“Алтангадас”ыг бүдгэрүүлэхийг оролдож байгаа ч амжилтгүй л байна
1996-2000 онд Засгийн эрх барьж гурван ч засгаараа туг тахьсан Ардчиллын нөхөд маань 2000 оны сонгуулиар нөгөө үсгүй болтол хусуулна гэгч болсон.
Тэр үедээ Ардчиллынхан АН нэрийн дор бүгд нэгдэж байлаа. Мөн түүнийхээ дараахан асар том хагаралд хүрсэн нь М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын хооронд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нь өрсөлдөхөө шийдсэн ротацитай холбоотой.
Дөнгөж шинэчлэн байгуулсан намаа хуваан байж Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Р.Гончигдорж 2001 оны сонгуульд ялагдсан. Тэр үед АН-д нам дамнасан “Алтангадас” бүлэглэл үүсч билээ.
Энэ бүлэглэл 2004 оны УИХ-ын сонгуульд М.Энхсайханы олсон ололтыг бусадтай хуйвалдан “дээрэмдэж” байлаа. Түүгээр ч зогсохгүй намын даргын суудлыг нь Р.Гончигдорж булааж байв.
Үүний дараа Р.Гончигдоржийн үе дуусч Н.Алтанхуягийн эрин эхлэв. Түүний хүний өөрийнхөнтэй нийлэн АН-ыг гартаа хийсэн түүх тэр цагаас эхтэй. 2008 оны сонгуулийн дараах хар явдлаас улбаатайгаар Ц.Элбэгдоржоос АН-ын тамгыг тэрбээр арайхийж авч билээ.
Тэгэхэд л З.Энхболд түүний томоохон өрсөлдөгч болохоо харуулж байлаа. Ингээд Н.Алтанхуяг Стандарт бус Засагт намаа оруулж өөрөө Тэргүүн шадар сайдын сэнтийг авч билээ.
Ингээд зургаан жил тэрбээр намын даргын суудлаа Их хурал /чуулган/”аараа баталгаажуулалгүйгээр эзэмдсэн. Тэр АН дахь ноёрхлоо бататгахын тулд “Алтангадас” фракцид нь харьяалагдах нөхдүүд олонх болсон ҮЗХ-г хэвээр хадгалахын тулд жилдээ нэг удаа дотоод сонгууль явуулдагийг болиулж байлаа.
Ингэхдээ улстөрийн намын тухай хууль шинэчлэгдэх гэж байгаатай холбоотойгоор ингэхээс аргагүй байна гэсэн тайлбарыг хийж байлаа. Түүнээс хойш эдүгээ гурван жил өнгөрсөн ч улстөрийн тухай намын тухай хууль болон бусад хуулиуд батлагдаагүй л байна.
Ийн “Алтангадас”-аар ааглаж бүхнийг хайрцаглах болсон түүнтэй нэг фракцид багтаад дээш гарахгүйгээ ойлгосон З.Энхболд ойрын хэдэн нөхдийн хамт Ардчилсан хүчний холбоо ТББ улмаар “Шонхор”- фракцийг байгуулж өдгөө улам хүчирхэгжиж.
Энэ хооронд З.Энхболд УИХ-ын дарга болж, улмаар Н.Алтанхуягийг огцруулж, АН-ын тамгыг атгаж тэр бүү хэл “Алтангадас”-ыг арчин бүдгэрүүлэхийг л бүхий л байдлаар чармайж байна.
Гэвч могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэгчээр “Алтангадас” АН-д төдийгүй Монголын улстөрд гүн шаалттай хэвээр л байна. Эхлээд З.Энхболд тэргүүтэй Шонхорынхон явсан, дараа нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг бас явсан, эдүгээ Г.Батхүү, А.Бакей нар зайгаа барих болсон.
Гэвч Алтангадас дээд хэдэн нөхдүүдээс гадна АН-ын бүхий л салаа мөчирт гүн шигдсэн учраас З.Энхболд нарын хүссэн шиг тийм хурдан зай тавихгүй нь ойлгомжтой байна. Үүнийг тухайлбал Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул аймгийн АН-уудад үүсээд байгаа асуудлуудаас харж болох юм.
Уг нь бүр оны өмнө АН-ын Их хурал хийгээд намын даргын суудлаа баталгаажуулаад авна гэж байсан З.Энхболд 3 сард болгон хойшлуулж байлаа.
Гэвч 3 дугаар сар нь дуусч байхад АН-ын Их хурал байтугай ҮЗХ хуралдах сураг ч алга. Тэгэхээр АН дахь “Алтангадас” бүдгэрч өгөхгүй л зовоогоод байна даа.
АН доторх энэ зодоон ирэх сонгуульд тус намыг нэлээд хэцүү байдалд оруулахыг үгүйсгэхэд хэцүү юм.
Г.Самбаа
gereg.mn
URL: