Төгсгөлгүй үргэлжлэл

uls_54bf4e8ec1c50_1376302638201501210722Хуучнаар Налайх, Багахангай дүүргийн шүүх яаж шинэчлэгдсэнийг, тэнд шүүхийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг нүдээр үзэн мэдэж, олон нийтэд хүргэх зорилго минь. Бид 4 дүгээр шүүхээр зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанд суусны дараа ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 415 дугаар ангид очиж магадлангийн шүүх хуралд суух, шахуу төлөвлөгөөтэй.

Хуулийг иргэдэд сурталчлах шаардлага байна

Албан тасалгааны цонхоор ээвэр дулаан нарны туяа тусахтай уралдан, Дүүргийн 4 дүгээр шүүхийн их ажил эхэлнэ. Тус шүүхийн Тамгын газрын дарга А.Энхтөр “Манай эрүү, иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх тус бүр дөрвөн шүүгчтэй. Шинэчилсэн зохион байгуулалтаар Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумыг хамааруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Дунджаар 50-иад мянган хүнд шүүхийн үйлчилгээг хүргэж байна гэсэн үг. Мэдээж шүүхийн ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Өнгөрөгч 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх 138 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 39 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх 861 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос буюу хуучин шүүхийн шийдвэрлэсэн хэргээс даруй хоёр дахин өссөн байгаа юм” гэсэн товч, тодорхой тайлбар өгсөн.

Тэрбээр шүүгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх гэж Шүүхийн тамгын газар ажиллаж, шүүгч нар зөвхөн шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлж байгааг онцолсон. Ярианы төгсгөлдөө “Шүүхэд янз бүрийн асуудлаар олон иргэн ханддаг. Манай зарим хууль хэрэгжээд 1-2 жил болж байгаа ч зарим иргэнд хангалттай мэдээлэл байхгүй нь өдөр тутмын үйл ажиллагаанаас харагдах юм. Иймд мөрдөгдөж буй Шүүхийн тухай багц хуулиуд болон эвлэрүүлэн зуучлалын талаар иргэдэд сайн сурталчилж өгөх хэрэгтэй байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурьдаад энэ нь шүүх иргэд, олон нийтэд нээлттэй болж буйг батлах болно” гэдгийг онцолж байсан.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн амьдрал хоёр давхар цайвар ягаан байранд өрнөнө. Зарим газраа будаг, шавар, шохой нь халцарч унасан, анх удаа үүдэнд нь буусан гадны хүнд сайхан засвар хийчихвэл гэх сэтгэгдэл шууд төрүүлэх бүдэг ягаан барилга. Энэ барилга Монголбанкны Налайх дахь салбарын байр байжээ. ШЕЗ-өөс хөөцөлдөж байгаад 1993 онд балансаас баланст шилжүүлэх замаар шүүхийн байр болгож авсан гэнэ. Энд архивын, эд мөрийн баримт хадгалах, түр саатуулах, хүүхэд хамгааллын өрөө гээд байх ёстой бүхэн бий. Өөрийн байргүй, ОХУ-ын харьяа байранд үйл ажиллагаа явуулдаг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх мэтийг болоход орох оронтой шүүх аж. Гэхдээ 4 дүгээр шүүхэд баталсан орон тоо буюу хоёр шүүх тус бүр 7 шүүгчтэй болчихвол байр савны асуудал үүсэхээр бололтой.

“Э.Баатардоржийн биечлэн эдлэх ялыг дөрвөн сараар тооцсугай”

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд зочид буудлын гадна найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн этгээдийн, хамтран амьдрагч эмэгтэйнхээ амь насыг хохироогоод уурхайн цооногт хаясан гэмтэнд холбогдох зэрэг олны анхаарал татсан хэргүүдийг шийдвэрлэж байсан билээ. Тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуултай уулзлаа. Тэрбээр “2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүн таслах ажлын төрлөөр дагнан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх байгуулагдсанаас хойш Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумын буюу 2 дүүрэг, 3 суманд гарсан хэрэг, маргааныг харъяалан шийдвэрлэж байна. Манай харьяаллын нутаг дэвсгэрээр зүүн болон өмнө зүгийн аймгийн иргэд дамжин өнгөрдөг учир Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг их гардаг. Мөн онц хүнд гэмт хэрэг болон захиргааны зөрчил ч ихэсч байгаа. Тухайлбал, захиргааны зөрчил 57.6 хувиар, хүнийг санаатай алах гэмт хэрэг 60 хувиар өмнөх жилээс тус тус өссөн дүнгээс харж болно. Хэдийгээр хэрэг, зөрчил өмнөх оноос өссөн дүнтэй байгаа боловч дүүргийн бусад эрүүгийн хэргийн анхан шүүхтэй харьцуулбал шийдсэн хэргийн хувьд бага тоотой байгаа. Шүүхүүдийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсанаар шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж би үзэж байгаа. Тухайлбал, эрүүгийн хэргийг дагнан шийдвэрлэснээр шүүгч шүүн таслах ажилдаа мэргэшиж, шүүн таслах ажлын чанар дээшлэх, шүүгчээс гаргаж буй эрхийн актууд сайжирч, шүүгч хэрэг маргааныг болон хууль тогтоомж, олон улсын гэрээг илүү нарийн судлах, өөрийн болон бусад орны шүүн таслах ажлын практик судлах, судалгаа шинжилгээ хийх, бусдын шийдвэрт анализ хийх боломж бий болсон гэж ярьсан.

Ерөнхий шүүгчтэй цөөн хором уулзсаны дараагаар шүүх хуралд суухаар явлаа. Энэ өдрийн эхний шүүх хурал 09:00 цагт эхлэв. Шүүгдэгчийн хажууд шүүхийн болон шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг бүхий Тахарын албаны алба хаагч зогсоно. Тэрбээр шүүгчийг гаднаас орж ирэхэд “Эрхэм шүүгчийг хүндэтгэн босохыг хүсье” гэж “командлахад” шүүх хурлын танхим дахь хүмүүс нэгэн зэрэг суудлаас босов.

Э.Баатардоржид холбогдох хэргийн шүүх хурлыг даргалах Д.Бавуу шүүгч хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг даргалах боломжгүй болсон учир Ерөнхий шүүгч Н.Одонтуул шүүх хурлыг даргалсан юм. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нээлттэй тул биднээс гадна дадлагын оюутан гээд хэд хэдэн гадны хүн суулаа. Мөн шүүх хуралдааныг шүүхийн үүдний өрөөнд байрлуулсан дэлгэцээр хүлээлгийн сандалд суугаа иргэд ч үзэх аж. Хэрэв шүүх хурлаас хоцорсон бол шүүхийн шийдвэрийн цахим сангаас тухайн шүүх хурлаас гарсан шийдвэрийг үзэх боломж нээлттэй юм байна.

Шүүгдэгч Э.Баатардорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ялтай байхдаа цагдаагийн албан хаагчийн малгай, дохиур модыг ашиглан, бусдын тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч, устгасан хэрэгт буруутгагдаж байгаа аж. Шүүх хуралдаан эхэлснийг мэдэгдэж, шүүгч алхаа цохисноор шүүгч, өмгөөлөгч, прокурор гурав хуулиар мэтгэлцэж эхэллээ. Улсын яллагч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд ялын шүүмжээ хэлэхэд, шүүгдэгчийн өмгөөлөгч “Э.Баатардорж үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн нэхсэн хохирлыг төлсөн, өмнө нь ял эдэлж байсан ч зөв амьдрахаар эрмэлзэж, эхнэр хүүхэдтэй болсон” гэх зэргээр бололцоотой бүх хувилбараар үйлчлүүлэгчээ өмгөөлж, хамгаална.

Шүүх хурал завсарлалаа. Шүүхээс шүүгдэгч Э.Баатардоржийн үйлдсэн гэмт хэрэгт нэг сар баривчлах ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг буюу гурван сар баривчлах ялыг нэмж, нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 4 сараар тогтоосугай гэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч давж заалдах эрхтэй

Эрүү, иргэний хэргийн дагнасан шүүх нэг байранд тул иргэний хэргийн шүүх хуралдааныг мөн сонирхлоо. “Иргэний хэргийн шүүх хурлын танхим” гэсэн хаягтай, зай багатай танхимд шүүх хуралдаан эхэллээ. Эрүүгийн хэргийн шүүх хурлын танхим, шүүх хуралдааны танхимын стандартад тун дөхсөн байсан. Харин энэ танхимд 10-аас илүү  оролцогчтой шүүх хурал болвол багтамгүй санагдав.

Удалгүй хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдааны танхимд орж ирсэн хаалгаар шүүгч орж ирэв. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журманд шүүгч, шүүхийн ажилтан, хэргийн оролцогч, бусад оролцогчийг шаардлагатай тохиолдолд ослын болон нөөц хаалгаар оруулж, гаргана гэсэн байдаг. Харин иргэний хэргийн шүүх хуралдааны танхим шүүгч, хэргийн оролцогчдыг ялган нэвтрүүлэх боломжгүй аж.

Энэ өдрийн шүүх хуралдаанаар иргэн н.Золбаярын, иргэн Д.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан гаргасан гэр хөлсөлсөн гэрээнээс учирсан хохирол 1.690.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэв. Шүүх хурлын явцад хурал даргалагч шүүгч Д.Уранчимэг, шүүхэд хандахдаа өмгөөлөгчгүй, эрх зүйн үйлчилгээ бүрэн аваагүй нэхэмжлэгч н.Золбаярт бүх зүйлийг ойлгомжтойгоор тайлбарлаж өгч байсан нь сайшаалтай. Хариуцагч нарыг нэхэмжлэгч н.Золбаярын гэрийг хөлсөлж байх үед бусдын буруутай үйл ажиллагаанаас гэр нь шатсан аж. Энэ явдал 2008 онд болсон ч нэхэмжлэгч 2014 оны сүүлээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан аж.

Шүүх хурал хоёр цаг орчим үргэлжилсэний эцэст завсарлаж, шүүгчийн шийдвэр гарахыг хүлээлээ. Шүүхээс гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хуулиар ногдуулсан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, хэргийн нотлох баримт хангалтгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргав. Гэхдээ нэхэмжлэгчийн давж заалдах эрх нээлттэй учир түүнд боломж бий.

Иргэндээ ойртон суманд очиж ажиллана

Шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийн оролцогч талуудын аль нэг нь гомдолтой үлддэг. Угаас хуулийг барьж үнэнийг шударгаар дэнслэх эрх шүүгчид л буй учир ийм байхаас өөр аргагүй. Харин шүүхийн шинэтгэлийн хүрээнд амьдрал дээр хэрэгжиж буй хэнийг нь ч гомдоодоггүй нэг үйл явц бол Эвлэрүүлэн зуучлал. Өнгөрөгч оны хоёрдугаар сараас Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхэлсэн билээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа 2014 онд 40 гаруй маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэжээ. Тэрбээр “Иргэд эвлэрүүлэн зуучлагчид хандаад хөндлөнгийн оролцоогүй, өөрсдөө шийдвэрээ гаргадаг. Энд эвлэрээд гарч байгаа хүмүүс сэтгэл ханамжтай байдаг. Энэ чинээгээрээ иргэдийн шүүхэд итгэх итгэл өндөр болох давуу талтай” гэлээ.

Мөн цаашид өөрийн шүүхэд хамаардаг сумдаараа явж, иргэдэд хүрч ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан. Энэ нь эвлэрүүлэн зуучлагчид хандах хүсэлтэй ч чадахгүй байгаа олон хүнд үйлчилгээг хүргэх боломж. Хоёр сарын өмнө эвлэрүүлэн зуучлагчид хандсан ч утас нь холбогдохгүй, холбоо барих боломжгүй байсаар нэгэн малчны өргөдлийг нь буцаасан тохиолдлыг ярив.

Тэдний мөрөөдөл биелнэ

Шүүх засаглалыг хэрэгжүүлж, үнэнийг шударгаар дэнслэгч шүүгчийн нэгэн тулгуур нь шүүгчийн туслахууд билээ. Нэг өрөөнд дөрвөн туслах суудаг аж. Тэдний нэг нь шүүх хурал нь болох гэж буй хэргийн оролцогчтой уулзаад тун завгүй. Харин нөгөө нь төмөр шүүгээнээсээ 2-3 зузаан хавтаст хэрэг авч, тэвэрсээр бидэнтэй зөрөв. Ер нь зав, чөлөөтэй хүн харагдсангүй. Хавтаст хэрэг өрсөн ширээний ард ямар нэгэн юм унших, эсвэл бичих аж.

Шүүгчийн туслахууд ажлаа сайн хийж, ирээдүйд шүүгч болох том зорилго, гэгээн мөрөөдөлтэй. Хэсэг хугацаанд энэ санаа нь боломжгүй болсонд маш ихээр гомдсон, олон чадварлаг туслах ажлаа сольсон гэж шүүхийн ажилтнууд хуучилж байсан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн туслах М.Энхчимэг шүүхэд 16, шүүгчийн туслахаар найм дахь жилдээ ажиллаж буй туршлагатай нэгэн. Тэрбээр бидний ачаалал төвийн дүүргүүдийнхтэй харьцуулахад харьцангуй гайгүй. Ер нь байнга илүү цагаар ажилладаг. Өнгөрөгч жил нэг шүүгч 220 орчим хэрэг шийдвэрлэсэн. Шүүгчийн гар дээр дунджаар 20-оод хэрэг байдаг гэж даруухан өгүүлэх.

Харин Дүүргийн эрүүгийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн шинэхэн туслах Б.Мөнгөншүрийн хэлснээр “тус шүүхийн шүүгчийн туслахын ажлын ачаалал хэвийн хэмжээнд байгаа. Шүүгчийн гар дээр дунджаар таван хэрэг байдаг  гэнэ. Тэр ч бас шүүгч болохыг л мөрөөддөг.

Шүүх үнэхээр нээлттэй болсон. Гэхдээ…

Хотын төвийн дүүргийн иргэний хэргийн шүүх дээрх шиг олон хүний дараалал, чимээ шуугиан энд байхгүй ч шүүхээс үйлчилгээ авах иргэдийн хөл тасрахгүй юм. Бид иргэн Ш.Жаргалсайхантай уулзахад “Шүүх үнэхээр нээлттэй болсон. Энэ маш том дэвшил юм. Гэхдээ шүүн таслах ажиллагааны төрөл болон тойргоор байгуулсан нь иргэдэд чирэгдэл учруулж байгаа санагддаг” гэлээ.

Харин Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах шүүхүүдийг шүүн таслах ажиллагааны төрлөөр нь дагнан байгуулсан нь шүүгч нарын хувьд мэргэших, иргэд, хэргийн оролцогчдод мэргэшсэн шүүгч үйлчлэх давуу талтай гэдгийг чухалчилж байсан.

Мөн тэрбээр шүүгч зөвхөн нэг чигт анхаарлаа төвлөрүүлэх боломж олгосон нь шинэтгэлийн ололт болсон гэж тодорхойлсон. Шүүх нээлттэй болж байгаагийн хэрээр шүүгчийн хариуцлага дээшилж буй. Мөн сүүлийн үед хэрэг маргааны өнгө өөрчлөгдөж, ээдрээ төвөгтэй юм олон ирдэг болсон учраас шүүгчид тэр талаар сайтар судлах, уншиж мэдэх хэрэгтэйг ч онцолсон.

Түүний хэлснээр хуучин Налайх, Багахангай дүүргийн шүүх эрүү, иргэн, захиргааны 300-аад хэрэг нэг жилийн хугацаанд шийдвэрлэдэг байжээ. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт очин ажиллаж, шүүх хуралдаан явуулдаг болсныг дуулгасан юм.

Хянан магадлангийн шүүх хурлаас

Харин Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчид Төв аймгийн Баян сумын нутагт орших ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 415 дугаар ангид очиж хянан магадлангийн шүүх хурлыг сард нэг удаа хийдэг аж. Өнөөдөр тэнд ажиллах өдөр.

Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гурав шүүгчийн алх, тамга, хавтаст хэргүүд, бичгийн цаас, хэвлэгч, зөөврийн компьютер зэргээ баглаад, биднийг дагуулан Баян сумыг зорилоо. Яг орон нутгийн шүүх нүүдэллэн ажиллаж байгаа мэт. Шүүх бүрэлдэхүүн хорих 415 дугаар ангийн шүүх хурлын танхимд зарим ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэм бууруулах, дээшлүүлэх шүүх хуралдааныг явуулна.

Холоос, зэрвэс хараад өнгөрсөн нэгэнд хорих анги гэж харагдахааргүй, нууцлагдмал атлаа олон хүний амьдрал өрнөж буй 415 дугаар ангид ирлээ. Тус ангийн дарга дэд хурандаа Ц.Алтантулга, дэд дарга н.Лхагважав нартай уулзав. Дэд хурандаа Ц.Алтантулга бидэнд хандаж “Дүүргийн дөрөвдүгээр шүүх, прокурорын харьяанд шилжсэнээр ялын дэглэм бууруулах, тэнсэн суллах журмын заалт бүрэн утгаараа хэрэгжих боллоо. Өмнө нь Төв аймгийн шүүхийн харьяанд байхад дэд бүтэц, зам байршлаасаа шалтгаалаад улиралд нэг удаа хянан магадлангийн хурал болдог байсан. Одоо бол сар бүр хянан магадлангийн хурал болж байна. Хамгийн гол нь ялтны эрх зүйн байдал дээрдэж байгаа юм” гэлээ. Ингээд цөөн хором болсон уулзалт дуусч хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах гурван ялтанг байрнаас нь авчруулж шүүх хуралдаан эхлэхээр тогтлоо.

Тэднийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллав

Удалгүй хүнд хүчир ажил хийж, нар салхинд гандаж, борлосон царайтай, зузаан хөвөнтэй хүрэм, өмд, элэгдэж урагдаагүй шинэвтэр гутал өмссөн гурван ялтанг хорих 415 дугаар ангийн тусгай албан хаагчид дагуулан ирлээ. Элдэв онч мэргэн үгс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд, хорих ангийн багийнхны өргөмжлөл, дурсамж зэргээр ханыг нь чимэглэсэн, хоёр жижгэвтэр цонхтой шүүх хурлын танхимд шүүх хуралдаан эхлэв. Шүүх хуралдааныг дүүргийн эрүүгийн анхан шатны 4 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалан явуулж шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхтуул, прокурор н.Цэцэгмаа, хорих ангийн төлөөлөл, нийгмийн ажилтан, тоо бүртгэгч нар оролцсон.

Хянан магадлангийн шүүх хурлаар ялтныг хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялын дэглэм бууруулах, ялын дэглэм дээшлүүлэхийг хэлэлцдэг. Ялтнуудыг уг хуралд оролцуулах хорих ангийн хүсэлтийг прокурор хүлээн авч хянаад, шүүхэд шилжүүлдэг байна.  Энэ өдрийн хуралдаанаар хулгай, залилан, танхайн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс оногдуулсан ялын гуравны хоёроос доошгүй хувийг биечлэн эдэлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан гурван ялтныг  хугацаанаас өмнө тэнсэн суллалаа.

Шүүгчийн захирамжийн “Нэн даруй сулласугай” гэх үг тэдэнд баяр авчирч байгаа нь илт. Өчнөөн жил уулзаагүй, гэр бүлдээ очно гэхээс баярлаж, нэг хоног, нэг цаг, нэг минутын өмнө очих юмсан гэж яарч байсан байх. Хувцсаа сольж, энгийн хувцас өмссөн тэднийг тойрох хуудас зуруулахаар явж байхад нь уулзав.

Ч.Бат-Очир: Шүүгч, прокурортоо баярлалаа

Маш их баяртай байна. Ээж, аавдаа очно гэхээр сайхан байна. Нутагтаа очиж, мал маллан, сайхан амьдарна гэж бодож байгаа. Залуучууддаа архи дарснаас хол яваарай гэж хэлмээр байна. Мөн хугацаанаас өмнө тэнсэн сулласан шүүгч, прокурортоо баярлалаа.

Г.Батнасан: Цаг хугацаа биднийг хүлээхгүй

Хугацаанаас өмнө тэнсэн суллаж байгаад баяртай байна. Шүүгч, прокурортоо баярлаж байна. Энд ирээд долоон жил болчихлоо. Энэ хугацаанд нэлээн их юмаа алдлаа. Тэрийгээ нөхөж авахын төлөө, ахиж алдахгүйн тулд хичээнэ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Г.Энхсаруул: Шүүхэд баярлалаа, ахиж алдахгүй

Сэтгэгдэл өндөр байна. Хугацаанаасаа өмнө суллагдаад ээждээ очих гэж байгаадаа. Шүүхэд баярлалаа гэж хэлье. Би гагнуур, сантехник хийдэг, үүнийгээ хийгээд гэр бүлтэйгээ сайхан амьдарна. Ахиж алдахгүй гэдгээ амалж байна. Залуучууддаа хэлэхэд, архи ууж над шиг битгий алдаасай гэж хүсч байна.

Энэ ухаарал үнэн, ямар ч цагт хувирч, өөрчлөгдөхгүй байгаасай. Тэд хорих ангийн хаалгаар алдаагаа давтахгүй гэсээр гарч одлоо.

Ялтанд анхаарал хандуулахыг сануулав

Чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй дөрвөн ялтан бидний өмнө зогсоно. Шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр хорих ангийн нийгмийн ажилтан ялтнуудын тодорхойлолтыг уншиж, хорих ангийн тоо бүртгэгч ялын тооцоог дуудна, шүүгч, прокурор асууна, ялтан хариулна. Шүүх хуралдаан үргэлжилнэ.

Энэ ялтнууд шүүхээс оноосон ялын хоёрны нэгнээс дээш хувийг биечлэн эдэлсэн, сахилгын зөрчилгүй, засрал хүмүүжил олж буй учир тэдний ялын дэглэмийг бууруулах эсэхийг хэлэлцэж байгаа юм.

Цонхигор цайвар царайтай, гар хийцийн модон таяг тулсан ялтныг шүүх хурлын танхимын хаалгаар орж ирсэн цагаас л яагаад бэртсэн юм бол гэж бодож байв. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр тэрбээр 10 гаруй жилийн ял эдэлсэн, өөр ангид ял эдэлж байх хугацаандаа бэртэж, хөдөлмөрийн чадвараа 70 гаруй хувь алдсан гэдгээ ярив. Шүүгч, прокурорын зүгээс ялтан Я.Бадам-Очирт хорих ангийн зүгээс анхаарал хандуулж, групп тогтоолгох, иргэний цахим үнэмлэхтэй болгохыг ангийн нийгмийн ажилтанд анхааруулсан нь нүдээ олсон санамж байв. Мөн прокурор, удаан хугацаанд ялтнуудын гал тогоонд тогоочоор ажиллаж байгаа ялтан С.Одмагнайг цалинжуулах асуудлыг анхаарах хэрэгтэйг онцлов.

Хөдөлмөрийн чадвартай ялтнуудаар үнэлгээтэй ажил хийлгэж тэдний хөдөлмөрийг үнэлснээр ялтны засрал хүмүүжил, эдийн засгийн нөөцөд нөлөөлөхөөс гадна өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөд нь тустай аж.

Шүүх тэдний ялын дэглэмийг бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан.

Ялтан С.Одмагнай “Жирийн дэглэмд шилжихээр эргэлт, уулзалтын хугацаа, дотоод амьдрал арай өөрчлөгдөх байх. Ялын дэглэм бууруулахгүй байх шалтгаанууд надад байсан. Надад итгэж, миний засрал хүмүүжлийг харж, дэглэм өөрчилсөнд шүүхэд баярлалаа” гэж хэллээ. Мөн жирийн дэглэмд шилжихээр болсон ялтан Б.Дашгүнчин “Жирийн дэглэмд шилжихээр ажлын нөхцөл сайжирч, хөлс хөдөлмөртэй ажил хийнэ. Түүгээрээ хоёр хүүхэддээ ганц ч гэсэн дэвтэр, балны мөнгө явуулна. Эндээс гараад хоёр хүүхдийнхээ төлөө хийж бүхнээ зориулна. Гагнуур, мужаан хийж, янз бүрийн юм оёж сурсан” гэж ярьж байсан.

Шүүх нэгэн цагт тэдэнд үнэнийг зөвхөн хуулийн дагуу шударгаар дэнслэх учиртай төмөр мэт хатуу нүүрээ харуулан, шийтгэх тогтоол уншиж байсан. Тэгвэл өнөөдөр алдаагаа ухамсарлан, ялын зохих хувийг эдэлж, засран хүмүүжиж байгааг нь онцлон, хуулинд заасныг үндэслэн, уян хатан ёсоор хандлаа.

Ийнхүү хуульд заасны дагуу өөрт оногдсон ялыг эдэлж, хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдаж, дэглэм буурч буй ялтан байхад хорих ангийн дотоод журмыг удаа дараа зөрчин, гар утас хэрэглэж, фэйсбүүк ашигласан, бусадтай зодолдсон зэрэг ноцтой  зөрчилтэй хэсэг хүн байлаа. Шүүхээс тэдгээр ялтны ял эдлэх дэглэмийг дээшлүүлэх шийдвэр гаргаж, ШШГЕГ-ын харьяа онцгой дэглэмтэй хорих 439 дугаар ангид шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Зарим нь учиргүй гэмшиж, хийсэн үйлдэлдээ харамсч байхад, хэнэггүй царайнд өчүүхэн төдий гэмшил тодрохгүй хүйтэн инээмсэглэх нэгэн ч байлаа.

Ийнхүү гурван ялтныг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, дөрвөн ялтны ялын дэглэмийг бууруулж, найман ялтны ялын дэглэм дээшлүүлэх шүүх хуралдаан болж өндөрлөв.

Дүүргийн эрүүгийн хэргийн 4 дүгээр шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг хоёр шүүх хурлын танхимд зөөврийн компьютерээ залгаад нүүдлийн байдалтай ажиллана. Шүүх хурлын явцад хэдэн удаа цахилгаан тасарсан ч шүүх хуралдаан хэвийн үргэлжилсээр дууссан. Биднийг ажлаа дуусгаад гарч ирэхэд аль хэдийн харанхуй нөмөрч, ажлын цаг дуусаад нэлээн удсан байлаа. Өглөө ажил эхлэхэд эрүүгийн хэргийн 4 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчийн “Манайх чинь нийслэл дэх дүүргийн шүүх байтлаа орон нутгийн шүүх шиг сонин шүү” гэсэн нь санаанд буув. Үнэхээр тийм юм. Сум, дүүргийг аль алиныг нь хамарсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн эхлэлтэй боловч төгсгөлгүй ажлыг мэдэрсэн нэг өдөр ийнхүү өндөрлөж, утаагүй цэнгэг агаараар урт гэгч нь амьсгаллаа. Тиймээ, бид ч гэсэн яарах хэрэгтэй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ.

шууд.мн


URL:

Сэтгэгдэл бичих