Монголын шигшээ баг түүхэн дэх дээд чансаандаа хүрлээ !!!
Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу бидний нэрлэж заншсанаар ФИФА-гаас сар бүрийн эцэст өөрийн гишүүн улсуудын чансааг шинэчилж гаргадаг билээ. Яг нэг сарын өмнө Монголын шигшээ баг дэлхийн чансааны 179-д бичигдэж байсан. Азийн бүсийн 2014 онд болох ДАШТ-ний сонгон шалгаруулалтын эхний шат дууссан тул эхний шатанд сайн тоглосон Азийн багуудын чансаа огцом дээшилсэн байна. Чансаагаа багагүй тоогоор ахиулсан багуудын дотор Монголын шигшээ баг багтсан байна. Тодруулбал Монголын шигшээ багийн чансаан дахь оноо 64 нэгжээр өсч 108 болсон бол дэлхийн чансаан дахь байр 16-аар дээшилжээ. Ингэснээр “Хөх чоно”-нууд ФИФА-гийн чансаанд 163-д бичигдэх болсон байна. Өмнө манай шигшээ баг 2009 оны 11 сард дэлхийн чансааны 170-д бичигдэж байсан нь хамгийн өндөр чансаа байсан юм. Харин 2011 оны 7 сард Монголын шигшээ баг ФИФА-гийн чансаан дахь дээд амжилтаа шинэчилж 163 болголоо.
п
Сонирхуулахад Монголын шигшээ багтай ДАШТ-ний урьдчилсан шатанд тоглосон Мьянмарын шигшээ баг 165-д, Челленж Капын урьдчилсан шатанд тоглосон Филипиний шигшээ баг 162-д бичигджээ.
Хэдхэн хоногийн өмнө Копа Америка-2011 өндөрлөсөнтэй холбоотойгоор тус тэмцээнд амжилттай оролцсон багуудын чансаа огцом дээшлээд байна. Энэ сарын шинэчилсэн чансаанд Багамын шигшээ баг чансаагаа 45 байраар дээшлүүлж 144-д, Америкын Виржинагийн арлууд 44 байраар дээшилж 149-д, Доминиканы БНУ 40 байраар дээшилж 132-д бичигдсэн нь хамгийн том “үсрэлт”-үүд болжээ. Мөн Копа Америкад амжилттай оролцон хагас шигшээд шалгарсан Вэнэсуэлийн шигшээ баг чансаагаа 29-өөр ахиулж 40-д, хүрэл медаль хүртсэн Перугийн шигшээ баг 24 байраар ахиж 25-д, Чилийн шигшээ баг 16 байраар ахиж 11-д бичигдсэн байна. Сонирхолтой нь Копа Америкагийн дэд аварга болох Парагвайн шигшээ багийн чансаа ердөө 6-аар ахиж 26-д бичигджээ. Тэдний чансаа ингэж багаар өсөхөд тэдний тоглолтын үр дүн бус чанар нөлөөлсөн байх талтай. Учир нь Парагвайн шигшээ Копа Америкад нэг ч хожил аваагүй бөгөөд тэмцээнд 6 тоглохдоо 5 тэнцэж 1 хожигдсон. Нэг хожигдлоо шигшээ тоглолтод авсан бөгөөд 5 тэнцээнийхээ 3-ыг хэсгийн тоглолтод нөгөө 2 тэнцээгээ шөвгийн найм болон хагас шигшээд авсан юм. Мөн нэг ч хожил аваагүй мөртлөө тивийн дэд аварга болсон анхны багаар Парагвайн шигшээ баг тодорсон бөгөөд түүхэнд дахиж ийм зүйл тохиолдох эсэх нь эргэлзээтэй юм. Хэрвээ Парагвайн шигшээ баг Уругвайн шигшээ багтай тэнцэж улмаар торгуулийн цохилтоор хожсон бол…!!!
Харин Копа Америка-2011 тэмцээний аварга Уругвайн шигшээ баг дэлхийн чансааны 5-д бичигдэх болсон бөгөөд энэ нь Уругвайн шигшээ багийн түүхэн дэх хамгийн өндөр чансаа нь болсон байна. Сонирхуулахад ФИФА-гаас өөрийн гишүүн улсуудын чансааг нэгдсэн системтэйгээр сар болгон шинэчлэх санааг 1992 оны 12-р сараас эхэлж хэрэгжүүлж эхэлсэн юм. Анхны чансаанд Бразил, Аргентин, Итали, Герман, Франц, Испанийн шигшээ багууд эхний 6-д эрэмбэлэгдэж байжээ. ФИФА-гийн чансааг тооцохдоо шигшээ багуудын сүүлийн 4 жил үзүүлсэн амжилтыг тооцож гаргадаг байна.
ФИФА-гийн чансаанд Монголын шигшээ багийн чансааг сонирхвол дараах байдалтай байна:
ФИФА-гийн шинэчлэгдсэн чансааны эхний 20-д дараах улсууд эрэмбэлэгджээ:
ФИФА-гийн дараагийн чансаа ирэх сарын 24-д гарна.
Д.Батцэнгэл
CSPORTS TEAM
URL: