Б.Энх-Амгалан: Хуримын ордны талбайг “MCS”-ийн зогсоол болгох тухай яриа гарсан байна

7a642f19-50b2-4c3d-9697-163c3e2449e8“Ярилцах танхим”-ын энэ удаагийн зочноор Нийслэлийн ИТХ дахь Ардын намын бүлгийн гишүүн Б.Энх-Амгаланг урилаа. Нийслэлийн ИТХ өчигдөр хуралдаж, нийслэлд амьдарч буй төрийн албан хаагчдын орон сууцны урьдчилгаанд хөнгөлөлт үзүүлэх.

Нийслэл дэх зарим обьектыг хувьчлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн ИТХ дахь Ардын намын бүлэг дээрх хоёр асуудлыг нухацтай авч хэлэлцэхийг шаардсан юм. Түүнтэй энэ талаар яриа өрнүүлэв.

-Нийслэлд амьдардаг төрийн албан хаагчдыг орон сууцжуулах үүднээс анх удаа орон сууц худалдаж авахаар зэхэж буй хүмүүсийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох саналыг Нийслэлийн ИТХ-аас гаргасан. Энэхүү саналыг өчигдөр хэлэлцлээ. Танай намын бүлгээс нэлээд шүүмжлэл өрнүүлж байсан. Ямар учраас тэр вэ?

-Төрийн албан хаагчдыг орон сууцжуулахад туслалцаа үзүүлэх нь зөв ажил ч гэлээ хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй учир иргэдэд хоосон хүлээлт үүсгэх юм бишүү гэдэг үүднээс төслийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй гэж байгаа юм. Анх удаа орон сууц авч байгаа нийслэлийн төрийн албан хаагчдын урьдчилгаа төлбөрийн 15 хувийг өгөхөд энэ жил гэхэд 15 тэрбум төгрөг шаардлагатай.

Гэтэл энэ мөнгийг өмч хувьчлалаас олно гэдэг тайлбар хийж байна. Энэ жилийн хувьд иймэрхүү маягаар гал унтраах гэж байгаа юм байж. Тэгвэл дараа жил яах юм бэ. Нөгөөтэйгүүр, энэ ажил хэдий хүртэл үргэлжлэх нь ч тодорхой биш.Тодруулбал, орон сууцны урьдчилгаа төлбөр олгох журам бүрхэг байна.

Яг хэн долгох юм бэ, хэдий хугацаагаар энэ хөтөлбөр үргэлжлэх юм бэ гэдэг нь тодорхойгүй. Үүнээс болоод төрийн албанд орж, дарга тойрч цөөхөн жил ажиллаад орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг авчихъя гэсэн хүмүүсийн марафон үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс журмыг боловсронгуй болгох ёстой гэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцнаас сонголт хийх ёстой гэсэн тулгалт хийж байгаа нь урьдчилгаа мөнгөнийх нь талыг шийдэх замаар дахин төлөвлөлтөд шалгарсан компаниудын борлуулалтын асуудлыг шийдэх гэлээ гэж бид хардаж байгаа.

-Сая та төрийн албан хаагчдын орон сууцны урьдчилгаа төлбөрт энэ жил шаардлагатай байгаа 15 тэрбум төгрөгийг өмч хувьчлах замаар олох гэж байна гэлээ. Өмч хувьчлалын асуудалд танай намын бүлэг хэрхэн хандаж байна вэ?

-Өмч хувьчлалын жагсаалтад Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, томоохон талбай бүхий ашигтай ажилладаг объектуудыг хамруулсанд манай бүлгийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа.

Тухайлбал, Хуримын ордныг хувьчлах шаардлага, хэрэгцээ юу байнаа. Хуримын ордны удирдлагууд “Жилд 1200 хүн гэрлүүлэх ёстой ч 1500 хүн гэрлүүлж, 450 сая төгрөгийн ашигтай ажилласан” гэж ярьж байна билээ.

Тэгэхээр үр ашиггүй объект гэдэг нь худлаа болж таарсан. Энэ ордон түүхэн барилга, тэгээд ч гал голомтоо бадрааж байгаагаа Монголынхоо төрд бүртгүүлэх гэж залуус тэнд очдог болохоос биш хэн нэгэн хувь хүн дээр бүртгүүлэх гэж очдоггүйг санах хэрэгтэй.

Энэ асуудалтай холбоотойгоор нэлээд хардлага, сэрдлэг явж байгааг сонссон. Тодруулбал, “MCS” компанийн зогсоолын талбай болох гэж байгаа, зураг төсөл нь байгаа” гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа гарсан байна билээ. Олны үг ортой гэлцдэг учир нягтлах ёстой.

Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд салбараараа нэршсэн яамтай болж, дүүрэг бүрт усан бассейн сургалтын төвийг байгуулсан. Гэтэл улсын усан бассейн сургалтын төвийг хувьчлах тухай асуудлыг хөндөж эхэллээ.

Үнэхээр хувьчлангуут ашигтай ажиллах нь үнэн юм бол нэртэйгээр нь төсвийн мөнгөөр барьсан будаг нь хатаагүй байгаа дүүргүүдийн усан бассейн сургалтын төвүүдийг ч гэсэн хувьчилчихаач. Ионсей эмнэлгийг эртнээс л хүүхдийн эмнэлэг болгоё гэж ярьж байсан. Эрүү нүүрний мэс заслын эмнэлэгийг хувьчлахгүй тухай ярьж байсан. Гэтэл одоо хувьчлахаар яриад эхэллээ.

Үнэхээр барилга нь муудсан юм бол газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлгийн зориулалтаар ашиглах ёстой. “Автобус 3” нэгдлийн 26.209м2 газрыг 354.171.8 сая төгрөгөөр үнэлж байгаа нь ч шударга бус асуудал. Парк шинэчлэлийнх нь асуудлыг шийдүүлэх гэж маш их мөнгө төсөвт суулгуулж байсныг тодхон санаж байна.

Хэрэв үнэхээр дээрх газрыг хувьчлах шаардлагатай юм бол эдийн засгийн эргэлтийнх нь мөнгө зах зээлийн үнэлэмжээр тогтоогдох ёстой. Гэтэл өнөөдөр цэцэрлэг, эмнэлэг барих гээд газаргүйдэхээрээ 300 сая төгрөгөөр зарсан газраа 30 тэрбум төгрөгөөр эргүүлж худалдаж авдаг жишиг тогтчихвий дээ.

-Өмч хувьчлалын асуудлыг бүлгүүдэд танилцуулсан биз дээ. Тэр үед нь энэ шаардлагаа тавьсан уу?

-Тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцуулахад нь бид дээрх байр сууриа хатуу баримталсан. Тиймээс бүлгүүдийн хурлаар дахиж нухацтай хэлэлцэх байх гэж бодож байна.

Тиймээс энэ бүх хувьчлалыг хийхдээ нээлттэй хэлэлцүүлэг явуулж, хэрэгцээ, шаардлагыг нь тогтоож, үндэслэлийг нь гаргаж, хуульд нийцүүл гэдэг санал, дүгнэлтийг өнгөрсөн Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр танилцуулсан. Ингэж байж хувьчлалын асуудлыг Нийслэлийн ИТХ-ынтэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх боломжтой болох юм.

-Та бүхний дүгнэлтийг үл тоож, олонхиороо түрээд хувьчлалын асуудлыг батлах гэвэл яах вэ?

-Тэгэх гэж оролдвол завсарлага авна.

-Нийслэлийн ИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хэн энэ тал дээр ямар байр суурь баримталж байна бэ. Та бүхэн мэдээж уулзаж, санал солилцсон байлгүй?

-“Шударга ёс” эвслийнхэн бидэнтэй ижил байр суурьтай байгаа гэсэн. Энэ талаарх байр сууриа ч илэрхийлнэ гэж байна билээ.

-Нийслэлийн ИТХ дахь Ардын намын бүлэг улс төржсөөр байгаад хогны ногоон уутны үйлдвэрлэлийг зогсоосон гэдэг шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?

-Хогны ногоон уутыг үйлдвэрлэхэд хичнээн их мөнгө төсөвлөснийг хүн бүр шүүмжилж байсан. Гэтэл тэр нь урд хөршид үйлдвэрлэдэг болж таарсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гялгар уутыг байгальд шингэдэггүй учир даавуун уут хэрэглэ гэдэг дүгнэлт гаргасан. Гэтэл Нийслэлээс үүнийг нь зөрчиж, ногоон уутыг гаргаж ирсэн.

Гэр хорооллын хог хаягдлын 60 хувь нь үнс байдаг учир энэ уут шаардлага хангадаггүй. Орон сууцны айлууд хогоо задгай хаядаг гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Тиймээс энэ хэр зөв асуудал юм бэ, судалж үзэж байж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээч гэдэг асуудлыг хөндсөний төлөө биднийг улс төржиж байна гэсэн.

Харин тэдгээр хүмүүст ногоон уутныхаа үр дүнг тооцож сайныг нь нотлоод дахиж гаргаж ир гэж хэлэх байна. Иргэд үнэхээр сайшааж байх юм бол дахиж хэрэгжүүлэхэд татгалзах зүйл алга. Ардчилсан намынхан биднийг Улаанбаатар хотын асуудалд битгий хоноцын сэтгэлээр хандаад бай гэдэг юм билээ. Өөрсдөд нь хандахад битгий хоноцын сэтгэлээр бүү хандаач гэж хэлмээр байна.

Хэдхэн сарын настай цэцэгжүүлэлтэд зарцуулдаг мөнгө, хотын тээвэрт нийцдэггүй рэйлбус, алдаатай хэрэгжиж байгаа дахин төлөвлөлтийн асуудал, эзэндээ хэзээ ч очихгүй ахмадын орон сууц хөтөлбөр, буруу хувьчлал гэх мэт бол үүний тод жишээ. Тиймээс бид алдаатай бодлогуудыг шүүмжлэх л болно.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих