Э.Бат-Үүл: Манай намын өвчин энэ удаад ч бас давтагдаж байна, зовлонтой юм
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-ҮЗХ-ны хурал эхлэх гэж байна. Энэ хурлын үеэр намын даргын асуудлыг албан ёсоор хөндөж тавина гэдгээ тодорхой хүмүүс мэдэгдээд байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-ҮЗХ-гоор хэд хэдэн асуудал хэлэлцэнэ гэсэн саналыг тал талаас гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл энэ удаагийн ҮЗХ-ны хэлэлцэх асуудал дээр санал өгч байгаа байдлыг дотор нь ангилж, ялгаж харах хэрэгтэй л дээ. Нэг хэсэг улсууд намын даргын асуудал хэлэлцье гэж байгаа. Бас нэг хэсэг хүмүүс Засгийн газарт цаашдаа хамтрах уу, үгүй юу гэдгийг хэлэлцье, үүнийг гол асуудал болгоё гэж байна. Нэг хэсэг улс ээлжит бус их хурал хуралдуулъя, тэгээд намын шинэчлэл ярья гэж байгаа. Миний харж байгаагаар ийм гурван тодорхой сэдвийг хөндье гээд байгаа байхгүй юу. Мэдээж энэ гурвыг гурвууланг нь ямар нэгэн байдлаар комбинац хийж, хольж ярьж байгаа улс ч байна л даа.
Өөрөөр хэлбэл, намын даргын асуудлыг ч хэлэлцье, Засгийн газраас ч гаръя гээд хольж ярьж байна. Эсвэл ээлжит бус их хурал ч хийе, намын даргын асуудал ч хэлэлцье гээд. Энэ мэтээр гурван асуудлыг тодорхой хэмжээнд хослуулж ярьж байгаа хүмүүс байна.
Би бол намын даргын асуудлыг байж болохгүй, үүнийг сонгуулийн дүнгээр л энэ ажлыг үнэлье гэж байгаа. Түүнээс биш намын даргын ажлыг өнөөдөр үнэлэх боломжгүй. Юу барьж үнэлэх юм. Ардчилсан нийгэмд намын даргын ажлыг үнэлдэг ганцхан шалгуур байдаг, энэ нь сонгууль. Сонгууль сайн явбал, намын дарга нь Ерөнхий сайд болдог, муу явбал намын дарга чөлөөлөгддөг. Өөр барьж үнэлэх юм байхгүй. Намын даргыг сайн субботник хийсэнгүй гэж үнэлэх юм уу. Социализмын үеийнх шиг тийм үнэлгээ байхгүй шүү дээ.
Тэгэхээр би намын даргын асуудлыг сонгуулиар л үнэлье, одоо бол үнэлэх боломжгүй. Харин Засгийн газарт хамтарч байгаа асуудлыг гол сэдэв болгож ярья гэж байна. Ээлжит бус их хурлыг хуралдуулъя гэдэг бол манай зарим гишүүний хэлж байгаа санал. Хамаагүй л дээ. Манай гишүүд ямар ч санал гаргах эрхтэй.
Хэрвээ ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёр нь ээлжит бус их хурлыг хуралдуулна гэвэл хуралдуулна. Тэр бол ҮЗХ-ны асуудал. Би бол ҮЗХ-гоор Засгийн газарт цаашдаа хамтарч байх уу, үгүй юу гэдгээ л ярья гэж байгаа.
-Гэхдээ сонгууль дөхчихлөө. Нам шинэчлэгдэх хэрэгтэй. Үүний тулд даргыг солих ёстой гэж ярих гишүүн олон байна л даа?
-Шинэчлэл гэдэг ерөнхий үг ярьж байгаа улсууд гарч ирээд байна. Шинэчилье л гээд байгаа. Тэгээд яг шинэчлэл гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр тэрийгээ нэг их гүн гүнзгий ойлгоод, тодорхой хөтөлбөр дэвшүүлсэн юм ерөөсөө харагдахгүй байгаа байхгүй юу.
Ер нь бол энэ манай намд байдаг ужиг өвчин л дөө. Ерөөсөө л намын хурлын өмнө намын даргын асуудлыг ярьдаг. Намын даргын асуудлыг ярих шалтгаа болохоор шинэчлэл гэдэг үгээр халхавчилдаг. Шинэчилье, шинэчлэлийн төлөө намын даргаа өөрчилье л гээд байдаг. Асуудлыг ердөө л ингэж тавиад байдаг. Тэгэхээр би хэлээд байгаа, шинэчилье гэж байна, зүйтэй. Намд шинэчлэл хэрэгтэй гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ уучлаарай, хөтөлбөр хаана байгаа юм бэ. Яг юуг хэлээд байгаа юм бэ, шинэчлэл гэж. Тэр нь тодорхойгүй байгаа байхгүй юу.
-Намын даргад өрсөлдөхөө зарим хүн мэдэгдчихсэн. Гэхдээ тэднээс гадна таныг бас намын даргад өрсөлдөнө гэж ярих юм. Та намын даргад өрсөлдөх үү?
-Одоо энэ намын даргын асуудлыг ярьж байгаа улсууд дүрмийн яг ямар үндэслэлээр яриад байгааг би сайн ойлгохгүй байгаа. Яагаад гэхээр, манай намын дүрэмд Ардчилсан намын даргыг зөвхөн сонгуулийн дүнгээр ажлыг нь үнэлнэ гээд заачихсан. Одоо тэр үзэл санаа суучихсан. Тэрнээс намын даргыг дуртай нь ирж, чөлөөлж, огцруулахыг хориглосон. Тэгэхээр энэ хүмүүс юуг үндэслэж яриад байгааг ойлгохгүй байгаа юм. Юу яриад, ямар дүрмийг яриад байгаа юм.
Би Н.Алтанхуяг даргад хайртайдаа биш ерөөсөө манай нам дотор байгаа 20 жил үргэлжилсэн Баабарын хэлдгээр энэ дайны байдлыг таслан зогсооё гэж байгаа л даа. Манай нам дотор ийм бүлэг хүмүүс байна. Гадагшаагаа улс төр хийхийн тулд намынхаа л даргатай үзэлцээд байдаг. Үе үеийн намын даргатай л үзсэн. Манай намын түүхийг хараарай. Ямар нэгэн хурлын өмнө дандаа намын даргын асуудал яригддаг. Тэгж л их МАХН-аас жишээ аваад байгаа юм бол хувьсгалт нам чинь намын даргын асуудлыг сонгуулийн дүнгээр л шийднэ шүү дээ. Тэрнээс биш зүгээр л намын даргаа өөрчилье гэдэг хөдөлгөөн яваад байдаггүй, тэнд. Тэгэхээр би ямар зарчим барьж байгаа вэ гэхээр намын даргын асуудлыг хэлэлцэхгүй ээ. Дүрмээрээ хориотой. Н.Алтанхуягийн ажлыг 2012 оны сонгуулийн дүнгээр л үнэлнэ.
-Одоогийн даргыг их хурлаар баталгаажаагүй учраас дүрмийн бус байгаа. Тиймээс энэ дүрмийн зөрчлийг яаралтай арилгах хэрэгтэй гэж зарим гишүүн хэлж байна?
-Урьдах намын дарга өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдвөл дараагийн даргыг ҮЗХ шууд томилох эрхтэй гээд заачихсан байгаа. Тэр дүрмийнхээ дагуу л намын дарга болчихгүй юу. Н.Алтанхуяг, Зандаахүүгийн Энхболд хоёр өрсөлдсөн шүү дээ. Тэгээд Н.Алтанхуяг нь ялаад гараад ирсэн. Тэр үед өрсөлдөж ороод ялагдчихаад, одоо болохоор дүрмийн бус дарга гээд байх юм. Тэр үед намын дарга дүрмийн бусаар томилогдсон юм бол яах гэж өрсөлдөцгөөсөн юм. Тийм биз дээ. Өрсөлдөөд л санал хураачихсан шүү дээ.
-Гэхдээ баталгаажих ёстой юм биш үү?
-Намын даргыг ёсчилдог, намын дарга боллоо гэдэг тэр ажлыг их хурал хийдэг. Тэгэхээр тэр их хурлыг зарлах уу, үгүй юу гэдэг нь намын даргын асуудал, дүрмээрээ. ҮЗХ-ны хурлын гуравны хоёр нь шаардах юм бол их хурлыг хийж болдог. Болно л доо. Жишээ нь намын их хурал хийгээд, даргаа баталгаажуулж болно. Тэрнээс биш яг одоо бол дефакта гэж ярьдаг даа. Дефакта бол Н.Алтанхуяг намын дарга болчихсон л байна шүү дээ.
-Та түрүүн үеийн үед намын даргатай үзэлцдэг хүмүүс манай намд бий гэж хэлсэн. Тухайлбал?
-Тэр тэгж байсан, энэ ингэж байсан гэж яримааргүй байна. Зүгээр зарчмыг нь ярьж байгаа. Тэгээд л намын даргын асуудалтай ноцолдоод л байдаг. Тухайн үед М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёрын хоорондох намын даргын асуудал явсаар байгаад шүүх дээр очиж байсан шүү дээ. Нэг иймэрхүү эмгэг өвчин байгаад байна.
-Сонгууль дөхөөд ирэхээр хоорондоо зөрчилдөж эхэлдэг танай намын өвчин энэ удаад ч давтагдаж байна. Үүнтэй санал нийлж байгаа хэрэг үү?
-Энэ удаад ч бас давтагдаж байна. Зовлонтой юм.
-Танай нам хамтарсан Засгийн газраас гарах цаг болсон юм уу. Таны хувьд мэдээж дэмжиж байгаа байх?
-Миний хувьд энэ удаагийн ҮЗХ-гоор Засгийн газарт хамтрах уу, үгүй юу гэдгээ л онцолж ярья гэж байгаа. Засгийн газарт хамтарч ажиллахыг зөвтгөж байгаа олон хүн байна. Тэд ч бас үндэслэлээ гаргаж байгаа. Нийтийн дунд санал асуулга явуулахад бол хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь зүйтэй гэсэн дэмжлэг өндөр хувьтай байна гээд. Нээрээ судалгаа харахад тийм зүйл байна. Эсэргүүцэж байгаа ч улс байна, дэмжиж байгаа ч байна. Гэхдээ дэмжиж байгаа нь өндөр хувьтай байна. Өөрөөр хэлбэл, олон түмэн бол дэмжих талдаа байна.
Бас нэг үндэслэл дэвшүүлж байна. Хамтарсан Засгийн газраар асар том том ажил эхлүүлсэн. Эхлүүлсэн ажлынхаа зохиогчийн ажлыг алдаж болохгүй шүү дээ гэж ярьж байна. Бид жишээ нь Төмөр замын бодлого, Утаагүй Улаанбаатар гээд маш том төслүүд байна. Монгол Улсад сүүлийн хэдэн жил хийгдэж чадаагүй Төсвийн шинэчлэл хийх асар том бодлогыг эхлүүлчихээд байж байна. Энэ их эерэг ажлуудынхаа зохиогчийн эрхийг яалаа гэж алддаг юм бэ гэж үндэслэл гаргаж байгаа. Хүн хүн өөрөө өөрийнхөө үндэслэлүүдийг гаргаад л ярья. Тэгээд санал хураагаад асуудлаа шийдчихье.
-Намын даргад өөрсдийнхөө нэрийг дэвшүүлчихсэн яваа хүмүүсийг та юу гэж харж байгаа вэ?
-Би ерөөсөө л ойлгохгүй байгаа. Ямар дүрмийн үндэслэлээр намын дарга солигдоно гэж яриад байгааг би ойлгож өгөхгүй байгаа юм. Дүрмийн талаас нь яаж ч харсан боломжгүй байгаад байхад, би намын дарга болчихсон гээд зарим нь өөрийгөө өргөмжлөөд яваад байх юм. Энэ хүмүүс өөрийгөө л сурталчилж байгаа юм байна даа гэж би ойлгоод байгаа.
-Танай намын залуу гишүүд АН унтаж байна гээд шүүмжилж байна. Үнэхээр унтаад байгаа юм уу, үгүй юм уу?
-Ер нь Ардчилсан сонгуульт нийгэмд намууд сонгуулийн үед л идэвхждэг. Бусад үед тэр сонгуулийн үр дүнд хариуцлага хүлээсэн тухайн намын Засгийн газар нь улс төрийн үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, бид байнгын үйл ажиллагаатай социализмын үеийн коммунист намын сэтгэлгээнээс салахгүй байгаад байгаа юм. 1990 оноос өмнө хувьсгалт нам улс орныг удирдаж байсан л даа. Тэгээд энэ нам бүх төрлийн шийдвэрийг өдөр тутам гаргадаг байсан. Унтдаггүй. Коммунист нам бол унтдаггүй байхгүй юу. Ардчилсан нам бол сонгуулийн үед л үйл ажиллагаа явуулж, сонгуулийн бус цагт түүнийг төлөөлж сонгогдсон тэр бүлэг нь, төлөөлж сонгогдсон Засгийн газар нь л улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байхгүй юу. Төрийн ажилд хутгалддаггүй. Бид яах юм болж байна. Унтахгүй байна гээд өдөр тутам төрийн ажилд хутгалдах юм уу.
Нам байнгын ажил хийе гэвэл төрийн ажилд л хутгалдах ёстой шүү дээ. Тэгээд бид төрийн төлөөлөгчдөө сонгож явуулчихаад тэд нарын урдуур очиж яах юм. Ажил хийх гээд байгаа юм уу. Ерөөсөө социализмын үеийн намын ойлголтоос гарч өгөхгүй байна шүү дээ.
-Гэхдээ сонгууль дөхөж байна, өрсөлдөгч нам нэрээ солиод, үзэл баримтлалаа тодотгоод шинэчлэгдчихлээ. Манай нам ч бас үзэл баримтлалаа эргэн харах хэрэгтэй гэж залуу гишүүд хэлж байгаа?
-МАХН-д бол үнэндээ их хурал хийх зайлшгүй шаардлага байлаа. Намын нэрээ солих асуудал хувьсгалт намд 20 жил дуншсан асуудал байхгүй юу. Манайд намын нэр солих шаардлага байхгүй. Ямар ч шаардлага байхгүй, тийм биз дээ. Хувьсгалт намд үзэл бодлоо тодорхой болгох шаардлага байсан. Яагаад гэвэл хувьсгалт намд хэд хэдэн үзэл хувирч гарч ирсэн. Нэг хэсэг нагаржунайн үзэл гээд явсан. Дараа нь социал демократ үзэл гээд явсан. Одоо ер нь юу вэ гээд үндэсний ардчилсан үзэл гэж сонгож, гаргаж ирж байна. Энэ намын үзэл баримтлал төлөвшөөгүй байлаа. Одоо л дөнгөж Үндэсний ардчилсан үзэл гэдгийг энэ нам ярьж байна шүү дээ.
Тэрнээс өмнө энэ нам бол нагаржунайн үзэл ярьсан. Бүр тэрнээс өмнө коммунист нам байсан. Дараа нь социал демократ нам болсон, нагаржунайнхаа дараа. Тэгээд сая л нэг юм үндэсний ардчилсан гэж тодорхой үзэл ярьж байна шүү дээ. Тэгэхээр их хурал хийхээс өөр яах юм бэ. Гэтэл манай нам бол тодорхой үзлийг аль хэдийний их хурлаараа гаргачихсан. Өөрөөр хэлбэл, манайд үзэл бодлын маргаан байхгүй. Бид бол баруун төвийн үзэлтэй. Тодорхой. Бидэнд тэрийг өөрчлөх шаардлага алга. Нэрээ өөрчлөөд, үзлээ тодорхойлоод байх шаардлага алга. Юуг нь өөрчлөх юм. Харин зүгээр намынхаа дүрэмд тодорхой өөрчлөлт гаргаад, улс төрийн лидер, намын дарга хоёрыг салгая. Нэр дэвшигчдийн шалгуураа ухаалаг болгоё. Ийм өөрчлөлтүүдийг л хийе л дээ.
-Танай намын үзэл баримтлал яг ямар юм бэ. Намын дарга нь хүртэл баруун ч юм шиг, зүүн ч юм шиг ярилаа гээд шүүмжилж байгаа?
-Ер нь бол манай үзэл баримтлалыг харах юм бол баруун төвийн үзэл гэдэг юм. Бүгд мэднэ. Манай сонгуулийн хөтөлбөр энэ үзлээс арай өөр гараад байдаг юм. Өөрөөр хэлбэл, манай сонгуулийн үзэл бол нийгмийн бэлэнчлэх сэтгэлгээг нэлээд өөгшүүлсэн үзэл сонгуулийн хөтөлбөрөөр гардаг. Энэ зөвхөн манай намын зовлон ч биш. Хувьсгалт нам ч ялгаа байхгүй. Бэлэнчлэх сэтгэлгээг эсэргүүцнэ гэдэг бол энэ намын тавьдаг бас нэг лоозон байхгүй юу. Социалный бодлого бид явуулна. Гэхдээ бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэхгүй гэдэг. Тэгсэн хэрнээ энэ нам ч бас бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлдэг. Ерөөсөө энэ хоёр нам сонгогчдын саналыг яаж авах вэ гэдэгт л уралдсан байхгүй юу.
Үзэл бодол, зарчмаа яаж барих вэ гэж уралдаагүй. Гэхдээ их сонин юм билээ. Би сая Унгарт очсон чинь бас яг ийм байна лээ. Өөрөөр хэлбэл, намууд нь үнэн хэрэгтээ сонгуульд зориулсан үзэлтэй болчихсон гээд улс төр судлаач нь ярьж байна. Полынид очлоо. Бас яг ийм. Ерөөсөө хуучин социалист орнуудад үзэл бодлын төлөвшил бий болж өгөөгүй байна. Намууд бол сонгуулийн төлөө өрсөлддөг үзэл, бодолтой. Уламжлалт өрнөдийн нийгэм бол арай өөр л дөө. Нийгмийн тодорхой үнэлэмжийг хүлээж авдаг давхаргатай. Гэтэл бид чинь бүгд пролетари байж байгаад сая 1990 онд ардчилал руу шилжлээ шүү дээ.
-Барууны нам мөртлөө зүүний бодлого явуулдаг гэх шүүмжлэлтэй санал нийлж байгаа хэрэг үү?
-Харин тийм. Энэ чинь зөвхөн Монголын үзэгдэл биш. Нийт социалист байсан орнуудад яг энэ үзэгдэл хавтгайраад байна. Намууд биш үзэл бодол, бодлогын өрсөлдөөн биш, сонгуульд хэн олон санал авах вэ гэдэг өрсөлдөөн рүү уралдчихаад байна.
-Одоо тэгвэл яах ёстой вэ?
-Одоо бид үзэл бодлоо хүнд хүргэх аргыг сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүнийг хуурч байж Засгийн эрх авах биш, хүнд өөрийнхөө үнэн гоё үгийг хэлж, дэмжлэг авдаг урлагт сурах хэрэгтэй. Тодруулж хэлэх юм бол, улстөрчид өөрийнхөө зарчим, чин сэтгэлээ энгийн байдлаар хүний сэтгэл татах байдлаар хүргэж чаддаг илтгэх урлагт суралцах хэрэгтэй. Тэрнээс биш хүнийг амлалтаар хуурч, өөртөө татах хэрэггүй.
Яагаад жишээ нь, баруун төвийн үзэл баримтлал гэж яриад байгаа тэр зүйл. Өөрөөр хэлбэл, та өнөөдөр загас бариад сурчих юм бол, таны хүүхэд загас бариад сурчих юм бол та жинхэнэ өөрөө өөрийнхөө амьдралыг хариуцаж, авч яваад сурчих юм бол хэнээс ч хараат бус эрх чөлөөт иргэн болно гээд сайхан хэлье л дээ, тэдэнд. Та нарыг ямар ч улстөрч хуурч чадахгүй, та нарыг төр байнга тэжээнэ гэж бодож байвал эндүүрэл, нэг өдөр тэжээж чадахгүй, эдийн засгийн хямрал болоход л хаяна, та нарыг. Гэтэл та нар өөрсдөө бизнестэй, өөрсдөө ажил хөдөлмөрөө эрхэлж чаддаг, өөрсдөө жижиг дунд үйлдвэрээ эрхлээд, ертөнц цөмөрч байсан ч айх аюулгүй энэ амьдралаа бий болгооч ээ гээд. Бид сайхан ярьж суръя л даа.
-Гэхдээ бас энэ нийгэмд шууд барууны үзлийг нэвтрүүлэхэд бэлэн биш байгаа гэх юм билээ?
-Үнэндээ бол баруун төвийн үзлийг хүлээж авахад нийгэм бэлэн болоод байна. Яагаад гэхээр, хүмүүс гэнэтхэн зөнгөөрөө ойлгож эхэлж байна. Энэ их халамж, бэлэнчилж, бэлэн мөнгө тараасан нь ядуурлыг хамгийн гайхалтай нь улам хүндрүүлээд байгаа юм. Мөнгө тарааснаас болоод нийгмийн ядуу хэсэг бүр балраад, бүр арчаагүй байдалд ороод байна шүү дээ. Яагаад гэвэл мөнгө тарааснаас болоод инфляци өсөөд. Яах вэ дээ, төрийн, төсвийн ажилчдын цалинг бол төр нэмчихэж байгаа юм. Нөгөө ажилгүй, ядуу улс чинь бүр баларчихаж байгаа байхгүй юу.
Жишээ нь тойргоороо явж байхад олон хүн босоод хэлж байна. Үгүй ээ, надад ажлын байр л өгөөч. Цалингаа нэмүүлж байдаг, ажлын байр өгөөч гээд байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол энэ халамж,’ мөнгө тараангуут юмны үнэ өсөөд надад цалингаа нэмдэг ажлын байр байхгүйгээс болоод би балраад байна аа. Төрийн албан хаагчид бол цалингаа нэмдэг ажлын байртай. Төр нь тэд нарын цалинг нэмээд, өөд нь татаад явчих юм. Бид нар балраад байна аа. Одоо хүмүүс тэрийг л хүсч байна шүү дээ. Цалингаа нэмж болдог, ажлын байрыг хүсч байна. Гэтэл халамж, тэтгэлэг чинь тэгж нэмж болдоггүй зүйл байхгүй юу. Цаанаасаа хэмжээ, хязгаартай учраас.
Л.Энхдэлгэр
URL: