МАХН-ын хувь заяаг “Алтаншагайтан-”ууд мэднэ

МАХН гэдэг шинэ нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээсээ өмнө жинхэнэ гал цогтой тэмцэгч маягаар ажиллаж байв. Морьтой, явган тэмцэгчдийг зоригжуулна. МАН-ын хамгийн хүчтэй сөргөлдөгч нь МАХН, өнөөгийн төр, засгийн сөрөг хүчин нь МАХН болж байв. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр МАН-ын удирдлага голж орхисон нэр нь амилсанд эмээж байсан цаг. Улс төрийн ертөнцөд гуравдагч хүчний орон зайг жинхэнэ утгаар нь эзэлж шинэ хүчний төв цэг болно гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж чадсан юм. Ямар ч гэсэн нийгэм Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН-аас шинэ орон зай хүлээж байв. Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээс нь өмнө гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй.

Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Онц их хурлаа хийж, гуравдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа өгснөөс хойш дуншиж дуншиж арайхийж улс төрийн 19 дэх намын гэрчилгээ авмагц МАХН дотроо бишдээд ирсэн. Дээд шүүхэд бүртгүүлснээсээ хойш Үндсэн хуулийн Цэцэд очиж маргаан шийдвэрлүүлсэн. Цэц дундыг барьсан хариу өгч Дээд шүүх МАХН-ыг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй гэдгээ дахин мэдэгдсэнээр МАХН-д жинхэнэ улс төрийн хүчин болох зам нээгдлээ гэж улс төрд хамаатай, хамаагүй бүгдээрээ ойлгосон юм.

Гэтэл жинхэнэ утгаараа улс төрийн нам болмогц байдал буруугаар эргэв. Юуны түрүүнд УИХ дахь МАХН-ын ганц төлөөлөл, тус намын дэд дарга Ц.Шинэбаяр албаа орхиод эргээд ирэв. “Парламенттай гаднаас нь тэмцэнэ. Ард түмэнтэйгээ  хамт” гээд явсан Ц.Шинэбаяр гишүүн “Одоо УИХ-даа ажиллана” гээд буцаад ирсэн. Араас нь МАХН-ын нарийн бичгийн дарга, тэр намын нүүр царай болж явсан С.Молор-Эрдэнэ, Ю.Атар, Д.Өрнөхбаяр нар албанаасаа татгалзах нь тэр. С.Молор-Эрдэнийн хувьд МАХН-ын түнш ҮШН-ын  М.Энхсайхантай үзэл бодол, байр суурь таарахгүй гэдгээ нэлээд эрт мэдэгдсэн л дээ. Ингээд МАХН гэдэг намын хувь төөрөг их сониноор эргэв. Ядахдаа МАХН-ын хамаг баримт бичиг, жанжин шугамыг боловсруулж байсан С.Молор-Эрдэнэ, Ю.Атар нар намаасаа нүүр буруулах болсон нь МАХН-ынханд том цохилт болсон байх. Тэр бүү хэл МАХН-ын албан тушаалаас татгалзагсад өнгөрсөн намар МАХН-д зориулан боловсруулсан баримт бичгүүдээ бусдын “идэш” болголгүй “Хамуг Монгол” хэмээх нам байгуулахаар бэлтгэж буй гэх.

МАХН-ынхан бол Ю.Атар, Д.Өрнөхбаяр нарыг албанаасаа татгалзсанаас биш намаасаа гараагүй хэмээж байна. Гэтэл дөнгөж саяхан Ю.Атарыг МАН-ын тагнуул байсан. МАХН-ын баримт бичгүүдийг МАН-д дамжуулж яваад баригдсан гээгүй бил үү. Харин Д.Өрнөхбаярыг ажил цалгардуулсан хэмээн өөчилж байсан юм. Гэхдээ МАХН-ынхан МАН-ыг нэрээ ч солиогүй байх үеэс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дагаж шинэ намын суурийг тавилцаж явсан тэднээсээ салах дургүй байна.

Ц.Шинэбаяр гишүүнийг МАХН-ын дэд дарга хэвээрээ хэмээн зарлав. Хэрэв түүнийг тавиад туучихвал УИХ-д МАХН төлөөлөлгүй болно. Парламентын гишүүн хүний нэр нүүр хаачихав. Одоо Ю.Атарыг гаргах дургүй байна. Боловсролын их сургуулийн эрдэмтэн багш бүсгүйг алдвал онол ном бүтээх хүнгүй хэцүүдэхээ бас мэдэж байгаа. Бас хараахан мэндлээгүй “Хамуг Монгол” намаас ч жийрхэж буй. “Хамуг Монгол”-д МАХН-ын нүүр царайнууд орчихвол МАХН яах билээ. Жинхэнэ шинэ хүчний төв гэгч тэр болбол яана.

Нэгдүгээр сард Онц их хурлаа хийж байх үед Эрдэнэтийн төлөөлөгч Д.Алтаншагай гэдэг залуу “МАХН шинэ хүчин биш юм байна” гээд тэргүүлэгчдийн индрийг орхин гарч байсан юм. Үүнээс үүдэж МАХН-ынхан өөрсдийнх нь алдааг шүүмжилсэн, алба тушаалаасаа татгалзсан нөхдөө “Алтаншагайтан” гэж хочлох болсон. Харин өнөөдөр “Алтаншагайтан”-уудаа эргүүлж гуйх цаг МАХН-д иржээ. Найр наадмын цаг ч ирлээ. Монголын улс төр ч амарлаа. Өдөр бүр сюрприз барихаа амласан МАХН чимээгүй боллоо. “Алтаншагайтанууд” хаашаа эргэхээс МАХН-ын хувь заяа хамаарах болчихоод байна. “Алтаншагайтан”-ууд МАХН-даа эргэвэл 19 дэх нам ирэх намраас амилна. Харин тэд “Хамуг Монгол”-оо байгуулбал МАХН-д ҮШН-ын М.Энхсайхан, Ц.Цолмон нараар нутгаа заалгаж галаа цахиулах зам үлдэж байх шиг байна.

Д.ОЮУН

News.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих