Монголын хамгийн том нүүрсний уурхайн асуудлаарх хэлэлцээ сунжирсаар байна

527-1426830403002de51c31dc6293cc41ef1427698125_XLБНХАУ-ын “Shenhua Energy” тэргүүтэй консорциумд Монголын хамгийн том нүүрсний уурхайг өгөх талаарх хэлэлцээ хараахан дуусаагүй байгаа нь тус уурхай БНХАУ-ын өөр нэгэн төрийн өмчийн компанид өрөө төлж дуусаагүй байгаатай холбоотой юм.
Өнгөрсөн жил Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалт 74 хувиар буурсан. Үүний гол шалтгаан нь Монголын Засгийн газар болон компаниудын хооронд үүссэн үл ойлголцол юм. Эцсийн эцэст, наад зах нь дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт татах боломжтой гэрээ байгуулах тал дээр Монгол Улс арга мухардаад байна.
Монголын “Тавантолгой” нүүрсний ордыг эзэмшдэг төрийн өмчит компанийн удирдлагыг авах зорилгоор БНХАУ-ын нүүрсний томоохон компаниудын нэг “Shenhua Energy” компани Японы “Сумитомо” корпораци болон Монголын уул уурхайн корпорацийг дангаар эзэмшдэг “Energy Resources” ХК-иудтай нэгдэж өнгөрсөн жил консорциум байгуулсан билээ.
Монголын өмнөд нутгийн Говийн бүс нутагт хэрэгжих уул уурхайн төсөл нь Зүүн Цанхи болон Баруун Цанхийг хамарч байна.
Хоёрдугаар сард Монголын цагаан сарын баяр болохоос өмнө “Shenhua”-тай хэлэлцээр байгуулах ёстой байсан боловч эцсийн хугацаа дууссан гэж “Тавантолгой” болон бусад томоохон төслүүдийг хариуцсан Монгол Улсын Сайд М.Энхсайхан мэдэгджээ.
БНХАУ-ын “Чалко” группт төлөх “Эрдэнэс Тавантолгой” компанийн өрийг зохицуулах нь том асуудал болоод байна.
2011 онд “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” группээс 350 сая доллар зээлсэн бөгөөд энэ мөнгийг Зүүн Цанхиас олборлосон нүүрсээ нийлүүлэх замаар буцаан төлөхөөр тохиролцжээ. Одоогоор 150 сая доллар төлөх үлдээд байгаагийн зэрэгцээ өөр амлалтууд ч байгаа аж.
“Чалко”-гоос зээлсэн мөнгөний ихэнхийг Монголын Засгийн газар иргэддээ сар бүр 15 доллар тараах зэргээр богино хугацааны нийгмийн халамжийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулжээ.
“Чалко”-д төлөх нийт өрийг буцаан төллөө  ч гэсэн “Эрдэнэс Тавантолгой” компани Зүүн Цанхиас олборлох нүүрсний 80 хувийг таван жилийн хугацаанд “Чалко”-д нийлүүлэх үүрэгтэй гэж М.Энхсайхан сайдын удирдлага дор ажилладаг төслийн менежер Э.Мягмар-Өлзий ярьжээ.
1.8 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Зүүн болон Баруун Цанхийн ордын бүтээн байгуулалтыг хийх үүрэгтэй консорциумтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг Монголын Засгийн газар байгуулсан юм..
“Тавантолгой” төсөл нь гадаад орнуудын хөрөнгө оруулалтын банкууд болон уул уурхайн компаниудын анхаарлыг татаж чадсан боловч Засгийн газрын оролцоо болон санхүүгийн асуудлаас үүдэн зогсонги байдалд ороод байна.
“Тавантолгой”-н төсөлд хөрөнгө оруулагч олох зорилгоор Монголын Засгийн газар “Shenhua Energy”, “Peabody Energy” болон Орос Монголын компаниудын багаас бүрдсэн консорциумд “Тавантолгой” төслийн эрхийг олгох шийдвэр гаргасан боловч үүнд нь Япон болон Өмнөд Солонгосын өрсөлдөгч компаниуд дургүйцэн буруушааснаар  Засгийн газар шийдвэрээ хүчингүй болгож байв.
Тавантолгой уурхайн зүүн хэсэгт бүтээн байгуулалтыг хийхээр гэрээ байгуулсан “MacMahon” холдингтой “Эрдэнэс Тавантолгой” компани мөн л маргаантай байгаа. “MacMahon” холдинг “Эрдэнэс Тавантолгой” компаниас 30 сая доллар нэхэмжилсэн байна.
Энэ мэт төвөгтэй асуудлууд бий, гэхдээ ажлын хэсэг болон консорциумын аль аль  нь ашигтай шийдэлд хүрэхийн төлөө ажиллаж байна хэмээн Э.Мягмар-Өлзий ярилаа.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ”

URL:

Сэтгэгдэл бичих