Нийслэлийн өмчийг хувьчлах шаардлага байна уу

zaluu_550a17b162573_1

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай асуудлыг хэлэлцсэн ч, хойшлуулсан. Учир нь нийслэлийн өмч болох “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв”, “Автобус-3″ зэрэг 19 объектыг хувьчлах гэж буй нь нэлээд шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлэг хувьчлах асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Тэд “Гэрлэх ёслолын ордон”, “Усан спорт сургалтын төв”, “Автобус-3″, эрүүл мэндийн 11 байгууллагын барилга байгууламжийн хувьчлалыг буцаах. Уг төсөлтэй холбогдуулан нэмэлтээр хувьчлах жагсаалтанд байгаа хуулийн этгээд, барилга байгууламжийн талаарх хувьчлах хэрэгцээ шаардлага, нарийвчилсан дүгнэлт, танилцуулгыг олон нийтэд мэдээлэхийг мэдэгдэлдээ хүсчээ. Мөн ашиглалтгүй барилга байгууламж, газрыг тухайн барилга байгууламжийн зориулалтын дагуу эсвэл нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй төрийн үйлчилгээнд зориулахыг шаардсан байна. МАН-ын бүлэг мөн зарим Иргэдийн төлөөлөгчид нийслэлийн өмчийг хувьчлах асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа учир дээрх барилга байгууламжуудыг хувьчлах сонирхол бүхий хүмүүсийн хүсэл биелэхэд хүндрэлтэй болж байх шиг байна.

“Гэрлэх ёслолын ордон”-ы тухайд манай улсад ганц байдаг. Олон гэр бүл энэ ордонд орж, гал голомтоо бадраасан сайхан дурсамж дүүрэн бий. Харин үүнийг хувьчилж, хувийн өмчид шилжүүлснээр улсын “Гэрлэх ёслолын ордон”-гүй болно. Уг ордоныг зориулалтаар нь ашиглалаа ч, газрыг нь ашиглаж барилга барихгүй гэх баталгаа байхгүй гэж зарим Иргэдийн төлөөлөгчид байр сууриа илэрхийлэх болсон. БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн их баярт ОХУ(тухайн үеийн  ЗХУ)-ын хүндэт зочид оролцох үеэрээ Монголын залуу үеийнхэнд бэлэг болгосон Гэрлэх ёслолын ордонг бэлэглэсэн. Судалгаагаар 40000 хос хуримын ёслолоо тус  ордонд хийж, түүнд хоёр сая гаруй хүн оролцож үйлчлүүлсэн байдаг.

Харин “Усан спорт сургалтын төв”-ийн хувьд 1986 оноос МХЗЭ-ийн Төв хорооны харьяа “Хүүхэд, залуучуудын усан спорт сургалтын бассейн” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг байна. Олон жил үйл ажиллагаагаа явуулсан энэхүү байгууллагыг хувьд шилжүүлэхийг мөн л шүүмжилж байгаа юм. 2015 онд нэмэлтээр хувьчлагдах жагсаалтын төсөлд нийт нийслэлийн өмчийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг 14 барилга байгууламжийг хувьчлахаар оруулж ирээд байгаа. Нийслэлийн өмчийн 19 газрыг хувьчлах шаардлага өнөөгийн нийгэмд байна уу. Шаардлага эрх ашиг хэнд байна вэ. 1990 оны эхээр өмч хувьчлал гэгчийн үр нөлөөгөөр Ардчилсан намынхан хөлжсөн. Улсын өмчийг хувьчлал нэрийн дор өөрсдийн болгож, хувийн бизнесээ хөгжүүлдэг нь нууц биш. Энэ удаа нийслэлийн өмчид санаархаж эхэллээ. Харин иргэд олон нийтийн дургүйцэлтэй тулгарч буй учир хувьчлах болов уу даа.

залуу.ком


URL:

Сэтгэгдэл бичих