх тайван, найрамдал, сайн санааны баяр болсон билээ.

 

НАУРЫЗЫН ЁС, БЭЛГЭДЭЛ

 

Наурыз нь Дорнодын ард түмний дунд ислам шашин дэлгэрэхээс олон жилийн өмнө үүссэн учраас шашны зан үйл, түүний урсгалуудаас ангид үндэсний баярт тооцогддог ажээ. Наурыз үндэсний баяр болохын зэрэгцээ түүний түүхэн ач холбогдол гүнзгий оршдог. Өвлийн хүйтэн үе өнгөрч, амьдралын хүч тамир буй болгодог тааламжтай дулаан улирал ирдэгт ард түмэн баярлан баясдаг аж. Өвөл тарга тэвээрэг алдсан мал, амьтан дулаан цаг үетэй золгож, хүмүүс мөн хаврын цэлмэг агаараар амьсгалж сэтгэл нь тэнийдэг байна. Ер нь энэ баярыг тэмдэглэдэг орнууд гуравдугаар сарыг бүхэлдээ Наурыз сар хэмээн нэрлэдэг. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад угтаж мэндчилж, дараа нь “Газар эх минь ивээлээ хайрла” хэмээн цэвэрлэж нээсэн худгийнхаа нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүү цацдаг ёс байж. Иймээс баярын урьдах шөнийг аз жаргалын шөнө гэж бэлгэшээдэг. Казахын ард түмэн Наурызыг “Улыстын улы күни” (“Ард түмний агуу их ивээлт өдөр”) гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу улс орон, ард түмний онцгой өдөр гэсэн утгыг илэрхийлдэг. Наурыз казахын ард түмний бүх нийтээрээ тэмдэглэдэг цорын ганц шашны бус гол баяр нь юм. Наурыз баяр бол байгаль хүн хоёрын шүтэлцээний баяр, гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцсэний баяр, хавар “мэндэлсэн” өдрийн баяр юм. Наурыз байгаль нойрноос сэрж шинэчлэгдэх, хавар болж шинэ он эхлэх, шинэ амьдрал соёлох үе. Казахын ард түмэн энэ өдрийг “Самарханы хөх чулуу гэссэн өдөр” гэж сайшаадаг нь дулаарал эхэлснийг илэрхийлж буй хэрэг юм. Наурыз бэлгэ дэмбэрлийн баяр болохын хувьд түүнтэй ард түмний олон ёс заншил холбоотой байдаг ажээ. Энэ сард хүү төрвөл Наурызбай, Наурызбек, Наурызтай, Наурызхан, охин төрвөл Наурыз, Наурызгүл, Наурызжан, Наурыз-ай гэх мэтээр нэр өгдөг. Наурызын өдөр гарсан төлийг төлийн эхэн гэж үзэж онцгойлон анхаарч тордох бөгөөд бусдад худалдахгүй, хүнд бэлэглэхгүй, зөвхөн тэр айлын хүндэтгэлийн баяр, эсвэл тахил өргөх ёслолд хэрэглэж болдог аж. Наурызаар цас, бороо ороход сайн гэдэг. Газар гандахгүй, чийг авч ургамал өвс эрт ургаж, сүү цагаа идээ гарч, мал амьтдын жаргах цаг ирж буйн дохио гэж үздэг. Казахууд Наурызыг тэмдэглэхэд “7” гэсэн тоо заавал ордог. Наурыз көже буюу наурызын шөл нь долоон зүйлийн бүтэцтэй байна. Учир нь долоо хоногийн гаригийн тоогоор гариг хүн бүхэнд ижилхэн ивээлээ хайрлаг хэмээн үзэж, гариг бүрт хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм. Наурызын гол болох Наурыз-көже буюу Наурыз-шөл нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн зүйлээс бүрдэнэ. Энэ нь ус, мах, давс, өөх, гурил, будаа (цагаан будаа, улаан будаа, шар будаа), сүү зэрэг юм. Долоон төрлийн хүнс ард түмний зан үйлээс гаралтай. Казах хэлэн дэх долоон овог, долоон баялаг, долоон алхам газар, долоон мануухай, долоон шөнө гэх зэрэг үгс ард түмний угийн илтгэл үнэмшил, домгийн болон зурхайн ойлголтоос гарчээ. Тиймээс зарим газарт төрөл нь өөрчлөгдсөн ч хүнсний долоон төрөл байх нь заавал хадгалагдсан байдаг. Ус, мах, давс, цагаан будаа нь хүн байгалийн нэгдлийг илтгэнэ. Сүү нь амьдралын эхлэлийг, буудайн зүйл үр удам олон болохыг бэлгэшээсэн хэрэг юм. Долоон төрөл нь амьдралын долоон элементийг буюу азтай, жаргалтай, цэцэн мэргэн, эрүүл, баян тансаг, өсч үржих, бурхнаас ивээлтэй байхыг илэрхийлдэг. Наурызын шөлийг том тогоонд бэлтгэдэг. Энэ бас учиртай. Дээр үед улс гүрний хаан, ноёдууд ард түмнийг эв нэгдэлтэй байлгахын тулд жилд нэг удаа том тогоонд хоол хийлгэн бүх хүнд идүүлэх ёс байжээ. Нэг тогооноос хоол иднэ гэдэг бол эв нэгдэл, нөхөрлөлийн илэрхийлэл болдог аж. Наурызаар 40-өөс доошгүй айлд орж, хүндэтгэл үзүүлэн баярын шөлийг амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог мөн эрхэмлэдэг. Тухайлбал, казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, нас барсан хүний араас долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ном уншлагын ёслол үйлддэг гэх мэт баримталдаг ёс бий. Нөгөө талаар ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлгэшээдэг явдал юм. Наурызын өдөр аян замд гарахгүй, үс хумсаа авахгүй, хүнтэй муудалцаж хэрэлдэхгүй, хараалын үг хэлэхгүй, хувцас угаахгүй зэрэг цээрийг баримталдаг юм. Архи уух, хоорондоо хэрэлдэх, муудалцахыг хатуу цээрлэдэг. Наурызын баярын ширээгээ аль болох элбэг дэлбэг засдаг, аяга саваа цэвэр ус, тараг, будаагаар дүүргэж тавьдаг уламжлал дээр үед байжээ. Шинэ оноо элбэг дэлбэг угтах нь тэр жилийн турш сэтгэл хангалуун байх гэсэн хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл юм. Наурыз ирэхэд гэр оронд байгаа бүх юм сайнаар эргэж, өвчин зовлон, бүтэлгүй юм арилж алга болдог гэж үздэг. Хүмүүс гомдлоо мартаж, хоорондоо эвсэг харилцаж инээмсэглэл дүүрэн баярлах ёстой. Наурызын найр буюу “Наурызнама” 3-9 хоног үргэлжилж, ард түмний соёл, үндэсний ёс, зан заншлыг өргөнөөр таниулан суралчлах онцгой том цугларалт наадам болдог байв. Тоглоом наадмыг улам сонирхолтой болгож дуу дуулах, бүжиг хийж, яруу найргийн уралдаан, харилцаа дуу, бөх барилдах, морь уралдуулах гэх мэт урлаг спортын төрлөөр үргэлжилж “Алты бакан” буюу дүүжмэг маягийн тоглоомоор дуусдаг байжээ. Наурызын дараа бүх хүмүүс төл хүлээн авах, хаврын тариалалтын ажилд гардаг байв.

 

НАУРЫЗЫН ШӨНӨ БУЮУ КЫЗЫРЫН ШӨНӨ

 

Казахуудын дунд тархсан домгоор бол Наурыз ирдэг гуравдугаар сарын 21-ний шөнө аз жаргал бэлэглэгч ивээлт өвөө Кызыр даян дэлхийгээр аялж явдаг гэнэ. Иймд энэ шөнийг “Кызырын шөнө” гэж нэрлэдэг аж. Кызыр гэдэг нь хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан хайрладаг, өндөр настай өвгөн буурлын дүр юм. Өөрөөр хэлбэл, нарны гэгээгээр илэрдэг аз жаргалын элчийг “Кызыр” гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Наурыз – дэлхийд сайн санаа ирэх өдөр, цэцэгс дэлгэрч, шуувууд дуугарч, газар ногоорч, гол горхи урсч, дэлхийд шинэ жил морилон ирнэ. Наурыз сайн бүхэн дэлхийд оршин дэлгэрч эхлэх өдөр юм. Кызырын шөнө айл бүхэн гэр орноо эмхэлж цэгцэлсэн, хир буртагтай бүхнийг угааж цэвэрлэсэн, гэр бүлийн гишүүд сэтгэл санаа өөдрөг, элгэмсэг байх ёстой юм.

 

НАУРЫЗЫГ УГТАХ, ТЭМДЭГЛЭХ

 

Наурыз баярт урьдчилан сайн бэлтгэж, хариуцлагатай хандах учиртай. Наурызын онцлог нь эхний өдрийг угтахаас эхэлдэг. Дээр үеийн ёс заншил ёсоор наурызын баярыг айл-хотол, улс орноороо, ялангуяа залуус бүгд өглөө эрт нарны гэгээг угтаж авахаас, гол горхи цэвэрлэх, мод суулгах, цэцэг тариалахаас эхэлдэг байжээ. Орчин тойрноо эмхэлж цэгцлэн, гол горхи, худаг ус, булгийн эх болон гэр орноо сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй юм. Казахууд үндэсний болон цэвэрхэн хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ шинэ оны баяр хүргэж мэндчилэн, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг. Золголт бол өвөрмөц онцлогтой. Эрчүүд хоёр гараараа барилцан хоёр талаасаа цээжээ хүргэж мэндэлж золгодог. Эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мөрөө хүргэж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж, амьдрахын эх булаг болсон хоёр гар эсэн мэнд байхыг илэрхийлсэн хэрэг юм. Харин Наурызын баярын үеэр мөнгө болон бусад эд зүйлсээр золгох ёс байхгүй. Баярын ширээг тойрон сууж, нас барагсдад зориулан хүндэтгэлийн ном уншуулж болдог. Баярыг нээж Наурызын ерөөл айлтгах явдал чухалд тооцогдоно. Настан ахмад хүн ерөөл айлтгаж, тэр жилд улс эх орон, айл өрх, хүн бүрт хамгийн бүтэмжтэй, сайн сайхан байхыг хүснэ. Наурызаар айлтгасан ерөөл бол онцгой юм. Ийм ерөөлийг “Уыз бата” (Уурагт ерөөл) ч гэнэ. Тухайлбал, Ерөөлийн ерөнхий загвар доорхи утгатай байна:

Төр төвшин байг

Түмэн олон амгалан байг

Эх орон минь дэвжин хөгжиж

Эрдэм баялгаар арвин байг

Хүн ард эрүүл байг

Хүүхэд бүхэн жаргалтай байг

Хүнс тэжээлээр гачигдалгүй

Хүссэн бүхэн биеллээ олог

Ерөөл айлтгал биеллээ олж

Ертөнц даяар энх тайван тогтог

Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж

Наурызын баяр өлзийгөө хайрлаг, гэхчилэн ерөөл айлтгана. Ерөөл олон янз, дэлгэрэнгүй, дунд ба богино хэмжээтэй байж болдог. Энэ нь ерөөлчийн ур чадвар, цэц мэргэн хэллэг, баярт оролцогчдын бүрэлдэхүүн зэрэг олон зүйлээс шалтгаална. Наурызын баярт зориулж чанасан хонины толгойг настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж зүсэх учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсч эхлээд гэрийн эзэнд, дараа насны эрэмбээр нь бусад хүмүүст амсуулна. Насны эрэмбээр дараагийн хүн сүүжний мах, өөхийг зүсэж бусдад амсуулна. Баярын ширээнд уламжлалт хоолоос гадна хүнсний долоон төрлөөр бэлтгэсэн “Наурыз көже” буюу наурызын шөл заавал байна. Шөлийг айлын эзэгтэй бүр өөр жороор хийж болдог ч долоон төрөл өөрчлөгдөх ёсгүй юм. Үүнд өвлийн идэшээс үлдсэн борцолсон мах, казы зэрэг хүндэтгэлийн зүйл нэмэгдэнэ. Наурызын шөл бол үндэсний уламжлалт өглөгч ёс, зочломтгой байдал, уужим сэтгэл зэрэг заншлын нэг хэсэг нь байдаг. Олон төрлийн хоолыг хүрэлцээтэй бэлтгэдэг. Баярын ширээнд боов борцог, чихэр жимс, зүйл бүрийн амттан байж болдог. Үүнд ямар нэгэн хязгаарлалт гэж байхгүй. Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай. Харин бэлэг гэж сүйд болоод байдаггүй. Өндөр настан, аав, ээждээ хүүхдүүд нь бэлэг өгөхийг үгүйсгэхгүй, гэхдээ хүний тоогоор бэлэг бэлтгэхгүй. Харин хүүхдийн гарт чихэр, жимис, цагаан идээ өгч болдог. Наурызын баяраар хоолоор дайлахаас гадна баярлаж цэнгэнэ. Хүн бүхэн, ялангуяа залуучууд ахмад настнуудаас ерөөл, зөвлөгөөг сонсохыг хүсдэг.

 

Наурызын баярт уригдсан, энэ өдөрт зориулж авьяасаа үзүүлсэн яруу найрагч, дуучин, бөхчүүдэд болон бусад авьяастан, нийт хүмүүст зориулан аксакалууд, ахмад настангууд ерөөл хайрлаж, талархал илэрхийлдэг. Үндэсний төрөл бүрийн тоглоомоор тоглож нааддаг. Баярын үеэр морь уралдуулах, бөх барилдуулах, бусад биеийн тамирын тэмцээн зохиох, харилцаа дууны уралдаан, төрөл бүрийн тоглоом явагдаж, таавар тааж, дуу дуулж, шүлэг уншдаг. Энэ өдөр сайн сайхныг хүсэх, уучлах, нөхөрлөх зэрэг хүний сайн чанарыг эрхэмлэж, хойш үеийнхэнд үлгэрлэх, хүмүүжил олгоход анхаарна. Наурызын баяр ёслолын, үнэ цэнэ, танин мэдэхүйн онцлог үлгэрлэх шинж тэмдэг нь олон. Энэ бүхэн хүн бүрийг ухамсартай, үлгэр жишээч, хүмүүжилтэй, ахан дүүсэг, чин шударга, энэрэнгүй байх үзэл санаанд чиглүүлнэ. Ийм учраас Наурызыг хүн бүр яаран хүлээдэг.

 

Энэ онцгой өдөртэй холбоотой ард түмний ёс горим, зан заншлууд ч бий. Казахын ард түмэн ч жилийн эхэн болох энэ баярыг онцгойлон үзэж тэмдэглэж байх сайхан уламжлал тогтжээ. Монгол Улсад тоталитар дэглэмийн үед Наурызыг шашны баяр хэмээн үзэж тэмдэглэхийг хатуу хориглодог байлаа. Ардчилсан өөрчлөлтийн жилүүдэд Монгол Улсын өнцөг буланд аж төрж амьдран суудаг казах иргэд энэ баярыг үндэсний хэмжээний баяр болгон жил бүр тэмдэглэдэг боллоо. Казахын зан заншил, соёл урлагийн нэгдсэн томоохон арга хэмжээг Баян-Өлгий аймгийн төв, Улаанбаатар хот, бусад суурин газарт зохион байгуулж, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр өргөн сурталчилж байна. Монголын төр, засгийн удирдлагаас энэхүү үндэсний баярыг тохиолдуулан казахын ард түмэнд хүндэтгэл үзүүлж мэндчилгээ дэвшүүлэн, тэргүүний сайчуудыг төрийн дээд шагналаар шагнаж урамшуулдаг сайхан уламжлал бий болов. Энэ бүгд нь Наурыз баярын хүрээ жил ирэх тусам өргөжиж, ач холбогдол нь улам нэмэгдэж буй хэрэг юм.

 

Т.ЕТЕКБАЙ
/Соёл судлаач, СУИС-ийн
докторант


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих