Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, хэтийн зорилт

791818a35cae7b56026108d9b1c312c3_x3“Монголын эдийн засгийн чуулган-2015” ирэх сарын эхээр  болно. Манай улс уг форумыг 2010 оноос хойш зохион байгуулж буй. Зургаа дахь жилээ болох гэж буй тус чуулган энэ удаа “Итгэлцэл” уриан дор болно. Гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалтай болчихсон, уул уурхайн том төслүүд урагшлахгүй байгаа, нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханш хэдийнэ 2000 дөхсөн зэрэг эдийн засгийн хүндрэл үргэлжилж буй учраас энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулганаар хэлэлцэх асуудал олон бий. Зохион байгуулагчдын зүгээс макро эдийн засгийн орчин, Монгол Улсын зээлжих зэрэглэл, уул уурхай, мега төсөл, засаглал, санхүүгийн зах зээл зэрэг олон сэдвийг хөндөн хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. Тиймээс эдийн засагч, бизнесмэн, судлаачдын төлөөллөөс ямар хүлээлт байгаа талаар сонирхсон юм. “Ард санхүүгийн нэгдэл” группийн захирал Ч.Ганхуяг, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Эдийн засагч Б.Батжаргал, “ХАС” банк, “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал М.Болд, “Best shoes” компанийн захирал Б.Түвдэнням, “Ард капитал” компанийн захирал Б.Өлзийбаяр нар  байр сууриа илэрхийллээ.

Ч.Ганхуяг: ХЭТИЙН ЗОРИЛГОТОЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Тиймээс нэр дэвшигчид амлалт өгч эхэлнэ. Манай улсын хувьд шуурганд туугдаж байгаа жолоодлогогүй онгоцтой адил байна. Тэгэхээр энэ удаагийн чуулганаар улс төрийн нам, төрийн удирдлага, бизнес эрхлэгчид болон эрдэмтэдтэй хэлэлцэн алсын зорилготой болох тухай ярих хэрэгтэй. Мөн популизмын хэм хэмжээг заах өгмөөр байна. Өөрөөр хэлбэл, хоосон толгойг цээжний пангаар нөхөж болохгүй л дээ. Тэгэхээр популизм болон хэтийн зорилгын тухай нухацтай ярих нь энэ удаагийн чуулганы гол цөм байх ёстой гэж бодож байна.

 

 

 

 

Д.Ангар: ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

-Бизнесийнхэнд хэрэгтэй зүйл нь урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр. Манай улс түр зуурын гал унтраах төдийхнөөр арга саам хийж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ нь асуудлыг цэгцэлж, шийдвэрлэхгүй. Тэгэхээр аж ахуйн нэгж 10 жилийн хугацаатай бонд гаргаж хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлэх орчныг бий болгох хэрэгтэй. Эдийн засагт гол нөлөөлөл үзүүлдэг салбарын нэг нь яалт ч үгүй хөрөнгийн бирж. Тиймээс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх нь чухал байгаа юм. Ер нь хөрөнгийн зах зээл яагаад аж ахуйн нэгжид хэрэгтэй вэ гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй.

 

 

 

 

 

 

Б.Өлзийбаяр: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД АНХААРЛАА ХАНДУУЛАХ

-Өнгөрсөн нэгдүгээр сарын макро эдийн засгийн дүнг харлаа. Ганцхан сарын дотор хөрөнгө оруулалт сөрөг тийшээ хандчихаж. Тэгэхээр манайх руу орж ирэх урсгал тасарч гадагшлах хандлага ажиглагдаж байна. Мөн гадаад валютын нөөц нэг сарын дотор нэг дахин буурсан дүн гарчээ. Эндээс хөрөнгө оруулалт байхгүй бол эдийн засаг унаж байна гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулалтад түлхүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэхийн тулд улстөрийн болон хууль эрхзүйн орчин таатай болох ёстой. Улс орны хувь заяаг шийдэх гэж байгаа тул тууштай, мэдлэг боловсрол, мэдээлэлтэй байх нь чухал. Хэрэв ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол эдийн засаг үүнээс ч дор болно гэхэд хилсдэхгүй.

 

 

 

 

 

 

М.Болд: БОДИТ ЭДИЙН ЗАСГИЙГ ӨСГӨХ ТУХАЙ ЯРИМААР БАЙНА

-Одоо нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг тойрч ярих хэрэгтэй. Хувийн хэвшил, Засгийн газар хамтарч энэ тухай ярилцах нь зүйтэй. Бодит эдийн засгийг өсгөх, хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг тойрч ярилцмаар байгаа юм. Одоогоор бодит эдийн засгийн дэмжихэд чиглэсэн ямар алхам хийсэн. Удаашралтай байгаа шалтгааныг тал бүрээс нь ярилцаж, хэлэлцвэл зүгээр болов уу. Гэхдээ ингэж ярихын тулд хэн нэгнийг буруутгах хэрэггүй.

 

 

 

 

 

 

 

Б.Түвдэнням: ТАТВАРЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ НЬ ЧУХАЛ

-Энэ жилийн эдийн засгийн чуулганаар татварын талаар ярилцаасай гэж бодож байна. Хамгийн гол нь татварын орчныг сайжруулах хэрэгтэй болов уу. Дотооддоо үйлдвэрлэж болох бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх замаар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэдийгээр энэ тухай яриж байгаа ч маш удаан байна. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлийн татварыг багасгаж, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах талаар хэлэлцэх ёстой. Учир нь хүн өөрийнхөө төлөө ажиллаж байгаа. Тиймээс татвар төлөх нь зайлшгүй. Хэрэв зөв зохицуулалт хийж чадвал компаниуд татвараа нуух шаардлагагүй болно.

 

 

 

 

 

 

Б.Батжаргал: ӨМНӨХ ЧУУЛГАНЫ ҮР ДҮНГ МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Өмнөх жилүүдийнхээ дэвшүүлсэн санаа, хэлэлцсэн асуудлыг ямар төвшинд хэрэгжсэн эсэхийг дүгнэж ярилцах, мэдээлэх хэрэгтэй болов уу. Бид яриад л байдаг гэтэл ямар үр дүн гарч байгааг мэдэхгүй байна. Хамгийн гол нь хүмүүсийн халаасанд нөлөөлж байгаа төгрөгийн ханшийн уналтыг хэрхэх талаар ярилцах нь чухал. Төгрөгийн ханшийн уналтад нөлөөлж буй хүчин зүйлийг зөв тодорхойлж, арга хэмжээ авах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих